зөвлөгөө

“Чи хүний өмнөөс амьдраад байгаа юм уу”

Сүүлийн үед “Чи хүний өмнөөс амьдраад байгаа юм уу” гэдэг үг их сонсогдох болжээ. Дээрхэн үед бас л мэр сэр сонсогддог байсан.

Хэрэв та хэн нэгний өмнөөс амьдраагүй, зөвхөн хар толгойныхоо төлөө амьдарч байгаа бол та бол оюун ухаант хүн биш юм. Ядаж л чонын зэрэгт амьдраагүй л байна, бүр байг гэхэд өвлийн цагт нэг нэгнийхээ бөөрөнд наалдаад дулаахан сайхан хонож чаддаг хонины зэрэгт ч амьдраагүй байна.

Үүнийг “дэм дэмэндээ дээс эрчиндээ” гэдэг ардын үгээр тайлбарлавал илүү сайхан сонсогдоно. Хятад хүмүүс хаана ч явсан хятадуудаа өмгөөлж хамгаалан тэмцэл хийсээр, амь нэгтэй байж, аливаа дайн тулаанаас эвийн хүчээр, арга залиар мултарч гарсаар шороон түм болтлоо өсчээ. Өндөр гэгээн Занабазар ч гэсэн Халх түмнээ хамгаалан манжуудад дагаар орж олон хүний амийг аварч гарч чадсан. Харин хөөрхий манай муу Галдан бошигт тэмцэл хийн энд тэнд бужигнуулсаны үр дүнд 600,000 гаруй хүнээ манжуудад хайр найргүй хядуулсан.

Гэхдээ энд их учир бий. Хэрэв Өндөр гэгээн манжуудад дагаар ороогүй бол Галдан бошигт хаан тэгж тэмцээгүй бол өдийд энэ их том газар нутагтай Монгол улс оршиж байгаа ч бил үү үгүй ч бил үү бодох асуудал. Учир нь аливаа зүйл арга билгийн тэнцвэр дээр тогтдог. Монгол тэр чигтээ өндөр гэгээн шиг дагаар орсон бол газар нутгаа алдаж муусайн монголчуудыг ёстой зөөлөн боорцог шиг зажлаад зажлаад идэх байсан байх. Гэтэл цаана нь амь насаа үл хайрлах арслан барсууд байгаа тул өндөр гэгээн, Чахундорж нартай эвийн хэлэлцээр хийхээс аргагүй байдалд орж, цочроо ихтэй байж, манжуудын зүрх зориг үхмэл байдалд орж тийм ч дайчин, дайнч байдлаар оршиж чадаагүй юм.

Энэ бол олон монголчуудын амь насаар хийгдэж буй зүйл. Хэрэв тухайн үед өндөр гэгээн Галдан бошигттой нийлэн манжуудын эсрэг тэмцсэн бол 600,000 биш нэг сая монголчууд хядагдан дайнд ялсан ч гэсэн цаашид энэ уудам газар нутагт тархан сууж эзэмших монголчууд хүрэлцэхгүй байсан болов уу. Эсхүл бүр харийнханы мэдэлд тэр чигтээ орох байсан.

ДараагийнжЖишээгээр гэр бүлийг авч үзье. Ээж хүн үргэлж хүүхдүүдээ хайрлаж өмгөөлж хамгаалж байдаг, харин аав хүн хүүхдүүдээ хорвоо хатуу, хүний амьдрал тэмцэл дунд явагддаг, эр бие, авхаалж самбаагаар тэмцэж амьдардаг гэдгийг ойлгуулахад заяагдсан байдаг. Энэ хоёрын нэг нь байхгүй байхад хүүхэд нэг талдаа өрөөсгөл өснө. Яагаад гэвэл байгаль ингээд заяачихсан байдаг.

Ямар сайндаа л аавгүй хүүхдийн толгой том, ээжгүй хүүхдийн бөгс том гэж хэлц үг гарахав дээ.

Энэ 2 жишээнээс цааш шилжээд үндсэн санаандаа оръё. Би өөрийн хөдөлмөрөөр, хүнээс илүү хөдөлмөрлөж, тэмцэж өдий зэрэгтэй сайн явна. Та нар ч гэсэн ингээд тэмцээд амьдар л даа, чи ямар миний өмнөөс амьдарч байгаа юм уу гээд л, бас залхуу хойргоосоо болж ийм л амьдарч байгаа шд, хөдөлмөрлө, хөдөлмөрлө, бэлэнчлэх сэтгэлгээг дэмжээд л, ийм байж болохгүй шд, төр бүгдийг бэлдэх ёстой юм уу өөрсдөө хичээгээд амьдарцгаа гэх мэтээр яаж ч ярьж бас бодож болно л доо.

Үндсэндээ би ч гэсэн иймэрхүү үзлүүдийг дэмжиж байна. Гэвч таныг сайхан тансаг орд харшд тухтай нь аргагүй амьдраад ясаа цайтал хөдөлмөрлөөд л их мөнгө хуримтлуулаад сууж байтал хажууд чинь нэгэн бэрхшээлтэй нөхөр /бэрхшээлтэй гэе дээ, учир нь тэр ч гэсэн их хөдөлмөрлөөд байгаа ч таны зэрэгт хүрч чадаагүй, гэхдээ яс юман дээрээ тэр энгийн нэгэн/ тантай зэрэгцэн амьдраад байвал танд сайхан байх уу. Учир нь таны газар нутаг тэр чигтээ монголын газар нутаг биш, танд хуулиар 0.07 га газар ногдож байгаа. Яг дараагийн 0.07 га газар мань бэрхшээлтэй нөхөр сууж байгаа гээд л бодчих.

Ийм тохиолдолд ухаантай нэг нь бол тэр хөршдөө сайхан амьдрах боломжийг нь хэлэлцэн ярьж туслаад хамтдаа сайхан амьдраад харин түүний цаана амьдарч буй нэгэн бол тухайн хүний хөршөөс хамаарч ямар байх нь шалтгаална.

Ийм үзэгдлийг дэлхийн хөгжингүй улсууд бүгд урьдчилж хараад хөршдөө сайхан амьдрах, хог тарихгүй байх, гээд л бүхий боломжуудыг санал болгож эхэлдэг.
Хамгийн сайн жишээ бол Япончууд монголын элсэн шуурга агаараар дамжаад японы өндөр технологид нөлөөлөөд байхаар танайх элсэн цөлдөө мод тарьж цөлийн шуурганы нүүдлээ зогсоогоочээ гээд өч төчнөөн мөнгийг монгол руу хандив тусламжаар санал болгодог явдал юм.

Дараагийн жишээ бол агаарын бохирдлоо бууруулаачээ, озоны давхаргад нөлөөлөөд хүн төрөлхтөний аюулгүй байдалд нөлөөлөх магадлал өндөр байна гээд дэлхийн сангуудаас энэ чиглэлд зориулж сайн байсны төлөө улам сайн байгаарай гээд улс орнуудад мөнгө өгдөг явдлууд юм.

Эдгээр газрууд илүүдсэндээ мөнгө өгөөгүй, зүгээр л хөршөө, цаашилбал дэлхий нийтийг эрүүл, саруул, аюулгүй байдалтай байлгахад чиглэн анхаарлаа хандуулж байгаа зүйл билээ. Цаашилбал хүссэн хүсээгүй дэлхий нийтийн эерэг хандлага, хувь хүмүүсийн эерэг хандлагад нөлөөлж эхэлдэг.

Ийм л зүйлийг нийтээр хүлээн зөвшөөрч хөршдөө туслах эерэг хандлагыг дэлхий нийт хүлээн зөвшөөрөөд байхад бидний монголчууд Улаанбаатар хотдоо нэг өрөө байрандаа ч юм уу 10 өрөө байрандаа ч юм уу эсхүл тансаг сайхан орд харшд орсоныгоо өөрийн эр сайны хүчинд орсон мэт аашилж би илүү хөдөлмөрлөдөг, илүү зүтгэдэг гээд таахалзаж суугаад хөршөө мартах нь хүний ёсноос гадуур юм.

Таны хөрш залхуу хойрго байж, тарчмаг ядуу амьдрах нь танаас хамаарч байгаа гэдгийг хэзээ ч мартаж болохгүй, үүнийг мартвал бид монгол хүн биш юм. Хэдэн зуунаар нүүдэллэж ирсэн монгол хүмүүс бид нэг нэгэндээ очиж хонь хургыг нь хяргалцаж өгөхөөс авахуулаад адуу мал хөнгөлөх, гэрээ нүүлгэх гэх мэт ахуйн чанартай зүйл дээр олноороо хамжилцан хурдан түргэн аливаа асуудлыг шийдэж сурсан. Үүний хүчинд бид энэ өргөн уужим нутагтай газарт нүүдэллэн, газар нутагаа харж хамгаалж ирсэн.

Гэтэл суурьшмал байдал ихээр үүссэний улмаас 3 сая хүний хагас нь Улаанбаатар нийслэлд хуран цуглаж, амь амиа бодох болсон боловч төдийлөн нийгмээрээ сайхан амьдарч чадахгүй байгаагийн цаад учир нь ердөө л энэ юм. Өнөөдөр япончууд шиг хүндлэх мэндлэх ёсыг баримтлан тааралдсан хүн бүртэй мэндэлдэггүй юмаа гэхэд сайхан хараад өнгөрч болно доо, гэтэл нэг л бүрсгэр, үүнийгээ дагаад нийгмийн байдал улам л хэрүүл тэмцэл, хэл ам ихтэй болж, бүтэж байгаа ч юм байхгүй, бүтээж байгаа ч юм байхгүй, өчнөөн их сургууль төгсөөд л байдаг, өчнөөн шинжлэх ухаан үзээд л байдаг, монгол улсын маань залуучууд мундаг болоод байгаа ч улсын хөгжил нь урагшилсан юм байхгүй л байна. Үгүй ядахдаа ганц ширхэг чип хийгээд дэлхийн зах зээл дээр зарж байгаа юм ч алга. Нөгөө л нүүдлийн аж ахуйгаа түшиглэж түүхий эдээр боловсруулсан ноолуураа зарсаар л, газар дэлхийгээ ухаж нүүрс, алтаа зарсаар л.

Цаашид энэ байдлаар байвал улс маань улс биш болж хүн ард нь хэрүүл тэмцэл, үзэн ядалт дундаа умбаад нэгнээ шоронд хийж шонд л өлгөж байвал тэр шиг сайхан кайф байхгүй болж, бүтээж байгуулах, нэг нэгэндээ юун туслах, улам л шавар намагт шигдсээр байгаад нэгэн цул мэт зангидсан гар мэт хуулинд захирагдаж амьдардаг улсуудын хараанд ороход тун ойрхон болжээ. Манайхны дээр үеийн олон улсуудыг нэгтгэн захирч явсан тэр сайхан үеүд бүгд үлгэр болж манай улсыг эзлэн авсан улсын түүх болон үргэлжлэхэд бэлэн болоод байна /муу ёр зөгнөөгүй шүү, сэрэмжлүүлж байна, бодит байдлыг хүлээн зөвшөөрч цаг хугацаанаас өрсөж бид хөгжих ёстой/.

Айлын хүүхдүүд бүгдээрээ эрдэм ном сурч, пуужин зохиож, сансарын технологиудыг хөгжүүлэн, ухаалаг технологиудыг угсарч эвлүүлэн, робот хийн үйлдвэрлэл хөгжүүлж, технологиудын паркуудыг хүч хавсран байгуулж хөгжлийн туйлуудыг үзүүлж байна. Манай хүүхдүүд чимээгүй сургуульдаа сурсаар компьютараа тоглосоор л сууна. Хэзээ тэд сэрэх юм бүү мэд, сэрэх эсэх нь тодорхойгүй л байна.

Аргатай нэг нь тэрүүхэн тэндээ амиа аргацаан хөршөө мартан амиа хоохойлсоор л хүнд хөдөлмөр, хөдөлмөрч чанараа гайхан, сайхан тавлаг амьдарч байгаа тухайгаа бусдад зарлан сууж байгаа боловч улс нь ул сууриараа ганхаад байгааг ойлгож байгаа ч юм алга. Үгүй ядаж улс нь ганхаж байгааг ойлгохгүй юмаа гэхэд өөрийнх нь эрүүл мэнд хөршөөс нь болоод муудаад байгааг мэдэхийг ч хүсэхгүй байна, эсхүл ойлгохгүй байна.

Ийм л цаг үед бид тулж ирээд байна.

Тиймээс л би хамгийн эхэнд “Би хүний төлөө амьдраад байна, магадгүй таны төлөө ч амьдраад байгаа юм бил үү” гэж энэхүү нийтлэлээ эхлүүлсэн. Таны амьдрал таны хөршөөс хамаардаг гэдгийг сайтар ойлговол зохилтой бөгөөд 2 том хөрш ч гэсэн үүнийг ойлгож манай улсыг дундаа хийж аваад амар жимэр сууж байгаа нь яав ч тэнэг гүрнүүдийн бодлого биш л болов уу. Хүссэн хүсээгүй би хүний өмнөөс амьдраад байгаагаа ойлгосон бөгөөд энэ бяцхан философийг ойлгоогүй цагт та хэзээ ч амар тайван үл амьдрах бөгөөд таны эргэн тойронд дандаа асуудал босож, та цаг ямагт уур бухимдал эсхүл ямар нэгэн таагүй байдал дунд амьдрах болно. Үүнийг бидний өвөг дээдэс ойлгохын дээдээр ойлгож хичнээн завгүй байсан ч айлын хийж буй эсгийд очиж туслан, хичнээн завгүй байсан ч айлын хангал догшин адууг барилцахад тусладаг л байждээ.

Эцэст нь хэлэхэд хөрш чинь ядарч байхад та хэзээ ч жаргахгүй гэдгээр энэ нийтлэлээ төгсгөе.

Жич: Энэхүү нийтлэлийг бичихдээ ямар нэгэн нэр хүнд хөөцөлдөж, нэрд гарахыг үл хүссэн бөгөөд зүгээр л миний хөрш биднээс хамаараад юм уу эсхүл өөрөө сайхан амьдраасай гэсний үндсэн дээр тэрлэсэн болно.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close