зөвлөгөөМэдлэгнийгэмОлны танил

“Тамифлю эмийг заавал эмчийн жороор хэрэглэнэ”

Томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаа энэ үед эмийн борлуулалт эрс нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд “Тамифлю” гэх эм их эрэлттэй байгаа сурагтай. Вирусийн гаралтай ханиаданд сайн үр нөлөөтэй энэ эмийг эмийн сангуудаар 160 мянган төгрөг хүртэл өндөр үнээр худалдаалж байгаа гэх яриа ч дуулдлаа. Ингээд “Тамифлю” эмийн талаар Эрүүл мэндийн яамны Эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтэн П.Мөнхтуулаас тодрууллаа.

-Манай улсын хувьд вирусийн эсрэг “Тамифлю” эмийг хэзээнээс хэрэглэж эхэлсэн бэ?

-Анх манай улсад 2009 онд томуугийн А хүрээний H1N1 вирусийн эсрэг эмчилгээнд хэрэглэж эхэлсэн. Энэ эмийг олон улсын нэршлээр вирусийн эсрэг үйлчилгээтэй Осельтамивир гэж нэрлэдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүн амын дунд зонхилон тохиолдох өвчин эмгэгийг үед нэн тэргүүнд хэрэглэх зайлшгүй шаардлагатай эмийг сонгон хэрэглэхийг зөвлөдөг. Энэ хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зайлшгүй шаардлагатай эмийн загвар жагсаалтыг гаргадаг. Улс орнууд өвчлөлийн нөхцөл байдлаасаа хамаарч өөрийн орны зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг батлан мөрддөг. Энэ эм нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зайлшгүй шаардлагатай эмийн 20 дахь загвар жагсаалт болон манай улсын зайлшгүй шаардлагатай эмийн найм дахь жагсаалтын вирусийн эсрэг эмийн бүлэгт орсон байдаг.

-Хүмүүс энэ эмийг эмийн сангуудаар өндөр үнээр худалдаалж байна гэх юм. Зарим нь Эрүүл мэндийн яамнаас эмийн нэр цохож иргэдэд сурталчилсан гэж шүүмжилж байна. Үүнд тайлбар өгөөч?

-Манай улс 2009 оноос хойш Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хүсэлт тавьж, тодорхой хэмжээг оруулж ирж, эмнэлгүүдэд үнэ төлбөргүй өгсөн. Энэ эмийг зөвхөн эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэхээр олгодог. Ер нь “Тамифлю” вирусийн эсрэг эмийг тухайн вирусийнх нь онцлог, өвчтөний биеийн байдал, шинжилгээний дүгнэлт, насны онцлог зэргийг харгалзан үзэж, эмчийн жороор хэрэглэх ёстой. Тийм учраас хүмүүс дур мэдэн энэ эмийг худалдан авч, хэрэглэж болохгүй гэдгийг анхааруулъя.

Одоогоор манай улсын эмийн бүртгэлд Энэтхэг улсын “Straides Shasun Limited” гэх үйлдвэрлэгчийн Осельтамивир эм бүртгэлтэй байгаа. Өөр бусад хувийн эм ханган нийлүүлэх компаниуд худалдаанд оруулж ирж болно. Энэ эмийг зөвхөн эмчийн заалтаар л хэрэглэнэ. Эрүүл мэндийн яамны зүгээс салбарын бодлогоо боловсруулдаг. Тийм учраас салбар яамнаас “Ийм эмийг хэрэглэ” гэсэн шийдвэр гаргадаггүй. Эмч нар эмчилгээ оношилгооны удирдамжид үндэслэн өвчтөнийхөө биеийн байдал, насны онцлогийг харгалзан үзэж эмээ бичдэг. Энэ удирдамжид “Тамифлю” эм орсон байгаа.

-Энэ эмийг зөвхөн эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэхээр олгосон гэлээ. Ямар эмнэлгүүдэд хэчнээн тооны эм нийлүүлсэн бэ?

-Салбар яамнаас томуу, томуу төст өвчлөл өндөр байгаа дүүргийн эмнэлгүүд болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын төв гэсэн эмнэлгүүдэд үнэ төлбөргүй нийлүүлсэн. Энэ эмийг хувийн эм сан, эмнэлгүүдэд өндөр үнэтэй худалдаалагдаж байгаа асуудлыг ШӨХТГ- гомдол гаргаж иргэд шалгуулж болно.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close