Улс төрчид

Х.ТЭМҮҮЖИН: НАМУУД ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРГИЙН БҮЛЭГТЭЙ АДИЛХАН БОЛЧИХЛОО

Ардчилсан нам шинэчлэлийн бодлогынхоо хүрээнд Үзэл баримтлалаа шинэчлэн баталсан байна. Намынхаа шинэчлэгдсэн үзэл баримтлалаа олон нийтэд танилцуулсан юм. Энэ үеэр АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд үзэл баримтлалаа танилцуулсныг хүргэж байна.

АН-ын ҮБХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Манай улс төрийн намууд зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэгтэй адилхан болчихлоо. Айлган сүрдүүлэх, өширхөх, хулгай хийх, дээрэм хийх гэх мэт хийж болох бүх зүйлийг хийж байх шиг байна. Сүүлдээ төрийг хаа, гуяар нь салгаж зарах гэж оролдож байна. Энэ үйл явц нь улсыг ч зарж мэдэх хэмжээнд хүрч байна. Дэлхийд дахинд улс төрийн нам нь тухайн улсынхаа хөгжлийг тодорхойлдог, хөгжлийн бодлогыг төрд аваачих гүүр болдог. Судлаач эрдэмтдийн санааг төрд хүргэхэд хамгийн чих зөөлөнтэй, хурц хараа нь болж байна. Оюун санааны хувьд шинэ уураг тархи нь байдаг. Гэтэл манайд эсрэгээрээ хоцрогдчихсон, зөвхөн дотроо фракц бүлгээрээ талцаж хэрэлддэг. Хоёр биенээ дийлэхийн тулд зодолддог болоод хувирчихлаа. Энэ нь клиентелизм гэдэг ойлголт бий болсонтой холбоотой. Энэ нь мөнгөөр бүгдийг шийдвэрлэж, асуудлыг мөнгөөр худалдаж авдаг. Наймаачны арга зүйтэй тогтолцоо юм. Манай улс төрийн аль ч нам клиентелизм үзэлтэй. Эрх мэдэлд хүрч, ялж л байвал юу ч хийсэн яахав гэдэг. Тэнд зарчим үнэт зүйл, зорилго, эрх мэдэлд гарсныхаа дараа ямар бодлого хэрэгжүүлэх талаар ямар ч яриа байхгүй. Зөвхөн би л дарга болъё. Ялж л байвал яасан ч яахав. Ялсан хүн нь баатар гэдэг зарчимтай. Энэ нь Монгол Улсыг сүйрүүлэх хэмжээнд хүрчихлээ. Тэгэхээр клиентелизм үзэлтэй намаас салах, түүнийг намаас шахаж гаргадаг зүйл нь намын үзэл баримтлал юм.

Аль ч нам ялгагдахаа больчихлоо. Хулгайч, авлигач, хэрүүлч, зодоонч нь байна. Гэтэл аль ч намд зарчим, үзэл баримтлал яригдахгүй байгаа юм. Үзэл баримтлал гэсэн салхийг оруулж өгөх хэрэгтэй байна. Үзэл баримтлалтай нам гэдэг асуудлыг улс төрийн намын хууль тогтоомжуудаараа, улс төрийн шинэ соёлоор ч гэсэн бий болгохгүй бол улс төрийн нам Монголын ардчиллыг сүйрүүлэх гэж байна. Ардчилал, хууль дүрэм үгүй болоход дарангуйлал үүсдэг. Тийм учраас улс төрийн намуудад шинэчлэл маш чухал байна.

АН-ын ҮБХ-ын гишүүн О.Эрдэнэ-Өрнөх: Ер нь ардчилал хөгжсөн улс оронд хувь хүний эрх, эрх чөлөө, өмчийн эрхийг хамгаалсан намууд үзэл баримтлалаараа ялгарч байгаа юм. Үзэл баримтлал нь намын хувьд луужин. Монголын намууд өөр хоорондоо ялгаагүй явж иржээ. Тийм учраас цаашид намууд үзэл баримтлалаа тодотгоод, түүнийгээ мөрддөг болмоор байна. Намууд үзэл баримтлалаараа ялгарч байж, улс орныг хөгжүүлж, удирдаж чадна.

АН-ын ҮБХ-ын гишүүн Э.Бат-Үүл: Сүүлийн үед гурван онцгой зүйл ажиглагдаад байна. Нэгд, иргэд ямар нэг улс төрийн үйл ажиллагаанд орохдоо зөв, бурууг ялгахаа больж, хий хөөрдөг болжээ. Тухайлбал, ЖДҮХС-аас хулгай хийсэн хүмүүсийн эсрэг тэмцье гэхээр хашхичаад л, авлига, авлигачтай тэмцье гэхээр уухайлаад л байна. Баримжаагүй болж, хий хөөрч байна. Хөөрсөн хүмүүс үр дүнд хүрэхээс илүү улстөрчдөд ашиглагддаг. Ийм байдал газар аваад байна. Хоёрт, төрийг мангас болгох үйл ажиллагаа явж байгаа юм. Төр маш их хөрөнгөтэй болоод данхайчихсан байна. Одоо улс төрийн хувирал хийх гээд хоорондоо тэмцээд байна. Тэнд төрийн мэдэлд байгаа асар их эд баялгийн төлөөх л тэмцэл болоод байна. Гуравт, бид 100 хувь тэмцээд байхгүй болгосон гаднын үзэл баримтлалыг сурталчилдаг зүйл байна. Ялангуяа Ерөнхийлөгчийн багаас оруулж ирж байгаа нь үнэхээр сэтгэл түгшээж байна. Ийм учраас намын үзэл баримтлалаа тодорхой болгож байгаа юм. Энэ үзэл баримтлал нь төрийг мангас болгохгүй гэсэн үг.

АН-ын ҮБХ-ын гишүүн Х.Номингэрэл: Ардчилсан намын үзэл баримтлалын чухал хэсэг нь шударга ёсны эрх чөлөөний бүлэг байгаа. Шударга ёсны эрх чөлөө гэдэг нь шударга ёсыг орчин үеийн ардчилсан тогтолцоонд хууль ёс буюу хуулиар дамжуулж бий болгодог. Хуулийн засаглалыг бэхжүүлэхийн тулд цаашид ардчилсан нам ямар бодлого баримтлах вэ гэдэг өөр өөрсдийн байр суурийг илэрхийлж байна. Хуулийн засаглал нь шударга ёсыг баталдаг гол хэрэгсэл. Мөн улс төрийн болон бусад эрхүүдээ баталгаажуулдаг тогтолцоо байдаг. Монголд хууль ёс хэрэгжихгүй байгаатай холбоотойгоор нийгэмд маш их стресс бухимдал ажиглагдаж байна. Гэхдээ хууль хэрэгжихгүй байна гээд бүгдээрээ хуулиа хэрэгжүүлэхгүй гээд хаяж болохгүй. Энэ бол цаг үе, олон нийтээс үл хамаараад монгол улсын ноён нуруу, хөгжлийн суурь болдог учраас хууль ёсыг сэргээн хэрэгжүүлэхийг шаардах ёстой.

АН-ын ҮБХ-ын гишүүн Б.Бямбасайхан: Эдийн засгийн эрх чөлөө гэдэг маань иргэд Монголдоо сайхан амьдрах боломжийг олгохыг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, монгол хүн эх орондоо бизнес эрхлээд, дэвшилтэт технологи ашиглаад тогтвортой тоглолт хийх боломжийг хэлнэ. Дэлхийн хамгийн их хүн амтай том зах зээл Монгол Улсыг тойрч оршдог. Эдийн засгаараа хөгжих боломж бидэнд байна. Үүнийг хэрэгжүүлэхэд эдийн засгийн эрх чөлөөтэй байх хэрэгтэй. Иргэн өмчтэй байх нь эдийн засгийн эрх чөлөөг илтгэдэг. Иргэний өмчийг төр хамгаалж, өмчөө томруулах боломжийг хэлээд байгаа юм. Бизнес эрхлэх орчин нь тогтвортой, хүртээмжтэй, эдийн засгийн өсөлтийг хангасан, татвар нь хариуцлагатай байх ёстой. Бизнес нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжсэн байж, Монголд эдийн засгийн өсөлтийг бий болгох учиртай. Эдийн засгийн өсөлт гэдэг нь монгол хүн ажилтай, орлоготой байхыг хэлж байгаа юм. Монголд байгаа эдийн засгийн нөхцөлийг өөрчлөх шаардлагатай. Ингэж шинэ үйлдвэр, шинэ салбаруудыг бий болгох ёстой. Ингэхийн тулд эдийн эрх чөлөөг хэрэгжүүлэх юм.

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close