зөвлөгөөнийгэм

“АСЕМ ВИЛЛА”-ЫН ЦЭВЭР УСНЫ ШУГАМ ЗАДАРСНААС ҮҮДЭН БОХИРЫН ХУДАГ НЬ ДҮҮРЧ ХАЛЬЖЭЭ

БЗД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай ресорт” болон “Асем Вилла”-ын бохир хальж Туул гол руу цутгасан талаар иргэд санал гомдол гаргажээ. Гомдлын дагуу БЗД-ын ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл нар 2019 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр нөхцөл байдалтай очиж танилцсан байна. Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хаягтаа “Скай ресорт”, “Асем Вилла”-ын барилгуудын бохирын ус хальж Туул голтой нийлсэн гомдлын талаар газар дээр ирж танилцлаа. Бохирын ус хоёр талаараа Туул голтой нийлсан байгаа тул мэргэжлийн байгууллагууд яаралтай арга хэмжээ авна уу” хэмээн нийтэлжээ. Уг мэдээллийн дагуу бид “МCS” группийн харьяа “Скай ресорт” цанын баазыг зорилоо.

Биднийг очих үеэр “Асем вилла” цогцолборын хойд хэсэгт инженер, техникийн ажилчид мөсийг цэвэрлэх ажлыг эхлүүлсэн байсан юм. Энэ хэсгийн траншейны нүхнээс ус оргилон гарч, нүхний аман дээр овоож хөлджээ. Улмаар хойд хэсгийн замыг дагаж урссан ус, ус зайлуулах хоолойгоор Туул голтой нийлсэн байдалтай байсан юм.

Энэ талаар тодруулбал, 2019 оны хоёрдугаар сарын 21, 22-ны өдрүүдэд “Асем Вилла” хотхоны цэвэр, бохирын шугамд гэмтэл гарч их хэмжээний ус алджээ.  Энэ хотхон нь 53 айлтай бөгөөд анх дэд бүтцийн ажил хийгдэхдээ төвийн шугамд холбогдсон байхаар зохицуулалт хийгдсэн байна. Гэтэл өнгөрсөн оны намраас тус газарт хөрсний усны бохирдол их байна гэх шалтгаанаар УСУГ-аас бохирын шугамыг хязгаарласан байна. Иймд хотхоны бохирыг соруулах зохицуулалтыг хийжээ. Улмаар төвийн шугамд холбох асуудлыг өвөл хийх байсан ч цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан өдийг хүртэл холбоогүй байна. Учир нь тухайн холболтын ажлыг дулаан байхад хийвэл илүү үр дүнтэй байдаг аж.

Тухайн гэмтэл гарсан усны шугам нь зөвхөн “Асем Вилла” хотхоны шугам бөгөөд “Скай ресорт” цогцолбор нь  тусдаа шугамд холбогдсон гэдгийг тус байгууллагын инженер Г.Энхбаяр тайлбарласан юм.

Э.АРИУНБОЛД: БОХИРЫН ШУГАМ РУУ ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦЭВЭР УС ОРСНООС БОХИР УС БОЛ ХАЛЬСАН

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс тухайн газарт үүсээд буй нөхцөл байдлын талаар “Скай ресорт”, “Асем Вилла” цогцолбор хэсгийг хариуцсан ерөнхий инженер Э.Ариунболдоос тодруулсан юм. Тэрбээр хэлэхдээ “Өнгөрсөн амралтын өдрүүдээр манай цэвэр усны шугамд гэмтэл гарч бид шуурхай ажилласны үр дүнд гэмтлийг бүрэн янзлаад байна. Өнөөдөр БЗД-ийн иргэдийн төлөөлөгч Б.Дэмбэрэл ирж нөхцөл байдалтай танилцсан. “Асем Вилла” цогцолбор нь тодорхой шалтгааны улмаас энэ өвөл төвийн шугамд холбогдож чадаагүй. Иймд бид зохицуулалт хийж хотхоны бохирыг соруулах байдлаар шийдсэн. Манай компани энэ газрын угсралтын ажлыг норм дүрмийн дагуу хийж Улсын комисс хүлээгээд авчихсан байгаа. Хоёрдугаар сарын 21-нд энэ байгууламжид гэмтэл үүс ч, цэвэр усны 200-ын шугам хагарсан нь үнэн. Бид энэ гэмтэл дээр  шуурхай арга хэмжээ авч амралтын өдрүүдэд бүрэн засаж дуусгалаа. Гэмтэл олон хоногийн өмнө үүс ч ус гойжсон. Иймд ус урсаж халиа үүссэнээс ус шаргалтсан байгаа юм. Үүнийг мэргэжлийн бус хүмүүс ирж харахдаа бохир урссан гэж хараад байна. Бохир усны шугамын хувьд бөглөө таглааны гэмтэл гарсан. Үүнийг нь бид дор бүр нь соруулаад гэмтлээ засаж яваа. Энд бол одоогоор бохир нь хальж урсаад гол ус руу зутгасан зүйл бол байхгүй ээ. Гол гэмтэл 21-22-нд шилжих шөнө хоёр гурван цагийн хооронд гарсан. Иймд өндөр даралттай шугамаар их ус орж ирснээр энэ хавиар их хэмжээний мөс үүссэн харагдаж байна.

Мөн цэвэр усны шугам бохирын шугам хоорондоо 5 метрийн зайтай байрладаг. Манай байгууламжийн тухайд цэвэр усны шугам нь дээрээ байрлаж байгаа. Иймд бохирын шугам руу их хэмжээний цэвэр ус орсноос бохир ус бол хальсан. Гэхдээ цэвэр усаа дагаад урсчихсан асуудал байхгүй. Аваар гарах үеэр бохирын худагны эргэн тойронд буюу хоёр метр зайд бол бохир гарч ирсэн. Одоо мөстсөн хэсгийг цэвэрлэхээр ажиллаж байна” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Харин бохирын шугамын тухайд хоёроос гурван цагийн давтамжтайгаар бохироо соруулдаг аж. Цаг тутамд худаг бүрийн харуул хамгаалалтын албаныхан хариуцан эргэдэг гэдгийг энэ үеэр тодотгож байсан юм.

Манай сурвалжлах багийг очиж ажиллахад бохир ус нь шарлаж хөлдсөн нь илт байсан юм. Гэвч “Асем Вилла”-г  хариуцан ажиллаж буй инженер техникийн албаныхан бохир ус Туул гол руу цутгасан асуудал байхгүй гэх тайлбарыг өглөө.

Б.ДЭМБЭРЭЛ: БОХИР СОРУУЛДАГ КОМПАНИ НЬ СОРУУЛАЛТ ХИЙЖ БАЙГААД АЛДЧИХЛАА ГЭСЭН ТАЙЛБАРАА НАДАД ӨГСӨН

Улмаар бид энэ асуудалтай анхлан танилцаж, олон нийтэд хүргэсэн БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэлээс тодруулсан юм.

Тэрбээр хэлэхдээ “Скай ресорт”, “Асем Вилла”-ын барилгуудын ус халиад, Туул гол руу цутгаж байна гэх гомдол бидэнд ирсэн. Бид гомдлын дагуу газар дээр нь очиж үзэхэд хэд хэдэн траншейны нүхнээс бохир ус хальсан байсан. Түүнчлэн хоёр хэсэгт авто замын доогуур үерийн ус зайлуулах шугамаар урсаж Туул голтой нийлсэн байна.

Энэ асуудлаар би Нийслэлийн шуурхай удирдлага болон НМХГ-т хандлаа. Тухайн газар дээр очиход хариуцаж ажиллаж байгаа хүмүүс нь цэврийн шугам эвдэрсэн гэх мэдээллийг өгсөн. Гэхдээ газар дээр очоод үзэхэд бохир ус урссан нь тодорхой харагдаж байна билээ. Албаныхан ч надад бохироо соруулдаг байсан. Бохир соруулдаг компани нь соруулалт хийж байгаад алдчихлаа гэсэн тайлбараа надад өгсөн.

Иргэн хүн машинаа голд угаахад 700 мянган төгрөгөөр торгодог. Гэтэл  энэ том ААН нийгэмд хүлээсэн үүргээ биелүүлэлгүй өөрсдийгөө өмгөөлсөн хамгаалсан тайлбар хийж байгаа нь ёс зүйгүй асуудал болж байна. Би газар дээр очоод ирсэн даруй даа “МХЕГ” албан мэдэгдлээ хүргүүлсэн. Одоо улсын байцаагч нарын дүгнэлтийг хүлээгээд сууж байна” гэсэн юм.

Энэ талаар МХЕГ-тай  утсаар холбогдон лавлаж асуулаа. МХЕГ-аас тухайн газар дээр очиж ажилласан бөгөөд лабораториор шинжлүүлэх эсэх нь шийдэгдээгүй байна гэсэн юм. Хэрэв лабораториор шинжлүүлбэл 72 цагийн дараа хариу гарах ажээ.

Бадралмаа

Ардчилал.мн

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close