ДэлхийСонин хачин

Хүүгээ сахихын тулд эмнэлэг дээр хуримлажээ

Сабрина болон Жастин Эрнст нарыг хуримаа хийхээс хоёр хоногийн өмнө зургаан сартай хүү Лэйтон нь гал тогооны шалан дээр толгойгоороо унаж тархиндаа хүнд гэмтэл авчээ. Жастин сүү бэлдэхийн тулд пүрштэй суудалд суулгасан хүүгээ ширээн дээр тавьчихаад, хэдхэн хором өөр тийш харах зуурт хүү нь шалан дээр толгойгоороо уначихсан аж. Энэ үед эхнэр нь хуримандаа бэлтгэн хумс хуруугаа янзлуулж байжээ. Нөхрөөсөө аймшигт дуудлага авсан бүсгүй эмнэлэг дээр ухаан мэдрэлгүй шахам давхиж ирсэн бөгөөд хүүгийнх нь тархинд цус хурсан бөгөөд үхлийн аюултай ч байж болохыг эмч нараас дуулсан байна.

Ийнхүү хүүг Жон Хопкинсийн хүүхдийн эмнэлэгт хүргэсэн бөгөөд хагалгаа хийлгэх шаардлагатай болсон бөгөөд эмч нарыг хүүд доргилтоос үүдэлтэй нуруу, нугасны гэмтэл үүссэн эсэхийг ажиглах үед эцэг, эх нь хүүгийнхээ дэргэдээс холдолгүй хэд хоносон аж.

“Бидний хурим товлосон өдөр ойртчихсон байсан. Гэтэл бид урьсан зочиддоо юу болсон талаар хэлээгүйгээ гэнэт санасан. Эмнэлгийн зүгээс биднийг явж хуримаа хий гэж байсан ч бид хүүгээ орхиод явж чадаагүй” хэмээн хосууд ярьжээ. Тэд хуримаа цуцлахаар шийдээд байхад нь эмнэлгийн удирдлагууд тун мэргэн санаа олсон байна. Тэд хүндхэн байдалд орсон хосуудыг эмнэлгийнх нь зоогийн газарт хуримаа хийж болох юм гэсэн санал тавьсан аж.

Ийнхүү тэд найз нөхөд, гэр бүлийнхэндээ хурим хийх газар өөрчлөгдсөнийг дуулгажээ. Үсчин болон нүүр будах гоо сайханч, дижэй нарыг захиалахаа больсон бөгөөд хүргэлтийн хоолоор зочдоо дайлж, найз нөхөд нь хуримын бялуу болон цэцгийн баглааг нь бэлтгэж өгчээ.

Мөн сүйт бүсгүй хуримандаа өмсөхөөр сонгосон байсан ягаан даашинзаа энгийн хийцтэй цагаан даашинзаар сольсон бол нөхөр нь хар хослолын оронд шоотой цэнхэр цамц болон богино өмдөөр гангарсан байна. Ийнхүү хосууд тэргэн дээр унтаж буй хүүгээ түрсээр зочдын дундуур алхан гэрчүүдийн өмнө очсон байна. Хурим болсноос хоёр хоногийн дараа эмч нар хүүг эрүүл саруул болсон гэж үзсэн тул гэрт нь авч гарахыг зөвшөөрчээ. “Би энгийн жижигхэн осол ч аймшигтай төгсгөлд хүргэж болохыг мэднэ. Хүүгээ алдаж мэднэ гэсэн бодол намайг айлгаж байсан ч бид үнэхээр азтай байлаа. Бидний хурим ч бас төгс байсан” хэмээн Сабрина бүсгүй ярьжээ .

Эх сурвалж www.wikimon.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close