Сонин хачин

БАХАРХАЛТ ХАЙРХАНАА МӨРГӨЛЧДӨӨС ХАМГААЛЪЯ

Монголчуудын хийморь бахдалын шүтээн болсон уул бол яах аргагүй “Бурхан Халдун” хайрхан билээ. Тиймээс он цагийн туршид олон Монголчууд их хайрханаа тахин шүтэж ирсэн байдаг. Гэвч цаг шинэчрэх тусам Төрийн тахилгат, Үндэсний бахархалт тэр их уул өөд зоригчдын хөл тасрахаа болжээ.

Юун түрүүнд “Бурхан Халдун” хайрханы талаар орчин цагийн залууст товч танилцуулъя. Тус уул нь Монгол хүний зүрх сэтгэл сүсэг бишрэлд гүн шингэсэн газар билээ. Түүхийн эхэн үед Хан Хэнтий уулыг нийтэд нь “Бурхан Халдун” гэж нэрлэж байжээ. Мөн Хэнтийн нуруунд “Бурхан Халдун” гэсэн 13 нэр байдаг ажээ. Тэдгээрийн дотроос хамгийн өндөр оргил нь “Бурхан Халдун” нэртэйгээ үлдсэн ажээ. Тэмүжин Бүрги эрэг гэдэг газар нутаглаж байхад нь тайчууд дайлан ирсэн. Тэр үед Тэмүжин Бүрги эргээс 24 километрт орших Мөнхжаргалан уулын зүг өдөртөө зугтаан хүрч очсон. Энэ ууланд тэр олон жил амьдарсан. Тийм учраас энэ уул бол жинхэнэ төрийн тахилгатай “Бурхан Халдун” уул байх ёстой” гэсэн санааг дэвшүүлснээр албан ёсоор “Бурхан Халдун” уул аль вэ гэдгийг тогтоожээ.  1992 онд 12.000 хавтгай дөрвөлжин  километр талбайг нь Хан Хэнтийн тусгай хамгаалалттай бүс хэмээн тогтоож улсын хамгаалалтад авчээ. “Бурхан Халдун” уул нь ар өврөөрөө битүү модоор хучигдсан, зөвхөн ойр хавьдаа сийрэг модтой, тайгын тачир ургамалтай уул юм.

Хиад боржигоны өвөг Боданчар мунхгийн үеэс тахиж Чингис хааны үед л Хамаг Монгол хийгээд Монголын их эзэнт гүрний сүлд уул болгон тахиж, түүнээс хойш хэдэн зуун жил үе улиран тахиж ирсэн “Бурхан Халдун” уулыг ЮНЕСКО-гийн дэлхийн өв соёлд бүртгэжээ. Монголын нууц товчоонд үндсэн нэрээрээ 27 удаа бүртгэгдсэн, монгол түмний зан заншлыг тэр чигээр нь тусгасан, археологийн ямар нэгэн ул мөр илрээгүй, судалгаа хийгдээгүй, онгон дагшин хайрхан гэдэг үзүүлэлтүүдээр дэлхийн соёлын өвд бүртгэгджээ.

“Бурхан Халдун” ууланд дээд, дунд, доод хэмээх гурван овоо байдаг. Доод овоо нь уулын бэлд, дунд овоо нь уулын дунд хавьцаа байдаг. Уулын орой нь цэлийсэн том талбайтай. Талбайн дунд бараг хүний гараар хийсэн гэмээр хөмөрсөн тэвш мэт тавцан байдаг. Арван давхар барилгаас ч өндөр энэ уулан дээрх шовгор нь дээд овоо юм. Бэлд байх бага овооноос дунд овоо хүртэл гайгүй сайн мориор хоёр цаг орчим зүтгүүлж хүрдэг. Дунд овооны тэнд метр орчмын голчтой том хүрэл тогоо бий. Уулын орой дахь их овооны тэндээс доош явахад энгэр талын зууван дуу хавцалд тунгалаг сайхан нуур бий. Үндэсний бахархалт “Бурхан Халдун” хайрханыг багтаасан Хэнтийн дархан цаазат газарт Онон, Хэрлэн, Туул голуудын ай савыг хамарсан газар нутгийг эзлэн оршдог. Төрөл бүрийн булш хиргисүүр, хүн чулуу, буган хөшөө, Сарьдгийн хийдийн туурь, Хагийн хар нуур, Өглөгчийн хэрэм гэх мэт түүх соёлын олон өв, байгалийн үзэсгэлэнт газрууд давхар хамгаалалтад орсон.

“Бурхан Халдун” хайрханыг 1995 онд Ерөнхийлөгч П.Очирбат, 2004 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2009 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар тус тус зарлиг гарган “Төрийн тахилгат уул” хэмээн нэрлэж уулын тэнгэрийг тайх төрийн ёслолыг 4 жилд нэг удаа үйлдэж байхаар тогтсоноос хойш 1998, 2002, 2006, 2010, 2015 онд тахилга үйлдсэн байна. Түүнчлэн 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан “Бурхан Халдун” хайрханыг “Монгол түмний “Үндэсний бахархалт хайрхан” гэж зарлажээ.

Гэвч өнөөдөр аз, бурзайд итгэдэг. Хэдэн ууланд гараад ч хийморь нь сэргэдэггүй зарим Монгол эрчүүд Төрийн тахилгат, Үндэсний бахархалт хайрханаа шүтэхээсээ илүү сүйдлэх болжээ.

Жил бүрийн сар шинийн баярын дараагаар ихсийн газар болох “Бурхан Халдун” өөд зоригчдын цуваа нэмэгдсээр байгаа. Түүнийхээ хирээр тэр их хүний өргөл барьцанд уул овоо нь сүйдэж, уут, сав, хог новшинд дарагдах боллоо. Энэ талаар жил бүр хэвлэл мэдээлэл, цахим орчноор анхааруулдаг ч сүслэн мөргөгчдийн хэн нь ч үл тоодог бололтой. Уг нь Монголчууд уул, овоонд сүслэхдээ байгаль дэлхийгээ аргадаж, ариун дагшинд нь сүслэдэг жамтай. Тэр бүү хэл тахилга тайлагны цагаас бусад үед уул, овоонд элдэв идээ шүүс, архи дарс өргөдөггүй уламжлалтай.

Гэтэл орчин цагийн мөргөлчид ууланд гарч малгайн утаа үргээхдээ шил архи, тавгийн идээ барьж сүрийг үзүүлж, бяраа гайхуулдаг болжээ. Харин тэдний ийнхүү сүр болж сүсэг үйлдсэн ул мөр нь байгаль дэлхийг аргадах бус бузарлачхаж байгаа хэрэг билээ. Яг  ийм дүр төрх сүүлийн 10 жил Төрийн тахилгат, Үндэсний бахархалт “Бурхан халдун” хийгээд бусад шүтлэгт уулсын оройд үзэгдэх боллоо. Энэ байдлаас үзэхэд тэр их ууланд хийморио даатгагчид энэхүү тэнэглэлээ зогсоохгүй нь бололтой.

Тиймээс энэ асуудлыг холбогдох яам, сум орон нутгаас нь анхаарч нэг тийш болгохгүй бол бахархалт уулын оргил маань Улаанбаатар шиг хогонд даруулах нь ээ. Уул овоондоо мөргөж, сүслэлгүй яахав. Ул боов, шил архи, элдэв зүйлсээ бүү аваачиж хая Монголчууд аа.

А.Төмөр

АРДЧИЛАЛ.МН

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close