Бусад хүмүүс

ЗАМЫН-ҮҮДИЙН СУРГАМЖ БА “НҮД”-ГҮЙ ТӨРИЙН ЭМГЭНЭЛ

Замын-Үүдэд буухад өнөөх л танил элсэн шуурга хацар нүүрийг нүдэж угтав. Борхойн тал дахь энэ сууринд ирэлгүй яг нэг жил өнгөрчээ. 2017 оны арваннэгдүгээр сарын 2-нд хичээлдээ явахаар гарсан 8-хан настай Сэржмядаг охин ор сураггүй алга болж, Замын-Үүд сум байтугай улс орон даяар эрэл сурал болсныг олон нийт мартаагүй байх. Элэг эмтэлсэн энэ явдлаас хойш бид шинэ жилээ угтаж, цагаан сараа тэмдэглэж, наадмаа хийж яг нэг жил улиран өнгөрчээ. Орон нутгийн удирдлага, хилийн цэргийнхэн, сумын иргэд эрэн хайх ажилд өнгөрсөн нэг жилд чамлахааргүй хүч хаясан, хуулийн байгууллага тусгай ажлын хэсэг томилон идэвхийлэн ажилласан ч аав ээжийнхээ өврөөс гараагүй бяцхан охин олдоогүй л байна. Хааш хаашаагаа таван км радиуст багтах жижигхэн энэ суманд бяцхан охиныг хамар дороосоо алдсан Монголын төр, орон нутгийн удирдлага иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгосон эрхийг хангаж чадаж байна уу, наймхан настай охиныг гэгээн цагаан өдрөөр алдчихсан эмгэнэлт хэрэг явдлын дараа ямархуу сургамж авсныг сурвалжлахыг зорилоо.

Камерийн хяналтгүй Монголын үүд

Гоё тодотголоос эхэлье. Дорноговь аймгийн Замын-Үүд сум өмнөд хөрш БНХАУ-тай төмөр замаар холбогдсон цор ганц боомт, Ази-Европыг холбосон хамгийн дөт гарц гэгддэг. Албан ёсны бүртгэлтэй 18, түр суурьшигчидтайгаа нийлээд 25 мянган хүнтэй Монголдоо Мандал сумын араас хоёрт бичигдэх том сум. Хэдэн жилийн өмнө нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбогдсон, бусад аймаг, сумын жишгээр тэмээтэй гоё хаалга барьж тууз хайчилсан. Жилдээ гурав гаруй тэрбум төгрөгийн төсвийн орлого бүрдүүлж аймагтаа тушаадаг гээд олон баримт тоочиж болно. Монгол Улсын өмнөд хөрштэй хил залгадаг хамгийн том боомт, үүд хаалга, ачаа бараа, зорчигчдын далай мэт урсгалтай боловч өнөөдрийг болтол камерийн хяналтын тогтолцоо бүрдүүлж чадаагүй. Энэ талаар өнгөрсөн жил “Алгын чинээ сумаа камержуулчихсан бол нулимсан далайд живэхгүй байсан” нийтлэлээрээ хөндөж байв.

Сая зориод очиход байдал тийм ч сайн дээрдээгүй байгааг харлаа. Жилийн өмнө Замын-Үүд сум аравхан камертай, тэрэн дотроос ажилладаг нь тоотой хэд гэдгийг сумын Засаг дарга Н.Алдарбаяр хэлж байсан юм. Хяналтын камерт яагаад ач холбогдол өгөөд байна вэ гэхээр хичээлдээ явахаар гараад одоо болтол ор сураггүй байгаа Сэржмядаг охины сургуулийн орчимд тухайн үед хяналтын камер байгаагүй. Цагдаа нар сургуулийнх нь замын эсрэг талын найман нэрийн барааны дэлгүүрийн хяналтын камерт дүрс бичлэг үлдсэн байх, хэргийн учиг олдож магад гээд шалгатал бичлэг хийгээгүй байсан гэдэг. Хамаг найдлага ингэж л тасарсан. Охины гэрээс сургууль хүртэлх гудамж талбайд нэг ч гэсэн камер байсан бол хэргийн учгаас атгаад авах боломж байсан гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг.

Орон нутгийн удирдлага, цагдаагийн байгууллага өнгөрсөн нэг жилийн хугацаанд арай ч гараа хумхиад суучихаагүй байна. Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын цагдаагийн хэлтсийн хошууч Жаргалсайханы хэлснээр 41 хяналтын камертай болжээ. Эдгээрээс гурав нь 360 градус эргэдэг, үлдсэн нь нэг чигийн камер бөгөөд төв зам дагуу байрлуулсан байна. 31 камерийг сумын төсвөөс, үлдсэн арвыг хувийн хэвшлийнхэн авч өгчээ. Цөөхөн ч гэсэн хяналтын камер байрлуулсан 2018 онд гадна зам талбайд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо 50 хувиар буурч, 116 зөрчлийг камерийн тусламжтайгаар илрүүлсэн байгаа юм. Энэ оны эхний есөн сард 165 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 35.8 хувиар буурсан үзүүлэлт гэдгийг цагдаагийнхан хэллээ. ЦЕГ-аас гадаадын буцалтгүй тусламжийн хүрээнд орон нутаг руу камер нийлүүлэх талаар яриа хэлэлцээ хийж эхэлсэн таатай мэдээ ч чих дэлссэн. 

Замын-Үүдийн ерөнхий боловсролын сургуулиуд бүгд дотор орчноо хянадаг камертай. Сэржмядаг охин сураггүй алга болсон хэргээс сургамж авч гадна орчныг хянах камерууд суурилуулжээ. Түүний сурч байсан II сургуулийн замын хажууд сургууль руу харсан ганц камер суурилуулсан байхыг хараад хэчнээн их баярлав. Сумын III сургуулийнхан 25 сая төгрөгөөр хяналтын пост хийсэн байхыг харав. Сурагчид орох, гарахдаа өөрийн нэр, зурагтай тусгай карт уншуулж нэвтэрнэ. Ингэснээр сургууль руу гаднын хүн нэвтрэхгүй болж хамгаалалт, бүртгэл сайжирчээ. Болдогсон бол энэ төслийг монголын бүх сургуульд нэвтрүүлмээр санагдсан.

Энд дурдсан цөөхөн тоо баримтаас камерийн хяналт үр дүнгээ шууд өгч эхэлснийг харж болно. Гэхдээ орон нутгийн эрх мэдэлтнүүд хүүхэд алга болж, улс орон даяар түгшүүр дэлдсэн байхад нийтийн эзэмшлийн зам талбай, эрсдэлтэй цэгүүдийг камержуулах ажлыг хүч, хөрөнгө хаяад бүрэн хийчихгүй алмайрч суугааг гайхлаа. Сумын ИТХ, Засаг даргын Тамгын газраас хийлгэсэн судалгаагаар Замын-Үүдийг бүрэн камержуулахад 600 сая төгрөг шаардлагатай. 2018 оны тендерт санал өгсөн компаниудын доод үнэ болох 300 мянгаар тооцвол 600 сая төгрөгт 2000 ширхэг хяналтын камер шаардлагатай байна гэсэн үг. 360 градус эргэдэг камерийн хамгийн доод үнэ нэг сая төгрөг гэж үзвэл 600 хяналтын камер суурилуулж байж зорилт бүрэн биелнэ, гэмт хэрэг зөрчлийн бодит аюул холдоно. Товчхондоо бол үр хүүхдүүдээ хамар дороосоо алдаад байхааргүй болно.

Алтын дайтай мөнгө гэж байдаггүй гэдэг шиг Замын-Үүд сум хүүхдэд аюулгүй орчин, хяналтын тогтолцоо бүрдүүлж чадсан уу, үгүй юү гэдгээр л үр дүн хэмжигдэнэ. Түүнээс биш уг нь бидэнд камерийн бүрэн хяналтын тогтолцоо хэрэгтэй, гэхдээ одоохондоо 41 камераар аргалж байгаа гэдэг тайлбар бол би үр хүүхдээ хайрлах ёстой, гэхдээ одоохондоо бүтэн хайрлах боломжгүй байна гэж байгаагаас ямар ч ялгаа байхгүй. Аав ээжүүд үрсийнхээ төлөө амиа тавьдаг шиг Монголын төр, албан тушаалтнууд бүх нөөц бололцоог шавхан ажиллах үүрэгтэйсэн.

Камерийн өмнө шоуддаг биш камержуулалтыг дэмждэг түшээ хэрэгтэй

Камерийн бүрэн хяналттай болъё гэвэл орон тоогоо нэмэгдүүлж, мэргэжлийн хүмүүсийг ажиллуулах зайлшгүй шаардлага тулгарна. Монголын цагдаагийн байгууллагад 4000 хүн тутамд нэг хэсгийн байцаагч ажиллуулдаг жишиг бий. Өнөөдөр Замын-Үүдийн албан ёсны бүртгэлтэй хүн амын тоо 18 мянгаас аль хэдийнэ давсан байхад сумын таван багт хоёр л хэсгийн байцаагч ажиллаж байгааг дарга нар бүгд мэддэг. Тэгсэн хэрнээ мэдээгүй царайлсаар өнөөдрийг хүрлээ. Гэмт хэргийг бууруулъя гэвэл хэсгийн байцаагчийн орон тоог 2-3 хүнээр заавал нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм билээ. Хэрэгцээт хяналтын камер авахад шаардлагатай 600 сая төгрөгийг дан ганц сумаас шийднэ гэвэл жилийн төсвийнх нь бараг тэн хагас нь урсаад явчихна. Гэхдээ үр хүүхдийнхээ амьдрах орчныг аюулгүй байлгая гэсэн чин хүсэл байхад хөрөнгө босгох арга өчнөөн бий. Сум удирдаж байгаа эрх мэдэлтнүүд найр наадам хийх болохоороо Улаанбаатарт үнэтэй танхим түрээсэлж байгаад хандив цуглуулах нэрээр найрлан суух нь элбэг. Хүүхдийн аминаас үнэтэй найр наадам гэж хаа байх вэ.

Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан улс орны эдийн засаг хүнд байна, хямралыг давъя гээд улсад 100 сая төгрөг хандивлаж байсан нь саяхан. Амласан мөнгөө улсад өгсөн, үгүйг мэдэхгүй ч энэ хандивын мөнгийг Замын-Үүдийг камержуулахад зарцуулж яагаад болохгүй гэж. 2019 оны улсын төсвийн төсөлд гишүүдийн тойрогтоо хуваарилж авдаг мөнгөний хэмжээ түүхэнд байгаагүйгээр нэмэгдэж, таван тэрбум төгрөг болсон тухай Ерөнхийлөгч барин тавин хэлсэн. Хүүхдүүдээ гэгээн цагаан өдөр алдаад байхгүй болъё гэвэл энэ мөнгөний өчүүхэн хэсгийг зарцуулахад хангалттай. Замын-Үүд сум, Дорноговь аймгийн удирдлагуудаас өнгөрсөн нэг жилийн хугацаанд ийм санаачилга лав гарсангүй. Аймагтаа орд харш гэж андуурмаар том хаалга барьж бэл бэлчингээ гайхуулсан Дорноговь аймгийн нутгийн зөвлөлийнхөн камержуулах ажилд хуруу нэмэрлэхэд 600 сая төгрөг дороо л цуглана.

Хүүхэд эмэгтэйчүүдийнхээ талд зогсоно, хүчирхийлэгчдийг цээрлүүлнэ, хүний эрхийг хангана гэж хөхөө шиг донгоддог УИХ-ын эмэгтэй гишүүд найхан настай охин алга болоод бүтэн жил тойрч 365 хоноход нэг нь энэ асуудалд анхаарлаа хандууллаа гэж та дуулсан уу. Уг нь иргэний нийгмийнхэн хүүхэд хамгааллын асуудалд эмэгтэй улстөрчид илүү мэдрэмжтэй, зүтгэлтэй хандах байх гэж итгэн найддаг.  Телевизийн камерийн өмнө попрохоо хойш тавьж Монгол Улсынхаа сум суурингуудыг камерийн бүрэн хяналттай болгох “Камерийн хяналттай Монгол” төсөл санаачлаач гэж уриалмаар. Жижиг дундын сангаас тэрбум тэрбумын зээл завшиж суухаар жижигхэн үрсийнхээ аюулгүй байдлын баталгааг хангах нь төрийн үндсэн үүрэг шүү дээ. Аймаг, сумын нутгийн зөвлөлүүдтэй хамтраад маш богино хугацаанд хэрэгжүүлэх боломж хангалттай бий. Төсвөөс ч нэг их мөнгө шаардагдахгүй. Хаа очиж нийгмийн хариуцлагаа ухамсарладаг, бусдын сайн сайхны төлөөх үйлсэд тусламжийн гараа сунгадаг аж ахуйн нэгжүүд, хувь хүмүүс олон болсон. Тэдэнд бодит нөхцөл байдал, аюулгүй байдлын төвшин, гарах эерэг өөрчлөлтийг таниулан ойлгуулж, туг болон манлайлахад л бүтэхгүй зүйл огт биш.

Сургамж ба суудал

Монголд ганцхан Замын-Үүдэд хүүхэд алга болоод байгаа юм биш л дээ. Ийм харамсмаар хэрэг өмнө нь ч олон гарсан байдаг. Замын-Үүд бол улсын хил, нүүр царай, ачаа бараа, худалдааны хамгийн том боомт учраас наймхан настай Сэржмядаг охин гэгээн цагаан өдрөөр алга болсон нь Монгол Улсын хэмжээнд цочоо өгсөн байх. Энэ эмгэнэл Монголын өөр хаана ч, аль ч сум суурин газарт давтагдаж болзошгүй гэдгийг Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд гэрийнхээ ойролцоох таггүй траншейд унаж амиа алдсан зургаахан настай хүүгийн үхэл дахин санууллаа. Үүнээс л Монголын төр сургамж авах учиртай. Асуудал гарахад сандал суудал, албан тушаалаа яаж зуурч үлдэх вэ гэж хар амиа хоохойлох нь хэчнээн жигшүүртэй, үзэн ядмаар санагддаг гээч. Бидний бүгдийнх нь үр хүүхэд хамтдаа амьдрах улс орон  биш гэж үү.

Замын-Үүд суманд очоод хамгийн түрүүнд бүх сургуулийн гаднах зогсоол пиг дүүрэн машин зогссон байхыг анзаарсан юм. Хичээл орох, тарах үеэр дандаа ийм байдаг болжээ. Үр минь Сэржмядаг охин шиг гэнэтхэн сураггүй алга болчих вий, хүүхдэд ямар нэгэн муу зүйл тохиолдох вий гэсэн айдас Борхойн талын эздэд нэгэнт хургажээ. Аймшигт хэрэг явдал гарахаас өмнө хүүхдийг “Гараас гарт” буюу аав ээжээс нь хүлээж аваад буцаагаад хүлээлгэж өгөхийг хичээдэг байсан гэж нэгэн багш хэлсэн. Гэхдээ л аав ээжүүд айдас хүйдэс дунд сэтгэл тавгүй амьдарч байгааг ойлгож мэдрэхэд хэцүү биш байсан. Уг нь өнгөрсөн жилийн хооронд 30 камер тавихад гэмт хэргийн тоо 50 хувиар шууд буурч байхад хичээж зүтгэж байгаад сумаа бүрэн камержуулчихсан бол энэ их айдас хүйдэс арилах л байсан байх.

Төр түмэн нүдтэй, төрсөн бие хоёр нүдтэй гэх хуучны үг бий. Орчин цагт төр түмэн нүдтэй гэдгийг хяналтын камерын бүрэн тогтолцоо гээд ойлгочиход буруудах зүйл байхгүй. Ганц Замын-Үүдээр жишээлэхэд Монголын төрийн нүд хаалттай, боолттой байна. Бүтэн жил өнгөрөхөд байдал ийм л хангалтгүй байгааг энд баримтаар өгүүллээ. Хатуухан хэлэхэд Монголын төр хичнээн хүүхдийн амь золиослон байж харах нүдээ нээх юм бэ.

Б.ТҮВШИНТӨГС

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close