Бусад хүмүүс

Украинд ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхэллээ

12 дугаар сарын сүүлийн өдөр украинчуудын хувьд зөвхөн улиран одож буй оноо үдээд зогсохгүй ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхэлж байна. Хуульд заасны дагуу сонгууль болохоос гурван сарын өмнө кампанит ажлыг эхлүүлэх ёстой аж. Ерөнхийлөгчийн сонгуулийг гуравдугаар сарын 31-нд товлосон учраас энэ удаагийн сонгуулийн кампанит ажил шинэ он гарахаас яг нэг хоногийн өмнө эхэлж байна.

Ерөнхийлөгчийн суудлын төлөөх өрсөлдөөнд оролцохыг хүсэгчид энэ өдрөөс эхлэн хоёрдугаар сарын 3-ны өдөр хүртэл нэр дэвшигчийн хувиар Сонгуулийн төв хороонд /СТХ/ бүртгүүлэх боломжтой. СТХ-нд бүртгүүлэх журам тав хоног үргэлжилдэг учир сонгуулийн сунгаанд ямар хүмүүс оролцох нь хоёрдугаар сарын 8-наас хойш тодорхой болно.

Энэ удаагийн сонгуулийн кампанит ажил маш хурц бөгөөд мөргөлдөөнтэй болно гэдэгт улстөрчид итгэлтэй байна. “Энд эргэлзэхгүй зүйл байхгүй. Учир нь энэ нь нийгэм, эдийн засаг болон нийгмийн улс төрийн байдалтай холбоотой байдаг” гэж Украины шинжээч Андрей Золотарев үзэж байна. Шинжээчийн үзэж байгаагаар, гуравдугаар сарын ерөнхийлөгчийн сонгуульд урьд өмнө байгаагүй олон хүн нэр дэвшинэ.

Гэхдээ украинчуудын дийлэнх нь буюу 60 хувь нь ирээдүйн төрийн тэргүүнээрээ ямар хүнийг сонгохоо одоог хүртэл шийдээгүй байгааг нийгмийн судалгааны албадаас явуулсан олон тооны санал асуулгын дүн харуулжээ. Энэ нь сонгуулийн дүнг урьдчилан таамаглахад шинжээчдэд хүндрэл учруулж байгаа аж.

Үүний сацуу “Социс” судалгааны төвөөс явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, ерөнхийлөгчийн суудалд нэр дэвшигчдийн жагсаалтыг Украины Ерөнхий сайд асан, “Батькивщина” намын дарга Юлия Тимошенко, тус улсын одоогийн Ерөнхийлөгч Петр Порошенко нар тэрүүлсэн байна. Гэхдээ Порошенко төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөх эсэхээ хараахан мэдэгдээгүй байгаа юм. Хэрэв Украины Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр болсон бол санал асуулгад оролцогсдын 19.3 хувь нь Тимошенкод, 14.4 хувь нь Порошенкод саналаа өгнө гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн Тимошенког ялна гэдэгт итгэлтэй байгаагаа 23.6 хувь нь илэрхийлсэн бол 20.8 хувь нь Порошенког ялна гэжээ. Санал асуулгыг 12 дугаар сарын 8-18-ны хооронд Украины бүх бүс нутагт явуулсан байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close