Энтертайнмент

Цай, кофе тогтмол хэрэглэх нь биед ямар нөлөөтэй вэ?

Ихэнх хүн өдөр тутамдаа усыг их хэмжээгээр хэрэглэх нь эрүүл мэнд болон бие галбирт нэн тустай гэж үздэг. Харин кофеин агуулсан кофе, цай гэх мэт зүйлс нь шингэн зүйлд тооцогддоггүй бөгөөд эдгээрийг дангаар нь тогтмол хэрэглэвэл шингэний дутагдалд орно гэсэн нийтлэг ойлголт байдаг.

Гэвч энэ таамаглал бодит байдалд нийцдэг үү?

Өдөржин ус уулгүйгээр зөвхөн цай, кофе хэрэглэх нь хүний биед яаж нөлөөлдгийг Олон улсын хоолны мэдээллийн зөвлөх сан (IFIC)-гийн Хоол тэжээлийн хэлтсийн захирал Али Вебстэр олж мэджээ.

Ам хуурайших эмгэг

Ам хуурайших эмгэг

Тэрээр “Өдөрт таван аяга кофе уух зэргээр доозыг нь хэтрүүлэн хэрэглэх үед түүнд агуулагддаг кофеин нь шээс ялгаруулах бодисыг бага зэрэг өдөөдөг. Ингэснээр хүний бие илүү их шингэнийг гадагшлуулахын тулд тэр хэмжээгээр ажиллах шаардлагатай болдог. Гэвч энэ нь хүнийг шингэний дутагдалд оруулдаг гэсэн үг биш юм. Цай болон кофе нь хүний бие дэх шингэний ачааллыг бага зэрэг өсгөснөөр  шингэн нөхөлтөд эерэг нөлөөтэй” гэжээ.

Үүний дээр хүний бие организм кофеинд дасаж, өглөөг нэг аяга кофегоор эхлүүлдэг байсан бол яваандаа гурван аягыг уудаг болох бөгөөд ингэснээр  аажимдаа шээс ялгаруулах бодисын нөлөө ч буурдаг аж. Судлаачийн хэлж буйгаар кофеин агуулсан зүйлс нь хүнийг шингэний дутагдалд оруулдаг гэсэн ойлголт үүсэхэд нөлөөлсөн бас нэг хүчин зүйл бол архи уусны дараах ам хуурайших явдал юм. Гэвч энэ нь үнэндээ цай, кофе, хар шоколад, зарим төрлийн жимс зэрэгт агуулагддаг “таннин” хэмээх бодисоос шалтгаалдаг. Эдгээрийг хэрэглэсний дараа энэхүү бодис нь хүний ам цангасан мэт хуурай, зууралдсан мэдрэмж төрүүлдэг байна.

Кофе болон ус уусан хүний үр дүн адилхан гарчээ

Кофе болон ус уусан хүний үр дүн адилхан гарчээ

Калифорнийн их сургуулийн Спорт, биеийн тамирын сургуулийн эрдэмтэн судлаачид усны шингэн нөхөлтийн хэмжээг кофетой шууд харьцуулсан байна. Энэхүү судалгаа гурван өдөр үргэлжилсэн бөгөөд өдөрт дунджаар 3-6 аяга кофе уудаг 50 эрэгтэй оролцжээ.

Зарим хүнд 200 мл аягатай кофег өдөрт дөрвөн удаа уулгасан бол нөгөө хэсэгт нь мөн ийм хэмжээтэй ус өгчээ. Судалгааны үр дүнд кофе, ус хоёрын шингэн нөхөлт болон шээс ялгаруулах үйл явцад нөлөөлж буй байдал нь төдийлөн ялгаагүй байжээ. Тиймээс судлаачид кофег тогтмол, зохистой хэрэглэхэд усны шингэн нөхөх чадвартай адилхан үр дүн гардаг хэмээн үзжээ.

Гэсэн хэдий ч энэ нь жижиг хэмжээний судалгаа байсан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Английн Үндэсний эрүүл мэндийн үйлчилгээ (NHS) байгууллагаас өмнө нь судалгааны хязгаарлагдмал байдлын талаарх тайлбар нийтэлж байсан бөгөөд богино хугацааны судалгаа нь цаашдын ямар ч урт хугацааны үр дүнг шинжилж чадахгүй болохыг харуулсан.

Сануулах ёстой бас нэг зүйл нь судалгаанд оролцогчид бүгд эрүүл саруул эрэгтэй хүмүүс байсан тул бөөлждөг, суулгадаг, бөөрний дутагдал зэрэг өвчтэй хүмүүст энэ нь хамаарахгүй юм.

Хэт их кофеин гаж нөлөөтэй

“Цай, кофег сонгож хэрэглэх нь хүмүүсийн боддог шиг тийм аюултай зүйл биш. Эрүүл саруул ихэнх насанд хүрэгчдийн хувьд хоногт 400 мг кофеин хэрэглэх нь аюулгүй бөгөөд энэ нь ердийн дөрвөн аяга кофе буюу найман аяга хар цай гэсэн үг юм. Ногоон цай нь хар цайнаас (цайны аяга 25мг) арай бага кофеинтой байдаг бол ургамлын цай нь кофеин агуулдаггүй” хэмээн Вебстэр хэлсэн юм.

Гэвч тэрээр хэт их кофеины хэрэглээ нь ходоодны хордлого, зүрх дэлсэх, түгших, сэтгэлийн зовиур, хямрал, нойргүйдэл, булчингийн цочрол зэрэг бусад гаж нөлөө үүсгэж болохыг анхааруулсан.

Тиймээс ус, цай, кофе бүх зүйлсийг тохируулж хэрэглэх нь зүйтэй юм.

Бие дэх шингэний тэнцвэрийг хадгалах хамгийн сайн арга бол шээсний өнгийг хянах явдал юм. Хэрвээ лимон шиг цайвар шар өнгөтэй байвал ам цангах процессоо хянах хэрэгтэй аж. Хэдийгээр шээс цайвар шар өнгөтэй гарсан ч ам цангахгүй байвал шингэнээ хангалттай нөхөж байна гэсэн үг бөгөөд харин цангаж байвал шингэн дутагдсаны дохио ажээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close