Но-той хүн

13 настай охины аминд хүрсэн гэх Д.Жавхлан, М.Амарболд нарыг өнөөдөр яллах уу

“Очир” төвд амиа алдсан 13 настай охиныг хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй Д.Жавхлан, М.Амарболд нарыг өнөөдөр шүүнэ. Шүүх хурал БЗД, Чингэлтэй, СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагаас эхлэх юм. Хуралд шүүгчээр Н.Одонтуул, Н.Баасанбат, С.Пүрэвсүрэн, шүүгдэгчээр Д.Жавхлан, М.Амарболд, яллагчаар О.Багшбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгчөөр Р.Булгамаа, Г.Батбаяр, Э.Билэгсайхан, Х.Баасанжаргал, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр О.Цэрэнпунцаг, С.Оюунцэцэг, Иргэний хариуцагчийн өмгөөлөгчөөр Н.Батцэнгэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Т.Лхагвасүрэн (талийгаач охины аав), С.Баясгалан (талийгаач охины ээж), Иргэний хариуцагч Ц.Очирбат, шинжээчээр Ө.Сарангэрэл нар оролцохоор болжээ.

Шүүгдэгч Д.Жавхлан, М.Амарболд нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-2.4, 2.7, 2.11, 11.6-2, 12.1.4-т зааснаар буруутган шүүх аж.

10.1-Хүнийг алах

2.4-т өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;

2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд,

2.11.бүлэглэж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

 11.6 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах

2.Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

12.1 дүгээр зүйл.Хүчиндэх

4.Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

Өнөөдрийн шүүх хуралд Монголын эмэгтэйчүүдийн Холбооны төлөөлөл хэргийг үнэн зөв шийдвэрлэхийг хүсч, тайван жагсаал хийхээр болоод буй. Тэд “Сүүлийн шүүх хурлын дараа хэвлэл мэдээллийн  хэрэгслээр 13 настай охиныг биеэ үнэлэгч байсан мэтээр нэр төрд нь халдаж байгаа нь хүний ёсонд нийцэхгүй бусармаг зүйл. Монгол улсын үндсэн хуулиар заасан амьд явах эрхийн төлөө болон тэр тусмаа 13 настай охины аминд хүрсэн этгээдүүдийн ялыг хөнгөрүүлэх, ялаас мултрах байдал бий болгох нь нийгэмд шударга ёсны үнэлэмжид муу нөлөөтэй учраас үүнийг зориуд анхааралдаа авах зүйтэй гэж үзэж байна” гэсэн юм.

Талийгаач охины эмээ  “Миний охины хэрэг маш их хугацаа алдаж байна. Мөн шүүх эмнэлгийн хариу худлаа гарсан. Шүдгүй байсан хэрнээ дараагийн хариу нь шүдтэй болоод гараад ирсэн байдаг. Энэхүү хэрэг бас анхнаасаа их буруу шалгагдсан. Хэргийн газраас Д.Жавхлан гэх этгээд оргон зайлсан байсан. Мөн тэдгээр этгээдүүдийг гадуур батлан даалтад шалгагдаж байсан. Энэ нь хэргийг нуун далдлах бүх боломжийг олгосон. Шүүх эмнэлгийн шинжилгээний хариу буруу гарсан. Гуравдагч этгээд байсан талаар цагдаагаас мэдээлсэн хэрнээ хоёр болоод шалгаад явсан. Энэ хэргийг хуулийн дагуу зохих шийтгэлийг нь оноох нь зүйтэй. Нэгэнт миний охин босч ирэхгүй болохоор хэргийг нь үнэн зөвөөр шидүүлнэ” гэсэн байдаг.

 Талийгаач охины ээж С.Баясгалан “Охин минь даруу төлөв, ээж аавынхаа үгнээс гардаггүй хүүхэд байсан юм шүү дээ. Ийм сайхан үрээ хүн дүрст араатны гарт алдсан гэхээр үнэхээр харамсалтай байна. Хэргийн газраас сэжигтний зураг олдож, хэрэгтнүүд амархан баригдсан ч энэ хэрэг маш олон удаа буцаагдаж байна. Охиныг минь хүн танихгүй болтол зодож, аминд нь хүрсэн балмад этгээдүүдэд Монгол Улсад мөрдөж буй хууль дүрмийн дагуу ялын дээд хэмжээ оноох ёстой. Охины минь нүүрний нэг тал чихэгдчихсэн байсан. Яллагдагчийн өмгөөлөгч, талийгаач охиныг минь биеэ үнэлэгч, архичин байснаар ярьж байна. Бусдын нялх үр амиа алдчихаад байхад нэр хүндэд нь ингэж халдаж болохгүй. Яагаад ийм цэвдэг байгаа юм бэ. Би маш их гомдолтой байна. Бид нар үнэн зөв хариуг хүлээсээр байна. Хүйтэн цэвдэг сэтгэлтэй алуурчдад хуулийн дээд хэмжээг оноогоосой гэж найддаг” гэжээ.

Харин шүүгдэгч М.Амарболдын өмгөөлөгч С.Оюунцэцэг “Хүний амь нас хохирч, үр хүүхэд нь өнгөрсөнд адилхан эх, эмээ хүний хувьд харамсч байдаг. Гэхдээ би өмгөөлөгч хүнийхээ хувьд л өмгөөлж байгаа. Би биш ч хэн ч байсан өмгөөлөх л байсан. Намайг М.Амарболдыг өмгөөллөө гээд их буруутгаж элдвээр хэлж байгаа. Энэ бол өмгөөлөгч хүний үүрэг. Энэ хэргийн талаар би нэг ч удаа ам нээж ярилцлага өгч байгаагүй. Талийгаач охин М.Амарболдын араас дагаж, явсан газрынх нь араас орж, М.Амарболд яв гээд түлхэж байгаа бичлэг байсан. Бичлэгээс харахад М.Амарболдод хайртай болоод уулзах гээд дагаж байна уу гэж харагдаж байсан. Талийгаач охиныг хүн танигдахын аргагүй их зодуулж нас барсан гэсэн мэтээр ойлгуулж байна. Энэ бол худлаа архины хордлогын үед цэгэн толбо үүсдэг юм билээ. Хамгийн гол нь үхлийн шалтгаан нь хүчиндсэнээс болсон уу, архины хордлогоос болсон уу гэдгийг шүүх эцэслэн шийдвэрлэнэ” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Талийгаач охины өмгөөлөгч Р.Булгамаа “Шүүгдэгч нар талийгаач охиныг анхнаас нь буруутгасан. Нийгэмд гэм буруутай этгээдүүд хохирогчийг буруутгадаг. Архичин, биеэ үнэлэгч байсан, хүмүүжил төлөвшилгүй гэх мэтээр ханддаг. Яг л энэ байдал ажиглагдаж байна. Сэжигтнүүд өөрсдийгөө өмгөөлж, өөрөө уусан, нэг мэдсэн бие нь хөшсөн байсан мэтээр ярьж байна. Хамгийн эмгэнэлтэй нь охиныг хүчиндсэн, зүй бусаар бэлгийн харьцаанд орсон, шулуун гэдсэнд гэмтэл учруулсан, ихээхэн хэмжээний цус алдаж, буудлын цагаан хэрэгсэл маш их хэмжээний цусанд будагдсан байхад мэдэхгүй л гэж хариулж байна” гэсэн юм.

Хэрэг үйлдэгдсэн “Очир” төв нэрээ өөрчлөн үйл ажиллагаагаа явуулсаар байна

Гэтэл хүний ёсноос гажууд, аймшигт хэрэг үйлдэгдсэн “Очир” төвийн зочид буудлыг насанд хүрээгүй хүүхдэд үйлчилсэн, хүн амины ноцтой хэрэг гарахыг мэдээгүй өнгөрөөсөн хэрэгт татагдан шалгагдаж байсан ч эцэстээ 200 мянган төгрөгөөр торгоод л өнгөрсөн байдаг. “Очир” төв тухайн үедээ хаягаа авчихсан хэрнээ үйл ажиллагаагаа хэвийн явуулж, бүр доод давхартаа баар, цэнгээний газар нээн ажиллаж байсан билээ. Харин тэр зочид буудлыг бүр мөсөн хаах ёстой гэх үүрэг даалгаврыг МУ-ын ерөнхийлөгч холбогдох хүмүүст даалгаж үйл ажиллагаа нь зогслоо, бүр мөсөн хаагдлаа гэж ойлгож байсан. Гэтэл хэсэгтээ чимээгүй байсан “Очир” төв нэрээ өөрчлөн дахин үйл ажиллагаа явуулсаар байна.

Х.Соёл-Эрдэнэ

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close