Улс төрчид

Б.ГАРАМГАЙБААТАР: МАНАЙ НАМ АРДЧИЛЛЫГ АВЧИРСАН ХҮМҮҮСЭЭ ҮНЭ ЦЭНЭГҮЙ БОЛГООД ГУДАМЖИНД ГАРГАЧИХЛАА

УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатартай ярилцлаа.

-Ноднин өдийд тантай уулзаж ярилцсанаас хойш нэг жил болсон байна. Ямар ажил амжуулж байна вэ?

-2016 оны улс төрийн сонгуулиас хойш улс төрөөс жаахан хөндий, мэдээллээс хол маягтай л байна. Өнгөрсөн хугацаанд янз бүрийн нөхцөл байдлыг дамжиж ирлээ. одоо бол намынхаа шинэчлэлийн ажилд гар бие оролцож байгаа. Ардчилсан намын бодлогын ерөнхий зөвлөлийн гишүүн болж нутгийн удирдлагын бодлогын зөвлөлийг тэргүүлэн ажиллаж байна даа. Намын дүрмийн шинэчлэл, үзэл баримтлалын бодлогын баримт бичиг, намын дүрэмтэй холбосон журмуудын ажлын хэсэгт ажиллахын сацуу орон нутгаар намын ажилтай явна.

-Та 2012-2016 онуудад УИХ дахь АН-ын бүлгийн дарга, Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ. Эрх баригч намын зүгээс эдийн засаг сэргэж байна гээд байгаа л даа…

-Биднийг эрх барьж байх үеийн эдийн засаг өнөөдрийн эдийн засаг хоёр тэс өөр байх нь гарцаагүй. Уул уурхайн түүхий эдийн үнэ 2016 оноос хойш богино хугацаанд өссөн. Тэр өсөлтөөс шалтгаалан эдийн засаг тодорхой хэмжээгээр сайжирсан байх. Гэхдээ эдийн засаг сайжирлаа гээд бодит хөрөнгө оруулалт, иргэдийн халаасан дахь орлогын хэмжүүр тавихаар өөр зүйл гарна. Засаг барьж байгаа мАн-ынхны ярьж байгааг сонсоход дааж давшгүй өр хаагаад байна гэх юм. үнэхээр өр дараад байгаа юм уу. эсвэл өр дарж байна гэж ард түмнийг хуураад байгаа юм уу. бүү мэд. Их л зовж, зүдэрч өр барагдуулж дуусахгүй шаналж байгаа хүмүүс шиг л юм ярьж байна. Тэдний яриад байгаагаар тэр хэмжээгээр эдийн засаг сайжирсан юм байлгүй.

Эдийн засагт тодорхой өөрчлөлт орсон ч үүнийгээ үр ашигтай зарцуулж чадахгүй байна. бүх зүйл ойлгомжтой харагдаж байгаа л даа. Бидний хийж, хэрэгжүүлж байсан үеийнх шиг хөрөнгө оруулалт алга. бүтээн бай-гуулалтын ажил маш удаан, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа маш хүнд байгаа. Улс төрөөс жаахан холдоод бизнесийнхэнтэй түлхүү уулзаж, иргэдийн саналыг сонсож байхад бүх зүйл алган дээр тавьсан мэт ил байгаа юм. өнөөдөр монголын бүх компаниуд өрийн сүлжээнд орсон. бэлэн мөнгөний эргэлтгүй болсны дээр банкууд бэлэн мөнгө гаргах чадамжгүй болсон. бартер солилцоогоор л бизнес явж байна шүү дээ. Манай эдийн засаг 1990-ээд оны үеийнх рүүгээ бараг шилжсэн. Тодорхой салбарууд дээр өсөлт гарч байхыг үгүйсгэхгүй. Уул уурхай, нефтийн бизнес эрхлэгчид болон өнөөдрийн эрх баригчидтай ойр байгаа хүмүүсийн үйл ажиллагаа сайн байж болно. нийтлэг утгаар нь авч үзвэл бүтээн байгуулалт, худалдаанаас эхлээд бүхий л салбар хүнд замыг туулж байгаа нь ил байгаа юм. Нэг үгээр хэлбэл бэлэн мөнгөний эргэлт зогссон.

Наанаа яриад байгаа юм шиг хэрнээ Үндсэн хуулиа өөрчлөлгүйгээр 2020 оны сонгуулийн цикл рүү орно. Маш ойлгомжтой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй зэрэгцээд Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэхгүй ярьсаар байгаад дуусах байдал руу орчихлоо. МАН-аас хуулийн шинэчлэл, өнөөдрийн нөхцөл байдалд тааруулсан хуулийн гаргалгааг хайх, хүлээх ямар ч шаардлагагүй гэж харж байгаа.

-МАН-ын 60 тэрбумын гэх асуудал анхаарал татаад удаж байна. Л.Оюун-Эрдэнэ гишүүн намын экс даргаа буруутган огцрохыг шаардаж байгаа. Энэ үйл явцыг хэрхэн харж байгаа вэ?

-60 тэрбумын схем үнэхээр хэрэгжсэн юм бол хэн нь хэнийгээ ярих гээд байгаа юм. Засгийн эрхийг хууль бусаар булааж авсан хэлбэр мөн биз. М.Энхболд байна уу, Л.Оюун-Эрдэнэ байна уу хэнд хамаатай гэж. Хамгийн гол нь 60 тэрбумын схем Ардын намд байсан л юм бол хууль бус. Түүнээс дотор нь орж өлгөж аваад энэ 60 тэрбумын хүн, энэ биш гэж хэн ч ярихгүй. Л.Оюун-Эрдэнэ ч тэр хууль бус 60 тэрбумын схем дотроос гарч ирсэн хүн. Цөөнх нь олонхоо дагадаг. Олонх хууль бусаар засгийн эрхийг булаагаад авчихсан байна шүү дээ. Хууль бусаар булааж авсан гишүүний нэг нь Л.Оюун-Эрдэнэ өөрөө шүү дээ. Ийм байхад хэн нь хэнийгээ шүүмжлэх юм. Намрын чуулганаар 60 тэрбумын схемийг хэлэлцэх юм бол Ардын намын 64 гишүүн бүгдээрээ огцрох ёстой болно. Хууль бус. Олонх шийдвэрээ гаргаад цөөнх нь дагаад явсан бол дагах л үүрэгтэй. Багийн тогтолт явж байна шүү дээ. Ингээд багийн гишүүн болчихоор төрийн эрхийг хууль бусаар авахад оролцсон л байгаа, мөн биз. Үндсэн хууль энэ тэр гэж байхаар 60 тэрбумын энэ асуудлаа ярьчихаад Их хурал өөрөө тарвал харин ч эрүүл харагдана. 60 тэрбумын эд эс бүр чинь Ардын намын Их хурлын гишүүд өөрсдөө. Тэр энэ гэж цоллохдоо гол нь биш. Схем яригдсан гэдэг нь нотлогдсон. Тиймээс тэр схемийн хүчээр ялсан нь бас үнэн болж таарч байна. Тэгэхгүйгээр тэр нь ингэсэн, би шударга хүн гаргаж ирлээ гэж байгаа бол хэн нь ч хэнийгээ дийлэхгүй.

-Хэнтий аймагт Чингис хааны том бүтээн байгуулалтууд хийгдэж аялал жуулчлалыг татна гээд байгаа. Улсын төсвөөс ч гэсэн нэлээдгүй мөнгө төсөвлөсөн. Нөөц боломж нь хэр байгаа бол?

-Л.Оюун-Эрдэнийн ярьж байгаа нь зөв. Өнөөдөр Өмнөд Монгол Чингис хаан гээд нислэгтэй болсон. Тийм зүйл болох вий гэхдээ бид Хэнтий аймгийн төвийг Чингис хот болгож байсан. Одоо Чингис хотыг ядуу, хөгжилгүй, дорой гээд юу ч гэж хэлж болно. Гэхдээ энэ нэрийг авсных нь төлөө энэ хот руу хөрөнгө оруулалт цутгаж байх ёстой. Чингис гэдэг нэрийг нь бодох юм бол 76 гишүүн хэн нь ч байсан хөрөнгө оруулалтыг нь дэмжих ёстой байхгүй юу. Зорилго нь энэ. Л.Оюун-Эрдэнийн хийж байгаа үйлдэл нь буруу байгаа юм. Их хуралдай хуралдсан Биндэр суманд нэг хөшөөний шав тавьж байгаа юм байна. Чингис, Жамух хоёрын анд бололцсон газар гээд Батноров суманд баг нэг хөшөө барих юм байна лээ. Энд тэнд ийм юм хийснээрээ Хэнтий аймаг аялал жуулчлалын бүс болохгүй. Хэнтий аймаг аялал жуулчлалаар хөгжих л юм бол бидний хийсэн төлөвлөлт бий. “Цагаан шонхор”-ын Энхтайван гэдэг түүхчийн ширээн дээр бүх юм нь төлөвлөгдсөн нь байгаа. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Ц.Оюунгэрэл БСШУ-ны сайд байхдаа баталсан байхгүй юу. Үүн дээр ярилцаад хамтран зүтгэх ёстой байтал энд нэг хөшөө, тэнд нэг хөшөө барих юм бол Цонжинболдог шиг л болно. Цонжинболдогийг анх санаачилсан нь гоё боловч өнөөдөр Эрээний зах шиг болсон. Тойроод өчнөөн жижиг газар байгуулагдсан. Нэг нь нөгөөгөө татан унагасаар байгаад байхгүй болголоо. Өүлэн эх ч гэнэ үү бас нэг юм барина гэнэ. Энэ бодлогын шийдэл биш. Х.Баттулга гэдэг хүн, Женко гэдэг компани үүнийг хийсэн юм бол Женкогийн бизнесийг унагахаар энэ хүмүүс ажиллаж байгаа байхгүй юу. Цонжинболдог гэж утга төгөлдөр ансамбль байх ёстой байтал ансамбль биш болчихсон. Ингэж Хэнтий аймгийг хөгжүүлэх гэж байгаа бол санасны гарз. Манай аймагт Хүннүгийн олдвор маш их. Тиймээс аймгийн төв рүү орсон замын хажууд Хүннүгийн олдворын байгууламж барьсан уг нь. Харамсалтай нь тэр бүгд байхгүй болсон. Уг нь байгаа ч хүн харахад мэдэгдэхгүй болсон юм. Яагаад гэхээр сонгодог ансамблиуд нь байхгүй болчихсон л доо. Хэн дуртай нь бензин колонк барьж, зарлалын самбар хадсаар байгаад байхгүй болсон. Үүнийг хөгжүүлэхийн тулд оруулсан тэр бүх хөрөнгө оруулалтууд талаар болж байгаа юм л даа. Үүнийг бид мундаг гээд ярих уу. Зовлон их шүү дээ. Цонжинболдог шиг хэн нэгэн хүн хөшөө үзээд ирэх нь чухал биш. Энэ том бүтээн байгуулалт, нутаг орныхоо гэсэн халуун сэтгэлийг хамтдаа бүтээлгүйгээр Л.Оюун-Эрдэнэ гэж хүн улс төрийн шоу болгоод байх юм. Тэгснээ улсын төсвөөс мөнгө тавиулсан. Улсын төсвийн мөнгийг хөшөөнд зориулах нь зөв юм уу. Эсвэл Хэнтийн иргэдийн оюун ухаанд хийх нь зөв үү. Хоёр хөшөө баригдаад тэр хоёр сум хөгжих үү. Л.Оюун-Эрдэнийн энэ хийж байгаа бол “Hero”-гийн бүтээл. Цонжинболдогт хийсэн бүтээл тэр хэлбэрээрээ тэнд буух гэж байгаа.

-УИХ-ын хаврын чуулганы төгсгөлд Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах тухай тогтоолыг баталсан. Үүнийг нь Үндсэн хуулийн Цэц түдгэлзүүлснээр 17 мянган иргэн төлөөлөлгүй болж хохирлоо. Цэцийн шийдвэрийг та хэрхэн харж байна вэ?

-Нэг зүйл маш тодорхой. Хэнтий аймгийг хоёр тойрог болгох гэж байхад нь Их хурлын индэр дээр МАН-ынханд чичлүүлэн байж гурван тойрогтой болгосон хүн нь би. Гурван тойрогтой болгосны гол ач холбогдол нь Хэнтий аймгийн сонгогчдод илүү их боломж олгохыг хүссэн. Тэр төлөөллөөрөө дамжуулан Чингис хааны нутаг гэдэг нутгаа хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг татахын тулд гурван тойрогтой болгосон. Энэ миний хийсэн ажил. Харамсалтай нь бид гурван тойргоо ашиглаж чадаагүй. Хамгийн боломжтой 42 дугаар тойрог дээрээ ч ашиглаж чадаагүй юм шүү дээ. Тухайн үед нэр дэвшиж байсан хүний алдаа их бий. Үүнээс болж бид ганц ч тойрог дээр ялалт байгуулж чадаагүй юм.

Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт маш тодорхой. Хамгийн харамсалтай нь Цэцэд өргөдөл гаргасан хүн нь У.Хүрэлсүхийн бие хамгаалагчийн хадам ээж гэдэг нь тодорхой болсон. Үүнд хүмүүс дүгнэлт хийнэ биз. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх хамгаалагчдаа хэлээд, хамгаалагч нь хадам ээждээ хэлээд Үндсэн хуулийн Цэцэд хандаад явсан нь нөгөө манжингийн үлгэр л болсон. Бодит үнэн энэ. Цэц өрөвдмөөр шийдвэр гаргасан. Гэхдээ захиалгатай гэдэг нь маш тодорхой. Нэг хүний сонгуульд орох эрх 17 мянган сонгогчийн эрхээс хүчтэй байдаг гэдгийг МАН тодорхой харуулсан. Эрх баригчид өөрсдийгөө ард түмний төлөө ажилладаг нам юм уу, зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө ажилладаг нам уу гэдгээ маш тодорхой болгоод өгсөн. Янз бүрийн зүйл ярих шаардлагагүй, зүгээр л манжингийн үлгэр. 42 дугаар тойрог дээр сонгууль болох нь гарцаагүй байсан. Тэр сонгуульд МАН-аас орох гол хүн нь У.Хүрэлсүх байсан нь маш тодорхой байлаа. У.Хүрэлсүхээс өөр хүн явахгүй гэдэг нь бүүр тодорхой байсан. Энэ хүн нөхөн сонгуульд орсноороо унах магадлал маш өндөр байсан. Эдгээрийг тооцоод манжингийн үлгэр шиг эхлээд У.Хүрэлсүх түүний араас нам нь, намынх нь араас бие хамгаалагч нь, бие хамгаалагчийн араас нь хадам ээж нь зогсч байгаад Үндсэн хуулийн Цэц гэдэг манжинг татаж гаргасан. Бодит үнэн энэ юм. Ард түмнийг боддог, ард түмний эрх ашгийг хамгаалдаг тулхтай улс төрийн хүчин гэж ярьдаг нь үлгэр юм байна гэдэг нь нотлогдож байгаа юм. Ард түмнийг бараг 100 жил удирдсан тулхтай нам гэж ярьдгаа болих хэрэгтэй. Үнэндээ МАН-ын мөрийн хөтөлбөр зөнөсөн өвгөний яриа болчихлоо. Хүн өтлөхөөрөө хүүхэд шиг болдог бол МАН өтлөхөөрөө улс төрийн шинэ нам шиг дэн дун тэнцэж, будилаад эхэлдэг юм байна.

-Ирэх оны зургадугаар сард нөхөн сонгууль явуулна гээд байгаа. Гэхдээ сонгууль болохгүй байх гэдэг хардлага ч бас байна шүү дээ?

-Цэцийн дунд суудлын хуралдаан шийдвэрээ гаргасан. УИХ-ын намрын чуулганы хуралдаан эхлэхээр эхний асуудал болгон хэлэлцэх асуудал энэ мөн. Гэхдээ УИХ-ын байдлыг ажиглахаар Цэцийн шийдвэрийг хүлээж авах юм шиг байна. Учир нь өөрийн намын даргаа золигт гаргахгүйн тулд худлаа ч гэсэн эвлэрсэн дүр эсгэж тэгнэ. Хэрэв ингэвэл Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн 17 мянган сонгогчийг зүгээр л гишгэчээд өнгөрч байгаа хэлбэр л дээ. Хүлээж авдаггүй юм аа гэхэд Цэц Их суудлаараа хуралдана. Үүний тулд цаг хугацаа хэрэгтэй. Тэр үед Үндсэн хуулийн Цэц дунд суудлынхаа хуралдааныг шийдвэрийг хамгаалаад гарахыг үгүйсгэхгүй. Ийм тохиолдолд сонгууль болохгүй нь ээ гэж ойлгож болно. Нөхөн сонгууль УИХ-ын ээлжит сонгуулиас тусдаа гэдгийг МАН-ынхан ойлгохгүй байгаа юм шиг дүр эсгээд байна. Төрд алба хашдаг хүн хэзээ нөхөн сонгууль болох вэ гэдгийг мэдэхгүй. Нөхөн сонгууль болж магадгүй гээд хүн жилийн өмнө ажлаа өгнө гэж байхгүй л дээ. Энэ бүгдийг харахад МАН-ын талд шийдвэр нь баталгаажих байх. Нөгөө талд нь Хэнтий аймгийн төв, хоёр сумын сонгогчид хохироод үлдэнэ.

Манай аймгийнхан их хүлцэнгүй байна. Хэнтий аймгийн Ардчилсан намын удирдлагууд ч үүнд холбоотой байхыг үгүйсгэхгүй. Бүх зүйлийг тэдний хүссэнчлэн чимээгүй хүлээж, хүлцэнгүй царайлсаар өнөөдрийг хүрлээ. Манай аймгийн Ардчилсан нам зохион байгуулалтад оруулаад үүн дээр улс төрийн акц хийж тэмцээд сонгогчдын эрх ашгийг тууштай хамгаалах ёстой байхгүй юу. Манай нам тэгсэнгүй, төв нам ч чимээгүй байлаа. Харин Н.Энхбаяр болон түүний намынхан энэ орон зайн дээр нь хэсэг тоглосон. Магадгүй Ардчилсан намын тодорхой нөлөө бүхий хүмүүс үүнд оролцсон юм болов уу гэдэг хардлага надад төрдөг. Учир нь тэнд нам дамнасан бүлэглэлийн ашиг сонирхол байхыг үгүйсгэхгүй.

42 дугаар тойрог хэн нэгний өмч биш. Намын үндэсний бодлогын хороонд Хэнтий аймаг 15 гишүүнтэй. Энэ хүмүүсийн хэн нь ч нэр дэвших боломжтой. Өнөөдөр бид шинэчлэл, тойрог ярьж байгаа боловч нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. 42 дугаар тойрог өмчилсөн тойрог биш ээ. Тиймээс илүү боломжтой, чадамжтай, УИХ-д ороод төлөөлөл болоод явж чадахуйц хүн нэр дэвших хэрэгтэй. Тийм хүмүүс олон байгаа байх. Тэр хүмүүсийн зодооноос айсан байх. Тиймээс МАН-ын гаргасан шийдвэрийг хоёр гараа өргөөд дэмжсэн байх гэж бодож байгаа.

-Нөхөн сонгууль болсон бол та нэр дэвших байсан уу. Та Хэнтий аймгаас УИХ-д гишүүн болж бүлгийн дарга, Эдийн засгийн байнгын хорооны даргын албыг хашсан туршлагатай гэдэг?

-Хэнтий аймгийн ардчиллын түүхийг харахаар урт хугацааны дараа би Их хурлын гишүүн болсон. Зүгээр ч нэг гишүүн байсангүй. Таны хэлсэнчлэн тодорхой түвшинд хариуцлагатай алба хашсан. Миний хувьд нөхөн сонгуульд нэр дэвшинэ гээд албан ёсоор орон нутагт зарласан байсан. Надад зайлшгүй дэвших хэд хэдэн шаардлага байсан юм. Нэгдүгээрт, би Хэнтий аймгийг гурван тойрогтой болгож өгсөн. Тиймээс миний нэр дэвших эхний эрх гэж бодож байгаа. Хоёрдугаарт, 2012-2016 онд Хэнтий аймгийн бүтээн байгуулалтын ажлуудын үндсэн үүргийг би гүйцэтгэсэн. Нэг үгээр хэлбэл Хэнтий аймагт өмнө нь байгаагүй хэмжээний хөрөнгө оруулалтуудыг дээрх албан тушаалуудыг хашиж байхдаа Хэнтий аймагт татаж чадсан. Миний татсан хэмжээний хөрөнгө оруулалтыг өнөөдөр Хэнтий аймгийг төлөөлж Их хуралд сууж байгаа нэг ч гишүүн хийгээгүй. Үүгээрээ би өөрийгөө дэвших эрхтэй гэж ойлгож байсан. Гуравдугаарт, Ардчилсан намын Төрийн байгуулалтын бодлогын зөвлөлийн дарга хүн. Ардчилсан намын Бодлогын ерөнхий зөвлөлийн гишүүн бөгөөд хамгийн том бодлогыг гаргаж ирэх зөвлөлийг нь тэргүүлж байгаа хүний хувьд дэвших эрхтэй гэж үзсэн. Тиймээс нөхөн сонгуульд нэр дэвшинэ гэсэн юм. Харамсалтай нь сонгууль болсонгүй.

-Нөхөн сонгууль зургадугаар сард яг болох юм уу?

-Өмнөх Сонгуулийн хуулинд дараагийн ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө дахин сонгуулийг зарладаггүй байсан. Одоо мөрдөгдөж буй хуулиар өмнө нь хойно гэсэн заалт байхгүй. Яаж ч бодож үзсэн зургаан сараас хойш гэвэл утгагүй асуудал болно. Үнэндээ Цэцэд өргөдөл гаргасан хадам ээж Сонгуулийн ерөнхий хороонд гомдлоо гаргах ёстой. Харамсалтай нь хадам ээжийн дарга нар нь зохицуулалт хийгээд Үндсэн хуулийн Цэцэд өгүүлсэн юм. СЕХ-нд гомдлоо гаргаад Иргэний хэргийн шүүхээр явах ёстой байсан байх. Түүнээс Цэц үүнд оролцох ямар ч шаардлагагүй байсан. Нэгэнт ийм холион бантан болсон тул Ардын нам үүнийг засах ёстой. 17 мянган сонгогч гэдэг бага тоо биш. Бидний бахархдаг хамгийн том шүтээн Чингисийн нутаг төлөөлөлгүй боллоо, Их хуралд. Магадгүй хоёр гишүүн байгаа гэх биз. Тэд өөрсдийнхөө тойрогт ажиллана уу гэхээс өөр тойрог руу орж асуудлыг нь яриад явахгүй л дээ. Гэхдээ сэтгэлтэй гишүүд бол хийнэ. Хэнтий аймгийг төлөөлж Их хуралд суугаа хоёр гишүүн тийм биш. Б.Бат-Эрдэнэ өөрийгөө дахиад яаж дөрвөн жил сонгуулах вэ гээд, Л.Оюун-Эрдэнэ нь МАН-ыг яаж хагалан бутаргах ажлыг гардан гүйцэтгэж байгаа болохоор завгүй хүмүүс шүү дээ.

-17 мянган иргэн Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх гээд нөгөө талд нь нэг хүн албан тушаалтайгаа зууралдаад холион бантан болчихлоо л доо. Ёс зүй гэж байна уу?

-Ёс зүй ярих юм бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын дарга У.Хүрэлсүх энэ асуудлаас болж огцрох ёстой байхгүй юу. Намаа даргаа өгөх хэрэгтэй. Үнэхээр ёс зүй гэж ярьдаг, ёс зүй мэддэг бол 17 мянган хүний эрх ашгийг хөсөр хаяад, өөрийн эрх ашгаа тэргүүнд тавьж байгаа нь аймшиг. МАН маш өндөр наслаад зөнөчихсөн учраас нэг хүнийг л авч үлдэж байвал бусад 17 мянган хүн хамаагүй гэж байна. Монголд ардчилал байхгүй болчихлоо. Одоо бол ардчиллын нэрээр хувийн сонирхлоо хамгаалсан тийм л хүмүүс бий болсон. Үүнийг иргэд ойлгодог болсон байхгүй юу. Ардчиллыг хайрладаг, хамгаалдаг ард түмэн учраас зөв ардчиллыг хөгжүүлэхийн тулд ард түмэн 2020 оны сонгуульд орох байх. Ард түмний итгэл найдварыг зөв авахын тулд Ардчилсан нам шинэчлэгдэж байгаа. Бодитоор шинэчлэгдсэн гэж хэлэхэд хараахан эрт байна.

-Ардчиллын нэрээр шинэ үе нь ахмад үеэ гутааж байна гэх юм?

-Ардчилсан намд өнөөдөр гурван үеийн төлөөлөл бий болчихлоо. Манай намд алдаа оноо аль аль нь байсан. Гэхдээ алдаагаа хэсэг бүлэг хүн рүү чихчихээд бусад нь энхийн цагаан тагтаа болсон гэж болохгүй. Энэ бүгдийгээ ярилцах боломж өнөөдөр ч гэсэн манай намд бий. 2016 оны сонгуулиар МАН-аас 41 шинэ гишүүн Их хуралд орж ирсэн. Тэр хүмүүс төрийг болон УИХ-ыг цаашлаад төрөлх намаа яаж самарч байгааг харж байна. Яг түүн шиг манай намын Үндэсний бодлогын хороонд шинэ хүмүүс орж ирсэн байхгүй юу. Энэ хүмүүс МАН-ын 41 гишүүн ямар мундаг юм бэ, эд нар шиг болох ёстой юм байна гээд Ардчилсан намыг үүсгэн байгуулж байсан хүмүүсийг хэн ч биш болгохын төлөө явдаг болсон. Тэр орон зайд орж ирсэн хүмүүс 2020 онд Ардчилсан нам ялалт байгуулах боломж бүрдээд зөв хүмүүс гарч ирэхгүй бол өнөөдрийн нөхцөл байдал шиг, Үндэсний бодлогын хороонд хэсэг бүлэг МАН-ын 41 шиг нөхдүүд орж ирсэн. Тэр хүмүүс Их хуралд орж ирвэл Ардчилсан намын нэр хүндийг уландаа гишгэнэ. Бодит үнэн энэ юм шүү. Үүнийг нь хэлэх цаг болсон. Одоо дарга дагасан, далдганасан, ядарсан хүмүүсийг хэд гурван төгрөгөөр хэдэн хүнийг худалдсан хүмүүс орон зайнуудыг эзлээд эхэлж байна. Үндсэндээ ардчиллын үнэ цэнийг ойлгодог, ардчиллыг дэмждэг, анхнаас нь ардчиллыг бий болгох гэж зорьж явсан хүмүүс шахагдчихаад сууж байгаа. Энэ заваан зүйл удахгүй арилах байх гэж боддог. 2020 оны сонгууль ойрхон ирсэн учраас нам одоо цэгцрэх ёстой. Бодлогын нам болж байгаа юм бол бодлогын шинж чанартай зүйлсээ түлхүү ярих хэрэгтэй. УИХ дахь АН-ын бүлэг ч гэсэн ажлаа өөрчлөх цаг болсон. Бүлгийн гишүүд эзэнтэй болох цаг ирсээн. Бүлгийн гишүүд гэж шуудайд хийсэн үхрийн эвэр биш. Бүлэг нь бүлэг шиг байх ёстой юм. Бүлэг зангидагдаж, улс төрийн шийдвэрийг хүлээж авах шаардлагатай. Түүнээс биш өөрийнхөө хүссэнээр олонд гайгүй харагддаг, ингэвэл мундаг болох болж хүрэх болов уу гэдэг атгаг бодлоо зарим гишүүн орхих цаг болсон. Энэ мэтчилэн зүйлсээ өөрчилж чадахгүй байгаа болохоор АН ард түмний анхааралд орж ирж чадахгүй байна. Ардын намын нэр хүнд унаж байх үед манай намын нэр хүнд эсрэгээрээ сэргэж байх ёстой байтал дагаад унаад байх юм. Бидний төлөөлөл, намын тодорхой түвшний удирдлагууд ард түмний хүсэн хүлээгээд байгаа сонголт биш байна гэдэг нь харагдаад байна. Өөрчлөлтийг хийх цаг болсон шүү дээ.

-Залуу үе амбицтай байх нь гарцаагүй. Тиймээс гурван үеийнхээ хэлхээ холбоог л сайжруулах ёстой юм биш үү?

-Намын дарга намын гишүүдийнхээ итгэлийг хүлээж сонгогдсон юм бол намын дарга энэ бүгдийг зангидах ёстой. Түүний аппарат энэ бүгдийг зохион байгуулах ёстой. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл тийм зүйл хийгдэхгүй байна. Тухайн хүмүүст буруу байхыг үгүйсгэхгүй ч тухайн удирдлагыг гартаа авч яваа хүмүүс санаачилга гарган оруулж ирэх болохоос зөнд нь хаяад байж болохгүй. Ардчилсан намын үнэ цэнэ алга болох гээд байна шүү дээ. Ардчиллын төлөө эхнээсээ тэмцсэн, зүтгэсэн тэр капиталууд алга боллоо. Энэ чинь шинэчлэл юм уу, дампуурал юм уу. Бид эрх баригчдыг шүүмжлэхээс илүүтэй нам доторх үл ойлголцол, өнөөдрийн намын удирдлагуудын олхиогүй үхээнц байдлыг засах ёстой. Энэ үг УИХ дахь АНын бүлэгт ч хамаатай. Тэгэхгүйгээр сөрөг хүчин гээд худлаа цээжээ балбах шаардлагагүй. Ардын намыг шүүмжилж болно. Үүний оронд бид юу сөргүүлж тавих вэ гэдгээ гаргах цаг болсон юм. Бид хангалттай дайрч, доромжлууллаа. Тэглээ гээд хэн ч үүний өөдөөс юм хэлсэнгүй. Одоо цаг нь болсон.

-МАН эрх баригч болоод АН-ыг засаглаж байхад албан тушаал хашиж байсан хүмүүсийг АТГ-аар шалгуулсан. Та ч гэсэн багагүй хугацаанд хоригдож, шалгуулсан шүү дээ. Улстөрч хүний хамгийн том хохирол магадгүй гэмт хэрэгт холбогдсон гэдэг мэдээлэл шүү дээ. Таны асуудал юу болсон бэ?

-Ямар нэгэн холбогдох асуудал байхгүй юм байна гээд прокуророос албан ёсоор хэрэгсэхгүй болсон тогтоолыг надад өгсөн. Одоо надад байна. Улстөрч хүний нэр хүндийг гутаах, сонгогч ард түмэн энэ бүгдийг харж байсан болохоор шоронд хорьсноос илүү хүнд тусдаг. Өнөөдөр Ардчилсан намын тамгатай олон хүн энэ зовлонг үүрч байгаа. Тэр хүмүүс шоронд орох биш сэтгэл санаа болоод нэр хүндээрээ хамгийн хүнд хариуцлага, хэлмэгдүүлэлтийн гашуун зовлонг амасч байгаа байхгүй юу. Тухайн хүн хийгээгүй хэргийнхээ төлөө айдаггүй юм байна гэдгийг өөрөө мэдэрсэн. Хамгийн их хэлмэгддэг, хамгийн их зовдог хүмүүс нь гэр бүлийнхэн, хамаатан садан нь байдаг гэдэг ч үнэн. Хэлмэгдүүлэлт гэдэг тийм л байдаг юм байна. Хэлмэгдүүлэлт гэдэг тухайн хүнийг дэмжиж, итгэж байсан хүмүүсийн үнэлэмж алдагддаг учраас хамгийн хүнд шийтгэл болдог юм байна л даа. Ардын намынхан хүссэндээ хүрсэн байх. Гэхдээ Ардчилсан намын гишүүд бууж өгөхгүй байх л даа. Нэр хүндээ сэргээх ёстой. Төр хүний нэр хүндийг унагаачихаад уучлалт гуйдаггүй юм байна. Тэр цаг үе ирэх байлгүй дээ. Би өөр дээрээ ярих юм бол таван жил шалгуулсан. Шалгах хүсэлт өгсөн хүнийг нь өнөөдрийг хүртэл би мэдэж чадаагүй. “Таныг шалга гэж үүрэг өгсөн” л гэж ярьдаг. Чухам ямар хүн, юунаас болж шалгуулав гэдэг нь огт байдаггүй юм билээ. Өнгөрсөн таван жилийн хугацаанд намайг нэгд нэгэнгүй шалгасан. Миний хамаарал бүхий үүсгэн байгуулсан компанийг маань дампууруулсан. Өнөөдөр тэр компанийн нэр хүнд гэж байхгүй болсон. Компанийн нэр хүндийг ч гэсэн үл ойшоодог юм билээ. Би АТГынханд буруу өгөхөөсөө илүүтэй тэдэнд тэр чиглэл өгдөг бүлэглэл байдаг гэдэгт итгэдэг болсон. Н.Алтанхуягийг хэлээд буй хууль бусын хонгил байна гэдэгт итгэсэн. Хойшдоо ч энэ асуудал явах байх. Хонзогнол улам их хонзогнолыг гааруулдаг гэдгийг ойлгох ёстой. Төр барьж байгаа хүмүүс ойлгох ёстой цаг нь болсон шүү.

Н.Батбаярыг ярья л даа. Архангай аймгийн хөгжил зөвхөн Н.Батбаяртай салшгүй холбоотой. Гэтэл Н.Батбаярыг яаж ч муулж, элдвээр гүтгээд Архангайд хийсэн бүтээн байгуулалтыг нь баллуурдаж чадахгүй. Өнөөдөр энэ хүн хохирч байгаа ч Н.Батбаяр өөрөө Монгол Улсын төлөө хийж чадах тэр бүхнээ үргэлжлүүлээд хийнэ гэдэг тийм хүсэл зоригийг нь хэн ч мохоож чадаагүй л байхгүй юу. Үүнтэй ижлээр янз бүрийн хүмүүсийг нийгэмд муухайгаар зарлаж, нэр хүндийг нь гутаасан ч гэсэн сэтгэл зүрх, оюун ухааныг нь мохоосонгүй. Яахав ээ, энэ бүхэн ардчилал хөгжиж байгаа улсуудын туулдаг л зам байх гэж боддог.

-Ардчилсан намын нүүр царай болж явсан С.Баярцогтыгоо оффшорчин гээд намаасаа хөөсөн. Нам ялагдахад нөлөөлсөн гэсэн л дээ…

-С.Баярцогтыг юу болгосныг бүгд мэдэж байгаа. Би С.Баярцогтыг буруутгаж чаддаггүй. Монголд хэрэгтэй байсан өндөр хэмжээнд бэлтгэгдсэн боловсон хүчин. Оффшор гэдгийг яаж тайлбарлаж байна вэ гэдгээс олон зүйл шалтгаалж байгаа юм. С.Баярцогтыг буруутгаад байгаа зүйлсийг хэн нотлоод байгаа юм бэ. Өнөөдрийг хүртэл тэр нотолгоо нь гараагүй байгаа шүү дээ, үнэндээ. Нотолсон юм бол нуугаад байх нь хэнд хэрэгтэй юм бол. Үүнийг л ойлгохгүй байгаа. Харин нам бол намынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байсан хүнээ хамгаалах ёстой байсан. Ард түмний нүдэн дээр өөрсдөө мундаг дарга болж харагдах гээд нэг их ариун цагаан хүмүүс болох гээд бусдыгаа доромжилдог хүмүүс их байна. Бусдынхаа нэр хүндээр өөрийнхөө амьдрал ахуйг залгуулдаг хүмүүс бий. Ардчилсан нам буруу шийдвэр гаргасан. Өнөөдөр надаас асуувал буруу л гэж хэлнэ. Бид буруугийн жишгийг олон удаа үзсэн. Манай нам 1996 онд олонхыг бүрдүүлээд гурван гишүүнээ шоронд явуулж байсан. Нэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүлж, нөгөө хоёр нь байна. Энэ хүмүүсээ Ардчилсан нам өөрөө буруутгаж байсан шүү дээ. Буруутгаснаасаа болоод шоронд явуулж байсан байхгүй юу. Дахин тэр хүмүүс шиг замыг туулах гэж байна шүү дээ. Ардчилсан намын мэдлэг боловсолтой оюун санааны цөм болсон хүмүүсээ булшлах зүйлсээ манай намынхан өөрсдөө хийгээд байгаа нь ойлгомжгүй юм. Шинэчлэлийг хийх гээд байгаа юм бол эрүүл зүйлийг нь олж харах ёстой. Үзэл баримтлалаа зөв сонгох хэрэгтэй. Зөвхөн цүнх барих гэж, сул байгаа орон зайг ашиглахын тулд хувийн эрх ашгаа бодож яваа түмэн хүн манай нам дотор явж байна шүү дээ. Улс орныхоо төлөө юм хийх чадамжтай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийнхээ ирийг нь мохоох гээд байх юм. Б.Бямбасайхан, Да.Ганболд, Баабар, Э.БатҮүл ч гэсэн ялгаагүй. Цаанаасаа оргилж байгаа хүсэл нь ардчиллыг хөгжүүлэх, үнэ цэнийг нь мэдрүүлэх гэсэн номлолыг хийж байгаа. Гэтэл энэ бүгдийг нь дардаг, үгүйсгэдэг, хэн ч биш болгох гэсэн тодорхой бүлэг, арми ажиллаж байна. Тэгсэн ч гэсэн өөрсдийнхөө чадлаар ардчиллын үнэ цэнийг мэдрүүлэхээр зогсолтгүй зүтгэж байгаа хүмүүс. Түүх хэзээ нэгэн цагт энэ хүмүүсийг үнэлж таарах байлгүй. Яг үүнтэй ижил С.Баярцогтыг Ардчилсан нам гишүүнийхээ эгнээнд буцааж авах ёстой. Улс орныхоо төлөө хийсэн ажлыг нь үнэлэх шаардлагатай. Алдаа байсан бол албан ёсоор баталгаажуулах хэрэгтэй байсан юм.

-Танай намын хуучцуул намынхаа гадна талд гарчихсан юм шиг харагдаад байгаа. 2020 оны сонгуулиас өмнө нэгдэх үү?

-Ардчиллын үнэ цэнийг бий болгодог хүмүүсээ манай нам үнэ цэнэгүй болгоод гудамжинд гаргачихлаа. Тэд хэдийгээр гомдол ярьж байгаа боловч тэр хүмүүст нам руугаа хандах хандлага бий шүү. Гэхдээ тэр хүмүүсийн маань гомдол бас ихдээд байгаа. Намайг гуйвал л… гэх маягтай байна. Цаг үе өөр болсон. Маш хурдан өөрчлөгдөж байна. Манай хууччуул зарим зүйл дээр уян хатан хандах цаг болсон. Тэднийгээ ч гэсэн шүүмжлэх хэрэгтэй. 1990 оноос хойш өөрсдийгөө ардчиллыг хөгжүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн, мундаг хүн гэж өнөөдөр бодоод хэрэггүй. Цаг хугацаа маш хурдан хувьсаж, залуу үед маш хурдтай төрөн гарч байгаа. Бидний мэдэх ардчилал ч гэсэн өөрчлөгдсөн гэдгийг хүлээн зөвшөөрч хөл нийлүүлэн орж ирэх ёстой байхгүй юу. Тэгэхгүй би гэдэг амбицдаа дарагдчихаад суусаар л байна. Нэг талаараа С.Эрдэнийг болон намын удирдлагуудын шүүмжилж байгаа ч гэсэн нөгөө талдаа хуучцуулдаа гэсэн шүүмжлэлтэй хандах хэрэгтэй байна аа. “Хүрээд ирээчээ. Намын үйл ажиллагаандаа оролц. Оюун ухаанаа уралдуул, туршлагаа хуваалцаач ээ” гэхэд ирдэггүй л байхгүй юу. Энэ нь бас тэр хүмүүсийн арчаагүйн л шинж. Тэгчихээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн зүйл яриад байх шаардлагагүй. Сайхан ярилцаад уулз л даа. Би яагаад үүнийг яриад байна вэ гэхээр бүлгийн дарга байхдаа энэ зовлонг би яс махандаа шингэтэл мэдэрсэн. Эцэст нь нэг зүйл хэлэхэд намд фракц гэж зүйл байх ёстой шүү.

-Юун фракц вэ. Танай нам фракцгүй нам болсон гээд бахархаад сүйд болоод байсан биз дээ?

-Фракцгүй нам гэж юу байсан юм. Нэг хэвэнд цутгасан хүн гэж байдаг бол фракцгүй нам байж болно гэж боддог. Унтахдаа ч нэг цагт унтаж, нэг цагт сэрж, ариун цэврийн өрөөнд орохдоо ч нэг цагт ордог бол нэг хэвэнд цутгасан гэж ойлгоно оо доо. Фракц гэдэг зүйлийг муухай болгож харагдуулаад байгаа болохоос өнөөдөр ч гэсэн АН, МАН аль алинд нь фракц байсаар л байгаа. Бодит үнэн шүү дээ. Энэ түүх биш. Дэлхий нийтийн хэв шинж. Тийм учраас фракцгүй нам боллоо, фракцгүй нам гэж ярьж байгаа нь утгагүй. “Шонхор” фракц байна уу, байна. “МҮДН” байна уу, байна. “Алтан гадас” байна уу, байна. Яагаад үүнийг үгүйсгээд байгаа юм бэ. Фракц эрүүл байх ёстой болохоос албан тушаал, тав гурван төгрөг хүртэх, хувааж идэхдээ биш байхгүй юу. Энд бодлого уралдаж байх ёстой. Бодлогын намын цөм нь энд байна шүү дээ. Залуучуудын фракц байгаа юу, байгаа. Тэд өөрсдийнхөө бодлогыг энэ байна гээд бариад оруулж ирэхийг хэн ч үгүйсгээгүй. Гэтэл ийм зүйлийг худлаа өнгөлөн далдалж, фракцгүй нам гэж ярих нь утгагүй. Захын хүн үүнийг нь өлгөж аваад “Фракцгүй нам болсон гэсэн хаана байна” гээд ярьж байгаа биз дээ. Нэг хэвэнд цутгасан бол фракцгүй байж болно. Түүнээс биш фракцгүй байна гэж байхгүй. МАНАН бүлэглэл, ашиг сонирхлын бүлэглэл гэдэг чинь өөр асуудал. Манай намд ч гэсэн тэр бүлэглэлийн эд эс бий. Ардын намд ч байгаа. Үүнийгээ нуухын тулд фракц гэж ийм муухай юм байна гэсэн зам руу оруулаад байна л даа. Цаашид ч фракц оршин тогтноно. Фракцийн нэр хүнд унасан шалтгаан нь өөрийнхөө үгийг дагадаг хүмүүсийг нэгдмэл болгож өөртөө хураачихаад тэр хүмүүстээ албан тушаал өгдөг байсан. Ийм фракц ноёлчихоод байгаа учраас хүмүүс фракц гэдэг зүйлээс залхчихаад байгаа юм. Миний итгэл үнэмшил энэ. Бид бүгдээрээ шударга, гоё юм яриад байгаа боловч үнэн чанартаа үгүй шүү дээ. Улс төрийн амьдрал энэ л дээ. Дандаа ийм байдаг. Бодитоор оршин тогтнож байгаа зүйлийг байхгүй гэж ярьдаг нь өөрөө тэнэг зүйл.

ЭХ СУPВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэлтэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close