Бусад хүмүүс

Талийгаач Ч.Чамин-Эрдэнэ сэтгэл санаагаар унаж, сэтгэцийн эмчээс эм бичүүлж авч байжээ

“Mongolia’s next top model” /MNTM/ нэвтрүүлгийн оролцогч, “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ зуурдаар таалал төгссөн талаар мэдээлсэн. Түүнийг амиа хорлосон уу, гадны нөлөөтэй амиа алдав уу гэдгийг хуулийн байгууллага шалгаж байгаа. Тодруулбал, ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм.

Хэрэг явдлын талаар прокурорын байгууллагын эх сурвалжаас тодруулахад “Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай, удирдлагын төвийн утсанд аравдугаар сарын 24-нд ийм харамсалтай хэрэг бүртгэгджээ. Талийгаач Ч.Чамин-Эрдэнэ өндөр барилгаас доош унасан байдалтай олдсон талаар анхны дуудлага ирсэн байдаг. Хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажил үргэлжилж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

Харин цагдаагийн байгууллагаас тодруулахад “2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 хороонд барилга дээрээс хүн унасан байна гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагын 102 утсанд тус өдрийн 17:25 минутанд ирсэн. Үүний дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэгийг хийж гүйцэтгэж ажилласан. Тус байранд оршин суух хаягтай 22 настай, эмэгтэй, “Ч” унаж нас барсан байсныг тогтоож, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тогтоохоор цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна” гэлээ.

Түүний амиа алдсан шалтгаан юу байв

Түүнийг амиа алдсаны дараахан сошиалаар 11 давхраас шидүүлж амиа алдсан. Нэгэн улстөрч, сайдын хүү холбоотой зэрэг мэдээллүүд гарч эхэлсэн юм. Харин албаны эх сурвалж уг мэдээллийг үгүйсгэсэн. Учир нь  хэргийн газарт үзлэг шалгалт хийхэд урьдчилсан байдлаар “Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ нь өндрөөс унасны улмаас дагзны ар хэсэг бяцарсан, нурууны ар хэсэгт их хэмжээний зулгаралттай, гадны нөлөөгүй нас барсан” гэжээ. Гэхдээ талийгаачийг амиа хорлосон уу эсвэл гаднын нөлөөтэй амиа алдсан уу гэдгийг шүүх эмнэлгийн дүгнэлтээр эцэслэн тогтоох юм. Шүүх эмнэлгийн дүгнэлт 21 хоногийн дараа гарна гэдгийг хуулийн байгууллагаас мэдээллээ.

Одоогийн байдлаар цагдаагийн бүрэлдэхүүн түүний гар утас болон биедээ авч явсан эд хэрэглэлүүдэд үзлэг шинжилгээ хийж буй бөгөөд түүнийг хамгийн сүүлд хэнтэй ярьсан болох, дуудаж гаргасан эсэхийг шалгаж эхэлсэн талаар албаны эх сурвалж мэдээлэв.

 Талийгаач Ч.Чамин-Эрдэнэ ХУД-ийн 15 дугаар хороонд байрлах KH apartment хотхонд оршин суудаг байжээ. Хэрэг гарах өдөр тэрээр гэрээсээ гарч, хажуугийн орц руу ганцаараа орж 11 давхар луу ганцаараа гарсан нь камерт бичигдэн үлджээ.

Ар гэрийнхнийх нь зүгээс хуулийн байгууллагаас хоёр л зүйлийг хүсчээ. Тодруулбал, охин нь амиа хорлох үйлдэл хийх хүүхэд биш. Тиймээс бусдад хүчиндүүлсэн байсан эсэх эсвэл хар тамхи хэрэглэсэн байсан эсэхийг шалгаж тогтоож өгөхийг хүссэн байна.

Талийгаач нь найз залуутай байсан. Найз залуу нь мөн цочролын байдалд ороод байгаа аж.

Найз залуугийнх нь хэлж байгаагаар Ч.Чамин-Эрдэнэ нь нэвтрүүлэгт орсон цагаасаа хойш сэтгэл санаагаар ихэд унаад байжээ. Тэрбээр хэнтэй ч муухай харьцдаггүй, тэгсэн хэрнээ хэнтэй ч дотно нийлдэггүй ганцаардмал, уян зөөлөн, зожиг, хэт эмзэг мэдрэмтгий нэгэн байсан гэнэ. Тиймээс нэвтрүүлэгт байх хугацаандаа хүний хэлсэн үгэнд л гомдож, туньж, их сэтгэлээр унадаг байсан. Мөн нэвтрүүлэг завсарлаад гэртээ ирсэнээсээ хойш сошиал орох бүртээ өөрийнхөө тухай уншиж, маш их сэтгэл санаагаар унадаг байсан аж. Тэр ч бүү хэл хэт их сэтгэл санаагаар унаж, сэтгэл нь тогтворгүй байсан учраас сэтгэцийн эмчид очиж, эм хүртэл бичүүлж авсан байжээ.

Энэ бүх зүйлээс болж амиа хорлох үйлдэл гаргасан байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа аж.

Харин түүний ээж Т.Чимгээ “Би бодохдоо амиа хорлосон гээд хэргийг хаах гэж байна гэж ойлгож байна. Миний охиныг зохион байгуулалттайгаар алчихлаа. Миний охин эмээтэйгээ хамт амьдардаг байсан. Өдөр бүр утсаар яриад “Ээж ээ, охин нь заавал түрүүлнэ. Зорилгодоо заавал хүрнэ” гэдэг байсан. Охин минь гуравхан настай байхаасаа эхлээд би алдартай модель болно гэдэг байсан. Сайхан охин минь шоуныхаа шилдэг гуравт орсон байсан шүү дээ. Амиа алдахаас нь хэдхэн хоногийн өмнө Нүхтийн нэг рестранд шоунд оролцож байхад эмээ нь эргэж очсон юм. Тэр үед хамт шоуд оролцож байсан нэг охины ээж манай охины өмнө маанийн ерөөл тавиад байсан гэсэн. Тэгсэн эмээ нь дургүйцэж, нас бараагүй байгаа хүний өмнө яагаад маани тавиад байгаа юм бэ, ав гэхэд нь үргэлжлүүлэн тоглуулаад байсан гэсэн. Тэр хүнийг ч шалгуулна гэж бодож байна” гэжээ.

Гэхдээ хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа. Шалгалтын дараа албан ёсоор мэдээлэл өгөх юм байна. Харин өнөөдөр Боловсрол телевизээс албан ёсоор мэдээлэл хийхээр болжээ.

Б.Аз

Zaluu.com

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close