Бусад хүмүүс

Манлайлал дутахаар хөгжил ирдэггүй

Манлайлал гэхээр бидний ихэнх нь дарга болох хүсэл эрмэлзэлтэй холбож ойлгодог бололтой. Олны дунд түгээмэл тархсан ийм эндүүрэл байхыг нэг талаас бас ойлгож болох юм. Учир нь манлайлал нь байгууллагын (тэр бүү хэл нийгмийн ч) хөгжлийн алсын хараа, стратегийг тодорхойлох эсвэл байгууллагад тулгарсан бэрхшээлүүдийг даван туулах арга замуудыг хайж олох гэсэн бодлогын чанартай гэмээр асуудлуудыг шийдвэрлэх дээр илүү төвлөрдөг. Энэ байдлын улмаас манлайлна гэхээр бусдыг удирдан чиглүүлэх мэтээр ташаа ойлгосоны улмаас ийм эндүүрэл бий болгоход хүргэсэн бололтой.

Гэтэл үнэндээ бол манлайлна гэдэг нь эрхэлж буй албан тушаалаас үл хамаарах зүйл гэж хэлвэл бодит байдалд илүү нийцэх юм. Учир нь манлайлал аль ч шатанд байдаг. Тэр бүү хэл дунд сургуулийн хүүхдүүдийн дунд ч манлайлах явдал байна. Манлайлалын гол үүрэг нь шинэчлэл, өөрчлөлтийг нэвтрүүлэх, ажлын шинэ хэв маягийг дадал болгох гээд товчхондоо байгууллагын соёлыг өөрчлөхтэй холбоотой юм. Энэ талаар бичсэн академик нийтлэлийг өмнө нь бид англи хэлнээс орчуулж нийтэлж байсан (Манлайлагчид яг юу хийдэг вэ?). Уг нийтлэлд “манлайлал бол … шинэчлэл өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэх тухайд юм” гэж тодорхойлсон байдаг (Kotter, December 2001).

haroldsgeneen1

Манлайлалыг ярьснаар бус харин хандлагаа өөрчилж хийснээр хөгжүүлдэг

Жишээлбэл, чанарын удирдлагын тогтолцооны олон улсын ISO 9001 стандартыг нэвтрүүлж байх үед байгууллагын шат бүрт манлайлал байх нь чухал гэж анхааруулдаг. Энэ нь ямар учиртай юм бэ гэвэл аливаа шинэчлэлийг нэвтрүүлэхэд ямар нэгэн хэмжээгээр эсэргүүцэл тулгардагтай холбоотой. Гэтэл эсэргүүцлийг манлайлахгүйгээр даван туулахад амаргүй болох нь тодорхой. Харин ажилчдын дунд бусдыгаа манлайлж буй хэн нэгэн нь шинэчлэлийг дэмжиж, түүнийг нэвтрүүлж буй хүмүүсийг дагахаар болвол энэ нь ямар их тус дэмтэй болохыг дэлгэрүүлэн тайлбарлах хэрэггүй байх. Иймээс манлайлал нь заавал удирдлагын дээд түвшинд байх бус харин байгууллагын бүх түвшинд байх нь чухал гэдэг. Гагцхүү манлайлж буй хүмүүс нь санаа нийлсэн байх нь бас чухал юм.

Байгууллагын соёлыг өөрчлөх нь хамгийн амаргүй асуудлын нэг. Харамсалтай нь монголчууд бидний дунд соёл гэхээр хэл зүй, урлаг, спорт гээд хэт их өргөн хүрээтэйгээр ойлгох нь өргөн тархсан байдаг. Гэтэл менежментийн онолд бол бид нэг нэгэнтэй хэрхэн харьцаж байна түүнийг л соёл гэж тодорхойлдог (Thompson & Wildavsky, May 1986). Товчхондоо бол соёл гэдэгт бидний амьдралын хэв маягийг л хэлж байгаа юм. Хэрэв энэ тодорхойлолтыг хүлээн зөвшөөрөх юм бол чадварлаг манлайлал байсан цагт наад зах нь байгууллагын соёлыг хэрхэн өөрчлөхийн арга зам нь илүү тодорхой болох юм.

Smirsich Linda

Linda Smircich

Манлайлалын онолд шинэ урсгалыг бий болгосон эрдэмтэдийн нэг болох Linda Smircich-ийн хэлснээр бол “манлайлал гэж юу вэ гэвэл хэн нэгэн бусдын хэрхэн орших нөхцлийг (define the reality of others) тодорхойлох явцыг л хэлнэ” гэж хэлсэн байдаг (Smircich & Morgan, 1982). Энэ тохиолдолд “бусдын орших нөхцөл байдал” гэдэгт “хүмүүсийн ямар үйлдэл хийх, тэр бүү хэл зарим тохиолдолд биеэ хэрхэн авч явахын хэм хэмжээг тогтоох”-ыг хэлж байгаа юм. Мэдээж манлайлалгч нь өөрийн хүсэл эрмэлзлийг бусдаар хүлээн зөвшөөрүүлэх замаар тэдгээрийн орших нөхцөл байдлыг тодорхойлдог.

253997

Нэг нь эсэргүйцэхээр шийдэж харин нөгөө дасгалжуулагч нь манлайлагчаа дагахаар болсон гэдэг.

Smircich-ийн тодорхойлсноор бол хэрэв манлайлах гэдэг нь хамт олны хэн нэгэн бусдын ямар үйлдэл хийхийг тодорхойлж, нөгөө талаас хамт олон нь түүнийг хүсэл эрмэлзлийн сайн дурын үндсэн дээр хүлээн зөвшөөрч, даган мөрдөхийг хэлж байгаа юм (Smircich & Morgan, 1982). Энэ нь үндсэндээ хамт олны дунд ямар соёл бий болж бүрэлдэхийг бас давхар шийдвэрлэж байгаа л гэсэн үг юм. Учир нь ийм байдлаар хүмүүс хэрхэн хамтран оршихоо шийдвэрлэдэг байна. Ийм ч учраас “бид ямар шийдвэр гаргана, түүгээрээ байгууллагын соёлыг бий болгож байдаг” гэж зүгээр нэг хэлээгүй бололтой (Thompson & Wildavsky, May 1986).

Эцэст нь хэлэхэд манлайлал бол байгаа соёлыг шинэчилж өөрчлөхөд гол үүрэг гүйцэтгэдэг хөшүүрэг гэдэг. Харин манлайлал нь зөвхөн дээд удирдлагад байх нь бас хангалтгүй юм. Жишээлбэл нийгмийн асуудлыг манлайлалын өнцгөөс авч үзвэл өнөөдрийн монголын нийгэмд бий болоод байгаа соёл бол үнэндээ бол бидний өчигдөр гаргасан шийдвэрүүдийн л үр дагавар юм. Зөв ёс зүйтэй үнэт зүйлсийг нийгмийн хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэх чадвартай манлайлагч гарч ирэхгүй байгаа учраас л нийгэм хоорондоо тэрсэлдсэн, хагарч бутарсан бүлэглэлд хуваагдаж хүн тус бүр өөрийн ашиг сонирхлыг л бодсон тогтолцоо үүсээд байгаа гэж хэлвэл бас буруутахгүй юм.

Ашигласан материалууд: 

Kotter, J. P. (December 2001). What Leaders Really Do. Harvard Business Review.

Smircich, L., & Morgan, G. (1982). Leadership: The Management of Meaning. The Journal of Applied Behavioral Science, 257-273.

Thompson, M., & Wildavsky, A. (May 1986). A Cultural Theory of Organizational Bias in Organizations. Journal of Management Studies, 273-286.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close