Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

Хойд Солонгост 15 жилийн ял сонссон Америк оюутан суллагджээ

Мэдээ

Хойд Солонгост 15 жилийн ял сонссон Америк оюутан суллагджээ

Хойд Солонгост байрлаж байсан зочид буудлынхаа хананаас зурагт хуудас хулгайлсан хэргээр Америкийн оюутан Отто Уормбирт Хойд Солонгосын шүүхээс 15 жил хүнд хүчир хөдөлмөр эрхлэх ял ноогдуулсан билээ.

Отто Уормбирыг Хойд Солонгосын шоронгоос сулласан ч тэрбээр жил гаран ухаангүй, комын байдалтай байсан талаар түүний эцэг эхэд мэдэгдсэн байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсоны мэдэгдсэнээр 22 настай оюутан залуу эх орондоо очих замдаа яваа гэнэ.

Отто Уормбирын гэр бүлийнхэн дөнгөж саяхан буюу долоохон хоногийн өмнө хүүгээ 2016 оны гуравдугаар сард Хойд Солонгосын шүүхээр ороод удалгүй комын байдалд орсон талаар мэдсэн байна.

Охайо мужийн Цинциннатигаас гаралтай, эдийн засагчийн мэргэжлээр Виржиниагийн их сургуульд сурч байсан Отто 2016 оны нэгдүгээр сард Хойд Солонгост жуулчилж явахдаа баригдсан юм.

Түүнийг баривчилснаас хойш сарын дараа зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр Отто хэргээ хүлээж, зурагт хуудсыг хулгайлах болсон нь “Солонгосын ард иргэдийн хүсэл зоригийг мохоож, ажлын ёс зүйг алдагдуулах” гэсэн зорилготой байсан хэмээн нулимс дуслуулан ярьж байсан билээ.

Хойд Солонгосын шоронд өмнө нь хоригдож байсан гадаадын иргэдийн ярьж байгаагаар тэднийг хүчээр хэрэг хүлээлгэдэг байсан гэдэг.

Өнгөрсөн жилийн гуравдугаар сард болсон шүүх хурлын үеэр Отто Уормбирт БНАСАУ-ын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх заалтаар 15 жил хорих ял оноосон юм. Өнгөрсөн сард түүний эцэг эх хүүтэйгээ холбогдоогүй жил гаруй хугацаа өнгөрч буй талаар ярьж байсан юм.

Одоогийн байдлаар Хойд Солонгост АНУ-ын гурван иргэн хоригдож байна.

Оттогийн аав Фред, ээж Синди нар гаргасан мэдэгдэлдээ, “Отто Хойд Солонгосоос наашаа гэр лүүгээ ниссэн. Түүнийг эмнэлгийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон онгоцоор тээвэрлэж байгаа. Харамсалтай нь Отто комын байдалтай байгаа ба түүнийг 2016 оны гуравдугаар сараас хойш ухаангүй байгаа талаар бидэнд мэдэгдсэн. Үүнийг бид долоо хоногийн өмнө л мэдлээ.” хэмээн ярьжээ.

Вашингтон Пост сонинд бичсэнээр Оттог шүүх хурлын дараа удалгүй булчингийн саажилт үүсгэдэг ховор халдварт өвчин болох ботулизмын халдвар авсан хэмээн эцэг эхэд нь мэдэгдсэн гэнэ. Халдвар авсных нь дараахан түүнд нойрсуулах эм өгсөн ба түүнээс хойш тэрээр комын байдалд орсон аж.

Америкийн Төрийн нарийн бичгийн дарга түүний биеийн байдлын талаар дурдаагүй байна.

Одоогийн байдлаар Хойд Солонгост АНУ-ын гурван иргэн хоригдож байна. АНУ-ын иргэдийг ямар ч үндэслэлгүйгээр хорих явдлыг Америкийн талаас Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд ашигладаг сүрдүүлгийн хэлбэр хэмээн үздэг юм.

Отто Уормбирыг Америкийн сагсан бөмбөгийн од Деннис Родманыг Хойд Солонгост буугаад удаагүй байхад нь суллах шийдвэр гаргасан байна.

Деннис Родман Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай найзууд бөгөөд тэрээр сүүлийн хэдэн жилийн дотор хэд хэдэн удаа Хойд Солонгост айлчлаад байгаа юм.

Түүнийг Хойд Солонгост хоригдож буй Америкийн иргэдийн асуудлаар тус улсад айлчилж байж болзошгүй хэмээн таамаглаж байсан ч тэрээр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа, “Би Хойд Солонгост спортыг хөгжүүлж чадах үгүйгээ л харах гэсэн юм. Би хаалгыг л нээх гэсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч намайг энд байгаад баяртай байгаа гэдэгт итгэлтэй байна.” хэмээн ярьсан юм.

www.bbc.com

Continue Reading
Холбоотой мэдээ
Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top