Дэлхий

ОХУ-ын нисэх онгоцны буудлууд шинэ нэртэй боллоо

“Оросын агуу нэрс” төслийн хүрээнд оросууд улсынхаа 42 нисэх онгоцны буудлын нэрийг сонгожээ. Санал хураалтын дүнг мягмар гарагт телевизийн “Россия 1” сувгийн “60 хором” нэвтрүүлгийн үеэр зарласан байна.

Санал асуулгын дүнгээс үзвэл, Москва хотын Шереметьево нисэх онгоцны буудлыг нэрт яруу найрагч Александр Пушкины нэрэмжит болгох бол Домодедово нисэх буудал эрдэмтэн Михаил Ломоносовын нэрээр овоглоно. Оросын нийслэл хотын бас нэгэн буудал болох Внуково болон Пенза хотын буудлын нэрийг хоёр дахь шатны санал хураалтын дүнд шийдэх аж. Санкт-Петербург хотын Пулково нисэх буудлын нэрийг мөн нэмэлт саналт хураалтаар сонгоно.

Оросын эзэн хаан I Петрийн нэрээр Воронеж хотын нисэх онгоцны буудлыг нэрлэх бол Калининградын нисэх буудлыг хатан хаан Елизавета Петровнагийн нэрэмжит болгоно. Харин Краснодарын буудлыг хатан хаан II Екатеринагийн нэрээр нэрлэх аж. Хаадын нэрэмжит болох бас нэг нисэх буудал бол II Никалайн нэрээр нэрлэх Мурманскийн буудал юм.
Казань хотын нисэх онгоцны буудал татар үндэстний яруу найрагч Габдулла Тукайн нэрэмжит болно. Яруу найрагчдын нэрэмжит болох буудлуудын нэг бол Уфа хотын нисэх онгоцны буудал юм. Тус буудлыг Мустай Каримын нэрэмжит болгох аж.

Симферополийн нисэх буудлыг зураач Иван Айвазовскийн нэрэмжит болгоно. Магаданд жүжигчин Владимир Высоцкийн нэр ялсан бол алдарт дуучин Дмитрий Хворостовскийн нэрийг Красноярскийн нисэх онгоцны буудалд мөнхөлнө.
Омск хотын нисэх онгоцны буудлыг ЗХУ-ын баатар, генерал Дмитрий Карбышев, Новосибирскийнхийг байлдааны нисгэгч Александр Покрышкин, Волгоград хотынхыг нисгэгч Алексей Маресьевын нэрэмжит болгоно.

Нисэх буудалд зориулсан нэрнүүдийг сонгох санал хураалтын бусад ялагч нь адмирал Геннадий Невельской /Хабаровск/, физикч Игорь Курчатов /Челябинск/, зохиолч Антон Чехов /Өмнөд-Сахалин/, зохиолч Платон Ойунский /Якут/ газарзүйч Владимир Арсеньев /Владивосток/, аж үйлдвэрийн ажилтан Акинфий Демидов /Екатеринбург/, эрдэмтэн Константин Циолковский /Калуга/, сансрын нисгэгч Виталий Севастьянов /Сочи/, цэргийн жанжин Александр Суворов /Ставрополь/, эрдэмтэн Дмитрий Менделеев /Тюмень/, вангийн хатан Ольга /Псков/ болон нисэх онгоцны зохион бүтээгч Сергей Королевын нэр /Самар хот/ юм.

“Оросын агуу нэрс” төслийн хүрээнд нисэх онгоцны буудлуудыг түүхэн хүмүүсийн нэрэмжит болгох уралдааны хоёрдугаар шат 12 дугаар сарын 10-21-ны хооронд хэд хэдэн бүс нутагт болно. Хоёрдугаар шатны санал хураалтаар Архангельск, Нижневартовск, Санкт-Петербург гэсэн гурван хотын нисэх онгоцны буудлын нэрийг сонгоно.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close