Олны танилСонин хачинУрлаг

Ч.ДЭЛГЭРЦЭЦЭГ: “АВЬЯАСЛАГ МОНГОЛЧУУД” ШОУ НАМАЙГ АНУЖИНГААР СОЛЬСОН НЬ ЖААХАН ХАРАМСАЛТАЙ

Хийл, эмэгтэй хүн хоёр ихэр төрсөн байх. Нэг нь бурханы хэлийг аялгуунд хувилан хөвөрдөж суухад нөгөө нь тэр хөвөрхийг хүний сэтгэлийн утсанд бөхлөн зангидаж суудаг байх. Ийм л торгон үйлийг нэхэж суудаг хийлч Ч.Дэлгэрцэцэгийн “Долоо хоногийн толь” сонинд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

Хийлч Дээгийг “Авъяаслаг Монголчууд”шоугаар дахин харна даа гэж бодож байлаа. Яагаад шүүгчээр ажиллахаа больчихов?

“Авъяаслаг Монголчууд” шоуны хувьд би шүүгчээр ажиллахад бэлэн байсан. Продюсерийн зүгээс бүх шүүгч нараа солих шаардлагатай гэж хэлсэн учраас би энэ жилийн шоунд шүүгчээр суугаагүй. Миний зүгээс шоундаа үнэнч байсан шүү. Уралдах гэж байгаа морь биеэ бэлддэг шиг л гэгэлзэн хүлээсэн. Миний хувьд шоу шүүгчээ сольсон нь жаахан харамсалтай л санагдаж байгаа.

Та энэ жилийн “Авьяаслаг Монголчууд” шоунд хэр шүүмжлэлтэй хандаж байгаа вэ? Өмнөхөө гүйцэхгүй байна гэдэг шүүмжлэл их байна?

Маш олон хүнээс “Өмнөхөө гүйцэхгүй байна, үзэх сонирхолгүй байна” гэх маягийн шүүмж сонссон.Тэр том продакшны бүтээлийг, тэр олон зуун хүний ажил хөдөлмөрийг би дүгнэх ямар ч эрх байхгүй. Миний хувьд үнэхээр би шоундаа хайртай байснаа л мэднэ. Үнэхээр зүрх сэтгэлээ өгч чаддаг байсан. Шоугаа маш их санаж байна. Тэгэж л хэлмээр байна.

Анужингийн оронд таныг их үгүйлж байх шиг байна л даа. Анужин та хоёрыг их харьцуулж байгаад ямар тайлбар хэлэх вэ?

Хүмүүсийн дүгнэлт, хүмүүсийн сэтгэгдлийг өөрсдөд нь үлдээе.

Анужин шоуг хэт уйтгартай, журамтай болгож, харин та илүү задгай, сенсацитай болгож байсан гэдэгтэй санал нийлэх үү?

Миний зүгээс нээх айхтар цээжээ дэлдээд яахав. Аливаа зүйлийн онцлог гэдэг бол тэр онцлогороо л байдаг. Гоё костюмийг үнэхээр гоё хүндэтгэлийн хуралд ч юм уу, тийм л газар өмсөх гоё байдаг биз дээ? Түүнээс биш костюм өмсөөд дисконд орох нэг л сонин байдаг ш дээ.Тэрэн шиг л тийм мэдрэмж юм уу даа.

Хийлч Дээгийгийн амьдралын хэв маяг Монгол эмэгтэйчүүдээс арай нэг өөр. Таны амьдрал бидэнд харагдаж байгаа шигээ үргэлж тийм гэгээлэг, эрч хүчтэй байдаг уу? Зовлон гуниг, нулимс гутралаа хаанаа нуудаг юм бэ?

Хүн л юм чинь баярлах, гуниглах зовох, шаналах гээд бүхий л тэр мэдрэмж надад байдаг. Чухам орц найрлага хэмжээ нь надад ямар байдаг вэ гэдэг л өөр. Миний хувьд зовлон гунигийн хэмжээг бага, жаргалын хэмжээг их байлгахыг л боддог эмэгтэй. Аливаа асуудалд хөнгөн хандаж, энгийн амьдрах дуртай. Далай багшийн хэлдэг нэг үг байдаг даа. ”Хэрвээ чи аливаа асуудлыг өөрчилж чадах байвал санаа зовсоны хэрэг юун.

Өөрчилж чадахгүй бол бас санаа зовох хэрэг юун“ гэж. Үүнтэй төстэй амьдралын үзэл баримтлал надад байдаг. Тэр утгаараа хүмүүст их аз жаргалтай ч юм шиг харагддаг байх л даа. Ер нь бол сүүлийн үед ном сонин их уншиж, гоё лекц сургалтанд хамрагдаж байна. Өөрийгөө эерэг байлгаад, өөрийнхөө эргэн тойрнийг мөн эерэг байлгах гэж хичээгээд ирэхээр илүү тухтай, жаргалтай мэдрэмж төрдөг.

Ингэж ярихаар та өөртөө их хайртай хүн гэж ойлгогдож байна?

Өөртөө хайргүй хүн тэгээд өөрийгөө л зовооно шдээ. Өөрөө зовж байгаа учраас бусдыг хайрлаж чадахгүй. Би л зовоод байна, гуниад байна гээд асуудлыг хүндрүүлээд яваад байвал өөрөө ч зовно. Бусдыг ч зовооно. Гэтэл би өөрийгөө хайрлаж байгаа учраас нэг их зовохгүйгээр бушуухан л арга хэмжээ авсан нь дээр. Тиймэрхүү амьдралын хэв маягтай эмэгтэй л дээ, би.

Та ийм эрх дураараа эмэгтэй байхын тулд юу юуг золиослосон гэж боддог вэ? Жишээ нь, монгол эмэгтэй хүний даруу төлөв байдал, журамт ариун хэв ёс гэдэг ч юм уу?

Би тийм айхтар юм золиослосон гэж боддоггүй ээ. Би бол монгол эмэгтэй хүн. Яалт ч үгүй, хаанаас нь ч харсан монгол эмэгтэй. Монгол эмэгтэй хүний тухай хэвшмэл ойлголтууд бий л дээ. Даруу төлөв зантай байх ёстой гэх мэт. Гэхдээ 1921 онд биш, 2018 онд амьдарч байгаа монгол эмэгтэй.

Хувь хүн аливаа цаг хугацааныхаа баатар нь байх ёстой юм. Би энэ цаг үеийн амьд гэрч, баатар нь. Тэгэхээр яг өнөөдрийн цаг хугацаа, өнөөдрийн амьдралын хэмнэл, хүмүүсийн сэтгэхүй ямар болсон байна, тэрэнтэй л хөл нийлүүлж л алхаж байх ёстой.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close