Дэлхий

СИ ЖИНЬПИН: БНХАУ НЬ МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЧӨЛӨӨ, ГАЗАР НУТГИЙН БҮРЭН БҮТЭН БАЙДЛЫГ ЦАГ ЯМАГТ ХҮНДЭТГЭХ БОЛНО ХЭМЭЭН МЭДЭГДЖЭЭ

Дөрвөн жилийн өмнө Монголд айлчлахдаа ингэж хэлж байсан БНХАУ-ын дарга Си Жиньпин тус улсыг ээлж халаагүй удирдахаар боллоо. Тухайлбал БНХАУ-ын төрийн эрх мэдэл нэг хүний гарт шилжих, эргэлтийн гэмээр өөрчлөлтийг өчигдөр Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын 2984 төлөөлөгч хийж, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулжээ. Ингэснээр БНХАУ-ын өнөөдрийн удирдагч Си Жиньпин хугацаа халаагүй тус улсын эрх мэдлийг атгахаар болов. Өчигдрийн хуралд оролцсон 2984 төлөөлөгч бараг 100 хувь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар Си Жиньпин БНХАУ-ыг  хугацаагүй удирдахаар болсон дээрх санаачлагыг дэмжсэн бөгөөд  түдгэлзсэн гурав,  татгалзсан хоёр төлөөлөгчийг тодруулах ажил хийгдэж эхлээд байгааг нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлсэн талаар БНСУ-ын  өдөр тутмын “Чосен Илбо” сонинд мэдээлжээ.

Түүнчлэн ”Си Жиньпиний үзэл санаа”-г БНХАУ-ын Үндсэн хуульд оруулах асуудлыг мөн хэлэлцэн дэмжжээ. Ингэснээр түүнийг Хятадын Коммунист намыг үндэслэгч Мао Зэдунтай нэг ижил төвшинд аваачсан болохыг урд хөршийн болон БНСУ-ын хэвлэлүүдэд  мэдээлжээ.

Төрийн тэргүүнийг таван жилийн хугацаатай хоёр удаа улираан сонгох заалт Хятадын хоёр дахь үеийн удирдагч Дэн Сяопиний санаачлагаар 1990-ээд онд Үндсэн хуульд нь орсон гэдэг. Тухайн үед Мао Зэдуны бүх насаараа засаглах дэглэмээс зайлсхийхийн тулд Дэн Сяопин ихээхэн зориг гаргаж  дээрх шийдвэрийг гаргасныг өнөөдөр ч хятадууд сайн мэдэж байгаа. БНХАУ-ыг хөгжлийн цоо шинэ замаар эргэлт буцалгүй удирдсан Дэн Сяопиний  Үндсэн хуульд тусгуулсан дээрх  заалт 20 гаруй жил хэрэгжээд ийнхүү дуусгавар болж байна.

Ши Жиньпиний төрийн тэргүүний хоёр дахь хугацааны эрх мэдэл 2023 онд дуусах байсан ч тэрээр үргэжлүүлэн хэд л бол хэдэн жил БНХАУ-ыг удирдах эртэй боллоо. Тэрээр өнгөрсөн оны аравдугаар сард болсон ХКН-ын их хурлаар залгамжлагчаа зарлаагүйн шалтгаан ийнхүү бүрэн гүйцэд тодорхой болов.

БНХАУ-ын хугацаа, халаагүй  дарга Си Жиньпиний намтар

Си Жиньпин 1953 онд Бээжинд Хятадын коммунист намын нэртэй зүтгэлтнүүдийн нэг Си Жуньсюнийд төржээ. Тухайн үед эцэг нь Хятадын их удирдагч Мао Зэдуны ойрын хүрээлэлд багтаж, 1959-1962 онд Төрийн зөвлөлийн дэд дарга буюу Ерөнхий сайдын орлогчтой дүйцэх албыг хашиж явжээ. Эцгийгээ өндөр хэргэмд байх хугацаанд Си Жиньпин Хятадын бусад удирдагчийн хүүхдүүдийн хамт дээдсийн хүрээлэлд өсч байв. Тухайн үеийн БНХАУ-ын Сангийн сайд асан Бо И Богийн хүү, авилгын хэргээр цаазын ял авсан Бо Силай ч түүнтэй хамт нэг дор өссөн гэдэг. Соёлын хувьсгал эхлэхэд эцэг нь бусад томчуудын хамт албан тушаалаасаа хусагдаж эхлээд шоронд орж, улмаар цөлөгджээ. Хүүг нь ч энэ зовлон бэрхшээл тойроогүй бөгөөд 15-тайдаа хамгийн бөглүү, ядуу тосгонд цөлөгдсөн байна. 1969-1975 онд Си Жиньпин Хятадын Шэньси мужийн Янтчуань тосгонд хөтөлбөрөөр дахин хүмүүжүүлэх лагерт цөлөгдөн агуйд амьдарч, хүнд хэцүүг туулсан гэдэг.

1976 онд Мао Зэдун нас барж, Си Жиньпиний эцэг Ши Гуандунь мужийн намын нарийн бичгийн дарга болов. Тэр үед Бээжинд буцан ирсэн Си Жиньпин химийн инженерийн мэргэжлээр “Цинхуан” Их сургуулийг төгсжээ. Си Жиньпин 1979 онд сургуулиа төгсөөд эцгийнхээ анд нөхөр Гень Биаогийн хувийн туслах болж, цэргийн албанд идэвхтэй хүчин зүтгэжээ. Энэ үед Си Жиньпин Их Британи дахь Хятадын Элчин сайд Кэ Хуагийн охин буюу анхны эхнэр Кэ Линьлиньтэй гэрлэсэн гэдэг. Гэвч хэдэн жилийн дараа тэд салжээ.  1982 онд эцэг нь Коммунист намын гол хүчин болох Улс төрийн хорооны нарийн бичгийн дарга болж, Си Жиньпин Хэбэй мужийн намын нарийн бичгийн дэд даргаар томилогдсоноор улс төрийн анхны албан тушаалдаа очжээ. Албан тушаалын дагуу Си Жиньпин 1985 онд АНУ-д болсон уулзалтад хөдөө аж ахуйн төлөөлөгчөөр оролцож, ихээхэн туршлагатай ирсэн гэдэг. Тэрээр энэ туршлагадаа үндэслэн эдийн засгийн нөлөөтэй бүсүүд болох Фужиан, Зежиань, Шанхайг удирдаж байхдаа хувийн өмчийг баяжуулах, гадаад хөрөнгө оруулалт, худалдааг дэмжин Хятадын санхүүгийн системд ардчиллыг авчирсан хэмээн судлаачид өгүүлсэн байдаг.

Үүнээс хойш улстөрийн өндөрлөгүүдэд удаа дараалан шат ахижээ.  Тэрээр 2008 онд ХКН-ын Улс төрийн товчооны гишүүнээр сонгогдож, 2012 онд намын дарга болоод 2013 онд Хятадын төрийн тэргүүнээр сонгогдсон билээ.

Хятадын төрийн тэргүүн Си Жиньпин 2014 онд Монгол Улсад айлчлах үедээ “Албан ёсны айлчлалын хүрээнд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлж, уул уурхай дэд бүтэц, бусад том төслүүдийн асуудлаар харилцан санал солилцож, тохиролцоонд хүрлээ. Тэр дундаа транзит тээвэр, ХАА, дэд бүтэц, далайн боомт салбарт үргэлжлүүлэн хамтарч, цаашид дэмжиж ажиллахаар тохирлоо. Мөн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах асуудлаар судлахаар болсон. Ирэх таван жилийн хугацаанд мянган сурагч солилцоогоор сургаж, 500 цэргийн албан хаагч, 250 сэтгүүлчийг сургана. Түүнээс гадна 25 шилдэг кино, нэвтрүүлгийн зохиол үнэ төлбөргүй бэлэглэнэ. Эдийн засгийн хувьд худалдааны тэнцлийг нэмэгдүүлж, 15 тэрбум юанийн своп хэлцлийг хийхээр боллоо. Хамгийн гол нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэнчлэн талууд бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, хүч үл хэрэглэх буюу хүчээр сүрдүүлэхгүй байх, энх тайвнаар зэрэгцэн оршиж, цаашид хамтран ажиллах өргөн боломжийг нээж байна.

Түүнчлэн төмөр замын дамжин өнгөрөх хэлэлцээ байгуулсныг онцгойлон дурдаж байна” хэмээн мэдэгдэж байсан билээ. Ийнхүү БНХАУ хугацаа хязгааргүй нэг хүний удирдлагад шилжлээ. Харин энэ нь мөнхийн хөрш Монгол Улсад ямархуу байдлаар нөлөөлөхийг цаг хугацаа харуулах нь тодорхой юм.

Д.Түвшин

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close