Дэлхий

АУТИЗМТАЙ ХҮҮХДИЙГ ЭХЭЭС МЭНДЛЭНГҮҮТ НЬ ОНОШИЛДОГ БОЛОВ

АНУ-ын Пенсильвани дахь Ээри коллежийн эрдэмтэд хүүхдийг дөнгөж төрөнгүүт нь аутизмтай эсэхийг оношилдог багаж зохион бүтээжээ. Уг багаж нь дөнгөж төрсөн нярай хүүхдийн чихэнд богино долгионы давтамжийг сонсгох замаар тухайн хүүхэд аутизм өвчний шинж тэмдэгтэй юу, үгүй юу гэдгийг тогтоох чадвартай юм. Өөрөөр хэлвэл нярайн дунд чихэнд долгионы давтамжийг хамгийн бага түвшинд сонсгож, хариуд нь хүүхдийн мэдрэлийн эд эсүүд ямар үйлдэл үзүүлж байгаагаар нь аутизмыг оношилно гэсэн үг.
Манай гариг дээр сүүлийн 20-30 жилд аутизмтай хүүхдүүдийн тоо хурдтай нэмэгдэж байгаа бөгөөд ийм төрлийн өвчтэй хүүхэд өсч том болох тусмаа бусадтай зөв харилцаж, өөрийгөө ойлгуулах чадваргүй болдог. Улмаар тэд хүмүүс хоорондын энгийн харилцаанаас өөрсдийгөө бүрэн тусгаарладаг юм. Тиймээс XXI зууны хамгийн эмзэг мэдрэлийн өвчин гэгддэг аутизмтай хүүхдийг дөнгөж төрөнгүүт нь оношилсноор эрт үед нь эмчилгээ хийж, өвчний тархалтыг багасгахад америк эрдэмтдийн шинэ бүтээл тус болох учиртай аж. Анагаах ухаанд мэдэгдэж байгаагаар аутизмтай хүүхдэд уг өвчний шинж тэмдэг нэлээн хожуу буюу дөрвөн наснаас эхэлж илэрдэг гэнэ.
Гэвч дөрвөн настай уг өвчний шинж тэмдэг бүхий хүүхдэд хэчнээн өндөр үнэтэй эмчилгээ хийсэн ч өвчнийг бүрэн эдгээх боломжгүй байдаг. Харин энэхүү шинэ багаж нь анагаахын шинжлэх ухааны салбарт хийгдсэн бас нэг чухал нээлт болж чадлаа. Ээри коллежийн эрдэмтдийн багийн ахлагч, доктор Кулесзагийн хэлж буйгаар ихэнх аутизмтай хүүхдүүд өсч томрох явцдаа сонсголын бэрхшээлтэй болдог тул хоёр, гурван нас хүрчихсэн хойно нь уг багажаар оношлох боломж тавиас доош хувьтай гэнэ. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ дөнгөж төрөнгүүт нь манай багажийг ашиглан аутизмтай үгүйг мэдэх хэрэгтэй хэмээн Кулесза доктор ярьж байна.
Эх сурвалж: Mail Online

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close