Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

BIG BANG-ИЙН T.O.P ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭЖ АМИА ХОРЛОХЫГ ЗАВДСАН УУ?

Мэдээ

BIG BANG-ИЙН T.O.P ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭЖ АМИА ХОРЛОХЫГ ЗАВДСАН УУ?

K-Pop-ын хаад”, “Үндэсний boy band” гэж солонгосчууд Big Bang-ийг үнэлдэг. Дэлхий даяар 140 сая хувь цомог борлуулж, дижитал цомгийн борлуулалтаар Азийн бүх цаг үеийн шилдгээр нэрлэгдсэн тэд Forbesсэтгүүлийн Топ 100 оддын жагсаалтад багтаж байлаа.

Өмнөд Солонгосын шоу бизнесийн салбар Азидаа тэргүүлэгч. Сүүлийн жилүүдэд тив алгасан дэлхийн чимээнд хүрэх болсон K-Pop ертөнцийн хамгийн том төлөөлөл нь Big Bang хамтлагийн залуус юм. Тиймдээ ч хамтлагийн гишүүн T.O.P хар тамхины хэрэгт орооцолдсон тухай таагүй мэдээлэл цахим ертөнцөд вирус мэт хурдтай тархсан. Мансууруулах бодис хэрэглэсэн нь шинжилгээгээр батлагдаж, цагдаагийн газарт байцаагдаж байсан T.O.P эмийн тун хэтрүүлэн хэрэглэсний улмаас өдгөө эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт ухаангүй байгаа.

Үнэнч фенүүд нь эмнэлгийн үүдийг гурав хоног дараалан сахиж, ухаан орохыг нь чин сэтгэлээсээ хүсэж, хүлээж буйгаа илэрхийлсээр байна.

Хамгийн сүүлийн мэдээллээр T.O.P Сөүлийн Ихвагийн охидын их сургуулийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасаг хэвтэн эмчлүүлж байгаа. Эмнэлэгт ухаангүй хүргэгдэн ирээд гурван хоног өнгөрсөн ч ухаан ороогүй байгаа тухай түүний харьяалагддаг YG Entertainment агентлаг өчигдөр /2017.06.08/ мэдэгдэл гаргажээ.

Дуучин залуу хар тамхины хэрэгт холбогдож, сая сая фенүүдийнхээ урмыг хугалж, сэтгэлийг нь зовоосонд компанийн зүгээс уучлал хүссэн байв.

T.O.P гэж хэн бэ?

Бүтэн нэр: Чой Сен-хюн
Хоч: Темпо
Төрсөн он, сар өдөр: 1987-11-04
Өндөр: 180 см
Жин: 65 кг
Цусны бүлэг: В
Боловсрол: Сөүлийн урлагийн коллеж, Дангукийн театр ба кино урлагийн их сургууль
Хэл: Солонгос, япон
Хобби: Ном унших, усанд сэлэх, дууны үг зохиох

T.O.P гэх тайзны нэрээрээ алдаршсан 29 настай реппер Чой Сен-хюн өнгөрсөн мягмар гаригт /2017.06.06/ тайвшруулах, булчин сулруулах үйлчилгээтэй бензодиазепин гэх эмийн бодисын тун хэтрүүлэн хэрэглэсний улмаас эмнэлэгт хүргэгдсэн юм. Марихуан хэрэглэсэн хэргээр шалгагдаж байсан түүнийг сэтгэл санааны гутралд орж, амиа хорлохыг завдсан байж болзошгүй гэх мэдээлэл ч гараад байгаа.

Түүнийг өнгөрсөн аравдугаар сард Сөүл дэх гэртээ дуучин болохоор бэлтгэгдэж буй 21 настай Хан Сё-хи гэгч бүсгүйтэй хамт дөрвөн ч удаагийн тохиолдлоор мансууруулах бодис хэрэглэсэн хэрэгт буруутгаж байна.

Хэргийг шалгаж эхлэх үед T.O.P цэргийн алба хааж байсан юм. Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн Ганнам дахь цагдаагийн хэлтэст албаа эхлүүлсэн бөгөөд хэрэгт холбогдсоны дараа шүүх түүний хэргийг таслан шийдвэрлэх хүртэл албыг нь түр түдгэлзүүлжээ.

Хуулийн дагуу Өмнөд Солонгосын эрчүүд 35 нас хүрэхээсээ өмнө хамгийн багадаа 21 сарын хугацаатай цэргийн алба хаах хуультай байдаг аж.

Дашрамд, БНСУ-д марихуан хэрэглэхийг хуулиар хориглосон бөгөөд хууль зөрчсөн тохиолдолд дээд тал нь таван жилийн хорих ял, эсвэл 50 сая воны торгууль ногдуулах хуулийн заалттай аж.

Марихуан хэрэглэсэн гэх T.O.P-ын хэрэг хаанаас үүдэлтэй вэ?

Өмнөд Солонгосын 2NE1 охидын хамтлагийн стилист, Big Bang хамтлагийнхны дотнын найз Ян Сен-хо 2014 оны гуравдугаар сард хууль бусаар мансууруулах бодис хэрэглэсэн хэргээр баривчлагдав. Ян, басXIN нэрээрээ алдартай түүнийг Японы нийслэл Токио хотоос баривчлан саатуулжээ.

Үүнээс өмнө XIN 2014 оны дөрөвдүгээр сард АНУ-ын Лос-Анжелес хотод биедээ кокаин авч яваад саатуулагдаж байсан гэнэ.

XIN маш олон уран бүтээлчтэй ойр дотно харилцаатай байсан тул K-Pop ертөнцийн одод, дуучид хар тамхины хэрэгт холбоотой байж болзошгүй байв. Гэхдээ цагдаагийн байгууллага хэсэг хугацаанд шалгалт, мөрдөн байцаалт явуулсны эцэст хэн нэгнийг баривчилсангүй өнгөрчээ. Тэр үед л T.O.P анх цагдаа нарын хараанд өртсөн байна.

Тэгэхээр Өмнөд Солонгосын цагдаа нар 2016 оны гуравдугаар сарын үеэс T.O.P-ыг анх шалгаж эхэлжээ. Тэд T.O.P-ыг сэжиглэж байсан ч цусны шинжилгээ хийлгэхийг шаардах хангалттай нотлох баримт байгаагүй учир хэрэг тэгсгээд намжив.

Нэг жилийн дараа, 2017 оны гуравдугаар сард цагдаа нар Хан Сё-хи гэгчийг хууль бусаар хар тамхи хэрэглэсэн гэх үндэслэлээр албан ёсоор шалгаж эхэлжээ. Дуучин болохоор бэлтгэгдэж байсан 21 настай бүсгүй стресс, сэтгэл гутралаа даван туулахын тулд мариухан хэрэглэдэг байсныг цагдаагийн байгууллага тогтоосон байна.

Хан овогт бүсгүйн хэргийг шалгаж байх явцдаа цагдаа нар T.O.P түүнтэй хамт мансууруулах бодис хэрэглэж байсныг олж мэджээ. Хан Сё-хигийн эд хогшлыг шинжлэх явцдаа олж илрүүлсэн тэдний сэжиг таамгийг Хан бүсгүй байцаалт өгөхдөө хүлээн зөвшөөрсөн байна. Энэ дагуу цагдаа нар T.O.P-оос цусны шинжилгээ авахад мансууруулах бодис илэрчээ.

T.O.P эхэндээ энэ бүгдийг үгүйсгэж, ердөө электрон тамхи татсан гэж мэдүүлж байсан ч хөдөлшгүй баримтаар нотлогдсоны дараа Сөүл дэх гэртээ Хан Сё-хитэй хамт марихуан татсанаа өчжээ. Цаг хугацааны хувьд 2016 оны аравдугаар сарын 9-12-ны хооронд дөрвөн удаагийн тохиолдлоор Хан Сё-хитэй хамт мансуурсан гэнэ.

Энэ талаарх мэдээлэл 2017 оны зургадугаар сарын 1-нд олон нийтэд ил болсон юм. Тэр үед T.O.Pцэргийн албанаас гурав хоногийн чөлөөгөөр гарсан байв.

Удаахь өдөр нь T.O.P сайн дураараа цагдаагийн газарт очиж, мэдүүлэг өгчээ. Цагдаа нар хэргийг шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлээд байна. Хэргийн талаарх нэмэлт мэдээлэл дахин цацагдаагүй.

T.O.P-ын хэрэгтэй холбогдуулан Big Bang хамтлагийн бусад гишүүдээс цусны шинжилгээ авахад мансууруулах төрлийн бодис илрээгүй байна. Тиймээс тэднээс T.O.P-ын хар тамхи хэрэглэсэн асуудлаар мэдүүлэг аваад буцаажээ.

Continue Reading
Холбоотой мэдээ
Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top