Улс төрчид

Баримтууд дэлгэгдсэн, АТГ ажлаа хийх үлдлээ

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон Засгийн газрын бусад тусгай сан, төсөл хөтөлбөртэй холбоотой баримт мэдээлэл дэлгэгдсээр байна. Улсынхаа Төрийн тэргүүнээс эхлээд УИХ-ын цөөнгүй гишүүд, төрийн албан тушаалтнууд сан болон тендер төсөлтэй холбогдсон энэ асуудал зөвхөн “уучлаарай” гэх үгээр хаацайлагдаад өнгөрөхгүй нь байх. АН, МАН-ын  улстөрчдийн идсэн уусан булхай ил болохын хэрээр, эдийн засагтаа нэмэр болохоор ам.долларын ханшийн өсөлт, шатахууны үнийн нэмэгдэлд хяргуулж яваа татвар төлөгчдийн бухимдал дээд зэрэгтээ хүрч байна. Өөрөөр хэлбэл, албан тушаал, мэдээлэлд ойр нь гүйж очоод авчихсан энэ асуудал УИХ-ын гишүүдээс ёс зүй асуугаад зогсохгүй, хуулийн байгууллагаас шударга үнэнийг ч давхар нэхэж буй.

Төрийн мөнгө, тэр тусмаа сан, тендерийн мөнгө гэж байхгүй. Харин татвар төлөгчдийн мөнгө л гэж бий. Татвар төлөгчдийн мөнгийг хэдхэн гишүүн, сайд дарга нар, тэднийг тойрон хүрээлэгчид хэдэн зуун сая, хэдэн тэрбумаар нь хувааж идсэн нь хөдлөшгүй баримтаар нотлогдсон.

Өөрөөр хэлбэл, хэвлэлийнхэн үүргээ гүйцэтгэсэн, харин хуулийнхан хэрхэн ажиллахыг олон нийт харах л үлдэж байна. Тиймээс энэ асуудлыг хууль хяналтынхан шалгаж, зээлийн эргэн төлөлт болоод бусад асуудлыг нь нягтлах нь зүйн хэрэг.  Нийслэлийн прокурорын газраас “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөрөнгийг эрх бүхий нийтийн албан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад болон өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгон зээл олгосон албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй” гэж үзжээ. Ингээд дээрх  газраас Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2.2 дахь  хэсэгт заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлээд байна. Дээрх хэргийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд цаашид Нийслэлийн прокурорын газраас хяналт тавихаар болжээ.

Өөрөөр хэлбэл, сан, тендер “хувааж идсэн” гэх баримттай дэлгэгдсэн энэ асуудал АТГ-ын алдагдсан нэр хүндийг сэргээх боломж байж мэднэ.

 

                                                                                                                                                                                     Э.БУРАМ

  ЭХ СУРВАЛЖ : NEWS.MN

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close