Бусад хүмүүс

Уучлаарай, Гэртээ сууж, хүүхдээ харна гэдэг бол ажил биш

Тайвширч үз, бүсгүйчүүд минь. Уурлаж бухимдахаасаа өмнө хэлэх гэсэн санааг минь зөвөөр ойлгохыг хичээгээрэй. Би ч гэсэн та нартай адил 5 жилийн турш охиноо хараад гэртээ сууж байсан жирийн л нэг эмэгтэй байна. Би энэ сонголтыг хийсэндээ хэзээ ч харамсдаггүй харин ч бүүр бахархдаг. Тийм болохоор энэ нийтлэлийн маань утга санаа харагдаж байгаагаасаа ч илүү гүнзгий юм шүү.

Би ажил хийлгүй, гэртээ сууж хүүхдээ харах ямар залхмаар бас уйтгартайг сайн ойлгож байна. Би ч мөн адил тэгж байсан. Тэр үед надад маш хэцүү санагдаж байсан. Бас маш их ганцаардсан. Бас өмнөхөөсөө сул дорой болсноо ч мэдэрч байсан.

Бидний ихэнх нь энэ үед бусдад өөрийнхөө үнэ цэнийг ойлгуулж, батлах гэсэндээ гэртээ хүүхдээ хараад суух нь маш хүнд хэцүү “ажил”, хэрэв цалин өгдөг байсан бол бүүр баяжихнээ гэж ам уралдуулан ярьцгаадаг. Энэ нь ч аргагүй, учир нь эмэгтэй хүн хүүхдээ хараад гэртээ сууснаараа өчнөөн хөлс хүчээ шавхаж хүрсэн ажил мэргэжлээсээ хөндийрч, тодорхой хугацаанд нийгмээс тусгаарлагддаг. Энэ үед бид бусдын нүдэнд юу ч хийлгүй зүгээр л сууж байна гэж үл ойшоогдохвий гэж үхтлээ айж, хэрэв тэгвэл маш их эмзэглэдэг. Гэхдээ хэрэв та үнэхээр л одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун байгаа бол яагаад заавал тэдгээр таныг үнэлдэггүй, өнгөц бодолтой хүмүүсд өөрийгөө батлаж харуулах гэж хичээх ёстой гэж.

Хичнээн хэцүү, бэрх ч байсан хүүхдээ хараад гэртээ суух нь ажил хийх гэсэн нэр томъёонд огтхон ч тохирохгүй. Энэ бол огт өөр, маш эрхэм зүйл. Хүн өөрийн үр удмаа төрүүлж, өсгөж байгааг хүнд тохиолдох онцгой хувь тохиол гэж хэлэхээс биш ажил хийж байна гэвэл хэтэрхий өрөөсгөл юм. Мэдээж, эцэг эх болно гэдэг хэцүү. Гэхдээ бид зугаалганд явах, шоудах, хайртай хүнтэйгээ секс хийхийгээ ажил гэж үздэггүй биз дээ.

Инээдтэй нь бид гэрээ цэвэрлэх, хувцсаа угаах гээд өдөр тутам хийдэг зүйлээ ч ажил гэж хэлдэггүй.

Тухайлбал тэтгэвэрт гарсан, өндөр настай аав ээжийгээ асарч суугаагаа таарсан хүн болгондоо асрагчийн ажил хийж байгаа гээд яриад явбал утгагүй шүү дээ. Хүүхдээ харах ч мөн адил.

Яг үнэнийг хэлэхэд би өмнө нь хэзээ ч өөрийгөө гэртээ суудаг ээж болно гэж бодож, бүүр төсөөлж ч байгаагүй. Би хүүхдийнхээ аавтай их сургуулийн төгсөх курстээ 3-хан сар үерхээд охиноо гэдсэндээ олж байсан юм. Тухайн үед бид хоёр бие биедээ татагдаж, цагийг сайхан өнгөрүүлж байснаас биш хүүхэдтэй болоход хэн хэн нь бэлэн биш байсан. Гэвч бүх зүйл маш хурдан болж өнгөрч бид охиноо гаргахаар шийдсэн. Ингээд бид манай эцэг, эхийнхрүү нүүж, охиноо том болтол тэнд амьдарсан. Энэ үед би төгсөх ангийн оюутан байсан ч хичээлийнхээ хажуугаар долоо хоногт 15 цаг ажилладаг байлаа.

Ингээд хүүхдийн минь аав их сургуулиа төгссөнийхөө дараа удалгүй нэр хүндтэй компанид бүтэн цагийн ажилд орж харин би хагас цагаар туслах ажилтан хийж байгаад гэдсээ томрохоор гэртээ суух болсон юм. Энэ бол 2007 он байлаа.

Охиноо төрүүлснийхээ дараах хэдэн жил би хагас цагаар засгийн газрын эмэгтэйчүүд, нярай, хүүхдийг дэмжих сайн дурын хөтөлбөрт хамрагдаж охиндоо аль л шим тэжээлтэй бүхнийг өгөхийг хичээдэг болов. Энэ үед миний ээж охиныг маань харж өгч их тус болдог байсан. Аз болж хүүгийн минь аав илүү өндөр цалинтай ажилд орсноор би нөгөө засгийн газрын хөтөлбөрөөсөө гарч хааяа юм бичих болов. Дараа жил нь хүүгийн минь аав бид хоёр гэрлэж, тэр маань ч гэрийнхээ ойролцоох дажгүй компанид ажилд орсноор манай гэр бүл 2008 оны эдийн засгийн их хямралыг амжилттай давлаа.

Дээр хэлснээр би хэсэг хугацаанд юм бичиж, хааяа ажил олдохоор хийдэг байсан ч ихэнхдээ л гэртээ байдаг байлаа. Хамгийн гол нь тэр үед би охиноо том болтол нь хажууд нь байж асарч, эрүүл өсгөхийг хүссэн учраас бүтэн цагийн ажилд орох гэж яарахгүй байсан юм. Мэдээж ганц хүний цалингаар манайх тарчигхан л амьдарч байсан ч миний хувьд охиныхоо дэргэдээс холдолгүй түүнийгээ эрүүл саруул сайхан торниулах л чухал байв. Тийм ч болохоор би охиноо надад ирсэн бурхны бэлэг гэж боддог. Үүнийг би ажил гэж хэзээ хэлэхгүй.

Охиноо харж байхдаа би хэд хэдэн ээжүүдийн групп-т нэгдэж, тэдэнтэй санал бодлоо хуваалцаж үзсэн. Харамсалтай нь тэдний хүүхдээ харж гэртээ суухыгаа ял шийтгэл мэт хүлээн авч, өөрсдийгөө өрөвдөж гомдоллохыг сонсох нь надад маш таагүй санагддаг байсан. Уучлаарай, гэхдээ намайг битгий буруугаар ойлгоорой. Мэдээж өөртэйгөө адилхан шинэхэн ээжүүдтэй санал бодлоо хуваалцах нь надруу өдөрт хэдэн мянган удаа орилж, үл тоомсорлож байгаа хүмүүстэй харилцахаас хамаагүй дээр байлгүй яахав.

Хүүхэдтэй болсны дараах хямрал эцэг эх болсон хүн болгонд л тохиолддог. Гэхдээ нэг зүйлийн хажууд энэ юу ч биш. Миний танил нэгэн эмэгтэй хүүхэдтэй болохыг маш их хүсдэг байсан ч ямар нэг шалтгаанаар хүүхэдтэй болж чаддаггүй байсан юм. Тэр хүүхэдтэй болохын тулд хаана л сайн эмнэлэг байна тийшээ очиж үзүүлж, үнэтэй юм бүхнийг л хийлгэж, маш их цөхөрч шаналдаг байсан. Тэгтэл бид ийм азтай хүмүүс хирнээ төрсөн үрээ харахыгаа ажил гэж хэлвэл хэтэрхий шударга бус биш гэж үү.

Би энэ үгэнд маш дургүй. “Хүүхдээ өсгөх нь энэ дэлхий дээрх хамгийн хэцүү ажил.” Миний бодлоор энэ үгийг өөрийн гэсэн үзэл бодолгүй, өдрийн ихэнх цагийг хэл амаа билүүдэж өнгөрүүлдэг өөрийгөө өмөөрөх дуртай гэрийн эзэгтэй нар зохиосон гэж бодож байна. Тийм ч учраас ийм үзэл бодолтой хүмүүс энэ хэвшсэн сөрөг хандлагаа үр хүүхдүүддээ халдаан, улмаар хүүхдээ хараад гэртээ суух бол эмэгтэй хүний эрх чөлөөг хязгаарлаж, өөрийн үнэт зүйлээ золиослодог ажил гэж үг тарсан байх.

Үгүй шүү дээ, гэртээ сууж хүүхдээ харж буй эмэгтэйчүүд бид харин ч маш азтай хүмүүс. Бид бяцхан тэнгэрийн илч нартайгаа бүх л цагийг хамт өнгөрүүлж, тэднийхээ хэрхэн өсч, бойжиж байгааг харж чадах азтай хүмүүс. Энэ бол ажил биш хобби. Үнэндээ хобби гэхээсээ ч илүү бүүр хар тамхи шиг л биднийг донтуулдаг, гэхдээ сайн талаараа. Бидний мэдэх маш олон ажил хийж буй хүмүүс бяцхан үрээ асраад, түүндээ бүхнээ зориулж байгаа бидэнд нууцхан атаархаж явдаг юм шүү.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close