Но-той хүнУлс төрчид

Хэнтийд нөхөн сонгууль явагдаж, Н.Энхбаяр парламентад тухлах уу

-Д.ГАНТУЛГА ГИШҮҮНИЙГ НАМ НЬ Ч, АЗЫН ТЭНГЭР НЬ  Ч ХАЯЖЭЭ-

МАН-ын нэр дэвшигчдээс УИХ-ын 2016 оны сонгуулиар хамгийн их аз нь шовойсон хүн бол Д.Гантулга байлаа. Хэнтий аймгийг төлөөлж, УИХ-д хоёр ч удаа сонгогдсон Н.Ганбямба УИХ-ын 42-р тойрог дээр Ж.Оюунбаатартай өрсөлдвөл ялах боломжгүй гэж үзсэн байдаг. Тухайн үед судалгааны дүнгээр Хэнтий аймгийн засаг дарга асан Ж.Оюунбаатар рейтинг өндөртэй байв. Тус аймаг Ардчилсан намд ээлтэй аймгаар нэрлэгдэж байсайн билээ. Өөрөөр хэлбэл, МАН-ын хувьд УИХ-ын 42-р тойргийг “Үхлийн тойрог” гэж үзэж байсан тул Н.Ганбямба гэнэт нэрээ татсан байдаг.

Ингэснээр тойргийн хуваарилалт хийж байсан МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан дээр “Одоо, тэгээд энэ тойрог дээр хэнийг дэвшүүлэх юм бэ” гэсэн асуудал үүсч, Д.Гантулга “Дарга аа, би нэр дэвшье” гэж учирласнаар “виз”-ээ өвөртөлсөн байдаг. Сонгуулийн дүн түүнд ээлээ өгч, УИХ-ын хамгийн залуу гишүүнээр нэрлэгдэж байв. Тэрээр гишүүн болоод удаагүй байхдаа “Миний зорилго бол олон удаа УИХ-д сонгогдох явдал” гэсэн өгүүлбэрээр өөрийнхөө амбицыг тодорхойлж байсан билээ.

Харамсалтай нь, тэр энэ амбицаа алс хэтдээ удаан хадгалах нь байтугай дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж чадалгүй, аавын хаалга татаж болзошгүй гэсэн эвгүй хүлээлт үүсчихлээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн дуулиан тарьж байсан түүний үйлдсэн гэх хүчингийн хэрэг эдүгээ шүүх шатны байгууллагуудаар шалгагдаж, өнөө мөд нотлогдох дээрээ тулаад байна.

Прокурорын байгууллагаас түүнийг албадан саатуулж, мэдүүлэг авах шаардлагатай байгаагаа нэгэнт мэдээлчихсэн. Дээрээс нь Улсын Ерөнхий Прокуророос Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, мөрдөн байцаалтыг үргэлжлүүлэх хүсэлтээ УИХ-д оруулахаар зэхэж байгаа нь тодорхой боллоо. Улмаар анхлан шинжилгээ авч, Д.Гантулга гишүүний эд эс биш болохыг үгүйсгэсэн хариу гаргаж байсан шүүхийн шинжээчдэд давхар яллах тогтоол үйлдэгдээд байна.

Эрх баригч нам дангаараа засгийн эрх барьж буй энэ үед шүүхийн шинжилгээний анхны дүнг бариад, нам гүрийгээд суучихаж болох. Нэгэнт УИХ-ын гишүүний бүрэн эрх гэж сайхан цайз байгаа хойно. Гүрийж, гүлдийгээд яваад байж болох бас чиг замтай билээ.

Гэтэл сүүлийн өдрүүдэд энэ эвхээс алдагдаж, бүх асуудал Д.Гантулга гишүүний эсрэг чиглэсэн нь анхаарал татна. Өөрөөр хэлбэл, нам дотроосоо түүнийг түлхэх “машин” ажиллаад эхэлсэн гэх хардлага дагуулж байна.

Нам нь “Энэ хүний асуудлыг шүүхийн шатанд барих тусам намын нэр хүнд унах тул жамаар нь явуулъя” гэж шийдсэн байж болох. Нөгөө талаас олны анхаарал татсан уг хэрэг дээр шүүхийн байгууллага илтэд хүчтэй талд ажиллах нь салбарын нэр хүндэд халгаатай тул зоригтойгоор урагшлах шаардлага ч үүсчихээд байна. Ийм байдлаар бүх тохироо үндсэндээ бүрдчихсэн гэлтэй харагдаж байгаа нь нууц биш.

-НӨХӨН СОНГУУЛИЙГ ХАМГИЙН САЙН ТООЦОЖ БУЙ НЬ Н.ЭНХБАЯР-

Одоо “Д.Гантулга гишүүн эгүүлэн татагдах нь ч татагдах юм байна. Харин цаг хугацааны хувьд хэзээ вэ” гэдэг асуулт хариулт нэхэж байлаа. Энэ асуудлыг бүр эртнээс том зургаар нь харж, улс төрчийн хувьд мэргэн ухаан гаргасан хүн бол МАХН-ын дарга Н.Энхбаяр. Тэрээр нэлээд дээрээс Хэнтий аймагт тухалж, ахмад, идэр насныхантай найрсаг харилцсаар, цагаан сараар хүртэл дайлж, цайлж явна.

МАХН эдүгээ хэл амтай О.Баасанхүү гишүүний ганцхан суудлаар парламентад бүдэг хэвээр буй. Харин Н.Энхбаяр парламентад ороод ирвэл чухам тод өнгө учраас завшааныг ашиглахгүй өнгөрнө гэж үгүй. Нөхөн сонгуулийн тов хэдийд гарахыг тэд одоо ч оюун ухаандаа төсөөлчихсөн суугаа биз ээ.

Харин МАН-аас Д.Гантулгын оронд хэн очиж нэр дэвших вэ гэдэг нь ихээхэн сонирхолтой сэдэв болчихоод байна. Хан Хэнтий нутгаас парламентад сууж явсан МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх энд зүй ёсоор нэрлэгдэж буй. Гэвч яг нэр дэвших эсэх нь асар эргэлзээтэй. Намын засаглалынхаа эсрэг тэр асар том дайн хийж байж МАН-ын дарга, Ерөнхий сайд болсон. Том зургаараа тэр эдүгээ хүссэн бүхнээ авчихаад байна.

Ийм байхад хувь хүнийхээ үүднээс бандаашны хэргээс үүдсэн нөхөөсөн дээр орлон тоглолт хийхээр очих уу. Тэгж доошоо орох уу. Засгийн газарт парламент чухал дэмжлэгтэйг тэр ойлгохоороо нэг ойлгох тул танхимын гишүүдээ 100 хувь тэндээс бүрдүүлсэн. Гэхдээ яг өөрөө энэ удаа парламентын суудлын төлөө шунаж, “онигоо” болох нь юу бол гэх таамаг байна. Тэгээд ч Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хүрээлдэг гишүүд нь “Та Н.Энхбаяртай өрсөлдөж хэрэггүй, орхи” гэж зөвлөсөн сураг ч гарав.

Тэгэхээр МАН-аас У.Хүрэлсүх биш, өөр нэг дажгүй хүнээ сойгоод үзэх биз гэсэн сэтгүүлчийн таамаг дэвшүүлэх байна. Одоогоор хамгийн битүү, чухам хэрхэх нь мэдэгдэхгүй байгаа нам бол АН.

Улс төрийн намуудын хүрээнд яригдаж буйгаар, АН уг сонгуульд тохиролцох байдлаар оролцох чигтэй байна. Өөрөөр хэлбэл, суудал авна гэж улайрахгүй. Гэхдээ хүчтэй лидерүүдээ, эсвэл зүгээр хүн явуулах эсэхээ бусадтайгаа тохирч байж шийдэх бололтой.

Улс төрийн намуудын байдал Хэнтийн нөхөн сонгуулийн асуудал дээр одоохондоо ийм байна. Гэвч ирэх өдрүүдэд олон үйл явдал өрнөж, тэр тоолон таамгууд биеллээ олох эсэхийг харах үлдлээ.

MEDEE.MN

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close