Дэлхий

ГЕНЕРАЛЫН ХҮҮ ЭХ ОРНООСОО ОРГОЖЭЭ

Нэг жилийн өмнө Хойд Солонгосын нэгэн цэрэг Өмнөд Солонгос руу оргосон билээ. Цэрэг оргож байхдаа нутагт нэгтнүүддээ хэд хэдэн удаа буудуулсан ба өмнөдийн хилийн цэргүүд түүнийг амжилттай аварсан юм. Цэрэг таван удаа буудуулсан бөгөөд Сөүлийн эмч нар түүнийг аврахын тулд мэс засал хийж, олон сар эмчилгээ хийсэн байна.

Оргодол цэргийн амийг аврах эмчилгээний хөлс 100 сая вон буюу 92 мянган ам.доллар болжээ. Тухайн үед уг эмчилгээний төлбөрийг аль яам төлөх нь тодорхойгүй байсан ч удалгүй Засгийн газраас төлсөн юм.

Сөүлийн тал өнөөг хүртэл цэргийн талаарх хувийн мэдээллийг чандлан нууцалж байгаа.  “Цэргийн биеийн байдал сайжирч, хэдхэн сарын өмнө эмнэлэгийн тасгаас энгийн амьдралд шилжсэн” гэдгийг эмч нь мэдэгджээ.  Цэрэгт хагалгаа хийх үед түүний бүдүүн гэдэст олон тооны шимэгч хорхой байхыг олж тогтоосон юм. Туулгах замаар хорхойнуудыг цэргийн гэдэснээс гаргасан гэнэ.

“Хойд Солонгост хүний өтгөнийг хүртэл бордоод ашигладаг. Мөн бохирдсон талбайд хүнсний ногоо тариалдаг учир иргэдийнх нь гэдэс дотор олон төрлийн шимэгч хорхой үржих нөхцлийг бүрдүүлсэн” гэж Өмнөдийн Эрүүл мэндийн яам мэдээлжээ.

Цэрэг хагалгаанаас хойш 10 өдрийн дараа ухаан орсон ба тухайн үед өөрийгөө баригдсан хэмээн андуурч, хүнд хэлбэрийн шокноосоо гарахад нилээн хугацааг зарцуулсан гэнэ. Өмнөдийн эмч нар түүнийг Сөүлд ирсэн гэдгийг нь батлахын тулд сүүлийн үеийн К-ПОП дуу хүртэл сонсгож, хойдод тун ховор зарагддаг чикопей хүртэл өгсөн аж.

Хоёр Солонгосын зөрчилдөөнийг улам хурцдуулсан оргодол цэрэг Японы “Sankei Shimbun” сонинд ярилцлага өгчээ.  Тус сонин цахим хуудастаа цэргийн 1 минутын видео бичлэгийг байршуулсан ч царайг нь ил гаргаагүй аж.

Оргодол цэрэг Хойд Солонгосын генерал-хошууч эрхмийн дунд хүү бөгөөд бага байхаасаа л дээдсийн хүрээлэлд өсөн торнисон нэгэн гэнэ.

Тэрбээр оргосон шалтгаанаа “Энэ бол гэнэтийн зүйл. Би тэр өдөр хэсэг найзуудтайгаа маргалдсан юм. Архи уусан үедээ автомашин жолоодож, харуулын пост руу явж байхдаа санамсаргүйгээр хил давчихсан. Тэгээд эргээд очвол цаазлуулах болов уу гэж айсан” гэж ярьжээ.

Түүнийг хил давах үед Хойд Солонгосын хэсэг цэрэг хоёр улсын 1953 онд байгуулсан “Гал зогсоох гэрээ”-г зөрчсөн хэмээн НҮБ мэдээлж байв.

Сөүл, Пхеньян жилийн өмнө дайсагнасан харилцаатай байсан ба өнгөрөгч дөрөвдүгээр сараас нөхөрсөг харилцаатай болоод буй юм.  Хоёр улсын зөрчилдөхөд хүргэсэн цэргийг У Сон Чон гэдэг ба 25 настай аж.

Цэрэг өмнөдийн хэвлэлээр цацагдсан шиг “Согтуурсан үедээ хүний амь насанд хүрсэн. Цаазлуулахаас айхдаа хил давсан” гэх мэдээллийг эрс үгүйсгэжээ. Хойд Солонгосоос дүрвэж, Өмнөд Солонгост ирсэн хойдуудад Хөх ордон нэг удаа буцалтгүй санхүүгийн тусламж үзүүлдэг. “Дээрх мэдээлэл баттай бол дээрх тусламжийг цэрэгт олгохгүй” гэж Хөх ордноос мэдээлж байв. Цэрэг “Би хүний аминд хүрээгүй. Энэ худлаа мэдээлэл. Согтуугаар жолоо барьсан минь үнэн” гэж ярьжээ. “Та эх орноосоо оргосондоо харамсахгүй байна уу?” гэх сэтгүүлчийн асуултад ҮГҮЙ хэмэн хариулсан байна.

Хойд Солонгосын дэглэмийн талаар цэрэг “Миний үеийн залуусын 80 хувь нь удирдагч Ким Чен Уны үзэл баримтлалд итгэхээ больсон. Ихэнх нь үл тоодог. Удирдагч ард түмнээ өлсгөж, дарангуйлдаг” гэж ярьжээ.

Эмчилгээ хийлгэж байхад нь нэг бус удаа хойдууд хөнөөхийг завдсан гэх мэдээллийг цэрэг “Энэ мөн худлаа мэдээлэл. Ямар ч хөнөөх оролдлого гараагүй” гэсэн байна.

Өөрийг нь буудсан цэргүүдийн талаар “Тэд намайг буудаагүй байсан бол өөрсдөө хатуугаар шийтгүүлэх байсан. Би тэдний оронд байсан бол адилхан алхам хийх байсан” гэж ярьжээ.

Б.Дэлгэрцэцэг

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close