Дэлхий

Япончуудыг 2060 оноос хойш хэн тэжээх вэ?

Япон улсын хүн амд хүүхдүүдийн эзлэх тоо 37 дахь жилдээ дахин буурчээ. Ингэснээр хүн амын насжилтын харьцааг тэнцвэржүүлэх тус орны бодлого ямар ч үр дүнгүй байгаа нь тодорхой болов.

2018 оны дөрөвдүгээр сарын байдлаар арлын оронд 14-өөс доош насны 15.53 сая хүүхэд бүртгэгдсэн нь өмнөх оныхоос даруй 170 мянгаар буурсныг харуулж байна. Уг үзүүлэлтийн хамгийн том сегмент нь 12-14 насны хүүхдүүд буюу 3.26 сая өсвөр насныхан. Үүгээр 1981 оноос хойш тасраагүй төрөлт буурах явдал Япон улсад хэр их тулгамдсан асуудал болсныг харж болно.

Өнгөрсөн онд төрөлтийг нэмэгдүүлэх гэсэн Шинзо Абэгийн Засгийн газрын бодлогын дүнд Токиод л эерэг үр дүн гарчээ. Өдгөө 126 сая хүн амтай Японд хүүхдүүд нийт хүн амын 12 хувийг л эзэлдэг. Гэтэл ижилхэн хөгжилтэй АНУ-д энэ харьцаа 18 хувь, Хятадад 16 хувь, Энэтхэгт 30 хувь байдаг аж.

Хүн амын насжилтын тэнцвэр алдагдсанаар үүсэх олон сөрөг үр дагаврын нэг нь яах аргагүй эдийн засгийн асуудал. Насжилтын тэнцвэрийг хадгалж, ажиллах хүчнийг нэмэгдүүлэхийн тулд аж үйлдвэржсэн орнууд цагаачдыг татах бодлого баримталдаг. Харин Япончууд 30 гаруй жилийн турш үргэлжилж буй энэхүү таагүй үзүүлэлтийг эдийн засгийн тогтвортой байдалд нөлөөлөхийн эсрэг энэ мэт бодлого хэрэгжүүлдэггүй нь нэг том бэрхшээл болов.

2013 оны судалгаагаар Японд хүн амын ердөө 1.3 хувийг цагаачид эзэлж байна гэсэн дүн гарсан нь ирээдүйд энэ улс хүн амын ямар бодлого баримтлах вэ гэдэг том асуултыг араасаа дагуулав.

Японы Эрүүл мэндийн яамны тайлбарласнаар энэ байдлаараа 2060 он гэхэд насжилтын харьцаа алдагдаж, нас барсан хүний тоо нэмэгдсэнээр тус орны хүн ам 126 саяас 86.7 сая болтлоо огцом буурах хандлагатай байна. Ийм нөхцөлд залуу үе улс орны эдийн засгийг нуруундаа үүрэх амаргүй даваатай тулгарах тул тэтгэврийн насыг нэмэхээс өөр сонголт үлдэхгүй. Японы өндөр настнууд 2050 он гэхэд хөдөлмөрийн насны хүн амын гуравны нэгийг эзлэх юм.

Эх сурвалж: CNN

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close