Сайн хүнУрлаг

УДЭТ-ЫН жүжигчин, СТА С.Болд-Эрдэний гэр бүл: “УДААН ХУГАЦААНД НЭГ ГЭРТ БАЙХААР НЭГЭНДЭЭ УУСЧ, НЭГ ХҮН БОЛДОГ ЮМ БАЙНА”

Жилийн дараа УДЭТ-ын тайзнаа дахин амилахад Гамлетын дүрд сонгогдон тоглосон эрхэм уран бүтээлч бол Сугарын Болд-Эрдэнэ билээ. Тэрээр Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, найруулагч С.Сугар агсны хүү, өв залгамжилсан уран бүтээлч. Дуудах нэрийг эцэг эхээс, дуурсагдах нэрийг өөрөө олж авдаг гэдэг. Алдарт сонгодог жүжгийн гол дүр Гамлетын дүрийг маш гайхамшигтай бүтээсэн учраас өдгөө түүнийг “Гамлет”  хэмээн тодотгох болжээ. Тэгвэл эрхэм уран бүтээлчийг энэ удаа аав, хань гэдэг “дүр”-ээр нь уншигч тантай уулзуулахаар“Дугаарын зочин” буландаа гэр бүлийнх нь хамт урьсан юм.

TV ZONE: Сайн байцгаана уу? Халуун ам бүлээрээ бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Сэтгүүлийн маань уншигчидтай мэндчилнэ үү?

С.БОЛД-ЭРДЭНЭ: Сайн, сайн байна уу? Театрын бэлтгэл, тоглолт, үргэлжлүүлээд кино ажил гэсэн тасралтгүй тойрог дунд цаг зав тун бага гарах юм. Гэр бүлдээ ч зарцуулах зав муутай л ажиллаж байна. Гэхдээ TV ZONE сэтгүүлийн энэ сайхан урилгыг анх санал тавихад нь л хүлээн авсан. Халуун ам бүлээрээ энэ гэгээлэг, гэр бүлийн сэтгүүлд уригдаж байгаадаа баяртай байна.

Ю.БУЯНХИШИГ: Сайн байна уу? Амьдралын гэгээн сайхныг түгээдэг энэ сэтгүүлийн урилгыг гэр бүлээрээ баяртай хүлээн авч байна.

TV ZONE: Болд-Эрдэнээр овоглосон өнөр бүлийн үнэт зүйлс нь болсон үр хүүхдүүдтэй нь танилцъя?

С.БОЛД-ЭРДЭНЭ: Манайх гурван охин, нэг хүүтэй айл. Том охин Б.Анхтуяа маань олон улсын харилцаа мэргэжлээр энэ жил төгсөнө. Дунд охин Б.Агиймаа маань Орос 3 сургуулийн долдугаар ангид сурч байна. Ганц хүү Б.Билгүүн маань 1-р сургуулийн дөрөвдүгээр анги бол бага охин Б.Бүжинлхам дөрвөн настай, цэцэрлэгт явдаг.

Ю.БУЯНХИШИГ: Ах, эгчийг нь зөв хүмүүжүүлбэл дүү нараа аваад явчихдаг гэдэгтэй би санал нийлдэг. Тиймдээ ч би том охиндоо “Илүү сайн явах ёстой, дүү нартаа үлгэрлэх ёстой. Чи гоё хоол хийвэл дүү нар чинь ч гоё хоол хийж сурна” гэх мэтчилэн илүү шаардлага тавьдаг. Магадгүй ээждээ гомддог ч байж болох. Яваандаа том болоод учрыг нь ойлгох биз. Би тийм ч зөөлөн ээж биш л дээ. Том охиндоо бусдыг нь бодвол илүү зарчимч ханддаг байж магадгүй. Гэхдээ энэ хандлага маань одоо хэрэг болж байх шиг санагддаг. Том охин минь сурлагандаа сайн, Америкт зуны амралтаараа ажиллаад ирсэн, мөн “Найрамдал” зусланд энэ зун багшилсан. Ер нь биеэ дааж амьдралд гарах гээд байдаг. Тэр тэмүүллийг нь харахад би баяртай байна.

TV ZONE: Хүүхэдтэйгээ харилцах харилцаанд хамгийн их ухаан хэрэгтэй гэдэг?

С.БОЛД-ЭРДЭНЭ: Үнэндээ би гэр бүлдээ тийм ч их цагийг зарцуулж чаддаггүй. Гэхдээ гаргах гэж хичээдэг. Амьдралын гол утга учир гэр бүл шүү дээ. Би хүүхдүүдээ алхам тутамд нь барьж цагдаад л байдаг чанга аав биш ээ. Өөрийнх нь үзэл бодол, юу хүсч мөрөөддөг хүсэл сонирхол дээр нь тулгуурлаж харьцахыг хичээдэг. Хэт бариад л, чи тэгэх ёстой гээд зарчим яриад байхыг хүсдэггүй. Эхнэр маань хүүхдүүдтэйгээ ихэнх цагаа өнгөрөөж, хүмүүжил тал дээр нь анхаарч байна даа. Том хүүхдүүд маань дүү нараа авч явах насан дээрээ ирсэн байна. Нийгэмд ороод нийгэмшиж чаддаг, эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагддаг гэдгийг л ойлгуулж өгөх юмсан гэж боддог. Гэхдээ хэт дураараа байж болохгүй. Чамтай адилхан маш олон хүнтэй нийгэмд хамт амьдарч байгаа болохоор тэрийг сайн ойлгох ёстой гэж үздэг. Ер нь, хүн өөрийнхөө амьдралыг өөрөө л бий болгоно.

Ю.БУЯНХИШИГ: Би аль болох хүүхдүүдээ өөрсдөөр нь өөрийнх нь юмыг хийлгэхийг чухалчилдаг. Мөн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж сураасай гэж боддог. Хүнд биеэ даах чадвар хамгийн чухал. Тэртэй тэргүй аав, ээж нь үргэлж тэдний хажууд дагаад явахгүй. Хүүхдүүд минь нийгэмд гараад олон төрлийн хүмүүстэй харилцана, тэр болгонд өөрийгөө аваад явчих зөв боловсон харьцаатай байгаасай гэж бодож, хүмүүжүүлдэг. Тэрнээс биш, заавал онц сурах, заавал хөөрхөн, гоё ганган байх, хэт цэвэр цэмцгэр байхыг тийм ч чухалд тооцдоггүй. Би өөрөө ч тийм хүн биш. Чөлөөтэй, өөрийн хүссэн зүйлийнхээ төлөө тэмүүлж чаддаг хүчтэй, аливаа зүйлийг даван гарах сэтгэлийн тэнхээтэй байгаасай гэж хүсдэг. Тиймдээ ч хүүхдүүдийнхээ насанд тохирсон ажлыг өөрсдөөр нь хийлгүүлдэг. Ганц хүү минь гээд Билгүүнийг юм хийлгэхгүй байна гэж үгүй, адилхан л гэрийн ажил хийлгэдэг. Одоо манайд ганцхан Бүжин л юм хийдэггүй. (Инээв) Гэхдээ өөрийнхөө хувцсыг эвхэж хураах, өөрийнхөө болон миний сойз дээр ОО тавьж өгөх зэрэг хэрэндээ таарсан ажилтай. Тийм ч байсан дээр. Жижигхэн юмыг хийгээд сурчихсан хүн чинь цаашаа явахад арай дөхөм болов уу.

~ “Хайр нь арыг нь даая” ~

TV ZONE: Урлагийн хүний гэргий байх хэцүү гэдэг. Яагаад гэвэл, уран бүтээл гээд завгүй гүйж явахад ар талын ажлыг хань ижил нь л хариуцаж байдаг шүү дээ…  

Ю.БУЯНХИШИГ: Тиймээ. Би өөрөө санхүүч мэргэжилтэй. Бусадтай адил өдрийн найман цагаар ажилладаг, өдөр тутмын ажилтай. Манай хүний ажил ерөнхийдөө орой эхэлдэг. Ажил тарж, жүжиг дууссаны дараа бэлтгэл хийнэ гэж оройгоор их ажилладаг. Урлагийн хүнтэй суусан бидний хувьд өөрсдөө ажлаа амжуулахаас өөр аргагүй. Хайр нь арыг нь даая гэдэг чинь л бид байна шүү дээ. Уран бүтээл нь бэлэн болж гараад, түүнийг нь үзэх шиг жаргал надад байдаггүй. Хүүхдүүд жаахан байхад шантармаар, ямар хэцүү юм бэ гэж халширмаар үе байдаг л байлаа. Одоо харьцангуй хүүхдүүд минь том болсон болохоор ачаалал багассан. Үргэлж оройтсоор байгаад зарим үед эрт ирэхээр “Яагаад эрт ирсэн юм бол, ажил төрөл нь зүгээр байгаа даа” гэж гайхаад, санаа зовдог болчихдог юм билээ. Олон хоногоор томилолтоор явдаггүй, нэг их оройтдоггүй нөхөртэй эмэгтэйчүүдийн хувьд магадгүй хүнд байж болох. Гэхдээ миний хувьд залуугаасаа л үүнтэй нүүр тулсан болохоор дасан зохицсон. Эхэндээ нөхрийнхөө тоглосон жүжгүүдийг үзэхээр яагаад ч юм өмнөөс нь ичээд байдаг байсан. Тухайн үед хүүхэд ч байж дээ. Одоо бол дасчихсан, харин илүү ярилцаж зөвлөлддөг болсон. Эхнэр хүн болсон хойно, “Миний хань жаахан жин хаях хэрэгтэй байна” гээд л харагдах байдал дээр нь их санаа тавина. Яагаад гэвэл, уран бүтээлдээ ихэвчлэн өөрөөсөө дүү бүсгүйчүүдтэй тоглодог. Ер нь, манай хүн жин хаях тал дээрээ харьцангуй мундаг. Зун амрах үед нь гэр бүлээрээ хөдөө явдаг болохоор энэ үе манай гэр бүлийн хамгийн аз жаргалтай цаг мөч.

TV ZONE: “Драмын 4”-ийн гэр бүл найзууд уу?

Ю.БУЯНХИШИГ: Бид гэр бүлийн найзууд. Миний хувьд, хамгийн ойрхон нөхөрлөдөг нь Амгаагийн гэргий Оюунжаргал. Хүүхдүүд маань ч мөн нэг ангид сурдаг.

~ Дүр болгон амьдралын ухаан, ухаарлыг өгч байдаг ~

TV ZONE: Жүжигчин Болд-Эрдэнээр сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхан юу байна?

С.БОЛД-ЭРДЭНЭ: Театрын маань уран бүтээлүүд тайзнаа тавигдаж байна. Театрын өвөл цагийн нээлт түүхэн жүжгүүдээр эхэллээ. Ер нь, 10-р сар түүхэн жүжгийн сар байдаг бол 2-р сар хайр дурлалын, 3-р сар сонгодог, 5-р сар оюутан залууст зориулсан жүжгийн сар гэх мэтчилэн сар бүр онцлогтой багцын тоглолтууд тайзнаа тавигддаг. Энэ нь драмын театрын маань нэгэн уламжлал болж. Намар хөдөө орон нутгийн аялал тоглолтууд өрнөж, эндээс ирээд “Тэнгэрийн хүү”, “Ану хатан”, “Саран хөхөө”, “Тэмүжин” зэрэг түүхэн жүжгийн сардаа бэлдэж ажилладаг. Энэ сард бид шинэ уран бүтээл болох Лев Толстойн “Адууны түүх” жүжгийг Б.Баатар найруулагчийн тавилтаар анх удаа тайзнаа тоглох гэж байна. Энэ сарын 24-нд нээлтээ хийж, ирэх сарын гуравныг хүртэл УДЭТ-ын тайзнаа тоглогдох юм. Театрын ихэнх уран бүтээлчид оролцож байгаа ба бид ид бэлтгэл ажилтай явна. Харин кино уран бүтээлийн хувьд, өнгөрсөн хоёрдугаар сард нээлтээ хийсэн “Хоёр амь” кино маань IPTV-ээр гарч эхлээд байна. Миний хувьд, уран бүтээлийн хувьд ийм сонинтой.

TV ZONE: Театрын төлөвлөгөөт ажлууд ихтэй ч киноны саналуудыг хүлээж авч байна уу…

С.БОЛД-ЭРДЭНЭ: Театр зун амралтын байдалд шилждэг. Үзэгчдийн тоо буурдаг болохоор манай уран бүтээлчид зуны гурван сар амардаг. Энэ үеийг ашиглаад уран бүтээлч бид чинь кино уран бүтээлдээ илүү анхаарах цаг зав гаргаж, тухтай ажиллах боломж нээгддэг. Кино уран бүтээл театрын ажилтай давхцах гээд байдаг талтай. Гэхдээ миний үндсэн гол ажил бол театр учраас цаг зав, боломжиндоо тааруулан кино уран бүтээл дээр ажилладаг.

TV ZONE: Амралтын горимоос гарахад хэцүү юу? Жүжгүүдээ сэргээн тоглоход хэр бэлтгэл шаардагддаг вэ?

С.БОЛД-ЭРДЭНЭ: Байнга тоглож, цээжинд хадаатай байдаг ч хуучин зүйлсээ эргэн сэргээх хоёр, гурав хоногийн бэлтгэл хийлгүй яах вэ. Нэг жүжгийг тайзнаа тавих гэж бид үг дотогш сууж, үйл хөдлөлтэйгээ холбогдохын тулд хоёр сар бэлтгэл хийдэг. Тэгээд үүнийгээ тайзнаа олон удаа тоглоод ирэхээр өөрт бүр суучихдаг учраас эргэн сэргээхэд хоёр, гурван өдрийн бэлтгэл л шаардагддаг. Гэхдээ олон жил тоглоогүй жүжгийн хувьд сэргэхдээ удаан. Жишээ нь, В.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгээ энэ намар хөдөө орон нутгаар тоглолоо. Энэ жүжгийг бид есөн жилийн өмнө тайзнаа тоглож байсан, мөн зарим жүжигчид солигдсон учраас багагүй бэлтгэл хийх шаардлагатай болсон. Одоо тайзнаа нээх гэж байгаа “Адууны түүх” жүжгийн хувьд Лев Толстой энэ жүжгээ маш удаан, бараг насан туршдаа бичсэн юм. Б.Баатар найруулагчид, энэ жүжгийг тавих маш том хүсэл тэмүүлэл байгаад байх шиг. Жүжгийн зохиол дээрээ задаргаа хийсний дараа ширээний уншлага хийгдлээ. Одоо тайзан дээрх бэлтгэлдээ гараад явж байна.

TV ZONE: Та маш олон хүний амьдралаар “амьдарсан” уран бүтээлч. Энэ дундаас хамгийн их ухаарал хайрласан дүр нь юу байв?

С.БОЛД-ЭРДЭНЭ: “Гамлет”-ын хувьд, амьдралын утга учир юу юм, юуны төлөө амьдраад байгаа юм, хүн гэж угтаа юу юм гэсэн асар том асуудлыг хөндөж тавьдаг. Энэ мэтчилэн том зохиолчдын сонгодог жүжгүүд үзэл бодлын минь хувьд том ухаарлыг, цэнэгийг өгч байдаг. Тэгэхээр дүр болгон амьдралын ухаан, ухаарлыг тодорхой хэмжээнд өгч байдаг. Угаас сайн зохиол бичигдэхдээ амьдралын гүнээс ургаж гарч ирсэн байдаг. Тиймээс энэ том сонгодог зохиолууд дээр ажиллахад маш өгөөжтэй.

TV ZONE: 2013 онд найруулсан “Хөлтрөг” сэтгэхүйн драм төрлийн киногоо хийх үедээ өөрийгөө дэлгэцийн уран бүтээлд хүч сорих болсноо хэлж байсан. Найруулагчийн хувьд ямар сэдвийг хөндөхийг хүсдэг вэ?

С.БОЛД-ЭРДЭНЭ: Уран бүтээлч хүн эмзэглэл, сэтгэлийн шаналал дээр бий болж байдаг. Амьдралын утга учир хайр дээр тогтоно. Гэхдээ энэ бол ганц эр, эм хоёрын хайр биш. Энэ өргөн агуулга бүхий хайрын тухай хөндөх гэж бид “Хоёр амь” киног хийсэн. Энэ кино бол миний эмзэглэл мөнөөс мөн байсан. Гэхдээ хайрыг бас өөр талаас нь харуулсан зохиол бүтээлүүд ч бий. Айн Рэндийн нэг номыг уншиж байхад хайрыг огт ондоо өнцгөөс тайлбарласан байна. “Хайранд юу гэж өөрийгөө өргөл болгох вэ. Үгүй, хүн өөрийнхөө төлөө амьдрах ёстой. Нэг л амьдрах хорвоо“ гэсэн философи явж байв. Номыг нь уншиж үзэхээр сонин л юм билээ. Ертөнц өөрөө их баялаг юм байна. Энэ дунд хүн үзсэн харсан, уншсан, бодсоноороо өөрийн үзэл бодол, баримтлалыг бий болгоно. Олон олон сайхан зохиолууд дээр ажиллаж, эндээс өөрийнхөө үзэл баримтлалыг олж авах эрэл хийж явж буй нь уран бүтээлч хүний нэг сайхан тал юм.

TV ZONE: Арван жилээсээ үерхэж дотносож, гэр бүл болсон гэхээр нэгнээ харцаараа ойлгодог, амь нэгтэй болсон нь мэдээж.  Эргээд харахад гэр бүлийн бат бөх байдалд юу хамгийн чухал байна вэ?

С.БОЛД-ЭРДЭНЭ: 1994 онд бид арван жилээ төгсөж байсан гэхээр 20 гаруй жилийг хамтдаа өнгөрүүлжээ. Эргээд харахад бат бөх гэр бүлийн нууц нь бие биенээ уучлах уучлал юм шиг. Ер нь, 20-30 насандаа хэн хэн нь залуу хүний ааг омогтой байлаа шүү дээ. Гэхдээ 20 гаруй жилийн амьдралд яваандаа хоёр биендээ уусдаг юм байна. Хүн гэдэг угаас төгс биш шүү дээ. Алдах, онох зүйл амьдралд олон. Нэг нь уурлавал нөгөө нь дуугүй байдаг гэдэг ч юм уу ингэж амьдрал нэгэндээ уусч нэгдэж явдаг юм байна. Тиймээс тэвчих хэрэгтэй, уучлах хэрэгтэй. Тэгж байж л гэр бүл бат бөх байх үндэс нь бүрэлдэж байдаг юм шиг.

Ю.БУЯНХИШИГ: Бидний амьдралд бусдын л адил алдаатай, оноотой зүйл байсан. Гэхдээ аав ээж, ах дүүс, найз нөхөд зэрэг олон хүн зөвлөж, тус болж байлаа. Мөн хоёр биедээ итгэх итгэл их чухал юм болов уу. Одоо бол харьцангуй амьдрал маань тогтсон байна. Залуу байхад хоёулаа л уур омог ихтэй байж. Биенээ юм хэлэхэд хурдан гомддог, уурладаг байсан бол одоо нэг нь уурлахад нөгөө нь хүлээцтэй байдаг ухаанд суралцжээ. Нэг нэгнийхээ занг аваад, хоёр биедээ уусч, адилхан зан чанартай болдог гэдэг үнэн юм байна аа. Анх нийлэхдээ хоёр өөр хүсэл мөрөөдөл, хоёр өөр бодолтой хүмүүс байсан бол нэг гэрт удаан хугацаанд амьдраад ирэхээр ийм болдог юм болов уу.

TV ZONE: Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Дотно сайхан ярилцлаа. Танай гэр бүлд аз жаргал хүсьеБидний урилгыг хүлээн авсанд дахин баярлалаа.

С.БОЛД-ЭРДЭНЭ: Та бүхэнд мөн баярлалаа.

Ю.БУЯНХИШИГ: Маш их баярлалаа. Бид ингэж гэр бүлээрээ хамтдаа зураг авахуулаагүй уджээ. Сайхан байлаа. Ажлын амжилт хүсье.

ЯРИЛЦСАН: Б.Баяржаргал

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: В.Цэнд-Аюуш

TV ZONE сэтгүүл

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close