Улс төрчид

МАН ЗАСГИЙН ГАЗРАА ОГЦРУУЛАХ УУ, УИХ-ЫГ ТАРААХ УУ?

Өнгөрөгч долоо хоногийн эхээр ширүүхэн эхэлсэн улстөрийн ууган нам доторх хэрүүл нилээд хүчтэй өрнөж Засгийн Газраа унагах хэмжээнд яригдсан боловч тодорхой шийдвэрт хараахан хүрчихээгүй байна.

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “Нийгэмд шударга ёсыг тогтоохын тулд Ардын нам тун удахгүй асуудлаа ярина. Үнэхээр ард түмний итгэл сэтгэлийг дааж чадахгүй байгаа бол УИХ, Засгийн газар ажиллах эсэх тухай ч ярина. Ярих цаг нь болсон гэж би бодож байна.  Харлаа, хүлээлээ, засах гэж оролдлоо. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүд ард түмнээс уучлалт гуйхгүй бол та нар дахиж нэр дэвшихгүй шүү гэдгийг хэлмээр байна. Зээлээ төлөхгүй бол Ардын намын нэрийн өмнөөс дахин барилдахгүй шүү. Тиймээс би намынхаа гишүүдээс тун удахгүй дэмжлэг хүснэ. Цаашлаад энэ өөрчлөлтийг би хийж чадахгүй бол ард түмнээсээ дэмжлэг хүснэ. Ингээд эцэст нь болохгүй бол өөрөө огцорно. Ийм л зам надад байна. Үүнийг би цэрэг хүний ёсоор, эх орондоо тангараг өргөсөн хүний ёсоор удахгүй хийж хэрэгжүүлнэ. Харин та бүхэн дэмжээрэй. Одоо цаг нь болсон. М.Энхболд, Су.Батболд, Д.Хаянхярваа нар хариуцлагаа үүрээд ажлаа өг” гэсэн мэдэгдэл намынханд нь таалагдаагүйн дээр Засгийн Газрыг огцруулах гарын үсэг цуглуулах хэмжээнд хүрчихэв.

Учир нь намынхаа даргын шахалтаар бүлгийн даргаасаа буусан Д.Хаянхярваагийн зүгээс “Нэг хүний дарангуйлал дотор энэ нам ормооргүй байна. Намын дарга болж бүтэхгүй зүйл ярьж, болчимгүй үйлдэл гаргаж байгаа учраас хэлэх ёстой газар нь үүнийг хэлж, алдаа оноог нь засах ёстой. Би өнөөдөр УИХ-ын гишүүн байгаа нөхцөлд бүлгийн даргын албан тушаал байх эсэх нь сонин биш. Өнөөдөр Монгол Улс хүчирхийлэл, дарангуйллын системээр явах зам руу орж байна. Жирийн МАН-ын гишүүд үүнийг ойлгох хэрэгтэй. Ер нь У.Хүрэлсүх гэдэг намын даргыг бид шүүмжилж болохооргүй болсон. Гишүүдийг доромжилдог, дарамталдаг, намын даргаа шүүмжиллээ гэж, намын даргын нэр хүнд өндөр, УИХ-ын нэр хүнд муу байгаа гэж яриад байгаа нь Үндсэн хуульд харш гэдгийг би хэлж байгаа юм. Иймд Удирдах зөвлөлийн хурлын үеэр би “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцохгүй бол Засгийн газрыг огцруулах үндэслэлүүдийг бичээд гарын үсэг цуглуулаад өргөн барина” гэж мэдэгдсэн. Түүнийхээ хүрээнд гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэнээ дуулгасан. Гэвч түүний гарын үсэг цуглуулах ажиллагаа удааширч саармагжсан. Тус асуудлыг тэрбээр тайлбарлахдаа УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрт явуулсан албан бичгийн хариуг УИХ-ын даргаас ирүүлсэн. Зарим холбогдох албан тушаалтнууддаа хариуцлага тооцоод эхэлсэн. Харин Ерөнхий сайдын зүгээс хариу өгөөгүй байна. Тус албан бичгийн хариунаас шалтгаалж ЗГ-ыг огцруулах ажиллагаагаа үргэлжлэнэ гээд таг болсон юм.

Харин долоо хоногий сүүлчээр олны анхаарлыг татсан бас нэгэн мэдэгдлийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын зүгээс хэлсэн. Тэрбээр “Сүүлийн үед ЖДҮ-ээс зээл авсан гишүүд нь уралдаж зээлээ төлж, уучлалт гуйх гэж уралддаг боллоо. Үүний эсрэг явсны төлөө намайг гүтгэж хэвлэлүүдээр бичих болов. УИХ-ын гишүүд нь өөрсдөө санаачилга гаргаад УИХ-ыг тараая. Тарцгаая гэж уриалмаар байна. УИХ-ыг тараах саналыг би Даваа гаригаас эхлэн  өөрийнхөө бланкан дээр гаргана. Засгийн газар нь ч огцоръё, УИХ нь ч таръя. УИХ-ыг тараах саналаар горимын санал гаргаж байна” гэсэн билээ. Энэ асуудлаар өмнө нь УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг Монгол Улсын Ерөнийлөгч Х.Баттулгын зүгээс УИХ-д зөвшилцөхөөр хүргүүлсэн байдаг.

Ийнхүү эрх баригч МАН-ын дотор дан ганц ЗГ-ыг огцруулах биш УИХ-ыг тараах тухай асуудал нэмэгдэж дахин хүчтэй яригдаж эхэллээ. Ямартай ч МАН-д Д.Хаянхярваагийн эхлүүлсэн Засгийн Газар огцрох уу, аль эсвэл Ж.Мөнхбатын уриалсан УИХ тарах уу гэдэг асуудал тулгарчихлаа. Харин асуудал хэрхэн үргэлжлэхийг харах л үлдлээ.

А.Төмөр

Эх сурвалж: ARDCHILAL.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close