Бусад хүмүүс

​Шинэ судалгаа: Өглөөний цай уух, эс уух талаар эрдэмтэд ингэж дүгнэжээ

Хүн бүр л өглөөний цай уух нь бусад үед хоол идэхээс илүү эрүүл мэндэд чухал ач холбогдолтой гэдгийг мэддэг байх. Гэхдээ сүүлийн үеийн судалгаагаар өглөөний унд уухгүй байх нь эрүүл мэндэд ямар нэгэн муу үр дагаваргүй гэх судалгаа гарах болсон. Эдгээр судалгаанаас болж хүмүүсийн дунд өглөөний цай уух нь сайн уу, муу юу гэсэн эргэлзээ аль хэдийн төрж эхэлсэн.

Тэгвэл таны эргэлзээг тайлах судалгааг эрдэмтэд хийж, судалгааны үр дүнгээ мэргэжлийн сэтгүүлд нийтэлжээ. Тодруулбал, эрдэмтэд өглөөний цай уух нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар шинэ судалгаа хийж  “The BMJ” сэтгүүлд нийтэлсэн юм. Тус судалгааг хийсэн эрдэмтэд өглөөний ундны талаар өмнө нь хийсэн  13 өөр судалгаанд дүгнэлт гаргаж, харьцуулалт хийсэн байна.

Судалгаагаар хүн зөвхөн өглөөний зоог барьснаар жингээ хасах боломжтой гэдгийг үгүйсгэсэн үр дүн гарчээ. Нөгөөтэйгүүр өглөө хооллохгүй явах нь илүүдэл жинтэй болох шалтгаан биш болохыг тогтоосон байна. Хамгийн сонирхолтой нь, хүмүүсийн өдөр бүр өглөөний ундандаа  өргөнөөр идэж дадсан зарим хүнсний бүтээгдэхүүн хүний биед сөргөөр нөлөөлдгийг тогтоожээ.

Энэхүү судалгааг шинжлэх ухааны хамгийн нэр хүнд бүхий “Sciencemag” сэтгүүлд гаргасан бөгөөд тус сэтгүүлд гарсан нийтлэлийг орчуулан тоймлон хүргэж байна.

Өглөөний хоол идэх нь жингээ хасахад тусалдаг уу

Энэ талаар маш нарийвчлалтай хийсэн хэд хэдэн судалгаа байдаг ч урт хугацааны турш эрдэмтдийн дунд маргаантай сэдэв болсоор ирсэн юм. Учир нь, зарим судалгаануудыг өглөөний хоол үйлдвэрлэгч “Quaker”, ”Kellogg” зэрэг компаниуд санхүүжүүлсэн аж. Тус компаниудын санхүүжүүлсэн судалгааны үр дүнд өглөөний хоолыг тогтмол хэрэглэх нь жингээ барихад сайнаар нөлөөлдөг гэсэн үр дүн гарчээ. Мэдээж өглөөний хоол үйлдвэрлэгчдийн хийсэн судалгааг 100 хувь үнэн гэхэд эргэлзээтэй. Мөн өглөөний цай уухгүй байх нь өдрийн турш илүү их хэмжээний калори шатааж, жингээ хаях үндэс болдог гэсэн судалгаа ч байгаа юм.

Гэхдээ энэ бүхний дунд Делаверагийн Их Сургуулийн хүнс тэжээлээр эмчлэх эмнэлзүйн багш Шарон Коллисоны судалгаа хамгийн их анхаарал татаж байгаа юм. Түүнд хандсан үйлчлүүлэгчдэд хийсэн олон талт судалгаагаар өглөөний хоолыг идэхгүй байх нь жин хасах тийм ч эрүүл арга биш гэжээ. Учир нь, хүн өглөөд зайлшгүй авах ёстой калори аваагүйгээс болж өдөржин их хэмжээний калори шатаахад хүргэдэг байна. Тиймээс хүний бие организм өдөрт зайлшгүй авах калорио нөхөхийн тулд оройд их хэмжээний хоол идэх зуршлыг өдөөдөг байна. Энэ нь ихэнх тохиолдолд жин хасах бус эсрэгээрээ жин нэмэх шалтгаан болдог аж. Тиймээс жингээ хасахын тулд өглөөд өөрийгөө сойх шаардлагагүй юм. Мөн Шарон Коллисоны зөвлөж буйгаар дэлгүүрээс өглөөний хоол сонгон авахдаа сайтар судлан өөрт тохирсон органик бүтээгдэхүүн худалдан авах нь зүйтэй юм. Хэрвээ хоолны дэглэм барьж, жингээ хасахыг хүсч байвал мэргэжлийн хүнд хандаж өөрийн онцлогт тохирсон дэглэм хэрэглэхийг санал болгожээ.  Шарон Коллисоныг хоолны зөвлөгөөний жинхэнэ мэргэжилтэн гэж үнэлдэг юм байна. Тэрээр үйлчлүүлэгчиддээ зарим тохиолдолд өглөөний цай уухын оронд бүүр шөнө унтахаасаа өмнө хооллохыг санал болгодог байна.

Өглөөний цай уухгүй байх нь үнэхээр эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг үү

Судалгааны баг өглөөний цай уух нь эрүүл мэндэд сайн муу гэдгийг ярихаас өмнө хүмүүсийн хандлагыг судалсан байна. Учир нь, өглөөний хоолонд ямар хүнс идэх вэ гэдэг нь эрүүл мэндэд хамгийн түрүүнд нөлөөлдөг болохоос, өглөөний цай уух уу, үгүй гэдэг тийм ч чухал биш гэж үзжээ. Өглөө хооллож дадсан хүмүүс нь өглөө юм иддэггүй хүмүүсийг бодвол ажлын бүтээмж сайтай, дасгал сургуулилт тогтмол хийдэг, бүүр санхүүгийн хувьд илүү тогтвортой байгааг ажиглажээ. Харин өглөө юм иддэггүй хүмүүс бусад хүмүүстэй харьцуулахад таргалалт, шим тэжээлийн дутагдал, чихрийн шижин болон зүрхний судасны өвчин тусах магадлал өндөр байсан байна. Өөр нэгэн судалгааны дүнд өглөө хооллодог хүмүүс нь иддэггүй төрлийн хоолны дэглэмтэй хүмүүсийг бодвол бодисын солилцоо илүү сайтай, бие дэх хлострины хэмжээ бага, архаг хууч өвчингүй байжээ.

Гэхдээ өглөөний ундыг тухайн хүний санхүүгийн чадамжтай холбож тайлбарлахаас өөр аргагүй гэж судалгааны баг үзсэн байна. Учир нь боломжийн амьдралтай хүмүүс ядуу хүмүүсийг бодвол илүү чанартай хүнс хэрэглэдэг. Гэтэл чанартай хүнс илүү өндөр үнэтэй мөн олдоц бага байдаг. Дэлхийн нийт хүн амын 12 хувь нь ядуурлаас болж шим тэжээлийн дутагдалд орсон байдаг аж. Тухайн хүн өглөө бүр цай ууж хэвшсэн байж болох ч чанаргүй хүнсийг байнга хэрэглэдэг нь элдэв өвчин тусах эх үүсвэр болж байгаа юм. Хүнсний хомстлоос илүүтэй хүнсний аюулгүй байдал нь дэлхий дахинд санаа зовоосон асуудал болж байгааг дурджээ.

Тэгвэл өглөөний хоолонд юу идэх ёстой вэ. Хамгийн эрүүл хүнс юу вэ?

Өглөөний цайг тогтмол ууж дадахаар шийдсэн ч яг юу идэх ёстой вэ гэдэг асуулт гарч ирдэг. Хамгийн түрүүнд танд зөвлөхөд, өглөөний цайнд кофе болон жигнэмэг огт тохиромжгүй гэдгийг сануулъя.

Сайн өглөөний хоолонд уураг, бүхэл үр, эрүүл өөх тос, хүнсний ногоо ба жимс гэсэн таван зүйлс багтдаг байна. Өглөөд уураг болон өөх тос хэрэглэх нь хүний биеийн шим тэжээлийг нөхөөд зогсохгүй орой хоол идэх зуршлыг бууруулдаг байна. Харин бүхэл үр, хүнсний ногоо, жимс нь хүний биед хэрэгтэй эрдэс бодис, витамины хэмжээг нэмэгдүүлдэг аж.

Зарим эрүүл хооллолтын зөвлөгөө ялангуяа өглөөд юм идэхгүй байх нь сайн гэж үздэг хүмүүсийн хувьд өглөөд жимсний шүүс болон смүүти уухыг зөвлөдөг. Гэвч судалгааны үр дүнд энэ нь маш их витамин, амин дэм агуулдаг ч уураг, өөх тос байхгүй учир үр дүнгүй өглөөний унд гэж үзжээ.

Нэмэлт мэдээлэл: Уураг нь далайн хүнс, мах, самар, сүү, тараг, шош, өндөг шар буурцаг зэрэгт ихээр агуулагддаг байна.  Бүхэл үрийг анх идэхэд эвгүй боловч төмөр, кальци, магни, уураг зэргийг маш ихээр агуулдаг эрүүл хүнс юм. Харин эрүүл өөх тос гэдэг нь авакода, бяслаг, хар шоколад, чанасан өндөг, загас, самар, чиа үр, оливын тос зэрэгт агуулагддаг байна. Мэдээж хүнсний ногоо болон жимс нь олон төрлийн витаминыг агуулдаг билээ.

Өглөөний цайгаа яг хэдэн уувал илүү тохиромжтой вэ?

Хүн бүрийн амьдралын хэв маяг, хувиар өөр өөр байдаг учир өглөө сэрснээс хойш нэг цагийн дотор өглөөний ундаа уух нь хамгийн тохиромжтой гэж эрдэмтэд үзжээ.

Хэрвээ өглөөд дасгал сургуулилт хийдэг бол дасгал хөдөлгөөний дараа ахин хооллох хэрэгтэй. Мөн тухайн өдрийн хийж буй дасгалын ачааллаас хамааран өөр, өөр хүнсний бүтээгдэхүүнийг сонгох шаардлагатай. Учир нь, дасгал сургуулилтыг хэр хугацаанд ямар эрчтэй хийхээс хамааран бие махбодод шаардлагатай нүүрс ус, өөх тос, уураг, ислэгийн хэмжээ өөр байдаг аж. Жишээ нь, эрчимтэй бэлтгэл буюу хүчний бэлтгэл, 45 минутаас дээш хугацаанд гүйсний дараа уураг, өөх тосоор баялаг хоол идэж, алдсан шингэнээ зайлшгүй нөхөх шаардлагатай. Мөн шоколадтай сүү, гадил, самрын тос, бяслаг зэргийг санал болгож байна. Хэрвээ алхах зэрэг хөнгөн бэлтгэл хийдэг бол заавал ахин хооллох шаардлагагүй юм.

Эх сурвалж: Time

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close