Дэлхийзөвлөгөө

УИХ-ЫН ГИШҮҮН Б.НАРАНХҮҮ ХИЙСЭН АЖИЛГҮЙ ТУЛ ХЭДЭН ТӨГРӨГӨӨР ТОГЛОЛТ ЗОХИОН БАЙГУУЛСНАА ТАЙЛАГНАЖЭЭ

УИХ-ын намрын чуулган хэрүүл тэмцлээс өөрөөр хийсэн шидгүй өндөрлөсөн.Чуулган хаагдахтай зэрэгцэн тойргоо умартсан гишүүд тал тал руу давхилдаж эхэлсэн. Сар шинийн баяр давхцуулан хурлаа завсарлуулсан тэд умартсан тойрогтоо хэсэгтээ ажилласан билээ. Ингэхдээ хийсэн ажлаа тайлагнасан болж, хийхээр төлөвлөж байгаа ажлуудаа сонгогчид доо танилцуулаад, гарын бэлэг, хэдэн шагналаа гардуулаад буцсан юм.

Тэдэн дундаас сүүлийн өдрүүдэд нэгэн гишүүний ажлын тайлан олон нийтийн сонирхлыг татаж, хөх инээдийг хүргээд эхэлжээ. Тэр гишүүн бол хууль санаачилж, бодлого ярьж, бүтээн байгуулалт өрнүүлдэггүй, байр, машин, мөнгө, гурил тарааж олны итгэлийг өвөртөлдөг “сайн ах” хэмээн хочлогдоод байгаа УИХ-ын гишүүн Б.Наранхүү билээ.

Тэрээр бусад гишүүдийн адилаар чуулганы завсарлагаар нутгаа зорьж, ажлаа тайлагнажээ. Ингэхдээ эрхэм гишүүн Б.Наранхүү Дундговьчуудад юу хийснээ биш, юу өгснөө шил дараалан тоочин ярьж иргэдийн ундууцлыг хүргэжээ. Тэрээр Дундговьчуудад ажлаа тайлагнахдаа ингэж ярьжээ.

УИХ-ын гишүүн Б.Наранхүү: “УИХ-ын гишүүний ажлыг хийж байх хугацаанд Дундговьчууд мал сүргээ хамгийн ихэд өсгөсөн байна. Мөн хурдан сайхан буянаа улс, бүсийн наадамд хамгийн олныг түрүүлгэсэн байна. Хоёр сайхан цолтой бөхчүүд маань гарсан байна. Нийт 13 гавьяат, хоёр ардын жүжигчин, нэг хөдөлмөрийн баатар цолтон төрж гэх мэтчилэн алдартнууд маань төрийн дээд одон медалиар шагнуулсан байна.

Түүнчлэн дуучин Т.Ариунаагийн тоглолтыг 100 гаруй сая төгрөгөөр тоглуулсан байдаг юм, Хурд хамтлаг 50 сая төгрөгийн санхүүжилт хийгдэж байсан. Дуучин С.Жавхлангийн концерт гэхэд 100 гаруй сая болчихдог юм. Сайнцагаан сумын 90 жилийн ойгоор 90 “yamaha” мотоцикл сугалуулна гэж ярьж байсан. Энэ бас л бодоод үзэхээр ойролцоогоор 200-аад сая төгрөг болчихдог юм билээ.

Хүүхдийн баяраар “Ишиг хөөрхөн”, “Бардам туулай” жүжгийг 5000 гаруй хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзүүлсэн. Үнийг нь бас хувиасаа хийсэн. Хүүхдийн баярыг тохиолдуулан 2840 хүүхдэд бэлэг гардуулж, паркад үнэгүй тоглох эрх гардуулж өгсөн. “Жаргалтай дэлгэр”, “Бидний жавхаа” хамтлагийн хамтарсан хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулж 700 гаруй ахмадууддаа урилгаар үзүүлсэн. Улаанбаатар хотод 5000 гаруй иргэдийг цуглуулж нэг өдөр ахмадуудтайгаа золгож тэмдэглэж байсан. Тэрэн дээр манай Дундговийн цолтой ахмад бөхчүүд, харваачид очиж бас би хувиасаа сая төгрөг болох нийт 110 сая төгрөгийг гардуулж байсан байна.

Мөн улсын баяр наадамд шүдлэн түрүүлгэсэн залууд амласан ёсоор 2 өрөө байр, 200 машин өгсөн. Хоёр сайхан начиндаа бас л 2 өрөө байр, 200 машин бэлэглэсэн. “Мөнгөн угалз” оюутан, залуучуудын шинэ жилийг 3500 хүнтэйгээр зохион байгуулж бас л 100 galaxy гар утсыг сугалуулсан. Ер нь бол Улаанбаатар хотод байхдаа Дундговь аймгаас явж байгаа 10-аас дээш хүний бүрэлдэхүүнтэй бүхий л хүмүүстэй уулзаж, хоол идэж, санал бодлоо солилцож маш их ажилласан” хэмээсэн юм.

Ийнхүү Дундговьчуудын итгэлийг өвөртөлсөн УИХ-ын гишүүн Б.Наранхүү хийсэн ажлаа бахдалтайгаар өндөр дуугаар тайлагнасан байдаг. Гэтэл түүний ийн ярьсан яриаг сонссон сонгогчид нь хийгээд олон нийт ихэд дургүйцэж эхэлжээ. Тэрчлэн түүнийг бэлэг тараахаас өөрийг сэдэх сөхөөгүй явахад нь тойрог болсон Дундговь аймаг нь улсын хэмжээнд өрсөлдөх чадвараараа сүүл мушгижээ. Арга ч үгүй биз дээ төрд сонгогдсон түшээ нь бэлэг тараахаас өөрийг хийж хэрэгжүүлдэггүй аймагт өөр ямар ч дэвшил гарах билээ.

Ямартай ч санаачилсан ганц хуульгүй “сайн ах” Б.Наранхүүгийн Дундговиос дархан сонгогддог нууц жор нь энэ бололтой.

А.Тамир

АРДЧИЛАЛ.МН

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close