Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

Б.МӨНХСОЁЛ: НАМУУД ҮЗЭЛ БАРИМТЛАЛААРАА БУС ЭРХ АШГААРАА ӨРСӨЛДӨЖ БАЙНА

Мэдээ

Б.МӨНХСОЁЛ: НАМУУД ҮЗЭЛ БАРИМТЛАЛААРАА БУС ЭРХ АШГААРАА ӨРСӨЛДӨЖ БАЙНА

Үндэсний Стратегийн хүрээлэнгийн захирал Б.Мөнхсоёлтой эдийн засаг, улс төр, сонгуулийн талаар ярилцлаа.


-ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт гурван жилийн хугацаатай хамрагдахаар боллоо. Эдийн засгийн хямралаас гарч, эдийн засагт ногоон гэрэл аслаа гэж байна. Ирэх жилүүдэд эдийн засгийн төлөв ямар байх бол?

-Өнгөрсөн 2016 оны сонгуулийн дараа Монголын эдийн засаг хямралаас гарах гарц хайсан үеэс эхлэн ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах асуудлыг ярьж эхэлсэн. Миний хувьд ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах нь зөв гэсэн сонголтыг дэмжиж ирсэн. ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах нь харьцангуй нөлөөлөл, хамаарал багатай сонголт байсан гэж бодож байна. Нөгөө талдаа Монгол Улсад хямралаас гарах олон гарц байгаагүй. ОУВС-ийн хөтөлбөрт хамрагддаг бусад улс орны хувьд хөтөлбөр амжилтгүй хэрэгжсэн тохиолдол олон бий гэдгийг зарим хүмүүс хэлдэг. Тухайн улсын Засгийн газар ОУВС-тай хийсэн гэрээний дагуу ажиллах, хэрэгжилт хэр байхаас, хөтөлбөрийн хүрээнд тохирсон нөхцөлүүдээ хэрхэн биелүүлэхээс бүх зүйл хамаарч байсан. Жишээлбэл, Грек улсад ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахдаа хоёр тал тохиролцсон 12 зүйлийн тал хувийг нь тухайн улсын Засгийн газар биелүүлсэн. Түүнээс гадна Грекийн Засгийн газар тогтворгүй, улс төрийн тогтворгүй байдал зэрэг шалтгаанаас ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжих үр дүн гараагүй тохиолдол байсан Монгол Улсын хувьд ярвигтай ч гэсэн тодорхой хэдэн нөхцөлтэйгээр ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахаар болж байна. ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсанаар хэд хэдэн эерэг үзүүлэлтүүд гарна гэж бодож байна. Эхний ээлжинд өнөөдөр үүсээд байгаа өрийн дарамт, төсвийн алдагдал зэргийг зохицуулах санхүүгийн эх үүсвэртэй болж байна. Мөн энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг далимдуулж засаглалын хямрал буюу тогтолцоо, системийн шинжтэй алдаанаас гарах бодлогын шинэчлэл хийх үйл явц өрнөнө гэж бодож байна. Жишээлбэл, Засгийн газраас өргөн барьдаг төсвийн тухай хуульд ордог улстөржилтийг зогсоох, тооцоогүй төсөв нэмэхээс илүү зардлын ангилалд асуудлыг илүү авч хэлэлцэнэ гэсэн зорилго тавьж байна. Мөн Монголбанкны хараат бус байдлыг сайжруулах, мөнгөний болон  төсөв санхүүгийн уялдааг хангах, арилжааны банкны системийн эрсдэлийг бууруулах гэх мэт олон зүйлүүд хийхээр байна. Бодлогын асуудлаас гадна валютын нөөц нэмэгдүүлэх, мөнгөний урсгал нэмэгдэх гэх мэт эдийн засгийн царцмаг байдлыг саармагжуулах зэрэг давуу талууд бий болно. Түүнээс гадна нэг чухал хүлээлт бол гадаадын болон дотоодын зах зээлд Монгол Улсын зэрэглэлийг дээшлүүлэх, эдийн засаг сайжруулахад томоохон түлхэц болох байх.

Улс төрөөс, сонгуулийн циклээсээ эдийн засаг нь хамааралтай Монгол Улсын хувьд эдийн засгаа сайжруулахын тулд улс төрийн хямралаас ч мөн гарах хэрэгтэй гэдгийг зарим судлаачид хэлдэг?

-Засаглалын хямрал нь эдийн засгийн хямралыг бий болгож байна. Засаглалын хямрал нь улс төрийн тогтолцоотой холбоотой.  Эдийн засаг гадаад, дотоодын зах зээлийн нөлөө, дэлхий эдийн засагт Монголын экспортолдог уул уурхайн бүтээгдэхүүнээс өнөөгийн хямралт үүдэлтэй ч улс төрийн, бодлогын шийдвэр нөлөөлсөн гэдэг утгаараа Монгол Улсад эдийн засаг болон улс төрийн хямрал нүүрлэсэн гэж дүгнэж болохоор байгаа юм. Улс төрийн хямралыг зогсоох, засаглалын зөв системтэй бол  сайн засаглалтай болох нь маш чухал. Нэг жишээ хэлэхэд, Засгийн газар, Сангийн яамнаас маш олон эрсдэл, тооцоо судалгаан дээр үндэслэн төсвийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлдэг. Гэтэл УИХ-д орж  ирээд үндэсний хэмжээнд том сэтгэхгүйгээр зөвхөн тойргийн хэмжээнд сэтгэх, намын, улстөрийн амбиц, намын эрх ашиг сонирхол хөндөгддөгөөрөө төсвийг гажуудуулж, сахилга батыг алдагдуулдаг. Нөгөө байнгын яригддаг зөв, оновчтой төсвийн зарцуулалт хийх бодлого алдагддаг. Монгол шиг зөвхөн уул уурхайн салбараас хамааралтай ийм эмзэг эдийн засагтай орон уул уурхайн салбар идэвхитэй, ашигтай байгаа үед тодорхой хэмжээний ирүүдүйгээ бодож олон төрлийн сан үүсгэх ёстой байсан. Хуримтлуулсан мөнгөөрөө дэд бүтэц, эрүүл мэнд, боловсролын салбарыг хөгжүүлэх, ирээдүй хойч үедээ мөнгө хуримтлуулах, аривжуулах сангууд нь өнөөг хүртэл хоосон шахуу явсаар ирсэн. Нийгмийн даатгалын сан нь хэдэн жилийн дараа тэтгэвэрт гарах хүмүүсийнхээ тэтгэврийг төлж чадахгүй  хэмжээнд байгаа улсын хувьд мөчлөг сөрсөн бодлого маш чухал. Гэтэл улстөржилт нь төсвийн сахилга бат алдагдуулах, ирээдүйгээ бодохгүй өнөөдрөөс сэтгэж, хэцүү цаг үед зөвхөн зээлээр асуудлаа шийдэж байна. Хэрэв бид сандаа мөнгөтэй байсан бол өнөөдөр өр зээл тавихгүйгээр асуудлаа шийдэх боломж байсан. Түүнээс гадна сонгуулиуд дөрвөн жил тутамд болж, сонгуулиас хамааралтай төрийн албатай болсон. Тухайн сонгуулиар ямар нам ялахаас хамаарч намын, фракцийн төрийн алба бий болдог учраас төрийн албаны ажилчид нь дөрвөн жилийн дараа  ажлаа өгнө гэсэн сэтгэхүйгээр ажлаа алддаг, шинэ төрийн албан хаагч нь суралцах гэж их хугацаа зарцуулж байгаа нь өмнө нь явж байсан бодлого тасалдаж байна. Ер нь ирээдүйгээ харсан тогтвортой төрийн  албаны интуци байхаа больсон, ой санамжгүй болж өмнө нь явуулсан бодлого үргэлжлэхгүй, бүгдийг шинээр эхлэх зэрэг нь Монгол Улс 3-4 жилийн тогтолцоотой богино хугацааны циклтэй ирээдүйгээ харсан төлөвлөгөө байхгүй гажуудсан ситем бий болчихоод байна. Энэ нь тухайн иргэн, төрийн албан хаагчаас үл хамааарч, дээр суусан улс төрчдийн хийж буй үйлдэл.

-Аливаа улс орон стратегийн урт хугацааны төлөвлөгөөтэй явдаг. Гэтэл Монгол Улсад дөрвөн жилийн сонгуулийн циклээр урт хугацааны төлөвлөгөө алдагдаад байх шиг. Ялсан нам нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд дөрвөн жил ажилладаг. Ер нь Монгол Улсад хөндөж болохгүй, тасалдуулж болохгүй урт хугацааны төлөвлөгөө байна уу?

-Шулуухан хэлэхэд Үндэсний хөгжлийн цогц бодлого, Мянганы хөгжлийн зорилго, 2017-2030 хүртлэх Үндэсний хөгжлийн үзэл баримтлал гэх мэт урт хугацааны төлөвлөгөөг бодлогын баримт бичиг болгон баталсан байдаг. Энэ нь намаас, сонгуулиас үл хамааран ямар ч Засгийн газар гарсан баримтлаад явах урт хугацааны хөгжлийн бодлоготой байх үүднээс батлагдсан баримтууд. Гэтэл дээр дурьдсан олон шалтгааны улмаас ийм баримт бичиг байх нь утгагүй юм шиг байгаад байна л даа. Яагаад вэ гэхээр, тэр үзэл баримтлалыг тууштай, гүн гүнзгий утгаар нь барьж авдаг Засгийн газар ховордсон байна. Түүнээс гадна, тухайн баримт бичигт санхүүгийн үзэл баримтлалаа нягт холбож өгөөгүйгээс энэ бодлого алдагдах магадлал өндөр байдаг. Хамгийн сүүлд гарсан үзэл баримтлал дээрээсээ доошоо явсан чиглэлтэй боловч эдийн засгийн хямралтай ийм цаг үед үзэл баримтлалын төлөө явах хүндрэлтэй цаг үе тулгарч байна. Тэгэхээр нэг талдаа улс төрийн болон засаглалын байдал нөлөөлж байна, нөгөө талдаа эдийн засгийн асуудал нь дорвитой бодлого хэрэгжүүлэхэд саад болсон гэж бодож байна.

-Ядаж дөрвөн жил төр барих хугацаандаа чанартай хөгжлийн бодлого гаргах боломж улс төрийн намуудад бий юу?

-Боломж маш их байгаа. Одоо улстөрчдийн мэдлэг чадвар гэхээс илүү сэтгэл, чин эрмэлзэл, зориг дутаж байна. Ядаж улстөрчид биш юм гэхэд Монголд чадварлаг, мэдлэгтэй, туршлагатай, сэтгэлтэй маш олон хүмүүс байна. Улстөрч заавал бүхнийг мэдэх албагүй. Гагцхүү улс эх орныхоо төлөө зүтгэх мэдлэг, боловсролтой хүний нөөцөө ашиглах ёстой. Даанч  хувийн эрх ашиг, аль илүү ашигтай вэ гэдгийг бодоод байна, улстөрчид. Түүнээс урт, богино хугацаанд биш тухай удирдагчдын чин сэтгэл чухал.

Дөрвөн жилийн сонгуулиас хөгжлийн бодлого хамаарч байгаа үед парламент, Ерөнхийлөгч болон бүх шатны сонгуулийг найман жилд нэг явуулах ёстой гэж хэлэх хүмүүс байдаг. Ялангуяа Үндсэн хуулийн өөрчлөлтийн үеэр энэ асуудал их хөндөгддөг?

-Түүнээс өмнө сонгуулийн тогтолцоог эргэж харж, сонгуулийн хуулиа эргэж харах ёстой гэж боддог. Монгол Улсын иргэдийн сонгох, сонгогдох эрх бүрэн биш юм гэхэд 80 хувийн магадлалтай шударга байх тогтолцоог бий болгох талаас нь харах ёстой гэж бодож байна. Улс төрийн нам төлөвшөөгүй үед шууд олон жилийн боломжийг олгохоор сөрөг нөлөө үзүүлэх өндөр магадлалтай гэж би бодож байна.

-Монголд хүчтэй, идэвхтэй цөөхөн улс төрийн нам бий. Уг нь намууд бодлогоор, үзэл баримтлалаараа өрсөлдөх ёстой.  Манай намууд улс төрийн зөв өрсөлдөөнийг бий болгож чадаж байна уу?

-Манай цөөхөн улс төрийн хүчнүүд маань бодлогоор, мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөхгүй байна. Улс төрийн нам гэдэг бол үзэл баримтлал, үнэт зүйлээрээ нэгдэж байгаа хэсэг хүмүүсийн нэгдэл. Тухайн улс төрийн нам нь тухайн нам даргаас эсвэл нөлөө бүхий бүлэг хэн байхаас үл хамааран явах ёстой. Дэлхий дахинд нь энэ асуудал байдаг. Ялангуяа Монгол шиг цөөн хүн амтай, жижиг зах зээлтэй улсад бүр хүчтэй нөлөөлж  байна. Улс төрийн нам үзэл баримтлал, үнэт зүйл гэхээсээ илүү хэн дарга байна, хэний фракц илүү хүчтэй байна гэдгээс хамаарч байгаа үед улс төрийн нам гэж ярих нь хоцрогдмол. Харин хэний хойноос, хэний намд орсноор өнөөдөр ажилтай, амьдралтай байх нь вэ гэдгээр зааглагдаж байгаа учраас тухайн намыг дэмжиж намд элсч байгаа гэхээс илүү ирээдүйд ажилтай, орлоготой байх гэсэн үзлээр намд орж байна. Энэ бүхнийг дээр, дооргүй бүгд мэдэж байгаа ч системдээ уягдсан тор үүсчихсэн байна. Үүнийг өөрчлөхийн тулд цоо шинэ хүчин, цоо шинэ улстөрчдийг гаргаж ирэх ёстой юм болов уу гэж хувь хүнийхээ хувьд бодож байна.

-Засаглалын хямрал нүүрлэсэн учраас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэдгийг сүүлийн хэдэн жил ярьж ирсэн. Энэ удаагийн парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг идэвхтэй тавьж, хийж байна. Үндсэн хуулийг өөрчлөхгүйгээр засаглалын хямралаас гарах боломж байна уу эсвэл өөрчлөлт оруулах ёстой юу?

-Үндсэн хуульд зачрмын шинжтэй хэд хэдэн өөрчлөлт хийх шаардлагатай. Тухайлбал, хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын зааг ялгаг бий болгох, хариуцлагын механизмыг бий болгох ёстой. Гэхдээ маш олон талын оролцоог хангах, ялангуяа мэдлэгтэй, мэдээлэлтэй хүмүүс болон хүчнүүдийн оролцоог хангаж Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй бол чоно борооноор гэдэг шиг өөрчлөлт оруулах процессыг далимдуулж хэсэг бүлэг хүмүүс өөрсдийн эрх ашгийг хамгаалах механизмыг бүрдүүлчих вий гэсэн санаа зовнил, надад байна. Үндсэн хуулийг бид өөрчлөх ёстой гэж маш олон жил ярьсан хэрнээ өөрчлөх болохоороо 21 хоног зарцуулна гэдэг бол маш их далд санаа агуулсан байж болохуйц үйлдэл болох байлаа.

-Удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Сонгогчийн боловсрол маш муу гэж их ярьдаг. Нөгөө талдаа сонгогчдод зөв сонголт хийх боломжийг олгодоггүй ч байж болох. Сонгогчдын боловсролыг яаж дээшлүүлэх ёстой юм бэ?

-Ер нь хүссэн хүсээгүй тухайн нийгмийн түвшин хэн нь лидер вэ гэдгийг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, хэдийгээр тэр нийгэмд тодорхой хэмжээнд боловсрол эзэмшсэн, туршлагатай, мэдлэгтэй хүн байлаа ч оролцоо, нөлөөлөх түвшин нь цөөнх байвал илүү хэсэг нь давж гардаг. Тиймээс бид сонгогчдынхоо мэдлэг, мэдээллийг хүссэн хүсээгүй сайжруулах хэрэгтэй. Толгойгоор биш ходоодоор сонголт хийж байгаа байдлаас хурдтай гарахын тулд мэдлэгжүүлэх, мэдээлэлжүүлэх шаардлага тулгарч байна. Хэрэв сонгогчид үнэнийг мэддэг, илүү мэдээллийг авч чадаж байвал арай өөр сонголт явагдах магадлал өндөр болно. Гэхдээ үүнийг бий болгохыг хүсэхгүй байх хүсэл зарим нэг хүчнүүдэд байна гэж би харж байна, магадгүй шүү.

-Сонгууль бүрийн өмнө нэр дэвшигчид “сайн” хүний дүрд хувирдаг. Нөгөө талдаа сонгогчдод зөв сонголт хийх боломжийг нь бүрдүүлж өгөх ёстой. Харин энэ боломжийг хэн бүрдүүлэх ёстой юм бэ?

-Сонгогчийн боловсрол гэж төрийн бус байгууллага байдаг. Энэ мэт төрийн бус байгууллага, идэвхитэй иргэд, ирэний нийгмийн байгууллагууд тодорхой ажлууд хийж байна. Энэ байж болох ч нөгөө талдаа улс эх орныг удирдаж байгаа лидерүүд үүнийг санаачлан хийх ёстой. Төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын хийж буй ажил нь цар хүрээ нь бага. Тиймээс улс өөрөө хийх ёстой ажлын нэг мөн. Энэ улс орон хөгжөөсөй, цэцэглээсэй, айл өрх, иргэн бүр сайн сайхан амьдраасай гэж хүсч байгаа бол аль аль түвшинд хэн бүхний хийх ажил бол сонгогчийн боловсролыг дээшлүүлэх, мэдээлэлжүүлэх явдал.

Нөгөө талдаа сонгогч боловсролтой байх нь улстөрчид, намуудад ашиггүй юм биш үү?

-Сонгогчид ч бас өөрсдөө мэдээлэлтэй болох хүсэл эрмэлзэлтэй байх ёстой.

-Монгол Улсын Ерөнхийлөгч бэлэг тэмдэг байх ёстой, эсвэл эрх мэдэлтэй байх ёстой гэх мэтээр тайлбарладаг. Ер нь Монгол Улсын Ерөнхийлөгч ямар хүн байх ёстой вэ?

-Улстөрч хүн аль сонгуулиар сонгогдох эрхийн дагуу чадварлаг, мэдлэгтэй, ёс зүйтэй, шударга сайн л хүн байх ёстой. Тийм хүн сонгогдох учраас сонгогдохын тулд хүмүүс сайн хүний дүрд хувирдаг. Хүн болгон сонгуулийн үеэр төгс хүн болж хувираад, өөрийгөө өрөөлөөр магтуулаад эхэлдэг. Зорилго нь тодорхой учраас иргэд, сонгогчид тухайн нэр дэвшигчийн хэл байгаа зүйл нь үнэн худал эсэхийг судалж мэдэх ёстой. Гэтэл зарим сонгогчид ажил, амьдралдаа завгүй учраас нэр дэвшигчийг судлахгүй, түүнийг хэн бэ гэдгийг мэдэх завгүй байна. Тухайн нэр дэвшигчийн ярьсан хэлсэн нь үнэн  эсэхийг харахын тулд төгссөн сургууль, ямар ажил хийж байсан, туршлага, шударга, ёс зүйтэй эсэх, үнэт зүйл нь юу вэ, амьдарч ирсэн түүхийг нь судлах хэрэгтэй. Мөрийн хөтөлбөрийн зорилго нь юу байгаа, хэрхэн томъёолж байгаа эсэхийг нь маш сайн судлах хэрэгтэй. Мөн тухайн хүний одоо ажиллаж байгаа багт нь ямар хүмүүс байгаа ч анзаарах ёстой.

-Сонгогчдод тухайн нэр дэвшигч хэн бэ гэдгийг таниулахын тулд мэтгэлцүүлэх ёстой гэдэг хандлага маш их байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй гурван нэр дэвшигчийг ч мөн мэтгэлцүүлэх талаар ярилцаж байна. Мэтгэлцээн сонгогчид сонголт хийхэд нь тусалж чадах уу?

-Нэг удаагийн биш хоёр, гурван удаагийн мэтгэлцээн байх ёстой. Гэхдээ урьдаас бэлтгэсэн асуултад хариулт авахаас илүү асуултыг шууд тавьж, тухайн нэр дэвшигчийн чадвар, чансаа, туршлага, чин сэтгэл, эрмэлзэл, ёс зүйт байдал нь харагдах байх. Ер нь бэлтгэгдээгүй гэнэтийн зүйл нь тухайн нэр дэвшигчийг хэн бэ гэдгийг илүү тодруулах юм болов уу гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа.

Ш.ЧИМЭГ

Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top