Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

Хүүхдээ хайрлахад мөнгө хэрэггүй

Мэдээ

Хүүхдээ хайрлахад мөнгө хэрэггүй

Сенсаацийн эргэн тойронд

Насанд хүрээгүй хүүхэд гэмт хэргийн хохирогч болох эсвэл өөрсдөө гэмт хэрэг үйлдэх тохиолдол ихэссэн. Тиймээс “Монголын мэдээ” сонин энэ удаагийн “Онцлох хуудас”-аараа насанд хүрээгүй хүүхдэд эцэг эхийн хараа хяналт сул байгаатай холбоотойгоор гэмт хэрэг зөрчилд холбогдож цаашлаад амиа алдаж буйг онцолж байгаа юм.

НАСАНД ХҮРЭЭГҮЙ ЗУРГААН ХҮҮХЭД ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДЖЭЭ

2017.03.16: Монгол Улсын Засгийн газар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталсан билээ. Одоогоор уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэдий хэмжээний төсөв зарцуулах эсэх нь тодорхойгүй байгаа аж. Манай улсад сүүлийн гурван жилийн дотор хар тамхитай холбоотой гэмт хэргийн гаралт огцом нэмэгдэж, тээвэрлэгч орноос хэрэглэгч орон болж, бүртгэгдээд буй. Ялангуяа гэмт хэрэгт холбогдсон иргэдийн нас залуужиж байгаа нь аюулын харанга дэлдэж байгааг мэргэжилтнүүд онцолж байгаа. Тухайлбал, 2015 онд цагдаагийн байгууллага энэ төрлийн гэмт хэрэг 79-ыг илрүүлэхэд 10 хүүхэд, 2016 онд зургаан хүүхэд тус бүр холбогджээ. Мөн нийт хар тамхины гэмт хэрэгт холбогдогчдын дийлэнх хувийг 25-30 насныхан эзэлж байгаа юм байна.

НЭГ АНГИЙН ХОЁР СУРАГЧ ХАМТДАА АМИА ХОРЛОВ

2017.04.10: Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Зайсан орчмын “Tuul one” хотхоноос хоёр охин үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм. Албан бус эх сурвалжийн  мэдээллээр охид 16-17 орчим настай, нэг ангид сурдаг 12-р ангийн сурагчид байжээ. Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уг хэргийг сурвалжилж байсан бөгөөд тус байрны  оршин суугчид  “Тийм хэрэг гарсан. Яг орцны үүдэнд унасан юм шиг байна лээ. Цагдаа нар хамгаалалт авчихаад гаднаас ч хүн оруулахгүй, дотроос ч хүн гаргахгүй хоёр гурван цаг болсон. Тэгээд охидын цогцсыг аваад явсан ” гэж ярьсан байв.

НАСАНД ХҮРЭЭГҮЙ ОХИД СОГТУУРСАН ҮЕДЭЭ АМИА ХОРЛОХЫГ ЗАВДАВ

2017.05.15: Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өндрөөс үсрэхийг завдсан хэрэг тухайн өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, “46-р цэцэрлэгийн дээвэр дээрээс хүн үсрэх гээд байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу алба хаагчид очиж шалгахад Хан-Уул дүүрэг… байрны…тоотод оршин суух 15 настай эмэгтэй А нь, Хан-Уул дүүрэг… тоотод суух 17 настай эрэгтэй О, тус тоотод суух 19 настай эрэгтэй Д нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргаж,  тус цэцэрлэгийн дээвэр дээрээс үсрэхийг завдсан байна. Дээрх үйлдлийг эргүүлийн цагдаа нар таслан зогсоожээ.  Улмаар үр хүүхдээ хаана, хэнтэй юу хийж явааг байнга хянаж, хараа хяналтаа сайжруулахыг нийт эцэг эхчүүдэд цагдаагийн байгууллагаас анхааруулсан юм.

ЗАХИРАЛДАА ХҮЧИРХИЙЛҮҮЛСЭН 22 НАСТАЙ БҮСГҮЙ  АМИА ХОРЛОЖЭЭ

2017.06.07: Энэ сарын 5-ны өдөр 22 настай бүсгүй байшингийн дээврээс  үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг  Нарны хороололд гарчээ. Талийгаачийн гэр бүлийн зүгээс 22 настай охин амиа хорлоогүй,  хэн нэгний дарамтад орсон хэмээн үзэж байгаа аж. Учир нь талийгаач  өнгөрсөн тавдугаар сарын 31-нд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст “Ажилладаг газрынхаа захиралд зодуулчихлаа” хэмээн гомдол гаргаж байжээ. Тус өдөр “С”–ХХК-ийн захирал талийгаач эмэгтэйг ажлын өрөөнд нь хүчирхийлэхийг завдаж, түүнийг эсэргүүцэхэд , нүдийг нь хөхөртөл зодсон талаархи  мэдээлэл байгаа юм.  Охиныг зодуулж байхад хамт ажилладаг хүн нь харж салгажээ.  Талийгаач охин  захирлыгаа цагдаад өгч, өргөдөл бичсэн байна. Гэвч, харамсалтай нь тус өдөр талийгаач эмэгтэй Нарны хорооллын …р байрны 16-р давхараас унаж амиа алдсан байдалтай олджээ. Тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

ЖИЛД 298 ХҮҮХЭД БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН

2017.06.07: Манай улсад гэр бүлийн хүчирхийлэлээс гадна бага насны хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртөх тохиолдол гарсаар байна. Ихэвчлэн ураг төрлийн буюу таньдаг хүмүүсдээ хүчирхийлүүлдэг гэсэн судалгааг ч олон улсын байгууллагаас гаргажээ. Бүр жигшмээр ч аймшигтай хүний санаанд багтамгүй хэргүүд их гардаг. Тодруулбал, төрсөн эцэгтээ, төрсөн өвөөдөө, хойд эцэгтээ, хамаатны ахдаа хүчирхийлүүлж сэтгэл санааны хүнд шоконд орох бүр сэтгэцийн өвчтэй болох тохиолдол байсаар байгаа. Цагдаагийн байгууллагаас гаргасан судалгаагаар 2015-2016 онд улсын хэмжээнд 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх статистик тоо байна. Тэдний ихэнх нь насанд хүрээгүй хүүхдүүд бөгөөд хамгийн бага нь ой есөн сартай охин ч байгаа нь сэтгэл сэрдхийлгэмээр. Тиймээс бага насны охидуудадаа анхаарлаа сайн тавих, хамаатан садангийндаа үлдээхгүй байх, мөн танихгүй хүнд даатгаж үлдээхгүй байхыг эцэг эхчүүдэд анхааруулж байна.

ХУЛГАЙ, ДЭЭРМИЙН 120 ҮЙЛДЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДИЙГ БАРИВЧИЛЛАА

2017.06.07: Өнгөрсөн мягмар гарагт Чингэлтэй дүүргийн 11-р хороо буюу 32-ын автобусны буудал дээр 12 настай хүүхдийг дээрэмдсэн хэрэг гарсан байна. Үүний дагуу дээрэмдүүлсэн хүүхдийн ээж цагдаагийн байгууллагад  дуудлага өгчээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 12-р  хороонд суух 12 настай эрэгтэй Т, Э нарын Trend маркийн гар утас, марк тодорхойгүй гар утас, өмсөж явсан гутлыг Баянзүрх дүүргийн 12 хороонд суух 14 настай эрэгтэй О, Сонгинохайрхан дүүргийн 24 хороонд суух 16 настай эрэгтэй Т нар бүлэглэн дээрэмдсэнийг илрүүлэн шалгаж эхэлжээ. Дээрмийн хэрэг үйлдсэн 14 болон 16 настай хоёр хүүхэд Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Багануур дүүрэг, Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт дээрэм, хулгайн нийт 120 үйлдэлтэй болох нь тогтоогджээ.

14 НАСТАЙ ХҮҮ ГАЗ ҮНЭРЛЭЖ БАЙГААД АМИА АЛДЛАА

2017.06.08: Баянгол дүүргийн зургадугаар хороонд орших даланд хүн амиа алдсан гэх дуудлага өчигдөр цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаа нар очиж хэргийн газарт ажиллах үед 14 настай Т гэх эрэгтэй хүүхдийн цогцос байсан аж. Цагдаа нар хүүг ахуйн газ үнэрлэж, мансуурсан үедээ даланд унаж амиа алдсан гэх урьдчилсан дүгнэлт гараад байгаа юм. Мөн хэргийн газарт газны сав олдсон аж. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа юм.

Сэтгүүлчийн өнцөг: ХҮҮХЭД Ч ГЭСЭН ХҮН

Өнгөрсөн долоо хоногт Баянгол дүүрэгт хоёр хүүхэд газ үнэрлэж байгаад нэг нь амиа алдсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн. Энэ төрлийн гэмт хэрэг он гарснаас хойш нийтдээ 17  бүртгэгдэж, гурван хүүхэд эцэг, эх гэр бүлээ орхин хорвоогоос үүрд буцжээ. Үүнээс гадна бага насны хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртөх тохиолдол ч гарсаар байна. Ихэвчлэн ураг төрлийн буюу таньдаг хүмүүсдээ хүчирхийлүүлдэг гэсэн судалгааг олон улсын байгууллагаас гаргасан байдаг. Тодруулбал, төрсөн эцэгтээ, төрсөн өвөөдөө, хойд эцэгтээ, хамаатны ахдаа хүчирхийлүүлж сэтгэл санааны гүн  шоконд орох бүр сэтгэцийн өвчтэй болох тохиолдол ихэсчээ. Цагдаагийн байгууллагаас гаргасан судалгаагаар 2015-2016 онд улсын хэмжээнд 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх статистик тоо бий. Тэдний хамгийн бага нь ой есхөн сартай охин байгаа нь сэтгэл сэрдхийлгэмээр.

Өнгөрөгч гуравдугаар сард Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хорооны өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд болсон юм. Энэ үеэр албаныхан сүүлийн гурван жилд  мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн гэмт хэрэгт холбогдсон насанд хүрээгүй хүүхдийн тоо хоёр дахин нэмэгдсэн гэдгийг онцолж байсан удаатай.

Гэтэл томчууд  хүүхэд насныхаа тухай ярихдаа хэчнээн гэгээлэг, гоё сайхан, цагаан цайлган байснаа ам уралдан ярьцгаадаг билээ. Гэсэн  атлаа өөрөө ч мэдэлгүйгээр үр хойчоосоо хүүхэд насыг нь хумсалж байна. Ингэж хэлэхээр гайхаж мэднэ. Орчин үе рүү бурууг чихэж, одооны хүүхдүүд хүмүүжилгүй болсон мэт ярьж магад. Гэвч, хүүхдүүдийг гэмт хэрэг, харанхуй ертөнц рүү түлхэж,  наснаас нь эрт “том хүн” болгосон  хүүхэд насны хулгайчид нь эцэг эхчүүд өөрсдөө.

Харин яаж хулгайлж байна вэ гэдгийг дор дурьдая. Хүний эрхийн Үндэсний Комисс, “Гүүд Нэйборс Монгол Төлөөлөгчийн Газар” нь хамтран “Хүүхдийн эрх ба хамгаалал” сэдэвт  мэдлэг, хандлага, хэрэглээг тодорхойлох судалгааг анх удаа үндэсний хэмжээнд явуулсан байдаг. Харин энэ судалгаанд хамрагдсан 12-18 насны 4264 хүүхдийн гурван хүүхэд тутмын нэг нь үл хайхрах хүчирхийлэлд өртдөг гэж хариулсан байв.

Энэ бол эцэг эхчүүд үр хүүхэддээ анхаарал тавихгүй байгаагийн нэг баримт юм. Эцэг эхчүүд үр хүүхэддээ, цаашлаад ирээдүй хойчдоо анхаарал огт тавихгүй байгаатай холбоотойгоор насанд хүрээгүй хүүхдүүд  амьдралынхаа туршид  гэмт хэрэгтэн нэр зүүж, хамаатан саднаасаа нүүр буруулахад хүрч байна.

Үүний нэг илрэл нь насанд хүрээгүйчүүдийн гэмт хэргийн гаралт нэмэгдсэн явдал юм. Нөгөөтэйгүүр, нөгөө л эцэг эхийн хариуцлагагүй байдлаас улбаатайгаар цэцэг цэврүү шиг хөөрхөн охид, хөвгүүд  санаанд багтамгүй доромжлолыг амсаж, хэн нэгэн гаж этгээдийн бэлгийн дур хүслээ ёс бус аргаар хангах хэрэгсэл болж,  амьдралд гутаж байгаа нь нууц биш. Үүнд хэн буруутай вэ.  Тэдний ирээдүй цаашид хэрхэх вэ. Бага насандаа амссан доромжлолоо насан туршдаа сэтгэлдээ тээж ялгаварлан гадуурхалтыг биеэрээ туулж байхад, нөгөө хэсэг нь гэмт хэрэгтэн болж байна. Хүүхэд ч гэсэн хүн. Тэд Монголын ирээдүй. Насанд хүрсэн хойноо хүүхэд насаа гэгээлгээр дурсах эрхтэй. Гагцхүү өөрийн гэсэн үзэл бодол нь төлөвшиж амжаагүй, насанд хүрээгүй байгаа энэ үед нь эцэг эхчүүд үр хүүхэддээ тавих анхаарлаа дээшлүүлээч. Хүүхэддээ хайртай л бол тэдний хүүхэд насыг нь хайрлаач. Бүр цаашлаад төр засгийн хэмжээнд ч ирээдүйдээ анхаарал тавих шаардлага нэгэнт бий болжээ.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин, Б.Даваахүү

Continue Reading
Холбоотой мэдээ
Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top