зөвлөгөөОлны танил

Төгс аавын дүр төрхийг хэрхэн бүрдүүлэх вэ?

“Эцэг байх амархан ч аав байх хэцүү” гэдэг үг сүүлийн үеийн трэнд болжээ. Үүнтэй та санал нийлэх үү?

Би л хувьдаа санал нийлж байна. Японы Засгийн газар ч мөн сайн эцэг биш сайхан аавыг төлөвшүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлж иржээ. Тус улсын өдөр тутмын сонин, загварын сэтгүүл, манга /зурган дүрслэл/ түүхээс шинэ үеийн супер баатруудыг харж болно.

Тэд царайлаг, инээмсэглэл дүүрэн, хүүхдүүдтэйгээ хамт өглөөний цайгаа ууж, дугуй унаж, загварлаг хувцасласан харагдана. Хамтдаа гэрээ цэвэрлэж, хоолоо хийж байгаа дүр зураг бишгүй. Энэ бол “икумэн” эрчүүд. /икужи-хүүхэд асрах, икэмэн-эвдрээгүй байгаагаараа гэсэн үгнүүдийн нийлбэр/

Энэ төсөл Японд 2000 оны үеэс хэрэгжиж эхэлжээ. Японы уламжлалт соёл иргэншилд аав гэдэг хүн гэрийн эзний үүрэг гүйцэтгэж, ар гэрээ тэжээх мөнгө олохын тулд ажиллаж, хүүхдүүдтэйгээ бараг харьцдаггүй. Тэд эхнэрийнхээ тусламжгүй цайгаа ч аягалдаггүй, хувцсаа ч өмсдөггүй байв. Өдөрт олон цагаар ажиллаж, хүүхдүүддээ бага цаг зарцуулах нь нийтлэг төрх.

1980-аад оны үед Японы эрчүүд өдөрт 40 минутаас бага цагийг хүүхдүүддээ зарцуулдаг байсан гэжээ. Ихэвчлэн хоолны үеэр л тэд уулздаг байв. Тиймээс Японд “жишин, каминари, кажи, ояжи буюу газар хөдлөлт, хар салхи, гал түймэр тэгээд аав” гэсэн зүйр үг ч ий болсон байна. Энэ үед хүүхдүүдийн амиа егүүтгэх үзэгдэл дээд түвшиндээ хүрсэн нь эцэг эхийн халамж дутсанаас үүдэлтэй гэж дүгнэжээ.

2000-аад оноос халамжтай сайн аавыг бий болгох “Икумэн” төсөл хэрэгжүүлж эхэлсэн ч өөрчлөлт удаан байна гэж дүгнээд байгаа юм. Эрэгтэйчүүд эхнэрээ амаржсаны дараа ажлаасаа чөлөө авахад тун бэрх. Тэд ажилгүй гэртээ сууна гэдэг бүр ч ичгэвэртэй явдал байв. Энэ дүр төрхийг өөрчлөхийн тулд “Күл Япон эр”, “Ажил-амьдралыг тэнцүүлэх гарын авлага” зэрэг ном зохиол олон гарчээ.

Орчин үеийн аавуудыг баатарлаг, булчинлаг, дур булаам дүр төрхтэйгээр дүрсэлж эхэлжээ. Романтик телевизийн цувралууд, манга зохиолууд икумэнийг сурталчлах болсон. Аавууд гэр бүлдээ илүү цаг зарцуулах нь эерэг боловч ажлын газарт нь бага зэрэг дарамт үүсэх болсныг “Икумэн өвчин” гэж нэрлэжээ.


Дур булаам, халамжтай сайн аавыг бий болгох Засгийн газрын хөтөлбөр бага боловч үр дүнгээ өгчээ. Тухайлбал эхнэрээ амаржсаны дараа аавууд ажлаасаа чөлөөлөгдөх тохиолдол 2012 онд 1,9 хувь байсан бол 2017 онд долоон хувь болон нэмэгджээ. 1992 онд хийсэн судалгаагаар Японы нийт иргэдийн 60 хувь нь “эрчүүд ажилдаа, эмэгтэйчүүд гэртээ байх ёстой” гэсэн үзэл бодолдоо үнэнч байсан бол орчин үед энэ тоо 15 хувиар буурсан байна.

Мөн хүүхдүүдтэйгээ хамт тоглож наадан цагийг өнгөрөөж байгаа аавуудтай тааралдах нь ховор биш үзэгдэл болжээ. Засгийн газрын санаачилга үр дүнгээ өгч байгаа ч өөрчлөлт удаан байгааг уг салбарын судлаачид хэлж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close