Но-той хүн

Ч.Ганзориг: Монгол Улс Арбитрын шийдвэрийг биелүүлэхээс татгалзах эрхтэй

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ганзориг Жастын Батхүүгийн хэрэгтэй холбоотой асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлж эхэллээ. Тэрээр өдөр тутмын хэвлэлээр дамжуулан олон нийтэд хандаж түүний гарын үсэг хуурамч бөгөөд Монгол улс Арбитрын шийдвэрийг татгалзах эрхтэй. Энэ талаарх саналаа төрийн гурван өндөрлөгт бичгээр хүргүүлсэн болохоо мэдэгдээд байна.

Жаст групп, Стандарт банкны хооронд хийгдсэн зээлийн баталгааг “Эрдэнэт” үйлдвэр гаргасан гэх асуудлаар хууль, хяналтын байгууллага 2013 оноос шалгаж байгаа. Одоо ч үргэлжилсээр байгаа. Тэгвэл 2007-2013 онд Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ганзориг сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа зарим асуудалд өөрийн байр суурийг илэрхийлээд байна. Тэрээр баталгааны асуудал үнэн мөнөөрөө шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа учраас өнөөг хүртэл хууль хяналтын байгууллагуудын хийж байгаа шалгалтад нөлөөлөх вий гэж болгоомжлон хэвлэл, мэдээллийн байгууллагад хандаж, аливаа нэг тайлбар хийхийг оролдоогүй гэжээ. Харин энэ удаад олон нийтэд хандахаас аргагүй болгосон үндэслэл нь Засгийн газар Лондонгийн Арбитрын шүүхийн шийдвэрийг харгалзан “Эрдэнэт” үйлдвэрт Өмнөд Африкийн Стандарт банктай арбитрын тогтоосон төлбөрийн дүнг багасгах үүднээс яриа хэлцэл хийх зөвшөөрөл өгсөнтэй холбоотой гэжээ. Учир нь Арбитрын шүүхийн шийдвэр гарсан ч Монголын шүүхэд одоог хүртэл албан ёсоор хүргүүлээгүй байгаа. Тиймээс шийдвэртэй холбоотой аливаа яриа хэлцлийг Монголын тал яаран хийх шаардлагагүй гэжээ. Хэрэв ингэх юм бол “Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай” олон улсын конвенцоор засгийн газар өөрт олгогдсон эрхээсээ сайн дураараа татгалзаж байгаа хэрэг болно гэжээ.

Тодруулбал энэ конвенцийн дагуу Жаст групп, Стандарт банкны хооронд хийгдсэн зээлийн гэрээнд Эрдэнэт үйлдвэрийн гаргасан гэх баталгааны асуудлаар манай тал өөрийн байр суурийг нотлох баримтуудын хамт үндэслэлтэй тайлбарлаж чадвал арбитрын шийдвэрийг биелүүлэхээс татгалзах хүртэл эрхтэй юм байна. Тиймээс тэрээр энэ талаарх холбогдох саналаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нарт бичгээр хүргүүлсэн байна. Мөн Ганзориг өөрийнх нь гарын үсэг хуурамч байсныг олон улсын шинжээчид, шүүх шинжилгээний байгууллага тогтоосон. Тиймээс Монголын шүүх ч тогтооно гэдэгт эргэлзэхгүй байна гэжээ. Тэрээр мэдээллийнхээ төгсгөлд Стандарт банкнаас 213 сая ам.долларын зээл Эрдэнэт үйлдвэрийн дансанд орсон гэх мэдээлэл нь ташаа бөгөөд тэдгээр шилжүүлэг нь Жасттай холбоотой зээл биш зэсийн борлуулалтын орлого байсан гэдгийг залруулж, Энгийн логикоор бодоход ч аль ч банк батлан даалт гаргасан этгээдийн дансанд зээлийг шилжүүлдэггүй нь тодорхой гэж байр сууриа илэрхийлжээ.

Ч.Дэлгэрцэцэг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Монголын олигархууд л улс орныхоо дагаж мөрдөж байгаа хуулийг нулимж нийгмээ үл тоомсорлодог шигээ эх орныхоо оршин тогтнох үндэсийн нэг болдог улсын гадаад нэр хүнд, олон улсын харилцааны хэм хэмжээнд хувийн ашиг сонирхолынхоо үүднээс ханддаг. Чамайг эргэн тойронд чинь хүлээн зөвшөөрөх шаардлагатай гэж бодож байвал тэдний харилцааны хэм хэмжээг хүндэтгэх хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close