зөвлөгөөМэдлэгнийгэм

АГААРЫН БОХИРДЛООС ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?

Нийт хүн ам дараах зөвлөмжийг өдөр тутмын амьдралдаа хэвшил болгон хэрэгжүүлж агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах нь зүйтэй. Үүнд:

1. Биеийн дархлааг дэмжих, эсэргүүцлийг сайжруулахад анхаарах:

Илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх: Агаарын бохирдлоос хамгаалах хамгийн сайн аргын нэг нь илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх явдал юм. Дархлаа сайн байснаар элдэв өвчин тусах магадлал буурна. Иймээс чанартай, илчлэг сайтай халуун хоол хүнс тогтмол (хоол хүнсийг дөрвөн цаг тутам хэрэглэхэд тохиромжтой) хэрэглэж байх хэрэгтэй. Насанд хүрсэн хүн хоолныхоо дараа өдөр бүр С витамин уувал сайн. Энэ нь уушгины өвчлөлөөс сэргийлэх нэг арга юм. Мөн өвлийн улиралд Е витаминтай хүнс хэрэглэх хэрэгтэй.

  • Ажил амралтаа зөв зохицуулан, сайн унтаж амрах.
  • Амралтын өдрүүдэд цэвэр агаарт гарах, явган явах, ууланд авирах зэрэг нь эрүүл мэндэд тустай.

2. Гэр, орон байрны дотоод орчны агаарын чанарт анхаарах: Хүн ихэнх хугацаагаа  гэртээ буюу орон байр дотор өнгөрөөдөг. Иймээс гэр орон байрны агаарын чанарт анхаарах хэрэгтэй. Үүний тулд:

  • Гэртээ, ажлын байрандаа, машиндаа болон олон нийтийн газар тамхи татахгүй байх
  • Түлшний хэрэглээ багасгадаг шаталт сайтай сайжруулсан зуух, түлш хэрэглэх
  • Гэртээ өдөрт 2-оос олон удаа чийгтэй цэвэрлэгээ хийж, гэр доторх агаарыг чийгшүүлэх.
  • Хүүхдийг гадаа шороон дээр тоглуулахгүй байх, тогтмол гарыг нь угаалгаж занших хэрэгтэй.
  • Гэр бүлийн бүх гишүүд гадаа өмссөн хувцасаа гэртээ орохоосоо өмнө сольж байх
  • Оршин суугаа газрынхаа агаарын бохирдлын төлөвийг ажиглаж, бохирдол багатай үед орон гэрээ агааржуулах. Агаарын бохирдол өглөө болон оройн цагаар хамгийн их байдгийг анхаарах
  • Хэрэв галлагаатай орон сууц, гэрт амьдардаг бол галлах, хоол хийх үедээ аль болох утаа бага гаргах байх хэрэгтэй
  • Гэрийн дулаалгыг сайжруулах, үүдэнд амбаар ашиглах
  • Хог хаягдлаа ангилан цуглуулж, устгах. Хатуу, шингэн хог хаягдал нь холилдон химийн урвалд орж дотоод орчны агаарыг байнга бохирдуулж байдаг тул өдөр бүр хогоо гаргаж хогийн цэгт хаяж хэвших, хогийг хашаандаа шатаахыг хориглох,
  • Чанаргүй материалаар хийгдсэн, үнэр гаргадаг материалаар хийгдсэн гэрийн тавилгаа солих, аль болох хэрэглэхгүй байх
  • Химийн бодисын найрлага өндөртэй цэвэрлэгээний болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчийн зааврын дагуу ашиглах, өрөөнд хангалттай агааржуулалт байгаа эсэхийг шалгах, хүүхэд болон гэрийн тэжээвэр амьтан хүрэхгүй хол газар хадгалах, шошгон дээр дурдаагүй тохиолдолд эдгээр ахуйн хэрэглээний бодисуудыг хооронд холихгүй байх хэрэгтэй.

3. Машинаар замын хөдөлгөөнд оролцох үед: Манай улсын автомашины тоо жилээс жилд 10 орчим хувиар өсч байгаатай холбоотойгоор азотын давхар ислийн хэмжээ зуны улиралд ч төдийлөн буурахгүй байна. Автомашинаас ялгарч байгаа хийн найрлагад этилт хар тугалга, нүүрс устөрөгч, азотын ислүүд, нүүрс устөрөгчийн дутуу ислүүд зэрэг 270 гаруй төрлийн хорт бодис байдаг нь тогтоогджээ.Иймд замын хөдөлгөөн их, агаарын бохирдлын тогтонгишил үүссэн үед замын хөдөлгөөнд оролцохдоо гадна агаарыг машиндаа шууд оруулахгүй, цонхыг нээхгүй байх учир нь автомашинаас ялгарсан утаа машин дотор нэвтэрч таны болон зорчигчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс сэргийлнэ. Мөн тээврийн хэрэгслийн агааржуулалтын системдээ шүүлтүүр тавих нь зүйтэй.

4. Агаарын чанарын индексийн мэдээллэг өдөр тутмын амьдралдаа ашиглах: Агаарын чанарын индексийн мэдээг өдөр тутмын амьдралдаа ашиглахын ач холбогдлыг ойлгож, бохирдол ихтэй газраар явахгүй байх. Бохирдол ихтэй үед мэдрэмтгий бүлгийнхэн буюу бага насны хүүхдүүд, өндөр настангууд, амьсгалын замын болон зүрх судасны архаг өвчлөлтэй хүмүүс аль болох гадаа цагийг бага өнгөрүүлэх, гадаа биеийн хүчний хүнд ажил хийхээс зайлсхийх, гадаа ажиллах цагаа богиносгох нь зүйтэй.

5. Цахилгааны хэрэглээгээ хянах: Хөргөгч, телевизор, гэрэл зэрэг цахилгаан хэрэгсэлийг зохисгүй ашиглах нь цахилгааны хэрэглээг ихэсгэдэг. Үүний улмаас дулааны цахилгаан станц улам их нүүрс шатааж, цахилгаан үйлдвэрлэх шаардлагыг бий болгодог. Шаардлагагүй үед гэрэл асаахгүй байх, цахилгаан хэрэгсэлүүдийг унтрааж хэвших агаарын бохирдлоос сэргийлэхэд хувь нэмэр оруулна.

6. Агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо

  • Ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх (айл, өрх бүр мод тарих)
  • Ард иргэд агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааг дэмжин идэвхтэй оролцох
  • Гэр, байшингаа дулааны улиралд сайн дулаалах,
  • Түүхий нүүрсний хэрэглээг халж сайжруулсан түлш, зуух ашиглах
  • Цахилгаанаар, хийн халаалт, ханан халаалт зэргийг ашиглан гэрийн халаалтыг шийдэх
  • Дотоод, гадаад орчны агаарын бохирдол, түүнийг бууруулах  арга замын талаар харилцан мэдээлэл солилцох
  • Хог хаягдал, бохир усаа  ил задгай хаяхгүй  зэрэг үйл ажиллагаанд идэвхитэй оролцох

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close