Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

Төгрөгийг аль болох уул овоонд өргөхгүй байх нь зохистой

Мэдээ

Төгрөгийг аль болох уул овоонд өргөхгүй байх нь зохистой

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн, Их хамба Д.Чойжамцтай ярилцлаа. “Үнэхээр ард түмэн уул овоонд мөнгө тавьж байвал сум, нутаг орны захиргаанаас тусгайлан хүн гаргаад, тэр мөнгө, төгрөгийг ойр ойрхон хугацаатай авч, цуглуулах, уул овоог цэвэрлэж байх хэрэгтэй” хэмээн тэрбээр тодотгов.

-Төгрөг бол арилжааны хэрэгсэл төдийгүй манай улс тусгаар оршиж буйн баталгаа. Гэтэл үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэт зүйл сүүлийн үед бүдгэрэх болсон. Иргэдийн дунд төгрөгтэй зүй бус харьцах нь олширч байна. Энэ байдлыг хэрхэн өөрчлөх боломж, гарц байна вэ?
-Монголчууд эртнээс нааш амны хишиг, буян заяаг дээдэлж ирсэн ард түмэн. Буддын шашин бол асар том гүн ухаан. Хүний амьдралд хүртээлтэй, амьдралын өдөр тутамд хэрэгжих сургаал болж хэрэгждэг. Энэ нь бидний уугуул соёл, уламжлалтай нийцсэнээр буддын шашин Монголд их түгсэн байдаг. Ер нь аливаа зүйлд арвич, хямгач байж, зүй зохистой эдэлж, хэрэглэх нь зөвхөн энэ төрөлд бус, дараагийн төрөлд ч бас хангалуун, сайхан амьдрахын нэг үндэс болдог гэж үздэг. Тийм учраас монголчууд олон зууны туршид эд зүйл, мал ахуйгаа хайрлан, хамгаалж, өсгөн арвижуулахыг зорьж ирсэн.

Мөнгийг ашиглахгүйгээр аливаа зүйлд хийж, булж орхино гэдэг тусгүй хэрэг

Мөнгөний тухайд бол одоогийн залуучууд хорчийлгож базаад, халаасандаа хийчихдэг болжээ. Би нэг дурсамж ярья. Хуучны нэгэн танил өвгөн мөнгөнд их нямбай ханддаг юм. Тэр мөнгөө индүүдээд, ихэд нандигнан түрийвчиндээ хийдэг. Мөнгөнд ийм айхтар хүндэтгэлтэй хандаж байгаа хэрэг шүү дээ. Тэр өвгөн тийм ч өндөр тэтгэвэр авдаггүй.

Гэхдээ ажил хийж, цалин авдаг залуучуудад мөнгө зээлүүлдэг. Намайг уулзаж байх үед нэг залууд мөнгө зээлүүлж харагдсан. Тэгээд мөнгөө өгөхдөө “Би аливаа зүйлийг хайрлаж, хамгаалдаг хүн. Аливаа зүйл ертөнцийнхөө жам, араншингаар явсаар хайрладаг тал руугаа л явдаг юм” гэж хэлж байсан. Ер нь манай ахмадууд Монгол Улсынхаа мөнгөн дэвсгэртийг ихэд дээдэлж, нандигнан, хамгаалдаг. Тэгж чадсанаараа эдийн заяа тэтгэдэг гэж үздэг байсан юм билээ.

-Төрийн сүлдээ мөнгөн тэмдэгт дээрээ манай улс залсан. Энэ нь ихээхэн учир бэлгэдэл агуулдаг болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Ер нь дээр үед монголчууд мөнгийг их хайр, гамтай хэрэглэдэг байсан. Ялангуяа, лам нар, хөдөөгийн малчин өрхүүд. Том түрийвчтэй, тэндээ мөнгөө маш нямбай, эмх цэгцтэй хадгалж, гадуур нь давхарлан баадагнадаг байсан. Ганц манайх ч гэлтгүй, Азийн орнуудад мөнгөө баадагнаж хадгалах нь их. Намайг Японд явж байхад тус улсын иргэд бүгд л өөрөө өөртөө таарсан жижигхэн бааданд мөнгөө хадгалдаг юм билээ.

Тэр нь ихээхэн өвөрмөц, чамин санагдсан. Бидний өвөг дээдэс ч ялгаагүй бааданг их эрхэмлэж ирсэн. Дээл, хувцсаа хадгалахдаа хүртэл хэзээ ч задгайгаар нь хадгалдаггүй ард түмэн. Баадагнаад, дотор нь гоё үнэртэн хийчихдэг. Дараа нь гаргаж ирээд өмсөхөд сайхан үнэртэй байна. Нэг ёсондоо энэ бол “соёл” гэж хэлэх гээд байгаа санаа юм.

-Жижиг мөнгөн дэвсгэртүүдийг уул овоонд өргөх, тахилгад ихэд хэрэглэх боллоо. Нэг талаасаа сүсэг бишрэлийн илрэл мэт боловч эдийн засагт эргэлдэж байх учиртай мөнгө энэ байдлаар сул хаягдах нь хайран санагдах юм?
-Энэ нь хаана ч байдаг үзэгдэл мэт болчихлоо. Холын Европ тивд хүртэл ийм байдал гарч байна. Усан сан, сүм хийдэд задгай мөнгө шиддэг шүү дээ. Энэ бол ард түмний энгийн л шүтлэг юм. Яг шашны ном, зааварт бол болно, болохгүй гэж заагаагүй л дээ.

  • Монголчууд эртнээс нааш амны хишиг, буян заяаг дээдэлж ирсэн ард түмэн.
  • Ер нь аливаа зүйлд арвич, хямгач байжхэрэглэх нь зөвхөн энэ төрөлд бус дараагийн төрөлд ч сайхан амьдрахын нэг үндэс болдог.
  • Сүсэгтэн олны өргөж байгаа мөнгөн өргөл хандив эзэнтэй байх нь зүйд нийцнэ.

Гэхдээ энэ байдлыг учир утгатай болгох хэрэгтэй. Жишээ нь тухайн албан байгууллага нь иргэдийнхээ өргөсөн мөнгийг хурааж аваад энэрэл, нигүүлслийн байгууллагад хандивлах, хүнд туслахад зарцуулах ч юм уу. Монголд нэг онцлог бий. Учир нь, уул овоо хүнээс их хол байдаг. Тийм учраас салхинд хийсэж, алга болох, цаашлаад илжирч, ялзрах гэх зэрэг хүндрэл бий. Ер нь мөнгөн дэвсгэртийг уул овоонд тавих хэрэггүй.

Тэр мөнгөө индүүдээд ихэд нандигнан түрийвчиндээ хийдэг

Үнэхээр ард түмэн уул овоонд мөнгө тавьж байвал сум, нутаг орны захиргаанаас тусгайлан хүн гаргаад, тэр мөнгө, төгрөгийг ойр ойрхон хугацаатай авч, цуглуулах, уул овоог цэвэрлэж байх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, өнөөгийн нийгэмд яг нарийн бэлгэдэл, утга учрыг нь мэдэхгүйгээр уул овоонд өргөл, тахил барих нь ч байна. Жишээлбэл, архи авч оччихоод хоосон шил тавиад яваад өгдөг. Тэр бол уул овоогоо доромжилж байгаа л хэлбэр шүү дээ. Гэртээ зочин урьчихаад зочиндоо бөглөөгөөр нь архи өгчихөөд, үлдсэнийг нь өөрөө уугаад байвал ямар хүндлэл болох билээ.

Түүнтэй л ижилхэн. Нэгэнт л шүтэх гэж байгаа бол өргөх ёстой зүйлийг нь сайхан өргөчихөөд, хоосон шилээ авч яваад хогийн цэг дээр хаяхад л болно шүү дээ. Тэгэхээр мөнгийг аль болох уул овоонд өргөхгүй байх нь зохистой. Хэрэв тавьж байгаа бол тэрнийг эзэнтэй байлгах ёстой. Бусад оронд бол тиймэрхүү шүтлэгтэй холбоотой мөнгө цугларвал тэр дор нь буцааж аваад л зарцуулах ёстой зөв зүйлд зориулдаг. Мөнгө эзэнтэй байна гэсэн үг шүү дээ.

-Үүнээс гадна суварга босгох, шинэ байшингийн суурь тавихад бага голдуу мөнгөн дэвсгэртийг боодлоор нь хийдэг. Энэ нь шашны зан үйлд байх ёстой зүйл үү. Та энэ талаар өөрийн бодлоо бидэнтэй хуваалцана уу?
-Сүсэгтэн олны өргөж байгаа мөнгөн өргөл хандив эзэнтэй байх нь зүйд нийцнэ. Эзэнтэй байна гэдэг чинь ямар нэгэн буяны үйлд зориулагдаж байгаа хэлбэр. Тийм болохоор мөнгийг ашиглахгүйгээр аливаа зүйлд хийж, булж орхино гэдэг тусгүй хэрэг.

Г.Мөнх

Continue Reading
Холбоотой мэдээ
Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top