Олны танилСайн хүн

Цахим эмч Б.Баярбямба: ”Кето” дэглэм барьснаар 14 хоногт 3-5 кг жин хаях боломжтой

  • Охид бүсгүйчүүдийн дунд үргэлж гол ярианы сэдэв байсаар ирсэн жингээ хаях тухай яриа баяр ёслолын өдрүүдэд улам анхаарлын төвд ирдэг. Энэ үед эмэгтэйчүүд дор бүрнээ янз бүрийн тураах дэглэм хэрэглэж, өөрсдийнхөө бие махбодийг хохироох эрсдэлтэй байдаг. Иймд Zindaa.mn сайт уншигчдадаа зориулан тураах дэглэм, мацаг барих, фитнесс хийх зэрэг нь ямар ашиг тустай , тэдний хоорондын ялгаа, зөв хоолны дэглэмээ барихад юуг анхаарах талаар олон нийтийн сүлжээнд “Цахим эмч” нэрээр танигдсан Б.Баярбямбатай уулзаж, зөвлөгөө авлаа.

 


-Шинэ жилийн баярыг өдрүүд эхлэх гэж байгаатай холбоотой охид, бүсгүйчүүд болсон болоогүй тураах дэглэм барих нь элбэг байдаг. Та эмэгтэйчүүдэд ямар дэглэм барихыг санал болгодог вэ. Тэдгээр дэглэмийн хамгийн үр дүнтэй нь ямар арга байдаг вэ?

-Тураах дэглэмүүдийг хоёр ялгаж үздэг. Нэг нь нүүрс ус багасгасан хоол хэрэглэх, нөгөө нь өөх тос багасгасан хоол хэрэглэх гэж. Бид амьдрахын тулд хооллодог. Түүнээсээ өөх тос, нүүрс ус, уураг гэсэн гурван шимт бодисыг авдаг. Тэдгээр хоол хүнсний найрлагын нэг хэсэг нь нүүрс усыг багасгаж, нөгөө хэсэг нь өөх тосыг нь багасгах юм. Хоолны дэглэмийн талаар яривал мэдээж маш олон төрөлд хуваагддаг. Миний зөвлөдөг тураах дэглэм ихэвчлэн нүүрс ус багасгасан дэглэм байдаг. Нүүрс ус багасгасан хоолны дэглэмээс өөх тос багасгасан хоолны дэглэм гурав дахин илүү үр дүнтэй байдаг нь шинжлэх ухаанаар нотлогдчихсон. Тодруулбал, би “Кето” дэглэмийг түлхүү санал болгодог. Энэ нь өдөр тутам хэрэглэж ирсэн уламжлалт хооллолтой ч адилхан. “Кето” дэглэм мөрдөхөд эхний хоёр долоо хоногийн хугацаанд хүн хүний биеийн жингийн бүтцээс хамаараад 7, 8, 5 кг хасагддаг. Эхний ээлжинд хоол боловсруулах замд хуримтлагдсан хоол гадагшилна. Жингийн хувьд багасч эхэлнэ. Мөн хэвлийд хуримтлагдсан гаднах өөхүүдээ задлах замаар энергиэ гаргаж авдаг. Энэ нь хэвлийн хэсэгт эрчимтэй галбиржуулах давуу талтай. Цаашлаад тархи мэдрэлийн систем болон бодисын солилцоонд эерэгээр нөлөөлдөг. Дэглэм бүр өөр өөрийн гэсэн онцлог давуу талтай шүү дээ. Миний түлхүү санал болгодог энэ дэглэм шинжлэх ухаанаар судлагдчихсан, илүү монголчуудад тустай, бүр цаашилбал дэлхий нийтийн илүүтэйгээр сонирхож байгаа дэглэм. Энэ талаар миний хийсэн зөвлөгөө мэдээлэл, цахим хуудаснаа байршуулсан зүйл ч байгаа. Энэ дэглэмийг барьснаар хоёр долоо хоногт дунджаар 4 кг хаях боломжтой.

-Эрүүл хооллолт гэж таны тайлбараар юу вэ?

-Эрүүл хооллолт нь тухайн хүнийг тэжээн тэтгэх шим тэжээлт зүйл. Гэхдээ тэр зүйлийг улирлын чанартай яаж авах ёстой вэ, өөрийнхөө ажил амьдралтай яаж холбох ёстой вэ, хоногтойгоо холбож яаж авах ёстой вэ гэдэг нь өөрөө чухал. Идэхийн төлөө гэхээс илүүтэйгээр тухайн хоол хүнийг шим тэжээлээр тэжээн тэтгэж байх ёстой.

-Эмэгтэйчүүд дунд хэдхэн хоног хоолоо сойгоод л хурдан хугацаанд турчихна гэсэн нэг ойлголт байдаг. Мацаг барих гэдэг ч юм уу. Энэ талаар та тодорхой зөвлөгөө өгөөч?

-Эмэгтэйчүүд хоолоо ямар байдлаар хасдгийг мэдэхгүй байна. Ер нь бол хүн хоол бага идэж, хоолоо сойж байхад буруудах зүйл байхгүй. Одоо монголчууд бид их ховдог болчихоод байгаа.  Ер нь л өлсөж чадахгүй. Жаахан л өлсвөл дотор нь муухай оргиод, толгой нь эргээд байна гэдэг. Гэхдээ урт хугацаанд хоолоо сойчихоор нөгөө тэжээн тэтгэх шимт бодисуудаа хоол хүнснээсээ авч чадахгүй болдог. Наанадаж амин дэм, эрдэс бодис, уураг, өөх тосоо бид хоолноос авах ёстой. Тэгсэн цагт хүний эд эсүүд эрүүл байх бодисын солилцоо явагддаг. Тэгвэл урт хугацаанд хоолоо сойвол эдгээр хэрэгтэй шим тэжээлт бодисууд байхгүй болчихно. Хамгийн эхний шинж тэмдэг үс унах, хумс хэврэгших, үс гэмтэх гэх зэргээр илэрнэ. Хүний үс, хумс, арьсан дээр бодисын солилцооны хямралууд ил харагддаг. Түүнээс биш харагдахгүй дотор эрхтнүүд болох элэг, бөөр тодорхой хэмжээнд хямарч байгаа нь мэдээж. Тэднийг шууд харж чадахгүй. Харагдаж байгаа нь ингэж илэрч эхэлдэг. Арванхоёрдугаар сар эхлэхээр “Улирлын чанартай улсын уралдаан” болдог. Ингэх нь мэдээж зохисгүй. Мацаг барих хэрэгтэй, гэхдээ завсарлагатай мацаг барих хэрэгтэй. 24 цаг, 48 цаг бүр 72 цаг хүртэл хоол идэхгүй хоосон байх нь хэт туйлширсан үзэл шүү. Завсарлагатай мацаг гэж юуг хэлээд байна вэ гэвэл, хоногийн 24 цагт төлөвлөх мацаг. Бид хоногийн 24 цагийн 8 цагт нь унтдаг, 16 цагт нь сэрүүн ажиллаж амьдардаг. Хүн унтаж байхдаа иднэ гэж байхгүй болохоор 16 цагийнхаа дахиад нэг 8 цагт нь л хоолоо сойх юм. Харин үлдсэн 8 цагт нь хоолоо хүссэнээрээ зохицуулаад ид. Мөн унтаж байгаа 8 цагаасаа гадна 16 цагт нь хоол идэхгүй, шингэн юм уугаад, мацаг барьж болно. Энэ нь 8/16 гэдэг завсарлагатай мацаг барих аргачлал. Үүнийг дэлхий нийтэд илүү шинжлэх ухаанч хоол сойх арга  гэж үздэг. Энгийнээр бодоход өглөөнөөс орой хүртэл буюу унтах хүртлээ юм идэж байдаг ард түмэн байгаагүй. Одоо л ийм болчихсон болохоос. Монголчууд эрт үед өглөө цайгаа уугаад, өдөр нь гарч яваад, орой нь хөнгөхөн тараг ч болтугай уугаад амарчихдаг байсан улс байсан шүү дээ. Яг 8/16 гэж цагаа барихгүй ч гэсэн ерөнхий тийм мацаг барих зарчим монголчуудын хэв маягт байсан.  Өвлийн улиралд 24 цаг, 48 цаг мацаг барьж болохгүй. Урт хугацааны мацаг барих гэж байгаа бол эхний ээлжинд биеэ дасгах хэрэгтэй.

-Дан хоолны дэглэмээр турахаас илүү фитнесс, хоолны дэглэмийг зайлшгүй хослуулах нь илүү үр дүнтэй юу?

-Зарим хүмүүс хоолондоо анхаарахгүй зөвхөн гүйж харайгаад л байвал жингээ хасчихна гэж боддог. Жингээ хасч болно, гэхдээ их удаан хасдаг. Илчлэгийн тооцоо хийгээд үзэхэд, өндөр ачаалалтай бүтэн цаг гүйхэд 10 км орчим газарт гүйсэнтэй тэнцэнэ. Ингэж гүйж чадах хүн хэр байх билээ. Биеийн ачааллыг илчлэгтэйгээ тооцоод үзвэл бүтэн цагийн хугацаанд 10 км орчим замын зайд гүйхэд ойролцоогоор 600-800 калор өөх шатааж байдаг. Үүнийг хоолоор зүйрлэвэл хоёр бургер л шатаасан гэсэн үг. Идсэн хоолыг гүйж шатаана гэдэг боломжгүй. Тиймээс фитнесс хийж байгаа тохиолдолд хоолон дээр анхаарах нь чухал. Дасгал хөдөлгөөн юунд чухал вэ гэвэл бодисын солилцооны эргэх суурийг л дэмжиж өгнө гэсэн үг. Жишээлбэл, хүн гүйхэд цусны эргэлт сайжирдаг. Тэнцвэргүй болчихсон дааврын тогтолцоог дасгал хөдөлгөөн хэвийн болгож өгдөг гэсэн үг. Ингэснээр өөх задрах процесс зөв горимоор явах юм. Дасгал хөдөлгөөн нь хүний биеийн цаад тогтолцоог тэнцвэржүүлж өгдөг гэж ойлгох хэрэгтэй. Харин хоол нь ямар байхаас шалтгаална, хэр зэрэг хурдан шингэх зэргээс хамаардаг. Тодорхой хэлбэл, нүүрс усын агууламжтай хүнсийг хориглоод өөх тосны агууламжтай хоол идэх юм бол нүүрс усаа гаргаж авахаар өөхнүүдээ задлах замаар хоол үйлчилж эхэлдэг. Ингээд дасгал хөдөлгөөн хийгээд ирэхээр өөх шатдаг процесс, биохимийн урвал зөв зохистой болж өгдөг. Эрүүл амьдралын хэвшилд хоол 80 хувь, дасгал хөдөлгөөн 20 хувь гэж явдаг. Дасгал хөдөлгөөн өргөн хүрээг хамардаггүй боловч аль аль нь байсан цагт зөв хэмнэлд орох юм. Гол нь дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолт дээрээ анхаарах нь жин хаяхад чухал биш. Тэрний цаана эрүүлжих процесс явагдана гэдгийг ойлгох хэрэгтэй. Зорилгоо эхлээд зөв тодорхойл. Жин дээр гараад тоо нь өөрчлөгдөх төдийхөн үндсэн гол зорилго байж болохгүй. Үндсэн байх ёстой зорилго нь амьдралын хэвшлээ өөрчлөх, дасгал хөдөлгөөн, хоололтын хэв маягаа дадал болгох зэрэг бодит зорилго байх ёстой

-Стресс жин нэмэхэд нөлөөлдөг талаар сонсож байсан?

-Стресс маш их нөлөөлнө. Хүний жингийн хэлбэлзэлд 1 кг бол байж л байдаг зүйл. Хоолоо боловсруулж, өтгөн шингэнээ гаргаагүй, идсэн идээгүйн хэлбэлзэл 1 кг дотор байдаг. Өглөө жингээ үзээд 1 кг буусан болохоор нь баярлаад, орой жингээ үзсэн буцаад 1 кг нэмсэн байвал буцаад гутраад байх юм бол энэ нь үр дүнгүй. Долоо хоногийн сэтгэл санааны хямралыг гаргаад үзвэл нэг сайхан болоод, нэг муухай болоод, өөрөө өөрийнхөө сэтгэлийн тэнцвэргүй байдлыг үүсгээд байдаг. Үүний цаана сэтгэлийн хямрал тархи мэдрэлийн тогтолцоонд ирж, тархинаас ирсэн нөлөө кортизол гэдэг стрессийн даавар ихсэх механизм үүсч байдаг. Стрессийн даавар байх ёстой хэмжээнээсээ ихсэх юм бол таны бие махбодид байгаа булчингийн уургийн задралыг уучихдаг. Энэ нь ходоодонд орж ирсэн хоолнуудыг маш хурдтайгаар өөх тос болгож идэвхжүүлдэг даавар.  Стрессээс үүдэлтэйгээр хэвлийн таргалалт ихэвчлэн бий болдог гэж үздэг.  Хамгийн гол зүйл нь сэтгэлийн амар амгалан. Сэтгэлээ эхлээд зөв болгох чухал. Түүнээс биш би гоё хоол идсэн, гоё дасгал хийсэн гээд гараад уурлаад байх юм бол бие махбодь чинь тогтворгүй хэвээр байна гэсэн үг. Жингээ хасах чинь байдаг л өнгөцхөн шинж тэмдэг төдий зүйл. Мөн чанар гэдэг зүйлээ, биеэ яаж эрүүл болгох вэ гэдэг зүйлээ сайтар бодож тунгаа.

-Тэгвэл стрессээ тайлахын тулд юу хийвэл зохистой вэ?  

-Энэ нь мэдээж хүний ухамсрын асуудал. Стрессийг бууруулдаг хамгийн энгийн дасгал ерөөсөө л амьсгалын дасгал. Дэлхий даяар үүнийг хэрэгжүүлдэг. Үнэхээр та бухимдаад байвал зөв суугаад нүдээ анин, амьсгалын дасгал хийх хэрэгтэй. Ингэснээр та тайвширна.

-Бас нэгэн зүйлийг тодруулъя. Эмэгтэйчүүд дунд 18.00 цагаас хойш хоол идэх нь зөв, буруу гэсэн маргаан их гардаг. Энэ тал дээр та юу гэж зөвлөх вэ?

-Би 18.00 цагаас хойш гэхээс илүү ядаж 20.00 цагаас хойш хүнд хоолноос татгалзаж бай гэж зөвлөдөг. Нэгдүгээрт, хүн унтах дөхөж байгаа үед орой их юм идчихээр бие мах бодь түүнийг боловсруулах гэж шөнөжингөө ажиллана. “Орой махаа идвэл мангас зүүдэлнэ” гэдэг үг байдаг шүү дээ. Хоёрдугаарт, хүний хоногийн хэмнэлээр өдрийн цагаар бие махбодь идэвхтэй ажилладаг. Энэ үед энерги шаардагдаж байдаг учраас хоол нэхдэг.  Оройнболж,  хүний бие амралтын байдал руу шилжиж байхад бид хоол өгөөд байх нь тийм ч зохистой биш. Харин тараг ч юм уу хэрэглэх нь зүйтэй. Манай хөтөлбөрт явдаг хүмүүст би 20.00 цагаас хойшоо усан мацаг барихыг зөвлөдөг. Хүн хэрэгтэй шимт бодисуудаа өдөр маш сайн авч байх ёстой гэсэн санаа. Хүн ер нь яах гэж орой унтдаг юм. Унтах гэж унтдаг биш. Эсийг амраах гэж унтдаг. Нөхөн сэргээх процесс идэвхтэй явагдахын тулд нойр сайн авч, эсийн түвшинд амралт өгөх шаардлагатай. Ингэж байж бодисын солилцоо маргааш нь идэвхтэй явагдана.

-Орчин үед маш их тураах зөвлөгөө, эрүүл хооллолтын дэглэмүүд цахим орчинд чөлөөтэй нийтлэгдэж байна. Эдгээрийг хүмүүс хүссэнээрээ бас мөрдөж байгаа?

-Би хүмүүст “Кето” зөвлөгөө болон завсарлагатай мацгийг л илүү санал болгомоор байна. “Кето” дэглэм нүүрс усыг илүү багасгана. Үүнд гурил, будаа, чихэрлэг амттан, төмс зэргийг багасгах талаар зөвлөдөг. Хүний биед маш хурдан хугацаанд шимэгдэж, энерги гаргаад задарчихдаг тийм зүйлүүдийг хэлж байгаа юм. Машинаар бол аль болох удаан шаталттай энерги сайтай, бензин бага иддэг ийм машин байхыг хэлээд байгаа юм. Зарим нь энэ бензин маш сайн, энэ муу гэж ярьдаг. Үүнтэй адил хүний биед маш хурдан энерги болоод гардаг хоол хүнсний дэглэм гэж байна. Хоол хүнсэндээ уураг, тосны агууламжтай, сүү сүүн бүтээгдэхүүн, тараг, самар гэх мэт  зүйлүүдийг хэрэглэхэд жин буураад л байдаг. Тэр тусмаа хэвлийн хэсгийн дотор хуримтлагдсан өөх шатдаг. Хүмүүс  их гайхдаг. Өөх тос идээд өөхөө хайлуулдаг, жин буурдаг гэж хэлэхээр. Орчин үед л “Кето” дэглэм гэж яриад байгаа боловч монгол уламжлалаар яривал бүгд бидний хэрэглэж заншсан зүйлүүд бий. Энэ уламжлалт хоол хүнсний дэглэм дэлхий дээр сүүлд нэрлэгдсэн нэршил нь “Кето” дэглэм юм. Энэхүү дэглэм нь тархи мэдрэлийн тогтолцоо, чихрийн шижинг бууруулдаг, ой тогтоолт сайжруулдаг гэх зэрэг сайн талтай. Тэрнээс гадны улс орны япон дэглэм  зэрэг нь  япон хүний биед  илүү сайн таардаг байх магадлалтай. Яагаад гэвэл  уур амьсгал, бүс нутаг, тэр хүмүүсийн олон жилийн суурь онцлог, тэр хоол хүнсийг шингээж ирсэн хувьсалд тэр дэглэм тохирох боломжтой. Гэтэл монгол хүн япон дэглэм бариад ирэхээр хүйтэн сэрүүний улиралд биед нь яг зохицох уу, үгүй юу гэх мэт асуудлууд үүсч ирэх жишээтэй. Аль болох бүс нутгийнхаа онцлогт тааруулсан, дээрээс нь улирлынхаа шинж чанарт таарсан дэглэм барьж байвал зохистой.

Б.АМИРДАА

WWW.ZINDAA.MN

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close