УрлагЭнтертайнмент

Voice of Mongolia шоуны шүүгч Д.Отгонбаяр: Одоо цагт маш сайхан дуучид төрөхгүй байна

… Гол зорилго маань Монголын рок попын дуучдаас нэгэн сайхан гэрэлтсэн дуучин л энэ The Voice of Mongolia шоунаас гараасай. Манай баг гэхээсээ илүү энэ дөрвөн багаас хамгийн гоё дуучин нь яг үнэн шударгаар шүүгдээд, үнэн шударгаар ард түмнээсээ саналаа аваад гарч ирээсэй. Тэр хүний дуулсан дуу болгон хойшдоо ард түмэнд маань ухаарал байгаасай. Ингээд л болоо. Миний зорилго бол…

Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе.

Баярлалаа. Урин дулаан цаг ирсэн сайхан өдөр байна. Та нарт ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе.

Шоуны шүүгчээр ажиллахын зэрэгцээ өөрийн уран бүтээлээ амжуулах гэсээр ачаалал их байна уу?

Тэгэлгүй яахав.Миний өөрийн уран бүтээлийн ажлуудч их байна. Түүний зэрэгцээ“Хурд” хамтлагийн төлөвлөгдсөн ажлууд бас байна. Урьд урьдынхаасаа илүү ачаалал ихтэй л байна даа.

Шоуны шүүгчээр хэрхэн ажиллах болсон талаар яриагаа эхэлье гэж бодож байна. Анх энэ саналыг тавихад та хэрхэн хүлээж авсан бэ?

Мэдээж энэ шоу бол өөрөө маш хариуцлагатай шоу. Би өөрөө урлагийн хүн учраас дэлхий нийтийн хандлага хаашаа байна, энэ цаг үед хүмүүс яг юу сонирхож, юу үзэж байна гэдгийг мэдэх хэрэгтэй болдог. Тэгэхийн тулд бусад орнуудад зохиогдож буй шоунуудыг бүгдийг нь үздэг. Тэр тусмаа The Voice-ийг заавал үздэг. Залуус юу сонирхож, юу мэдэрч байна гэдгийг мэдэхийн тулд надад The Voice-ийг үзэхэд л хангалттай байдаг. Гэтэл харин энэ шоу Монголд зохиогдохоор болсон гэдгийг мэдэхэд их сайхан байсан. Тэрнээс гадна би урлагийн хүн учраас өөрөө энэ шоуг очиж үзье, залуусын дуу хоолойг сонсъё, тэндээс шинэ мэдрэмж авъя, шинэ авьяастнуудыг олж харъя гэж бодож байлаа. Гэтэл шоуны залуус надад шүүгчээр ажиллах санал тавьсан. Надад маш таатай бас тааварлашгүй мэдээ байсан.Энэ бол зөвхөн би өөрөө зурагтаар гарч нэр хүнд олж карьер хөөх гэдэг утгаараа биш. Энэ бол Монголын урлагийн төлөө алхам байсан. Энэ ч утгаараа МонголТВ-ийн залууст маш их баярлаж байна.

Таны энэ шоуны шүүгчээр ажиллах болсон зорилго юу вэ?

Гол зорилго бол үндсэндээ яагаад одоо цагт маш сайхан дуучид төрөхгүй байна. Жишээлбэл Т.Ариунаа, Б.Сарантуяа, С.Наран, Д.Төмөрцог, Д.Жаргалсайхан нар шиг. Үнэхээр эд нар шиг мундаг дуучдыг төрүүлмээр байна шүү дээ. Одоо тэгэхгүй бол үнэхээр бас тасарчих гээд байна шүү. Надад бол анзаарагдаж байна. Сайхан хоолойтой хүүхдүүд зөндөө байна. Түүнийг л энэ The Voice шоугаар илрүүлж тэднийг зөв замд нь хөтөлж оруулах хэрэгтэй байна. Миний гэхгүй, бидний зорилго тэр л байна. Хүмүүст юу хэрэгтэй байдаг юм бэ? Бид нарт өч төчнөөн асуудал байна. Гэхдээ бид нар бүгдээрээ дуу хуур сонсож л амьдарч байна. Сайхан дуу хуур гэдэг чинь ус агаар мэт дутагддаг зүйл байхгүй юу. Тийм учраас энэ зүйлийг бид хөгжүүлэх хэрэгтэй. Харин The Voice шоу Монгол орж ирснээр энэ чинь том соёл болж байгаа байхгүй юу.

Анх танд шүүгч болох санал тавихад та бусад 3 шүүгчээ хэн болохыг мэдэж байсан уу?

Ер нь бол мэдээгүй байсан. Дараа нь надад хэлсэн л дээ. Гэхдээ хэн ч байж болно шүү дээ. Энд заавал миний үеийн, над шиг хэмжээнд уран бүтээл хийсэн хүн байх ёстой гээд байх шаардлагагүй. Харин монголын урлагийн нүүр царай болж яваа залуус байх ёстой л гэж би дотроо бодож байсан.

Бусад 3 шүүгчийнхээ талаар ямар бодолтой байгаа вэ?

Хамт зүтгэж байгаа 3 шүүгчдээ юуны өмнө маш их баярлаж байна. Хамтдаа нэг зорилго, мөрөөдлийн төлөө, Монголын рок поп урлагт, Монгол улсад маш сайхан дуучин төрүүлэхийн төлөө л бүгдээрээ оюун ухаан, ур чадвараа зориулж байгаа. Тэгээд ч хамтдаа ингэж явж байгаадаа баяртай байна.Дүү нартаа болон найз С.Ононбаттайгаа олон жил хамт уран бүтээл хийж, нэг цаг үеийн түүхийг бичилцэж, нэг цаг үед хамт амьдарч байгаадаа маш их баяртай байна. Д.Болд шиг хүүхэд дахиж хэзээ, хэдэн жилийн дараа төрөх вэ? Д.Ука шиг ийм дайчин чанартай бүсгүй дахиж хэзээ, хэдэн жилийн дараа төрөх вэ тийм биз дээ. Энэ чинь завшаан байхгүй юу.

Та мэдээж The Voice шоуг эртнээс мэдэх байх. Харин өөрөө шүүгчээр нь ажиллахад ямар санагдаж байна вэ?

Ёстой сонирхолтой. Би ер нь элдэв хэв маяг, тийм энтертайнмент юманд их дургүй хүн байгаа юм. Яг чаддаг хүүхдийг л би түүж авч байгаа. Зарим ургац маань алдагдаж байна. Арвин ургац нь цэцэглэчихсэн, соёолчихсон тийм хүүхдүүдийг алдаж байгаад л их харамсаж байна. Гэхдээ яахав 70×30-тай л байна. 70 хувьд нь бол би санасан бодсон навч, цэцэг, мод ургамал юу байдаг юм бүгдийг нь л би түүж авч байна гэж бодож байна. Гэхдээ зүгээрээ би хүүхдүүдээ цааш нь сайн дасгалжуулаад аваад явна. Гол нь маш мэдрэмжтэй, юманд хувирч чаддаг, үг авдаг, үг даадаг, хүнийг хүндэлдэг, хайрладаг, ажил хэрэгч, хариуцлагатай, ёс зүйтэй тийм л хүн урлагаар цаашаа явж чадна. Зөвхөн хоолой явахгүй шүү.

Шүүгчийн суудалд суух хэцүү юу? Хөндлөнгөөс харахад их л амаргүй санагддаг.

Маш хэцүү. Ер нь бол шийдвэр гаргах гэдэг их хэцүү. Олон аав, ээжийн хүүхдүүд бүгдээрээ л яг адилхан бэлдсэн байгаа, бүгд л гэр бүлийнхэн нь миний хүүхэд дээр эргэчихээсэй гэж бодож, найдаж байгаа. Би чинь ер нь бол ард тийм юм болоод байгааг ер мэдээгүй шүү дээ. Бид нар л хоорондоо үзэлцээд байгаа юм байх гэсэн чинь тэр ард чинь бүр жинхэнэ гол юм нь өрнөж байсан байгаа юм. Тэгэхээр миний хувьд сонголт хийх торгон агшинууд бол урьд өмнө миний сэтгэл зүйд амсаж байгаагүй тийм зүйлийг би амсаж байна шүү The Voice шоуны үеэр. Гэхдээ сонирхолтой. Гандан буурашгүй.

Та өөрөө “The Voice-ийн оролцогч байсан бол” гэж бодож байсан уу?

Хэрвээ би The Voice-ийн оролцогч байсан бол… Би хэрвээ “Хурд” хамтлагт тоглож байгаагүй, Монгол улсын гавьяат жүжигчин цол тэмдэг ч байхгүй, 25 жил гитар тоглож байгаагүй зүгээр л өөр ажил хийдэг, энгийн нэгэн байсан бол би энэ шоунд орох байсан.Гэхдээ орох орохдоо финалыг нь авна гэж орох байсан. Заавал тийм том зорилго тавьж орно.

Та оролцогчдоос яг юуг хүлээдэг вэ? Юуг хамгийн голчилж хардаг вэ?

Дууны эхний мөр эхлэхэд л тэр дуулж байгаа хүний ухаан, мэдрэмж шууд л мэдрэгддэг. Бүр яг мэдрэгддэг. Тэр дуулж байгаа хүн хэр дотортой хүүхэд байна гэдэг бол илт харагддаг. Тэр өнгө алдах, сандрах тэвдэх юм бол хүн болгонд л байдаг гэхдээ дотортой хүн бол шал өөр. Аа, нэг эсвэл нэг юмаа бүр сайн бэлдээд ирчихсэн хүүхдүүд андашгүй байдаг. Нэг л юмаа маш сайн бэлдчихсэн, хувирч чадахгүй. Тэгээд л энэ хүүхэд бол хувирч чадахгүй юм байна, үгэнд орохгүй юм байна даа гэдгийг бол сонсоод л мэднэ.25, 30 жил урлагийн тогоонд байсан хүн юу эс андах вэ дээ. Мэдээж тэр гайхамшигтай гоё өнгөлөг тембр, хоолой гээд бүх зүйлийг нь харна. Гэхдээ л дууг яаж дуулж байна тэр мэдрэмж, ухааныг л би хамгийн түрүүнд хардаг. Зарим хүүхдүүд олдохгүй байна шүү. Гоё тембртэй гоё л дуулаад байгаа мөртлөө миний тэр хайгаад байгаа юм ерөөсөө олдохгүй.

Та яг ямар оролцогчдоор багаа бүрдүүлж, ямар тактик хэрэглэхээр шийдсэн юм бэ? Та заримдаа уянгын эсвэл орчин үеийн дуу дуулсан оролцогчдын нэг их ойшоохгүй байгаа тал ажиглагддаг.

Ер нь аливаа урлаг удахаараа классик болдог. Орчин үеийн дуу сонгож болно. Гагцхүү тэнд ухаан байна уу, гагцхүү тэнд амьдрал байна уу, гагцхүү тэнд мэдрэмж, бүх зүйлүүд л байх хэрэгтэй.Миний өөрийн тактик бол ерөөсөө хар багаасаа л би маш энгийн, яг амьдралд ойрхон, элдэв долоон хачир маяг байхгүй тэр хоолойг л эрмэлзэж ирсэн. Би ямар ч талбар дээр гарсан, тайзан дээр ч бай, үгүй ч бай хаана ч байсан би маш энгийнээр энэ багийг удирдаж The Voice-ийн финалыг үзье гэж бодож байгаа. Монголчууд энгийн юманд их хайртай шдээ. Тийм байх тусмаа л хүний хайрыг татна. Хэт энтертаймент хийгээд, хэт их бэлдээд л, хэт ихшоу хөөгөөд байвал өнөөдөр гоё, маргааш муухай. Мартагдана.“Хурд” яагаад мартагдахгүй байгаа юм бэ? Энийг л хэлье. “Хурд”-ын дуунууд энэ олон жил яагаад хуучрахгүй байна. Энийг одоо задалж ярихад наад сонингийн чинь хуудас ч хүрэхгүй. /Инээв/

Та багтаа үнэхээр элсүүлэхийг хүссэн цөөнгүй оролцогчоо бусад шүүгчдэд алдсан. Алдсандаа хамгийн их харамсаж байгаа хүн бий юу?

Тэр Хөдөө аж ахуйн дээдийн Д.Болдын баг руу орчихдог Д.Бямбахишиг дээр би их харамссан. Тэр аав нь бөх Б.Өсөхбаяр бол уг нь над руу хараад байсан. Энерги нь над руу байсан байхгү юу. Тэгсэн хэрнээ л Ононг сонгочихсон. Тэр хоёр хүүхэд дээр л би их харамссан. Бусад нь бол гайгүй ээ. Бүгд манайд байна.

Одоо таны багт нийт 15 оролцогч байна. Та өөрийн хүсч байсан хүчирхэг багийг бүрдүүлж чадсан гэдэгт итгэлтэй байна уу?

Итгэлтэй байна. Гол нь хүүхдүүдээ маш богино хугацаанд маш зөв мэдрэмж, маш их зүйлийг л өгөх хэрэгтэй. Маш их зүйлийг өглөө гээд хүүхдийг дарамтлах биш, ажлаар дарах биш. Их даалгавар өгөөд хэрэггүй. Жаахан юм хэлэхэд л эд нар өөрсдөө ойлгочихно. Тэгээд л тэр өөрсдийнх нь яг чадвар дээр нь ажиллах хэрэгтэй. Аливаа юм чинь маш сайн дадлага сургуулилт, маш сайн цаг баримталдаг ёс зүйтэй байж л цааш явна шүү дээ. Зөвхөн өнөөдөр 6 сарын дотор шоу болоод өнгөрөхөд зургаахан сарын дотор зурагтаар гараад дуучин болдог гэж байхгүй шдээ. 6 жилийн дараа дуучин болно. Нээрээ шүү.

Та дараагийн шатанд ямар арга барилаар яаж өрсөлдөх төлөвлөгөөгөө гаргачихсан уу?

Дараагийн шатанд 16 хүүхдээ авчихаад хооронд нь өрсөлдүүлнэ. Надад бол ёстой нөгөө зүрхний гэдэг шиг бодчихсон, төлөвлөчихсөн зүйлүүд их бий. Аа, үүнийг одоо би хамаагүй дэлгэж яриад байж болохгүй. “Цэрэг хүн хэзээ нууж явсан бичгээ дайсанд хэлж байлаа” гэдэг шиг, би тэр зарчмыг баримталж байгаа. Мэдээж миний хийх юмнууд тодорхой, би өөрөө ч үүнийг хийж чадна гэдгээ мэдэрч байгаа. Маш сайхан дуунууд сонгох хэрэгтэй. Хүүхдүүдийнхээ хоорондох хоолойн тавилт, хэн нь хэнтэй тулвал гоё байна гэх мэтчилэн. Тэрнээс биш сул хүүхдийг чанга хүүхэдтэй биш, чангыг нь чангатай нь, сулыг нь султай нь, дундыг нь дундтай нь яг тэгж л өрсөлдүүлнэ. Аавын хүүхдийг алагчилж болохгүй гэдэг шиг би яг л жигд үзээд, яг хэн мэдрэмжтэй байна, дараагийн Battle хүртэлх энэ цаг хугацаанд хэн нь хүмүүжилтэй, хэн нь ёс зүйтэй, хэн нь цагаа бариад хэн нь урлагтай хайртай юм бэ? Бүгд л адилхан гоё дуулаад би эргээд л авсан биз дээ. Тэгвэл хэн нь яг дуртай юм бэ, хэн нь үгэнд орохоор байна, хэн нь цаашаа хол явахаар юм бэ гэдгийгодоо бэлтгэлд ороод эхлэхээр хүүхдүүдтэйгээ харьцсанаас хойш би мэдэрч эхлэх байх л даа. Тэгээд олон дүгнэлтээс л сугалж авч үлдэнэ дээ. Зөвхөн дуулах биш шүү. Би хэлээд л байгаа.

Үзэгчдийн ихэнх нь таныг рок дуучдад илүү талтай байсныг анзаарсан. Тэгэхээр таниас яг ямархуу үзүүлбэрүүд дараагийн шатанд гарах бол? Гэсэн асуудал их сонирхол татаж байна

Мэдээж би өөрөө рок хөгжмийг яг 25 жил тоглоод ирлээ. Ер нь бол олон стилийн дуунууд зохиолоо. Хүчирхэг, чадалтай, мэдрэмжтэй, тийм л хүүхдүүдийг би багтаа авч байлгахыг хүсч байна. Шулуухан хэлэхэд нэг их нялцганаад байхгүй. Дууны сонголтуудаа хүртэл би нилээн цохилттой, нилээн олон хүмүүсийн мэдрэмж шаардсан, маш аялгуулаг тийм л зүйлүүдийг бодож байна. Тэрнээс биш нэг их нялцганах дургүй хүн шүү дээ. Гэхдээ бас нээх гоё хайрын дуунууд дуулуулна аа.

Амьд хөгжим, рок талдаа илүү үзүүлбэрүүд байгаа юу?

Ер нь бол манай багт өвөрмөц хоолойтой хүүхдүүд орж ирсэн. Тэрэндээ тохирсон гоё гоё үзүүлбэрүүдийг би бодож байна. Тэгээд каунтри маягтай ч юм уу, каунтриг роктой холих ч юм уу, гэх мэтчилэн хувирах зүйлүүд бас их байгаа. Нэг бол бүр их гоё тансаг,Rod Stewart ч юм шиг нэг тийм дэлхийн хэмжээний дуунууд л сонгох ёстой гэж би бодож байна. Орчин үеийн дуу гэдэг бол ээ дээ миний бас гаргаад байх илэрхийлэл мөн үү, биш үү? Гэхдээ байлгүй яахав би бол бүгдийг нь сонсдог. Гэхдээ л манай баг ер нь бол классик, дэлхийн хэмжээний л дуунуудыг дуулна. Тэр хэмжээний дуунуудыг дуулах ёстой гэдэг утгаар би энэ хүүхдүүдийгээ авсан учраас.

Таны бас танай багийн гол зорилго юу вэ? Та нар яг юуны төлөө хамгийн түрүүнд тэмүүлж байна?

Манай багийн гол зорилго бол ялж, ялагдаж сурах хэрэгтэй гэсэн хамгийн чухал зарчмыг ойлгож авах. Зам хол байна. Олон жил манай багийн хүүхдүүд дуулж явна. Ойлгомжтой. Тэд нар угаасаа энэнээсээ салж чадахгүй. Маш олон хүүхдүүд цаашаа дуулна гэж би бодож байгаа. Цаашид олон сайхан бүтээлүүдийг ч би тэдэнтэйгээ хамт хийнэ. Гол зорилго маань Монголын рок попын дуучдаас нэгэн сайхан гэрэлтсэн дуучин л энэ The Voice of Mongolia шоунаас гараасай. Манай баг гэхээсээ илүү энэ дөрвөн багаас хамгийн гоё дуучин нь яг үнэн шударгаар шүүгдээд, үнэн шударгаар ард түмнээсээ саналаа аваад гарч ирээсэй. Тэр хүний дуулсан дуу болгон хойшдоо ард түмэнд маань ухаарал байгаасай. Ингээд л болоо. Миний зорилго бол. Тэрнээс биш миний зорилго гэж би бол ярихгүй. The Voice гэдэгчинь бидний хамтын ертөнц учраас. Би тэгж л харж байна.

The Voice бол зөвхөн оролцогчдын төдийгүй шүүгчийн өрсөлдөөн шүү дээ. Таны хувьд бусад 3 шүүгчийн хэн нь хамгийн хүчтэй өрсөлдөгч вэ?

Бүгд л адилхан шд. Тэрийг хэн ч тааж мэдэхгүй. Манай Д.Болд ч туршлагатай, Ука ч туршлагатай байна. Гэхдээ арай сүүлд орж ирсэнээрээ Ука бол залуу байна. Шувууны бага нь жиргэдэг гэдэг шиг түрүүлээд л жиргэчихээд байгаа шд. /Инээв/Манай С.Ононбат бол бүр арвин туршлагатай хүн. Анх л 1992 оноос эхлээд бид хоёр чинь одоо болтол найзлаад л Монголын урлагийн төлөө хамт явж байна. Манай С.Ононбатаас сурах юм их байгаа шүү. Тэгэхээр бол С.Ононбат маань энд их ач холбогдол өгч байгаа. Ер нь манай 3 шүүгч гурвуулаа маш их ач холбогдол өгч ажиллаж байна.

Танд одоо сүүлийн нэг л оролцогчийг багтаа авах эрх үлдсэн. Яг ямархуу хүнийг багтаа авахыг хүсч байна?

Одоо бол би нилээн өндөр шалгууртай, нилээн өндөр зэрэглэлийн гэдэг шиг бэлтгэгдсэн цэрэг л авмаар байна. Дуулалтан дээрээ ч гэсэн намайг нэг их зовоогоод байхгүй. Аль болох түргэн энэ богино хугацаанд бид хоёр цаашаагаа нилээн явчих нилээн боловсрогдчихсон хүүхэд л олж авмаар байна. Би бол тэрэн дээрээ л эргэж харна даа.

Бидний сэтгэлд хоногшсон олон дуунуудыг зохиосон хүн нь таны болохыг хүмүүс төдий л сайн мэддэгүй байсан бололтой. Харин шоугаар дамжуулж бас тэрийг мэдэж авч байх шиг байна. Харин та энэ шоунд ажилласнаар юу мэдэж эсвэл юу сурч авсан бэ?

Мэдээж The Voice шоу бол надад дахиад нэг хөшгийг нээж өглөө. Урлагийн маань нэг хөшиг нээгдлээ л дээ. Цоо шинэ ертөнц. Мэдээж миний зохоисон дуунуудыг мэдэх нь мэднэ, мэдэхгүй нь мэдэхгүй л биз. Би энийг зохиосон гэж цээжээ дэлдэж гүйдэг хүн би биш. Миний зүрх сэтгэлээс гарч байгаа аялгуу бүхэн хүний зүрхэнд хүрээсэй, хүн түүгээр амьдарч зөв гишгэж, зөв амьдраасай гэдгийг төлөө л би баймаар байна. Нэг сайхан Гандан ороод ч юм уу, хуралд суугаад нээх гоё “Хийморийн сан” сонсчихоор хүн сайхан тайван болно доо. Нэг дуртай юмаа хүн бясалгаж сонсох ч юм уу, дуртай юмаа мэдэрчихээрээ нээх гоё болчихдог шдээ. Нээх гоё шинэ болчихсон ч юм шиг. Мандаж байгаа өглөөний нар, бороотой зуны нээх гоё өглөөний нарыг харахаар хүн их гоё мэдрэмж авдаг биз дээ. Миний зохиож байгаа дуунууд хүнд тийм л мэдрэмж өгөөсэй гэдэг мөрөөдөл, бодол тээж явдаг учраас би дуу зохиохдоо боддог, бясалгадаг, мөрөөддөг. Маш олон талаас нь бодож байж л хийдэг дээ.

Сүүлийн үед ямар дуу хийж байгаа вэ? Та шинэ хөгжим дээр ажиллаж байгаа юу?

Би ер нь войс эхэлсээс хойш олон дуунууд зохиосон. Одоо бараг12 дуу зохиочихоод байж байна шд. Яг тэр The Voice болж байгаа газрын хойд талын өрөөнд би хоёр дууныхаа аялгууг хийлээ. Өөрийн эрхгүй урлаг буцалсан газар урлаг л байдаг юм байна. Мэдрэмж л байдаг юм байна. Ер нь бол нилээн төлөвлөчихсөн юмнууд энд их байгаа. Угаасаа ч би чинь 5 жилийн давтамжтайуран бүтээлийн концертоо тоглож ирсэн. Одоо би энэ намар “Чи минь байгаа болохоор” гээд өөрийнхөө уран бүтээлийн концертийг тоглох гээд түүндээ бас бэлдэж байна. Т.Ариунаа, С.Сэрчмаа, Х.Лхагвасүрэн, Чингисийн Жагаа ах, Б.Сарантуяагээд маш олон дуучидтай хамтраад уран бүтээлээ хийгээд эхэлчихсэн. “Хурд”-тай ч гэсэн.

“Хурд” хамтлагийнхнаар ойрд сонин сайхан юу байна?

“Хурд”-ын 25 жилийн ой энэ жил тохиож байна. 25 жилийн концертоо энэ 3 сарын 8нд бүсгүйчүүддээ зориулаад хийлээ. “Хурд” бол яах вэ бид нар явдгаараа яваад, хийдгээ хийгээд, сонсдог хүмүүс нь сонсоод байж л байна. Шинэ дуу гарах болгонд л хийсэн бүтээснээ Бид нар лаг шүү, Бид нар аймаар шүүгэхээсээ илүү манай хийсэн дуунууд тэртэй тэргүй хүнд хүрэх нь хүрээд цаашаа явчихдаг тийм зам мөртэй юм байгаа юм. Энэний араас ерөөсөө санаа зовоод хэрэггүй. Ар, Өвөрмонголгүй. Дэлхий дээр 60 сая монгол байдаг гэсэн тэрний тал нь “Хурд”ыг сонсож байгаа. Би бол тэгж л боддог. Бид нар гол нь эрүүл байх хэрэгтэй. Маш мэдрэмжтэй, ухаалаг байх ёстой.

Ойрд “Хурд”-ын үнэнч сонсогчиддоо ямар бэлэг барих гэж байна?

Хурдыг сонсдог бүх үзэгч, сонсогч, Монгол түмэндээ. Одоо бол “Монгол түмэндээ” гээд хэлчихэж болох байхөө. Би 5 жилийн өмнө бол тэгж чаддаггүй байсан. Одоо бол монгол түмэндээ “Хурд” хамтлаг бол амьдарсаар байна. Маш олон сайхан бүтээл, тоглолтуудыг бид нар хийсээр байна. Бид нар бол энэ цаг үед сайхан уран бүтээлүүдийг хийгээд монголын уран бүтээлийн төлөө зүтгэж л байна. Маш олон хамтлаг дуучдыг ч дороосоо гаргалаа. Чадах ядах бүгдээрээ л бид зүтгэсээр байна. Гагцхүү Монголын ард түмэндээ гэж хэлэхэд “Хурд” бол хурдалсаар л байна. Зогсох эрхгүй тийм хамтлаг, тарж болохгүй тийм хамтлаг шүү дээ. Би гитаранд дургүй болохгүй, “Би дургүй” гэж хэлэх эрхгүй болсон. Нэгэнт өнгөрсөн. Ингээд л одоо ёстой 80 нас хүртлээ л нэг тоглож үзье. 80-аас хойш бол жаахан амарна аа./Инээв/

Таны зохиосон дуунууд их тийм уянгын байдаг. Та өөрөө ч түрүүн хэлсэн өнөөдөр маргаашдаа дуулагдах дуу бол хэрэггүй. Олон жил дуулагдах ёстой гэж. Та яг дуугаа яаж зохиодог юм. Юунаас таны дуу зохиох мэдрэмж орж ирдэг юм бэ?

Маш тайван байх үед надад цаанаасаа урсаад л, аккордууд нь нүдэнд харагдаад л ирлэг. За нэг ийм юмны тухай байвал гэдэг санаа орж ирдэг. Магадгүй хүнтэй ярьж байхад тэр хүнээс гарсан мэдрэмжийг цааш нь хөгжүүлье ч гэх юм уу, дандаа л тийм юм бодож явдаг. Машинаас хүүхдээ тэвэрч буугаад яаран гүйж байгаа залууг хараад би шал өөр юм боддог. “Амьдрал ямар гоё юм бэ” гэдэг дуу ч юм уу. Хүүхэд гэдэг яасан гоё юм бэ гэдэг дуу би зохиож болох байхгүй юу.Би ер нь рок дуу нилээн их хийсэн. “Хурд”-ын ер нь бол 230, 240-өөд дууны 70 хувь нь миний зохиол. Гэхдээ л хийсэн юмнуудаа эргээд харахад чамлалттай л байна.

Дараагийн шатанд Д.Отгонбаяр шүүгчийн багийнхан яг ямар тоглолт гаргах бол гэж хүлээж байгаа үзэгчдэд хандаж юу гэж хэлэх вэ?

Мэдээж гайхамшгийг үзүүлнэ. Гоё дуулалтуудыг л би үзүүлнэ. Мэдээж миний өөрийн туулж ирсэн туршлага гэж байна. Тэр туршлагаасаа би хүүхдүүдтэйгээ хуваалцана. Хүүхдүүд маань л маш гоё байх ёстой. Тэднээс гэрэл гэгээ цацарч байх ёстой. Тэгээд л болоо. Тэртэй тэргүй хүүхдүүдийг зритель алга ташаад л өлгийдөөд авна шд.

Цаг гарган ярилцсан танд баярлалаа. Танд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.

Баярлалаа. Та бүхний ажил, уран бүтээлд амжилт хүсье, амьдралд нь аз жаргал хүсье.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close