Бусад хүмүүс

Ядуугаараа их бахархах нь ядуу дорой болохын цондон

Иргэд ажилгүй ядуу байхаасаа ичдэг байсан бол одоо үгүй болжээ. Харин ч ядуугаараа бахархаж, гул барьж, ажилгүй учраас архи ууж байна, хулгай хийхгүй бол яаж амьдрах юм гэхчлэн ярих болж. Ийм хэсгийнхний яриаг нийгмийн сүлжээ, сошиал ертөнц маш ихээр дөгөөн дэвэргэж байна.
Ялангуяа телевизүүд тэднийг бүр ч ихээр өдөөж, нийгмийг хамарсан шинжтэй болгож байгаа нь эмгэнэлтэй. Телевизүүдийн орлогын эх үүсвэр болох реклам сурталчилгааг зөвхөн ядуучууд өгдөг болчихоогүй биз дээ. Гэтэл тэд ядуу дорой гэж ярьж байгаа бүгдийг үндэсний баатар болгож, ядуу хүмүүсийн нуруун дээр улс орон тогтож буй мэт ойлголт төрүүлэх боллоо

Ингээд яг эсрэгээрээ хөрөнгө чинээтэй, хөдөлмөрлөж буй хүнийг үзэн ядах хөдөлгөөн нэлээд эрчээ авч байна. Үүнд сошиалынхан, телевизүүд их үүрэг гүйцэтгэж байна. Үзэн ядаад байгаа баячууд нь үнэхээр ард түмний хөрөнгийг луйвардаж баян болцгоосон байвал шүүмжлэлтэй хандаж болно. Тэрнээс биш ажил олгогч, татвар төлөгч, баялаг бүтээгч энэ хүмүүсийг элдвээр шүүмжилж, нийгмийн шоовдорлогдсон давхаргынхан мэт үзэх нь улс оронд маш аюултай.

Ер нь энэ ажилгүй, хоосон байгаагаараа бахархах нь нийгмийн эмгэнэл юм. Нийгмээрээ уруудан доройтохын шинж. Бас дээр нь эх захгүй үймээн самууны эхлэл. Энэ байдал газар авсаар төрийн хяналтаас гарвал юун долдугаар сарын нэгэн, аймшиг л авчирна. Учир нь Монголын нийгэмд ингэж ядуу муугаараа бахархахын, гул барихын эцсийн зорилго бол хөдөлмөрлөж буй хэсгийнхээ хөрөнгийг булааж, өөрсдөө хөдөлмөрлөхгүйгээр зүгээр хоол идэх гэсэн атгаг үзэл санаа юм. Хүмүүс хөрөнгө хураахад маш дуртай. Ерөөсөө хүн төрөлхтний хамгийн дуртай үзэл санаа бол хэн хэндээ атаархах зүйлгүй болж (угтаа нийтээрээ гуйлгачингууд болж), өөртэйгөө адилхан болгох явдал юм. Хүн төрөлхтний түүхэнд гарсан Октябрийн хувьсгалаас эхлээд аймшигт нийгмийн өөрчлөлтүүдийн дийлэнх нь энэхүү үзэл санаанд тулгуурласан, ядуусыг хөрөнгөтнүүдийн эсрэг турхирсан хөдөлгөөн байлаа. Эцсийн үр дүн нь улс орноо авч явсан ажил олгогч, татвар төлөгч, чинээлэг хэсгүүдээ цусан далайд живүүлж, дараа нь нийгмээрээ нэг зиндааны статустай, дарангуйлагчийн чанга хатуу гарт, үзэл суртлын хүлээсэнд, хоногийн хоолтой, сэлгээний хувцастай насыг авдаг тийм л нийгмийг авчирдаг. Хүний эрх чөлөө, үзэл бодол, гурав дахь ч хөршийн сайхан харилцаа, дэлхий хавтгай байгаагийн гайхамшиг бүгд үгүй болж, хөмөрсөн тогоон доторх монголын нийгэм угтах бөлгөө.

Гэхдээ монголчууд бид хувь заяатай ард түмэн. Бүтэн 70 жилийн эрх чөлөөгүй нийгмийн байгууллаас бараг нүд ирмэхийн зуурт салж чадсан юм. Ардчилсан хувьсгал буюу ардчилал нь, тэгж ярих юм бол бүр Ардчилсан нам нь монгол хүн бүрт сайхан амьдрах боломжийг дүүрэн олгосон. Хамгийн гол нь эдийн засгийн эрх чөлөөтэй болгосон. Монгол хүн бүр ажил хийх дуртай л болчих юм бол ямар ч бизнесээ хийгээд сайхан амьдарч болно.

Ийм эрх чөлөөт нийгэмд ядуурчихаад, буруугаа бусдаас хайгаад байж болохгүй юм. Таны ямар амьдрах нь зөвхөн таны гарт, таны зан чанарт л байгаа. Үүнийгээ монголчууд бид хүлээн зөвшөөрөх ёстой. Бидний гурван сая Монголын 900 мянга орчим нь ядуу байна гэсэн статистик саяхан гарсан. Өнөөдөр хүн амын маань 35.2 хувь нь ядуу гэсэн манай өөрийн судалгаа бий. Дэлхийн банкныхаар бол бүр 38.6 хувь нь гэж байгаа. Ядуурлын түвшинд байгаа иргэд гэж өдөр тутмын зайлшгүй шаардлагатай хүнснийхээ зүйлсийг худалдан авах чадваргүй хүмүүсийг хэлдэг. Тэгэхээр та бидний гурван хүн тутмын нэг нь өдөр тутам өлөн зэлмүүн байна гэсэн үг үү. Нэг л сонин санагдаад байгаа юм даа. Гадны хүмүүнлэгийн байгууллагын ажилтан гэр хороолол дахь нэгэн ядуу өрхийнд ороход гэрийн эзэгтэй чихэндээ алтан ээмэгтэй, хуруундаа монетон бөгж гялалзуулчихсан “Бид үнэхээр ядуу амьдарч байна” гээд сууж байсан гэдэг. Үнэхээр ч амьдарч буй орчин нь хэцүү. Хашааных нь хаалга яйжийгаад уначихсан, хиртэй хувцастай, гэр орон нь авах юм байхгүй. “Энэ айлыг одоо ядуу гэх үү, надад лав байхгүй алтан ээмэгтэй юм байна шүү дээ” гэж тэр хүмүүнлэгийн ажилтан, хорооных нь Засаг даргаас асуухад өмнөөс нь “Ядуу, ядуу айл байгаа юм” гэжээ. Энэ бол төр нь ч, иргэн нь ч оюун санааны ядууралд орчихсоны шинж биз ээ.

Тэгэхээр олон улсад хоёр төрлийн ядуурал байна гэж томьёолдог. Нэгдүгээрт, Энэтхэг ядуурал буюу өөрийнхөө ядуу хувь заяатай эвлэрч, түүндээ хэнийг ч буруутгадаггүй хэсэг. Төрөөс нь дэмжээд ч сэхэл авахгүй. Тэр хүмүүст осолдохгүй нуудгай эрхтнээ халхлах төдий хувцасны оронцог л бий. Байгаа хөрөнгө нь тэр. Хоёр дахь нь оюун санааны ядуурал буюу сэтгэлгээний ч гэж хэлдэг.

Монголын ядуугаараа гайхуулаад, гул бариад буй нөхдүүд бол оюун санааны ядууралд бүрэн автсан хүмүүс. Монголын энэ байдалд төр, УИХ-ын хэдэн гишүүд ч буруутай. Тэд хэдэн биенээ, хэдэн бизнесмэнээ олигархууд хэмээн нийгмийн өмнө дуудаж цоллодог. Үүнийг нь сошиал ертөнц, телевизүүд дөгөөн дэвэргэж, ялангуяа залуу үеийнхний сэтгэхүйд “Миний ядуу байгаа нь энэ муусайн олигархуудаас болж байна” гэсэн үзлийг суулгаад өгчихсөн. Гэтэл үнэндээ монголын ядуу гэж байгаа бүх хүнд баян амьдрах боломж хангалттай бий. Тэр бүү хэл төрөөс мөнгө өгч, мэргэжил, ажилтай болгоё гэхэд бүгд зугтааж, нэг газар ялхайтал сууж байгаад ажлын байр бий болгож, татвар төлж байгаа “олигархууд”-аа цахим сүлжээгээр зүхэж суудаг. Худлаа гэвэл өнөөдөр МСҮТ-үүд ямар ч оюутангүй болчихоод байна шүү дээ.

Манай ядуугаараа бахархдаг хэсгийнхний залхуу хойрго, бэлэн хоол идэх хүсэл, ядуу байгаагийн буруугаа хэн нэгнээс эрж хайдаг арчаагүй зан, дээр нь өөрөөсөө дээр амьдарч буй нэгнээ үзэн ядаж, атаархан хорсдог байдал нь үнэндээ Сахарын цөлөөс урагших Африкийн туйлын ядуу зарим орны иргэдийн үзэл бодлоос ч долоон дор байгаа юм. Иргэний дайн, байгалийн гамшигт нэрвэгдсэн орны иргэдэд хэн нэгэндээ атаархан хорсох тухай ойлголт байдаггүйг судлаачид олонтаа бичдэг. Тэдгээр орны ядуу иргэд харин хөрөнгө чинээтэй хүмүүстээ үнэнч шударга хөдөлмөрлөж, өгсөн ажлыг нь гололгүй хийж, мөрөөрөө амьдрах хүсэлтэй байдаг юм билээ. Монгол оронд ямар ч дайн байлдаан болоогүй, ямар ч цунами, аймшигт газар хөдлөлт болоогүй. Гэтэл ядуурлын түвшин ийм өндөр байгаа нь ажил хийх хүсэлтэй монгол хүн цөөхөн болсонтой холбоотой гэхээс өөрөөр яаж дүгнэх билээ.

Тэгэхээр монголчууд бид ажил хийдэг болцгооё. Хүнд ажиллах дургүй байдаг юм бол өөртөө ажил гаргаж амьдралаа авч явцгаая. Өнөөдөр улс оронд маань төрийн хүнд суртал, дарамт, авлига, банк санхүүгийн тогтолцоо… гээд хүндрэл их байна. Энэ бүхэн цаг хугацааны л асуудал. Орлого бага, цалин хөлс хүрэлцэхгүй байна. Яваандаа цалин хөлс нэмэгдэнэ, эдийн засаг тэлнэ. Бид юу ч байхгүй, гуяа ганзагалсан ард түмэн биш шүү дээ. Бас чиг буурлын буян, аавын хишигтэй ард түмэн. Цаг алдалгүй хурдхан шиг бүгдээрээ ажилтай, орлоготой болж аваад дээшээ мацъя. Өдөр шөнө, өглөө оройгүй ядуу гуйлгачингаа ярьж бахархаад, түүнийг нь мэдээллийн бүх сувгууд сурталчилаад байвал ядуу ард түмэнтэй ямар улс орон найзалж нөхөрлөж, хөрөнгө оруулах юм бэ. Ядуу хүнтэй ярьж хөөрдөг хүн ч цөөхөн байдаг биз дээ.

Өдрийн сонин

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close