Бусад хүмүүс

Малчид эрчим хүчээр бүрэн хангагдлаа

Монгол Улс 2005 оноос хойш сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх зорилт тавьж үндэсний хөтөлбөр батлан гаргасан. Эл хөтөлбөрт тусгаснаар 2020 он гэхэд сэргээгдэх эрчим хүч нийт эрчим хүчний 20 хувь, 2030 он гэхэд 30 хувийг хангах зорилт тавьсан юм. Эдүгээ хөдөөгийн малчин өрхүүдийг цахилгаан эрчим хүчээр бүрэн хангасан гэдгийг албаны хүн мэдээллээ. “Дэлхийд бид үлгэр жишээ болохуйц амжилт олсон. Өнөөдөр хөдөө, гадаа явахад, ямар ч айлд орсон гэрлээ асааж, зурагт үзчих цахилгаан эрчим хүчтэй болсон. Энэ бол Монголын томоохон амжилт. Олон арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд одоогийн байдлаар нийт эрчим хүчний 12.7 хувь буюу нийтдээ 120 мВт-д сэргээгдэх эрчим хүчний систем суурилуулж, ашиглалтад орчихсон ажиллаж байна” хэмээн Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга О.Бавуудорж мэдээллээ. Одоогоор 50 мВт-ын хоёр салхин цахилгаан станц, 10 мВт-ын нарны хоёр цахилгаан станц үйл ажиллагаа явуулж байгаа юм. Түүнчлэн энэ онд болон ирэх жилд ашиглалтад орох, барилгын ажил эхэлсэн төслүүдээс дурдвал хамгийн ойр биеллээ олох нь Сайншандын 50 мВт салхин станц болон нийлбэр дүнгээрээ 50 орчим мВт хүрэх нарны цахилгаан станцууд багтаж байгаа. Ингээд үзвэл ахиад 100 мВт тун удахгүй нэмэгдэх ба ирэх жил гэхэд 220 мВт-ын сэргээгдэх эрчим хүчтэй болох хүлээлт үүсээд байна. Өнөөгийн байдлаар Монголын эрчим хүчний үйлдвэрлэл 1200 мВт хүрээд байгаа. Үүний 20 хувь буюу 240 мВт нь ирэх жил биеллээ олж, зорилтот түвшиндөө хүрэх нөхцөл байдал үүсжээ.

Дэмжих тариф ба хөрөнгө оруулалт

2015 онд баталсан Сэргээгдэх эрчим хүчний хуулиар сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф батлагдсан аж. Үүний гол зорилго нь байгаль орчинд хамгийн их хор хөнөөлтэй байж болох эрчим хүчний салбарыг цэвэр технологид шилжүүлэх явдал юм. Сэргээгдэх эрчим хүч нь анхны хөрөнгө оруулалт маш их шаарддаг. Тоног төхөөрөмж нь нэлээд үнэтэй ба хөрөнгө оруулалт нь дан хувийн хэвшилд суурилж байгаа. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшил эрсдэлээ хүлээгээд, хөрөнгө оруулаад, бизнес хийгээд явж байгаа аж. Одоогийн байдлаар сэргээгдэх эрчим хүчний нийт 39 тусгай зөвшөөрөл олгогдсон байгаа талаар салбарын яам мэдээллээ. Мэргэжлийн хүний хэлж буйгаар салхин станцын нэг мВт эрчим хүчний зардал ойролцоогоор 2 сая ам.доллар орчим байдаг аж. Жил ирэх тусам дэлхий нийтийн үйлдвэрлэлийн хэмжээ ихсэж байгаа учир энэ тоо багасах төлөвтэй байгаа ч дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ өсөж байгаатай холбоотойгоор зардал өндөр хэвээр байна. Одоогоор 50 мВт салхин парк ойролцоогоор 100-120 сая ам.долларын өртөгтэйгөөр босож буй. Тиймээс ч үндсэн тарифаар үүнийг хийх боломжгүй гэж хэлж болно. Манай эрчим хүчний системд тодорхой хэмжээний үнийн зохицуулалт байдаг ба зах зээлийнхээ үнээр эцсийн хэрэглэгчдэд борлуулдаг эсэх нь эргэлзээтэй. Тиймээс сэргээгдэх эрчим хүчийг дэмжих нь гарцаагүй аж.

Сайншандын салхин парк аравдугаар сард ашиглалтад орно

Барилга угсралтын ажил нь 2017 оны наймдугаар сард эхэлсэн Сайншандын салхин паркийн гүйцэтгэл одоогоор хуваарийн дагуу явж байгаа талаар уг төслийн менежер мэдээллээ. Хаврын цагт шуурга ихтэй учраас өндрийн угсрах ажил 1-2 хоногоор саатах явдал гарч байгаа ч, одоогийн байдлаар долоон турбиныг угсран суурилуулаад байна хэмээн Сайншанд Салхин Парк ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Оливер Шнорр онцоллоо. Түүнчлэн цахилгааны ажлууд зургадугаар сараас эхлээд явагдах төлөвлөгөөтэй байгаа ба үндсэн тоног төхөөрөмж буюу 25 ширхэг турбины бүх эд ангиуд талбай дээрээ буусан аж. Харин дэд станцын бүтээн босголт 80 хувь, өндөр хүчдэлийн шугам 70 хувьтай байгаа. Тус компани барилга угсралтын ажлаа наймдугаар сард бүрэн дуусгахаар төлөвлөөд байгаа бол 9-10 сард багтаад улсын комисс, техникийн комиссын зөвшөөрөл авч, өвлийн их ачаалалтай үеэр эрчим хүчний системд тодорхой хувь нэмэр оруулахаар зорин ажиллаж байгаа юм.

Монголын хамгийн ашигтай сэргээгдэх эрчим хүч

Монголын дулааны цахилгаан станцууд насжилт өндөртэй, уян хатан чанар муу болохоор сайжруулахад удаан хугацаа шаарддаг. Албаны хүмүүсийн хэлж буйгаар Монголд богино хугацаанд чанараа өөрчилж чаддаг станцууд хэрэгтэй байгаа аж. Олон янзын эх үүсвэр байж болохоос эхний хувилбар нь усан цахилгаан станц, хийн станц, эсвэл томоохон хэмжээний хуримтлуурын систем байж болох аж. Усан цахилгаан станцын хувьд Монголд үйл ажиллагаа явуулж буй хоёр усан цахилгаан станц бий. Гэвч шинээр хэрэгжиж буй төсөл харамсалтай нь байхгүй. Эгийн голын төсөл нэлээд олон жил яригдаж байгаа ч урагшлахгүй байгаа. Нарны болон салхин станцтай харьцуулахад усан станц нь цахилгаан шугамыг тогтворжуулах ач холбогдолтой. Усан станц барихад саад болж буй томоохон бэрхшээл нь Орхон гол, Сэлэнгэ мөрний урсац Байгаль нуурт цутгадаг болохоор Хойд хөрш ихээхэн дургүйцдэг. Энэ талаар “Уг асуудалд улстөрчид шийдэл олно гэж найдаж байна. Монгол Улсад усан станц зайлшгүй хэрэгтэй” хэмээн Сайншанд Салхин Парк ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Оливер Шнорр онцоллоо. Харин зардлын хувьд авч үзвэл хамгийн хямд нь нарны цахилгаан станц. Оливер Шноррын хэлж буйгаар дулааны цахилгаан станцын нэг мВт эрчим хүчний зардал 1.2-1.3 сая ам.доллар. Харин усан цахилгаан станц дунджаар хоёр сая ам.доллар байдаг бол нарны цахилгаан станц нь дунджаар нэг сая ам.доллар байдаг аж.

Эрчим хүчний зардал бууруулах боломж

Манай улс холын зайд цахилгаан шугам татаж зардал гаргахад маш их алдагдал үүсдэг. Сэргээгдэх эрчим хүчний станцаас үүсэж буй цахилгаан дамжуулах замдаа хүчдэл, чанар нь буурч бага хэрэглээтэй газар буюу сум эсвэл дунд зэргийн уурхайн эрчим хүчний хэрэглээнд хүрч байгаа юм. Иймд урт цахилгаан шугам татахын оронд бичил сүлжээ буюу “микрогрид” нэвтрүүлэх хэрэгтэй талаар мэргэжилтнүүд онцолж байна. Микрогрид нь нар, салхины комбинацыг дизель юм уу бусад эх үүсвэртэй холимог байдлаар ашиглах боломж олгодгоороо давуу талтай төдийгүй зардлыг их хэмжээгээр бууруулдаг нь дэлхийн хэмжээнд нотлогджээ. Нөгөөтэйгүүр, хэрэглээ талдаа ухаалаг сүлжээ байгуулж болно. Ингэснээр богино хугацаанд хэрэглэгчдэд хохирол учруулахгүйгээр шийдэх боломжтой. Монгол Улсын нэг онцлог нь хүн ам нь тархай бутархай суурьшсан, нийт хүн амын тал нь Улаанбаатарт, нөгөө тал нь орон нутагт байдаг төдийгүй сум, суурин газрууд нь нэгнээсээ нэлээд хол байршсан байдаг. Нар, салхины буюу сэргээгдэх эрчим хүчний нөөц баялаг ихтэй нутаг нь Улаанбаатар хотоос нэлээд зайдуу байрлаж байгаа. Иймээс дамжуулах асуудал үүсдэг ба дамжуулах замдаа тодорхой хэмжээний энерги нь алдагддаг. Алдагдлыг бууруулахын тулд илүү өндөр хүчин чадлын шугам барих ёстой ба үүнийг дагаад илүү их хөрөнгө оруулалт шаардлагатай хэмээн албаны хүн онцоллоо.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close