зөвлөгөөМэдлэг

“KFC” ТҮРГЭН ХООЛНЫ ГАЗРААР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН ТОО ЭРС БУУРЧЭЭ

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Таван богд фүүдс” ХХК-ийн “Зайсан KFC” салбарт энэ сарын 10-ны өдөр хоолны хордлого гарч, тус салбараар үйлчлүүлсэн 20-иод хүн эмнэлэгт хандсан. Үүнээс хойш долоо хоногийн дотор 200 гаруй хүнд хордлогын шинж тэмдэг илэрч 44 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгааг албаныхан мэдээлсэн.

НМХГ-аас тухайн зөрчилтэй холбогдуулан “KFC” түргэн хоолны сүлжээний бүх салбар нэгжүүдэд хяналтын ажил эхлүүлсэн тухайгаа 2019 оны хоёрдугаар сарын 18-нд хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн. Түүнчлэн НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун тус сүлжээний бүх салбарын үйл ажиллагааг зогсоож, шалгалт оруулна хэмээн мэдэгдсэн. Гэвч өнөөдрийн байдлаар тус сүлжээ хоолны газрын “Зайсан KFС” салбараас бусад бүх салбарын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Бид өдрийн 14 цагийн орчимд хотын төв байрлах хоёр ч салбараар орсон юм. Эдгээр салбаруудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан ч үйлчлүүлэгчдийн тоо эрс буурсан нь ажиглагдаж байлаа. “Чингис”-ийн талбайн зүүн хэсэгт байрлах “Галерей Улаанбаатар” төвд байрлах “KFC” салбарын үйлчлүүлэгчид ихэвчлэн оюутан залуус байсан бол “Төв номын сан”-гийн замын эсрэг талын “KFC бизнес салбар”-т бараг хүн байсангүй. Тус хоолны газраар үйлчлүүлэгчид ихэвчлэн бургер, найзууд багц, хүслийн багцыг захиалж байгаа харагдсан юм.

Ингээд тус салбаруудад НМХГ-аас хяналт, шалгалт хийсэн эсэх талаар тодруулахад, ажилчдынх нь зүгээс “Хяналт, шалгалтын ажил хийгдсэн. Гэхдээ хэзээ шалгалт хийгдсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Харин тус хоолны газраар үйлчлүүлж буй иргэдийн зүгээс “түүхий эдээс шалтгаалаагүй” гэсэн дүгнэлт гарсан учраас үйлчлүүлэх боломжтой гэсэн хариултыг өгч байсан юм.

Хувийн компанид ажилладаг иргэн/нэрээ нууцлахыг хүссэн/ “Би одоо “давхар бургер”-тэй сэт, комбо сэт, зингер  захиалсан. Сүүлийн үед “KFC”-тэй холбоотой мэдээллүүд гарсан гэсэн. Гэхдээ энэ талаар сайн мэдээлэлгүй байна. Иймэрхүү хоолны газар илүү хариуцлагатай, цэвэрхэн ажиллаж  байгаа гэж бодсон учраас өнөөдөр үйлчлүүлж байна” гэсэн юм.

Нэрээ нууцалсан иргэн хэлэхдээ “Би цаг заваа хэмнэх үүднээс хаяа “KFC”-ээр үйлчлүүлдэг. “KFC” бол олон улсын сүлжээ хоолны газар Япон, Хятад зэрэг орны салбаруудаар ч үйлчлүүлж байсан. Гэхдээ сүүлийн үед “КFC” сүлжээний талаар таагүй мэдээллүүд гарах болсон. Тиймээс аль болох гэр бүлээрээ татгалзахыг хичээж байгаа. Өнөөдөр цаг хэмнээд хамгийн ойрхон хоолны газар үүнээс өөр олдоогүй тул орчихлоо”гэж хариулсан юм.

“KFC”-д гарсан зөрчлүүдийг мэргэжлийн байгууллагаас тухайн салбарын дотоод асуудлаас үйлдэлтэй зөрчил хэмээн тодорхойлоод байгаа. Хэрэв НМХГ-аас иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө зөв дүгнэлт гаргасан бол тус хоолны газраар итгэж үйлчлүүлэх иргэд байгаа юм.  Гэсэн хэдий ч холбогдох компанийн зүгээс хохирсон иргэддээ хайхрамжгүй хандаж байгааг албаныхан дуулгаж байна.

Тус сүлжээ хоолны газрыг “Таванбогд фүүдс” компани албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг бөгөөд одоогоор нийт иргэдэд зориулж цаасан мэдэгдэл гаргаж, тарааснаас өөр тодорхой ажил хийгээгүй байгаа юм. НМХГ-аас мэдээлснээр тус газарт зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авна гэснээс өөр шийтгэл оногдуулах талаар дурдагдаагүй билээ.

Ямартай ч олон иргэдийг, гэр бүлээр нь хордуулсан “KFC” түргэн хоолны сүлжээгээр урт дараалал үүсгэн үйлчлүүлэгчдийн тоо эрс буурчээ. Харин цөөн тоогоор үйлчлүүлж байгаа иргэдийн ихэнх нь мэдээлэл дутмаг хүүхэд, залуус байлаа.

Б.Бадралмаа

Ардчилал.мн

 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close