Дэлхийзөвлөгөө

“ТАВАН БОГД”-ЫНХОН АШИГ ОЛЖ Л БАЙВАЛ АЖИЛЧДЫНХ НЬ ЭРҮҮЛ МЭНД, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ОГТХОН Ч ХАМААГҮЙ БОЛОЛТОЙ

“Зайсан KFC” түргэн хоолны газраар үйлчлүүлсэн иргэд хордлого авсан хэрэг хоёрдугаар сарын 12-нд гарсан билээ. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл “Зайсан KFC” түргэн хоолны газраар үйлчлүүлсэн иргэдээс 247 хүн өвчилснөөс 42 нь эмнэлэгт эмчлүүлж байгаа юм. Тэгвэл энэ тоо өдрөөс өдөрт өссөөр байгааг эрүүл мэндийн байгууллагын эх сурвалжууд сануулсаар байгаа.

Гэвч олон иргэд, гэр бүлээрээ хордсон энэ ноцтой асуудалд “KFC” сүлжээг ажиллуулдаг “Таван Богд” группийн охин компани болох “Таван Богд Фүүдс” ХХК-ийнхан огтхон ч анхаарал хандуулахгүй, аль болох хариуцлагаас мултрах арга саам хайсаар байгаа билээ.

Сануулбал, анх “Зайсан KFC” түргэн хоолны газраар үйлчлүүлсэн иргэд хордлого авсан даруйд “Таван Богд Фүүдс” ХХК-ийн холбогдох ажилтнуудаас тодруулахад “энэ талаар мэдээлэл алга. Бид мэдэхгүй” гэх мэтээр хариуцлагаас зугтаж байлаа. Тэрчлэн “KFC”-д хүн хордсонд биш хэвлэлүүд мэдээлсэнд харамссан мэдэгдэл хүртэл гаргаад амжсан.

Гэтэл саяхан “KFC”-ийн ажилтан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “..магадгүй ажилтан 00 орчоод гараа угаагаагүй байж болно” хэмээн хэнэг ч үгүй ярьжээ. Мөн энэ хооронд “Таван Богд” Группын Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан бодит тоог хэвлэлийнхэнд өгөхгүй байхыг хүс ч “ХӨСҮТ” рүү утас цохисон талаар хэвлэлийнхэн шуугьж байна. Тэд ингэж л компани болон “KFC” сүлжээндээ хир халдаахгүй гүрийцгээх аж. Ийнхүү “Таван богд”-ынхоны үзэж байгаагаар компанийнх нь нэр хүнд аврагдаж, хамгаалагдаж байвал хэдэн хүн хордох, цаашилбал хүн үхэх нь ч хамаагүй бололтой.

Тэгвэл өнөөдөр /2019.02.18/ НМХГ-аас “KFC”-гийн хоолонд хийсэн шинжилгээний хариуг албан ёсоор танилцууллаа.  НМХГ-аас мэдээлэхдээ “Энэ сарын 12-ны өдөр ХУД-ийн 11 дүгээр хороонд байрлах “Таванбогд фүүдс” компанийн Зайсан KFC салбараар үйлчлүүлсэн иргэд хордсон асуудал гарсан. Хяналт шалгалтыг зургаан өдрийн турш нойр хоолгүй, нэлээн өндөр хэмжээний зардал гаргаж хийж байна. Хоолны 39 дээжийг авч шинжилгээний лабораторид хамруулсан. Мөн ажлын байрны тоног төхөөрөмж, агаарын шинжилгээ угаалга шинжилгээ гээд нийт 94 сорьцыг шинжилгээнд хамруулсан байгаа.

Зайсангийн салбарын үйл ажиллагааг зогсоосон. Тухайн салбар нь 28 ажилтантай. Тухайн ажилчдын эрүүл мэндийн дэвтрийг шалгахад арьсны халдварт өвчний шинжилгээнд хамрагдаагүй, үзлэг дутуу байхад баталгаажуулсан, албан тушаалтны гарын үсэггүй, тамга дарагдаагүй, шинжилгээ хийсэн эмчийн гарын үсэггүй зэрэг зөрчлүүд илэрсэн. Хоол үйлдвэрлэл, эрүүл ахуйн зохистой дадлыг хэвшүүлээгүй. Ажилчдын эрүүл мэнд, ариун цэврийн байдалд дотоодын хяналт тавьдаггүй. Холбогдох бүртгэл хөтлөөгүйгээр явагддаг зөрчил илэрсэн. Мөн үйл ажиллагаандаа халдваргүйжүүлэлтийн бодис хэрэглэхдээ МХЕГ-ын зөвшөөрөлгүй бодис хэрэглэж байсан.

Хамгийн ноцтой нь хоол хийхэд оролцдог ажилчид нь мэргэжлийн үнэмлэхгүй байсан. ХӨСҮТ-өөс өгсөн шинжилгээгээр дөрвөн өвчтөн, хоёр ажилтнаас нян илэрсэн. НМХГ-аас гаргасан шинжилгээгээр ундны усанд бичил биетэн зөвшөөрөгдөх хэмжээнээс 2.5 дахин их халуунд тэсвэртэй гэдэсний савханцар 152 илрээд байна. Тус салбараас нийт 4 зөрчил илэрсэн. Зөрчлийн тухай хуулиар тус бүрд нь 5 хүртэлх сая төгрөгөөр торгоно. Тэгэхээр нийтдээ 20 сая төгрөгийн торгууль ногдуулна” гэлээ.

Мөн өнөөдөр НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хурал дээр дараах мэдээллийг өгсөн байдаг. Тэрбээр “Манай газарт энэ сарын 11-ний өдөр дуудлага ирж, 12-ний өдөр “Зайсан KFC” түргэн хоолны газрыг хаасан байгаа. Тус газарт хоёрдугаар сарын 8-15-ны өдрүүдэд хоол идсэн 116 хүнд ойр ойрхон усархаг гүйлгэх, зарим хүнд бөөлжих, халуурах зэрэг эмнэлзүйн ижил шинж тэмдэг илэрч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа 37, гэрээр эмчийн зөвлөгөөний дагуу эмчлүүлж байгаа 79 хүнд хоолны хордлогот халдварын ижил эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн.

Манайхаас хяналт шалгалт хийж, 39 төрлийн хоолны дээж, 41 нэр төрлийн хүнсний түүхий эд бүтээгдэхүүн, ундны усны 2, агаарын 5 сорьц, 4 ундааны сорьц авч лабораторид нян судлалын шинжилгээнд хамруулсан. Мөн тус түргэн хоолны газрын нийт 28 ажиллагсдаас ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч, лаборант нар тухайн ажлын байранд байрлан эрүүл мэндийн үзлэг хийж, нян тээгч илрүүлэх шулуун гэдэсний арчдасын сорьц авч шинжилгээнд хамруулаад байна.

Шинжилгээний хариу гарсан. Ус болон бүтээгдэхүүнээс өвчин үүсгэгч илэрсэн. Мөн тус байгууллагын хоёр ажилтан цусан суулга өвчний халдвартай байсан нь илэрсэн. Эрүүл мэндийн үзлэгийн хуудсыг хуурамчаар үйлдсэн байсан. Өнөөдрөөс тус түргэн хоолны газрын бүх салбарыг хаахаар болсон. Мөн бүтээгдэхүүнийг устгах ажиллагаа явагдах болно” гэсэн юм.

Энэ бүхнээс үзэхэд “KFC” түргэн хоолны газраар үйлчлүүлж гэр бүлээрээ хордсон 247 иргэн эцсийн дүнд хоолноос тэр дундаа тахианаас бус тус байгууллагын ажилтнуудаас халдвар авсан болж замхрах нь ээ. Тэрчлэн олон зуун иргэдийг гэр бүлээр нь хордуулсан “Таван Богд Фүүдс” ХХК-ийн “KFC” сүлжээнийхэн гаргасан зөрчлийнхөө төлөөсөнд хэдхэн төгрөгөөр торгуулсан дүр үзүүлж асуудлаас бултах нь тодорхой боллоо.

Харин энэ бүхний эцэст баян компанид гэр бүлээ тэжээхээр ажил хийж байсан жирийн иргэд хариуцлагад унаж, золиослогдох нь ээ. Учир нь “Зайсан KFC” түргэн хоолны газарт ажилладаг эрүүл мэндийн асуудалтай гэх хоёр ажилтанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болсон тухай мэдээлээд байгаа билээ.

Ийнхүү олон иргэдийг гэр бүлээр нь хордуулсан “KFC” сүлжээг ажиллуулдаг “Таван Богд Фүүдс” ХХК-ийнхан асуудлаас мултрах арга нь тодорхой болов бололтой. Гэтэл тус компанийн ажиллуулдаг дан ганц “KFC” гэлтгүй Pizza HutLittle sheep hot potМиражСакураНагоми гэх хоолны газруудад хүн хордохгүй гэх баталгаа алга. Учир нь гарсан зөрчлөөс үзэхэд “Таван Богд”-ынхон ашиг олж л байвал ажилчдынх нь эрүүл мэнд хийгээд үйлчлүүлэгчдийн аюулгүй байдал огтхон ч хамаагүй бололтой.

А.Тамир

АРДЧИЛАЛ.МН

 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close