Сайн хүнСонин хачин

БҮТЭН ӨНЧИН ХҮҮХДҮҮДЭД ХОЁР ӨРӨӨ БАЙР БЭЛЭГЛЭЛЭЭ

Том охин Э. Чулуундарь 19 настай. Тэрбээр 2-16 насны дөрвөн дүүгийн хамтаар БЗД-ийн 9-р хороонд тохь муутайхан амьдардаг байсан юм. Хүүхүүдийн аав олон жилийн өмнө өөд болсон байна. Харин ээж нь одоогоос таван сарын өмнө хүнд өвчний улмаас хорвоог орхижээ. Аавын оронд аав, ээжийн оронд ээж болж хэдэн дүүгээ өсгөж, харж хандаж яваа Э. Чулуундарь охинд сайхан сэтгэлт хүмүүс тусламжийн гараа сунгаж, итгэл дүүрэн амьдрах урам зориг хайрлалаа.

Зүдрүүхэн амьдралтай ч сэтгэлийн галаа өрдөж яваа“дайчин” охин Э. Чулуундарь болон түүний бяцхан дүү нарт “Виктори коал транс” группийн хамт олон, тээврийн жолооч нар бүрэн тавилгатай 2 өрөө байр бэлэглэлээ. Энэ хамт олон хүүхдүүдэд орон сууц бэлэглэж байгаагаа урьдчилан мэдэгдэлгүй, сайн цагийг харж өнөөдөр өглөө 11 цагт байрны түлхүүр гардуулсан юм. Гэнэтийн бэлэг болсон хэмээн хүүхдүүд баярласан сэтгэлээ илэрхийлж байна.

Хүүхдүүдэд байрны түлхүүр гардуулаад орхихгүй, 2 жилийн хугацаанд харж хандаж, тусламж дэмжлэг үзүүлнэ гэдгээ “Виктори коал транс” группийн хамт олон ярилаа.

Өөртөө ахадсан ачаа үүрч, сургууль соёл, үе тэнгийнхнээсээ хойш сууж, 4 дүүгээ хүний дайтай хүн болгож өсгөх “эрхэм зорилго” тээж яваа Э. Чулуундарь охины тухай мэдээлэл энэ сарын 16-нд цахим орчинд цацагдсан. Энэ даруйд Б. Батбаатар гэх энэ жолооч ажлын хамт олноо уриалснаар бүтэн өнчин 5 хүүхэд өнөөдөр дулаан байртай боллоо.

Э. Чулуундарь 2 жилийн өмнө барилга дээр ажиллаж байгаад өндрөөс унаж, хүнд бэртэл авчээ. Охин одоо нурууны хадаасаа авахуулах дутуу гэлээ. Э.Чулуундарь гоо сайханч болох битүүхэн мөрөөдөлтэй. Тэрбээр бага дүүгээ гараас гарахаар гоо сайханч болох мөрөөдлөө биелүүлнэ хэмээн ярилаа. Харин түүний удаах дүү Э. Өсөхбаяр МСҮТ-д авто засварын чиглэлээр сурч байгаа юм. Өсөхбаярын удаах дүү алдартай дасгалжуулагч болно гэж байлаа. Тэдний мөрөөдлийг дэврээж, оргил өөд алхах шат болж байгаа сайхан сэтгэлт хүмүүс болон “Виктори коал транс” группийн хамт олонд хүүхдүүд талархаж байгаагаа дахин дахин илэрхийлж байсан юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close