Сайн хүн

САЙХАН ХАЙРЫН НЭГЭН ТҮҮХ

Сайхан хайр байдаг юм олдвол алдаж болохгүй. Хорвоо ертөнц сайн сайхан зүйлээр дүүрэн, тэдгээр зүйлсийн эх үндэс нь хүмүүний хайр.

Хайр дотроо олон янз. Эх орноо хайрлах хайр, эх дэлхийгээ хайрлах хайр, үр хүүхдээ хайрлах эцэг эхийн хайр бас эцэг эхээ хайрлах энэрэх үр хүүхдийн хайр. Тэдгээр хайрын дундаас хүн төрөлхтөн оршин тогтнох үндэс болдог нэгэн хайр нь хүн хүнээ, эсрэг хүйстэн бие биенээ хайрлах хайр юм. Хүн бүр л хайрлаж дурладаг. Тэр хайрандаа үнэнч байна уу эсвэл хэврэг үү гэдгээр нь тухайн хайрыг дүгнэж болно. Ер нь одод, урлаг соёлын алдартнуудыг хөнгөмсөг, хайр дурлалын явдалд замбараагүй ханддаг хэмээдэг.

Гэхдээ энэ нь Оросын алдарт жүжигчин Константин Хабенскийд огтхон ч хамаагүй. 1972 онд Ленинград хотноо төрсөн тэрбээр багаасаа л урлагт дуртай нэгэн байсан. Түүнийг бид 2009 онд дэлгэцнээ гарсан “Адмирал” киноны гол дүр адмирал Александ Колчакын дүрээр нь сайн мэднэ. Орос бүсгүйчүүдийн нууцхан хайрын эзэн тэрбээр 2000 онд 28 настайдаа хуучнаар Ленинград, одоогийн Санкт Петербургийн нэгэн радиогийн сэтгүүлч Анастасия хэмээх бүсгүйтэй гэрлэсэн.

Константин Хабенский зөвхөн гайхамшигт жүжигчин төдийгүй,гайхалтай сайн үйлстэн юм. Эхнэр нь 2007 онд хүүгээ төрүүлээд хорт хавдраар өвчлөхөд тэрээр тансаг харшаа зарж, өчнөөн өр зээл тавин бүр тухайн үед гол дүрийг нь бүтээж байсан “Адмирал” , “Хувь заяаны эрхээр 2” кинонуудынхаа бүх хөлсийг урьдчилан авч эмчилгээнд нь зориулсан гэдэг. Гэвч жил гаран Лос Анжелесийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эхнэр нь нөхөр, хүүгээ орхин одсон юм.

Эхнэрээ цаг бусаар алдсан Хабенский жирийн л нэг байранд амьдарч, бараг бүх орлогоо буяны үйлсэд зориулж байна. Одоогоор тэрээр 150-аад тархины хорт хавдартай хүүхдийг авраад байгаа юм байна. Түүнд 2012 онд бүх нийтийн санал асуулгаар ОХУ-ын “Ардын жүжигчин” цол олгожээ.

Энэ бүхэн түүний эхнэрийнхээ төлөө хийж чадаагүй зүйлээ гүйцээх, бусдад тус хүргэх гэсэн хүн чанарын илэрхийлэл билээ. Түүнийг эхнэртэй хязгааргүй хайртай байсан гэдгийн гэрч нь түүний хэлсэн үгнээс илхэн. Константин Хабенский “Зарим хүнд ганц бүсгүй хангалттай санагддаггүй байхад өөр нэгэнд цорын ганц бүсгүйг хайрлахад амьдрал хүрэлцдэггүй” хэмээн хэлсэн байдаг.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close