Бусад хүмүүс

Освенцим хорих лагерийн “Сахиусан тэнгэр”…

Хэнд ч үл ажиглагдам нэгэн настай эмэгтэй таалал төгсөхөд түүний оршуулгад хэдэн зуун хүн хүрэлцэн ирж, нэлээн нэр хүндтэй Jerusalem Post сонин эмгэнэлийн мэдэгдэл дотроо энэхүү эмэгтэйг “Освенцимын сахиусан тэнгэр” хэмээн нэрлэжээ.

Энэ бол эмэгтэйчүүдийн эмч Гизелла Перл байлаа. Тэрээр дэлхийн хоёрдугаар дайны үед Освенцимын бөөнөөр хорих лагерьт байхдаа үхлийн аюулыг даван амьд үлдэж чадсан төдийгүй, гарын доорх багаж хэрэгсэл ашиглан хоригдол хүүхнүүдэд мэс засал хийдэг байсан аж.

Хэдэн мянган олзлогдсон эмэгтэйчүүдэд үр хөндөлт хийснээрээ тэднийг алдартай, аймшигт доктор Менгелийн араатан шинжийн туршилтын золиос болохоос аварч чадсан байна.

Эмч мэргэжилтэй, еврей эмэгтэй Гизелла Перл 1944 он хүртэл Унгарт амьдарч байжээ. Тухайн үеийн Унгарын удирдагч, австри-унгарын адмирал асан Хорти фашист улстөрийн бодлогын чиглэлийг үл анзааран, тус улсад амьдарч байсан еврей иргэдэд уян хатан ханддаг байсан гэнэ. Гэвч тэрээр эргэн тойронд өрнөж байсан дайнаас аль болохоор бага хохиролтой гарах зорилгоор Гитлерийн эсрэг холбоотнуудтай харьцахаар оролдсон учраас удалгүй огцорч, түүний оронд жинхэнэ фашист Салаши тавигдан, Унгар руу герман цэргүүд орж иржээ.

Ингээд олон мянган еврейчүүд фашистын тамлалд өртөж эхэлсэн байна. Тэднийг бөөн бөөнөөр нь баривчлан, ачааны галт тэргээр Польш руу зөөвөрлөн, хүмүүсийг устгахад зориулан тусгайлан тоноглосон том хорих лагерь руу хүргэж байв.

Энэ үед Гизелла Перл өөрийн бүх хамаатнуудын хамтаар баривчлагдан ачигджээ. Азаар, тэр шууд хорт утааны өрөө рүү орсонгүй. Түүний байсан хэсгийнхэн лагерийн ажиллах хүчийг нэмэгдүүлэхээр хуваарилагдсан байна.

Германчууд олзлогдсон хүмүүсийн мэдлэг чадварыг дээд зэргээр ашиглахыг хүсдэг байсан учраас эмчийн мэргэжилтэй Гизеллаг доктор Менгелийн туслахаар илгээжээ. Доктор Менгеле анагаахын мэргэжилтэй хэдий ч хүмүүсийг эмчлэхээс өөр ажил хийдэг байж.

Түүний хатуу чанга хяналт доор хүмүүс дээр хүнлэг бус туршилтууд явуулж, тулааны талбарт байлдаж буй шархадсан герман цэргүүдэд хийх зорилгоор тэдний цусыг юүлэн авдаг байжээ. Хэдэн арван торон дотор залуухан хүүхнүүд цусаа юүлүүлэхийг хүлээн суухыг Перл харсан байна. Тэдний ихэнх нь ярих ч тэнхээгүй болсон байжээ.

Перлийг алдаршуулсан гол зүйл нь, нууцаар мэс ажилбар хийж байсан явдал юм. Ямар ч багаж хэрэгсэл, өвчин намдаах эм байхгүй, зөвхөн хутга хэрэглэн тэрээр өвчтэй эмэгтэйчүүдэд мэс засал хийдэг байжээ. Золгүй өвчтөнүүдийн орилж хашгирахаас сэргийлэн амыг нь тагладаг байж. Хэрэв баригдахад хүрвэл өвчтөн, эмч хоёулаа шууд л хорт утааны өрөө рүү илгээгдэнэ.

Лагерь дахь Йозеф Менгеле докторын эмнэлэгт туршилтын хүмүүс байнга шаардагддаг байв. Ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд түүнд маш их хэрэгтэй байсан тул энэ талаарх мэдээллийг лагерийн эмч нар өгсөний үндсэн дээр тэднийг тусгаарлан хорьдог байжээ. Ингээд тэдэн дээр бүхий л боломжит клиникийн туршилтууд явуулдаг байсан учраас эцэстээ эх, ураг аль нь ч амьд үлддэггүй байсан аж.

Энэхүү аймшигт байдалд бүсгүйчүүдийг оруулахгүйн тулд Гизелла нууцаар үр хөндөн, тэднийг аймшигт туршилтуудын золиос болохоос аварч байжээ. Энэ маягаар тэрээр гурван мянга орчим хоригдол бүсгүйчүүдийг зайлшгүй үхлээс нь холдуулж чадсан байна.

Дайн дуусах үед Гизелла Перлийг хэсэг хоригдлуудын хамт Берген-Бельзен лагерьт шилжүүлсэн бөгөөд тэнд суллагдахаа хүлээсэн аж. Эрх чөлөөтэй болсон явдал нь хязгааргүй аз жаргал байсан хэдий ч түүний бүх ойр дотныхон нь Освенцимд амиа алдсаныг сонсоод сэтгэлээр ихэд унажээ.

Ингээд 1947 онд Гизелла АНУ руу гарч, тэнд эмчийн мэргэжлээрээ ажиллахыг хүссэн боловч хорих лагерьт Менгелийн удирдлага дор ажилладаг байсан тухай мэдээлэл нь түүнийг нацистуудтай холбоотой мэт сэтгэгдлийг америкчуудад төрүүлсэн бололтой. Гэвч хэсэг хугацааны дараа түүнийг нарийвчлан судалсны эцэст ямар ч буруугүй болохыг тогтоосон байна.

Ингэснээр Гизелла Нью-Йорк хотын нэгэн эмнэлэгт эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж эхэлжээ. Тэрээр дайнаас хойш Америкт эмчээр ажиллах хугацаандаа 3000 гаруй нялх үрсийг хорвоод анх мэндлэхэд нь тосон авч, хорих лагерьт яалт ч үгүй шалтгааны улмаас хөгжлийг нь таслахад хүрсэн тэдгээр золгүй ургуудад “нөхөн төлбөрөө” өгсөн аж.

Перл 1979 онд АНУ-аас Израильд шилжин ирж, эмчийн ажлаа үргэлжлүүлж байгаад 1988 онд таалал төгсөхөд нь түүнийг Иерусалимын оршуулгын газарт бунхлан, дурсгалыг нь мөнхөлжээ.

Д.Мигаа

Эх сурвалж: www.Zindaa.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close