Бусад хүмүүс

Танилц: 40 тэрбумын тэжээлийн тендерийг авсан цаад эзэд

Малчдад өвс, тэжээлийг хямд үнээр худалдах зорилготой “Өвөл, хаврыг өнтэй давъя” аянг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр яам санаачлан хэрэгжүүлж байна. Аяны хүрээнд улсын төсвөөс 40 тэрбум төгрөг гаргаж хувийн компаниудад тараасан бөгөөд тэдгээр компаниуд ОХУ-аас өвс, тэжээл импортлон малчдад худалдаж байгаа юм. Засгийн газрын тогтоолын дагуу малын тэжээлийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, 30 гаруй компани төсвөөс авсан мөнгөөрөө тэжээл импортолж, улмаар татвараас чөлөөлөгдөж, малчдад тэжээл зарж ашиг олж байна. Улсын төсвийг иргэд, аж ахуйн нэгжүүд бүрдүүлдэг бол төсвийн хөрөнгөөр тэдгээр компани ашиг олж байна гэсэн үг. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сантай “Бодлогын гэрээ” хийж тэжээл импортолж буй компаниудын эздийг танилцуулъя.

АН-ын генсек асан Л.Эрхэмбаярын “Түмэн шувуут” нэг тэрбум хүүгүй зээлжээ

“Түмэн шувуут” компани Мал хамгаалах сангаас нэг тэрбум төгрөгийн хүүгүй зээл авсан. Энэ компанийг Ардчилсан намын генсек, Архангай аймгийн Засаг дарга асан Л.Эрхэмбаяр үүсгэн байгуулсан бөгөөд жинхэнэ эзэн нь тэр. Одоо компанийн захирлаар Ж.Болд ажиллаж байна. Түмэн шувуут саяхан дэргэдээ “Агрофийд” хэмээх тэжээлийн үйлдвэртэй болсон. Ноён Л.Эрхэмбаяр Монголын мал зүйч, үржүүлэгчдийн холбооны тэргүүнээр нэлээд хэдэн жил ажиллаж байна. Энэ шугамаараа ихээхэн лобби хийдгийг нь иргэд мэдэх билээ. Түмэн шувуут компани улсаас нэг тэрбум төгрөг хүүгүй авсныхаа хариуд 420 гаруй тонн тэжээл оруулж ирсэн байна. Одоогоор 357 тонныг нь худалдсан бөгөөд импортолсон тэжээлийнх нь 82 тонн нь хүчит, 33 тонн объёос, 243 нь бусад төрлийн тэжээл байгаа юм.

Х.Баттулга Ерөнхийлөгчийн компаниуд тэжээл импортлоно гээд улсаас дөрвөн тэрбумыг зээлжээ

Милл хаус гурилын үйлдвэр тэжээлийн зээлээс хоёр тэрбумыг авсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын дүү Х.Баттуулын эхнэр Н.Алтанцэцэгийн компани гэдгийг цагдаагийнхан нотолдог. Яагаад гэвэл, өнгөрсөн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар “Милл хаус” компанид данстай жийп Говь-Алтайд тээш дүүрэн мөнгөтэй явж байгаад баригдахад ЦЕГ-аас албан ёсоор мэдээлэл хийж Милл хаус Х.Баттулгынх гэдгийг илчилсэн билээ. Ерөнхийлөгч Х.Баттулга өмнө нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд явсан. Тэр үед томоохон төсөл, хөтөлбөрт хамрагдаж байсан Милл хаусаас гадна ЧМТО компани ч сая хоёр тэрбумын зээл авчээ. Милл хаус 1210 тонн тэжээл импортолсон хэрнээ 1508 тонн борлуулалт хийсэн гэж бүртгэгджээ. Харин ЧМТО компани 1265 тонн тэжээл импортолж 845-ыг нь малчдад борлуулжээ.

Байгаль орчны Н.Цэрэнбат сайдын компани 600 саяын зээл авсан уу

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Хархираан хөгжил инвест” компанийг 100 хувь эзэмшдэг. Мань сайд Мал хамгаалах сангаас 600 сая төгрөг хүүгүй зээлээд малчдад малын тэжээл хямд нийлүүлэх гэж тендердээд ялсан гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Засгийн газрын хуралдаанаар малын тэжээлийг гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлсөн. Энэ үед Н.Цэрэнбат сайд “Манай компани орж байгаа учраас би ашиг сонирхлын зөрчилтэй байна” гэдгээ хэлсэн л байгаа даа гээд 2016 онд АТГ-т гаргасан хөрөнгө орлогыг нь шүүхэд мэдээлэл нь мөн байна. Харин улсаас 40 тэрбумыг хүүгүй зээлсэн “Хархираан хөгжил” компани нь өөр хүнийх бололтой. Н.Цэрэнбат сайд ч ийм мэдээлэл өгөв. “Хархираан хөгжил” компани 375 тонн тэжээл импортолсныхоо 200 тонныг борлуулсан байна.

Дэд сайд Ш.Лхамсүрэнгийн компани 488 орчим тонн хивэг худалджээ

Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн аав, ах дүү нийлээд “Нүүдэлчин” группийн ТУЗ-ийг бүрдүүлдэг. “Нүүдэлчин” группийг Ш.Бүтэд удирддаг бөгөөд группийн охин компани нь “Эрдэнэт фүүдс” Хишиг гурилын үйлдвэртэй. Тус компани Мал хамгаалах сангаас зээл аваагүй, бас ОХУ-аас Монгол руу дөрвөн боомтын аль нэгээр малын тэжээл оруулж ирээгүй. Харин 487.78 тонн хивэг борлуулжээ. Үйлдвэр нь Булган аймагт тул Орхон, Булган, Хөвсгөл, Архангайн малчдад хүрэхэд дөхөм юм.

Баян-Өлгийн ИТХ-ын тэргүүлэгч Т.Сайдолда импортын тэжээл зарж байна

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, ИТХ-ын төлөөлөгч Тилеубай овогтой Сайдолда “Асгат кент” компанийн захирал. Үүнийгээ ч аймгийнхаа албан ёсны веб сайтад үнэнээр нь өчжээ. Баян-Өлгий аймагт өвс, тэжээл хомс байгаа. Асгат кент ямартай ч нэг тэрбум төгрөгийн хүүгүй зээл тэжээл импортлох зориулалтаар авчээ. Одоогоор 1397 тонн тэжээл импортолсноос 1168 тонныг нь малчдад борлуулаад байна. Үүнээс 373 тонн нь хивэг, 715 нь хорголжин, 80.60 тонн нь овъёос байгаа юм.

Зээлд хамрагдах аж ахуйн нэгжүүд

Увс аймгийн АН-ын зүтгэлтэн Х.Сүхбаатар зээл аваагүй ч 75 тонн тэжээл импортолжээ

“Арвижих-Увс” хэмээх компанийн захирал Х.Сүхбаатар Увс аймгийн АН-ын даргад өрсөлдөж байсан эрхэм. Тус компанийн нэр зээл авсан ААН-үүд дунд алга байгаа ч “Арвижих Ус”-ынхан 75 тонн тэжээл импортолж, өөрсдөдөө байсан 192.80 тонн хивэг, 72 тонн хорголжин, 161 тонн овъёосоо худалджээ. Баруун аймгуудад, ялангуяа Увс аймагт энэ жил өвс ургалгүй цагаанаараа байснаас малчид хадлан тэжээл бэлтгэж чадаагүй нь тодорхой. Өвс сайтай зүүн аймгуудаас малд өгөх өвс, тэжээл ачуулъя гэвэл тээврийн зардал өндөр. Ийм учраас увсынхан ихэвчлэн импортын малын тэжээл, өвсөө худалдан авч буй юм. Нөгөөтэйгүүр Увсийн төв телевизийг эзэмшдэг “Хийморлог эрчүүдийн хүч” компанийн захирал Х.Бат-Амгалан 1.2 тэрбумын зээл яамнаас авчжээ. Тэр 326 тонн тэжээлээсээ 171.25 тонн хивэг, 41.5 тонн хорголжин тэжээл зараад байна.

Ашигт малтмалын Д.Батхуягийн компани таван тэрбумын зээл хүүгүй авч, тэжээл импортолно

Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байхдаа 108 лицензийг иргэдэд хууль бусаар олгосон хэргээр ял шийтгүүлсэн Д.Батхуяг өмнө нь Сү.Батболдыг Ерөнхий сайд байхад зөвлөх нь байсан. Сү.Батболдын зөвлөх байсан нь нөлөөлөв үү, үгүй юу “Хөвсгөл алтан дуулга” компани таван тэрбум төгрөг улсын төсвөөс хүүгүй зээлжээ. Тус компанийг Д.Батхуягийн дүү Д.Дуламсүрэн удирдаж байгаа юм. Хөвсгөл алтан дуулга шиг таван тэрбумын зээл авсан ганцхан компани жагсаалтад байгаа нь “Арованна” компани. Уг компани Чингис бондын санхүүжилтыг “Ингүүмэл” чацарганын жүүс, тосны төслөөрөө авч байсан бөгөөд бүтээгдэхүүн нь гарсан, зээлээ эргэж төлсөн эсэх нь эргэлзээтэй. Ямартай ч, Хөвсгөл алтан дуулга компани 295.6 тонн хивэг өөрсдөдөө байснаа малчдад борлуулжээ. Гаднаас ямар нэг импорт хийгээгүй байна. Харин Арованна компани 560 тонн хорголжин тэжээл, 30 тонн хивэг оруулж ирэн малчдад худалджээ.

Тэрбум төгрөг зээлсэн “Энсадо тракторон” нэг ч кг тэжээл оруулж ирээгүй байна

“Энсада тракторон” компани газар тариалангийн машин, техник оруулж ирсээр нэлээд хэдэн жил болж байна. Тус компанийн захирал Ө.Болдсайханы хэлснээр “Энсада тракторон” үр тарианы 50 гаруй компанид тоног төхөөрөмж нийлүүлж, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн зах зээлийн 60 хувийг дангаараа барьдаг, зах зээлээ хувааж эзэмшдэг дөрвөн компанийн нэг. Зарим нь “Энсада тракторон”-ыг MSC компанийн охин компаниудын нэг гэх юм билээ. Энэ нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлийн даргаар, Ө.Болдсайхан захирал зөвлөлийн гишүүнээр байдагтай холбоотой гарсан яриа эсэхийг ч үгүйсгэхгүй. Ямартай ч Энсада тракторон нэг тэрбум төгрөгийн хүүгүй зээл авсан хэрнээ нэг ч кг тэжээл оруулж ирээгүй байна.

Делта холдингийн З.Ганзоригийн эзэмшдэг Майндтеч компани нэг ч кг тэжээл оруулаагүй. 650 сая төгрөгийн зээл авсан “Эрхжин”, 190 сая төгрөгийн зээл авсан “Бор банди групп” нэг ч тонн тэжээл оруулж ирсэнгүй. 750 сая төгрөг хүүгүй зээлсэн “Архалиун цамхаг”, 1.2 тэрбум төгрөг зээлсэн “Дөлгөөн Оргил” компани мөн л тэжээл импортолсонгүй.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close