ДэлхийСайн хүнСонин хачин

Хараагүй хүүг ирээдүйн агуу хүн болоход ангийнхан нь тусалжээ

Москвагийн нэгэн сургуулийн сурагч хүү хичээлдээ явахаа больжээ. Нэг долоо хоног өнгөрлөө. Дараагийн долоо хоног… Ангийн багшийн зөвлөснөөр хүүхдүүд нэг өдөр гэрт нь очжээ. Лёвагийн ээж нь хаалгаа тайлав. Тэр тун баргар царайтай байлаа. Хүүхдүүд “Лёва яагаад хичээлдээ ирэхгүй байгаа юм бэ?” хэмээн асуужээ. Ээж нь “Тэр одоо та нартай хамт сурахгүй. Хагалгаанд орсон ч амжилтгүй болсон. Лёва сохорсон болсон болохоор өөрөө хичээлдээ явах боломжгүй” хэмээн ихэд гунигтай хариулжээ.

Хүүхдүүд бүгд чимээгүй болов. Гэтэл нэг нь:

– Бид ээлжлээд түүнийг сургуульд хүргэж чадна шүү дээ.

– Бас сургуулиас гэрт нь хүргэж…

– Хичээлээ хийхэд ч туслана

Ээжийнх нь нүдэнд нулимс хурав. Тэр хүүгийнхээ өрөөнд найзуудыг нь дагуулан орлоо. Хормын дараа Лёва өрөөнөөсөө нүдэндээ боолттой, гараараа юм тэмтэчсээр гарч ирэв. Энэ байдлыг харсан хүүхдүүд бүгд цочирдон зогсоно. Тэд одоо л найзад нь юу тохиолдсоныг бүрэн ойлгожээ.

Лёва ангийнхантайгаа “Сайн уу?” хэмээн аяархан мэндлэв. Тэр үед бүгд тал талаас нь шуугилдав.

– Би маргааш чамайг ирж аваад сургуульдаа хамт явъя.

– Би чамд алгебр дээр юу үзсэнийг хэлж өгье.

– Би түүхийн хичээлийг ярьж өгье.

Лёва хэнийг нь сонсохоо мэдэхгүй, толгойгоо дохиод л зогсож байлаа. Ээжийнх хацар дээгүүр нулимс урсана. Хүүхдүүд тэднийхээс яваад төлөвлөгөө зохиожээ. Хэн ямар хичээлийг тайлбарлаж өгч байх, хэн хэдийд гэрт нь очих, хэн нь гадуур хамт зугаалах, хэн нь сургуульд хүргэж өгөх гэх мэт үүргүүдээ хувиарлаж авцгаав. Хичээлийн үед Лёвагийн ард суудаг хүү багшийн самбарт бичиж байгаа бүхнийг аяархан хэлж өгдөг байв. Лёваг хариулах үед бүгд чимээгүй болно.

Түүнийг онц авахад өөрсдийн дүнгээс ч илүү бөөн баяр болцгооно. Лёва маш сайн суралцаж байлаа. Хамгийн гол нь ангиараа маш их хичээж суралцдаг болжээ. Лёва сургуулиа алтан медальтай төгсөж их сургуульд элсэн орсон байна. Тэнд ч туслах найз нөхөд олон байжээ. Их сургуулиа төгсөөд Лёва суралцахаа больсонгүй. Эцэст нь дэлхийд алдартай математикч, академич Понтрягин гэж дуудуулдаг болжээ.

Лёв Семёнович Понтрягин /1908-1988/ ЗХУ-ын математикч, 20-р зууны алдарт математикчдын нэг, ЗХУ-ын ШУА-ийн академич. Тэр 14 настайдаа хараагүй болсон. Түүний математикийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, түүний нэрээр нэрлэгдсэн онолууд, ялангуяа удирдлагын ухааны үндсүүдийн хөгжилд одоо ч маш их нөлөө үзүүлсэн хэвээр байна.

Эх сурвалж: Шинэ толь

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close