Олны танил

Талийгаач “Playboy”-ын залуу эхнэрт бөгжнөөс өөр юм оногдсонгүй

Алдарт Playboy сэтгүүлийг үндэслэгч Хью Хефнер 92 насандаа саяхан таалал төгссөн билээ. Түүний залуухан бэлэвсэн гэргий 31 настай Кристалд дуулиант медиа магнатын хурааж цуглуулсан 45 сая долларын өв хөрөнгөнөөс өчүүхэн зүйл оногдсон байна.

Хефнерийн гэрээслэлийн дагуу түүний бараг бүхий л өв хөрөнгийг түүний хүү Купер, Дэвид, Марстон болон охин Кристи нар нь хувааж авахаар болжээ. Түүнээс гадна хөрөнгийн зарим хэсгийг Өмнөд Калифорнийн Их сургууль, мөн хэд хэдэн хүмүүнлэгийн байгууллагад гэрээслэлийн дагуу шилжүүлсэн аж.

Харин гурав дахь эхнэр Кристалын нэр гэрээслэлд огтхон ч дурдагдаагүй байж. Тэгээд ч, 2012 онд хурим хийхийнхээ өмнө Хефнер загвар өмсөгч асан бүсгүйгээс нэг болзлыг шаардсан билээ. Энэ нь, түүний үхлээс хойш юу ч өвлөж авахгүй боловч гэрлэлтийн баталгаанд гарын үсэг зурах явдал байсан юм.

Хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, залуухан бэлэвсэн бүсгүйд үлдэж буй хөрөнгө гэвэл, медиамагнат өвгөнтэй хамт амьдарсан таван жилийн хугацаанд худалдаж авсан хувийн эд зүйлс нь бололтой. Эдгээр нь түүнийг нэлээн хэдэн жил хангалуун амьдруулчих боломжтой юм байна.

Түүний томовтор алмаз шигтгээтэй нэг бөгж гэхэд л 100 мянган доллараар үнэлэгдэх бөгөөд зарим эх сурвалжид мэдээлж буйгаар, Холливудын толгод дээр байрлах таван сая долларын үнэлгээ бүхий харш түүнд үлдэж байгаа гэнэ. Уг харшийг түүнд хуримын бэлэг болгон Хефнер авч өгч байжээ.

Д.Мөрөн

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close