Сайн мэдээСайн хүн

МОНГОЛОО ТОЙРСОН МОРЬ

МУБИС-ийн Газар зүйн ангийн гурван оюутан санаачлан, Монголын морин спорт уяачдын холбоо, МУБИС, “Түмэн хишигтэн” зэрэг олон байгууллага хувь хүмүүсийн ивээн тэтгэлгээр “Морьтон Монгол” аялалыг зохион байгуулж нийт 188 хоног 10394 км замыг морин дэл дээр туулан ирсэн таван Монгол залуус нийслэл хотдоо аяны дөрөөгөө мулталлаа.

Эх орноо бүтэн тойрсон энэхүү адал явдалтай аялалдаа нийт 90-ээд морь сэлгэж унажээ. Анх 13 морьтой гараад 15 морьтой эргэж ирлээ. Энэ хугацаанд олон сайхан морьд сэлгэж явсан ч хамгийн шандас сайтай нь буурал морь минь байлаа.

Төв аймгийн Сэргэлэн сумын угшилтай буурал морь нэг ч удаа хөлдөө тос түрхүүлээгүй өөрөө их тэсвэр тэвчээртэй, номхон адуу. Бид ч бас морио хуваарилахдаа хамгийн хөнгөн биетэйдээ унуулж байсан. Мөн говийн морьд, Дархадын цагаан адуу уул хадаар авирч, халуун хүйтэн ямар ч үед шантардаггүй их шандастай байдаг юм билээ.

Олон хоног мориороо хань хийгээд явахаар унасан хүлгээ өлдөж цангах, эцэж ядрах гээд бүх л зүйлийг нь мэдэрдэг болчихдог. Бидний энэхүү аялалд хамгийн үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүс бол хилчид байлаа. Аялалын явцад хилчид маань халуун дотноор хүлээн авч бүх талаар тусалж дэмжиж байсан. Хамгийн анх хилчдийн гаргаж өгсөн маршрутаар явсаар энэ хугацаанд 50-аад застав, хилийн отрядаар орсон болохоор хилчдийн амьдралыг бүрэн судалсан гэж үзэж болно.

Мориор Монгол орноо туулсан энэ гайхамшигт аялалыг хийснээр хөдөөгийн ард түмнийхээ ахуй амьдрал, ёс заншлаа хадгалсан байдал, эх орныхоо баян тансаг байгаль дэлхийг үзэж, харж, мэдэрч таньсан үнэхээр сонин сайхан аялал байсан. Мөн Монгол адууны хүч чадлыг үнэхээр их биширлээ. Аялалын багийн хамт олон морьдынхоо хамтаар олон сайхан бэлэг дурсгал гардан авсны дотор гараанаас бариа хүртэл хамт явж чадсан буурал моринд Монголын буухиа морин уралдааны холбооноос “Өгөдэй хааны хүлэг” цолыг өгсөн юм. Өгөдэй хааны хүлэг маань “Евро микс” компанийн захирал, Монголын жудо бөхийн холбооны тэргүүн Ж.Энхболдын эзэмшлийн хүлэг бөгөөд тэрбээр аялагчдын анхны таван морийг гаргаж байжээ. Үүн дотор буурал морь байсан бөгөөд хүүхэддээ унуулдаг номхон хүлэг нь энэ хүртэл яваад ирнэ гэж огт төсөөлөөгүй гэлээ.

Багийн ахлагч Д. Нацагдоо

ЭХ СУРВАЛЖ:АРДЧИЛАЛ.МН

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close