Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

Наадмаар дамжуулан орон нутгаа хөгжүүлэх боломж

Мэдээ

Наадмаар дамжуулан орон нутгаа хөгжүүлэх боломж

Дэлхийн II дайны хөлд туйлдаж доройтсон Япон улс 1960-аад он гэхэд хөгжлийн замдаа эргэн орсон байлаа. Улмаар 1964 онд Токио хотноо зуны олимпийн наадам зохион байгуулсан нь арлын жижиг орны хөгжлийг улам хурдасгаж, дэлхийтэй хөл нийлүүлэн алхах боломж олгосон юм. Спортын томоохон арга хэмжээ улс орныг өөд нь татсан иймэрхүү жишээ ганц Японоор тогтохгүй. Солонгосчууд Сөүлийн олимп зохион байгуулаад мандан бадарсан бол 2014 оны өвлийн олимп Сочи хотыг танигдахын аргагүй болтол нь өөрчилсөн. Түүнчлэн 40 гаруйхан мянган хүн амтай Пёнчан хот ирэх жил өвлийн олимп хүлээн авах гээд бэлтгэлээ базааж сууна. Мөн катарчууд хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулах далимдаа бүхэл бүтэн хот босгохоор санаа шулуудаж, ажилдаа оржээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэтдээ нийслэл хотноо олимп зохиох боломжийн талаар ярьж байсан нь дээр дурдсан жишээг давтаж, олимпоор улсаа хөгжүүлж, сурталчлах гэснийх. Гэхдээ энэ удаа хаа холын мөрөөдөл болсон олимп ярьж, таныг залхаагаад яахав. Харин хөгжиж өгдөггүй хэдэн аймгуудаа спортын арга хэмжээгээр дамжуулан бага ч атугай дэмжих боломжийг эрэлхийлээд үзье.

Хөгждөггүй хэдэн аймгаа бага ч атугай дэмжих гарц байна

Өдгөө Монголд олны анхаарлыг хамгийн их татдаг спортын арга хэмжээ, үйл явдал гэвэл улсын наадам л байна. Наадмын өдрүүдэд монгол хүн бүр үндэсний өв соёлоороо бахархаж, хүчит бөхчүүдээ дэмжиж, хурдан морьдын гийнгоонд огшиж, мэргэн харваачдынхаа тавьсан сумаар хийморио сэргээдэг. Морь, бөх, сур огт мэддэггүй, сонирхдоггүй хүн ч наадмын үеэр сэтгэл сэргээд, нэг л сайхан байдаг даа. Тэгвэл улсын баяр наадмаа зөвхөн нийслэл хотдоо зохиогоод байх биш, боломж, чадалтай аймгуудад ээлжлэн явуулж үзвэл яадаг юм бол. Жил бүр өөр газар хийх нь тохиромжгүй байх.

Харин дөрвөн жилд нэг удаа орон нутагт улсын наадам зохион байгуулах эрх өгвөл буруудахааргүй санагдана. Улсын хэмжээний томоохон арга хэмжээг нүүр улайлгалгүй хийчих боломжтой аймаг цөөнгүй бий. Жишээ нь Орхон аймаг гэхэд дэд бүтэц, спортын барилга байгууламж өндөр түвшинд хөгжсөн газар. Гаднын олон зочин нэг дор хүлээн авах зочид буудлын хүртээмж нь ч боломжийн. Түүнчлэн Дорнод аймаг хэдэн жилийн өмнө Монголын бүх ард түмний спортын их наадам зохион байгуулах эрх авч байсныг санаарай. Дорнодчууд энэ зэргийн арга хэмжээг хүлээн авах чадалтай гэж тооцсон болохоор ийн зориглосон хэрэг.

Хэрэв аль нэг аймагт улсын наадмын эрх өгвөл юу болохыг төсөөлөөд үзье. Барилдах 512 бөхөөс гадна тэднийг дагалдан найз нөхөд, ах дүүс, хамаатан садан нь явж очно. Мөн мянга шахам харваач, төдий тооны уяач нэг дор цугларна гээд төсөөл дөө. Дээр нь мэдээж гадаад, дотоодын үзэгч, жуулчид, урлагийн бригад гээд томоохон “десант” тухайн аймагт газардах болно. Мэдээж энэ олон зочдыг хүлээн авах бэлтгэлээ базаахад аймаг дангаараа зүтгээд хүчин мөхөстөх байх. Тиймээс эрх авсан аймгийг улс бодлогоор дэмжих нь зүй. Дөрвөн жил тутам аль нэг аймаг улсын хайр хишгийг бусдаас илүүтэй хүртэх юм. Ингэж гэмээнэ том давааны ард гарах учиртай. Үгүй бол засмал зам тавьсны дараах зун Хөвсгөл аймаг яаж хэцүүдсэн билээ, түүн шиг л юм болно.

Наадмын хэдэн өдөр цутган орж ирэх мөнгө тухайн аймгийн төсөвт ямар их дэмжлэг болохыг төсөөлөөд үзээрэй. Олон мянган хүн бүгд л хоол идэж таарна. Бас наадамд зориулсан бэлэг дурсгалын зүйлс эрэлттэй байх нь гарцаагүй. Зарим айл байшингаа гэр зочид буудал маягаар хөлслүүлж, хэдэн төгрөг олоод авчих боломжтой.

Яваандаа аймгууд наадам хүлээн авахын тулд хоорондоо өрсөлдөж эхэлнэ. Яг л хотууд олимп зохион байгуулахаар нэр дэвшдэг шиг. Хэрэв бид ялбал наадмаа ингэж явуулна, зочдоо тэнд байрлуулах боломжтой, төсөв мөнгө ийм байна, шаардлагатай мөнгөө ингэж цуглуулна гээд л мөрийн хөтөлбөрөө боловсруулах юм. Эрх авсан аймаг бэлтгэл ажилдаа шуурхайлах бол бусад нь өөрсдийн ээлжээ хүлээж, өрсөлдөөнд ялах аргаа тодорхойлно. Эрүүл, шударга өрсөлдөөн өрнөнө гэсэн үг.

Олимп зохион байгуулсан хот нүүрээ угаасан хүүхэд шиг л өнгө засдгийг бид мэднэ. Зам гүүрээ засаж, тээврийн сүлжээгээ сайжруулж, байшин барилгаа тордоод авна гээд хийх ажил их. Ойрхны жишээ гэвэл Рио Де Жанейро олимпийн буянаар олон сайхан цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн, дэд бүтэцтэй болсон. Үүний нэгэн адилаар наадам дагасан бүтээн байгуулалт аймаг, орон нутгийг танигдахын аргагүй өөрчилнө гэдэгт итгэлтэй байна. Ядаж л нэр хүндтэй зочид ирэхэд нүүр бардам хүлээгээд авах зочид буудалтай болоод авбал хэн хэндээ хэрэгтэй. Хамгийн гол нь эдгээр бүтээн байгуулалт тухайн орон нутагтаа үлдэж, хөгжлийг нь илтгэх хэмжүүр болох учиртай.

Энд анхаарахгүй орхих боломжгүй нэг зүйл бол телевизээр шууд дамжуулах гэрээний эрх. Ер нь спортын том арга хэмжээнээс орж ирэх орлогын багагүй хувийг телевизийн гэрээний эрх бүрдүүлдэг. Олон улсад нэгэнт хэвшсэн энэ зүй тогтлыг Монголд нэвтрүүлэх цаг нь болжээ. Тодруулбал, наадам зохион байгуулж буй аймаг телевизээр шууд дамжуулах эрхээ зардаг тогтолцоонд шилжих ёстой. Үүнийг нь нэг телевиз авсан ч болно.

Эсвэл хэд хэдэн телевиз нийлээд авахад ч нээлттэй. Ингээд эрх авсан телевиз л наадмаа шууд дамжуулна. Энэ давуу эрхээ ашиглаад рекламны зах зээл дээр ч гол тоглогч болж хувирах юм. Гэрээний мөнгөн дүн орон нутгийн төсвийг чамгүй зузаалчихна. Угаас олимпийн наадам, хөлбөмбөгийн томоохон лиг, NBA, NHL гээд Хойд Америкийн мэргэжлийн лигүүдэд тоглолт шууд дамжуулах эрхийг мөнгөө төлж авдаг. Харин эрх авсан телевиз нь бэлтгэлээ маш сайн базааж, чанарын өндөр түвшинд үзэгчдэд хүргэх үүрэг хүлээдэг. Гэтэл өдгөө Монголд хэн дуртай нь наадам шууд дамжуулж байна. Арав гаруй телевиз хөлс хөдөлмөр зарцуулан байж яг ижилхэн юм дамжуулах шаардлага байна уу гэж асуумаар санагддаг юм.

Улсын хэмжээний томоохон арга хэмжээг зохиох боломжтой аймаг цөөнгүй бий

Үүнийг бичихээр зарим хүн “улсын наадам юм чинь улсынхаа нийслэлд л болох ёстой” гэж мэтгэх байх. Нэг талаар тийм. Гэхдээ аль нэг аймаг хүлээн авлаа гээд улсын наадмын утга учир алдагдчихгүй байх. Харин ч тухайн орон нутгийн үнэлэмж дээшилж, бусад аймгаас хөгжлөөрөө дээгүүр яваа гэдгийг илтгэх үзүүлэлт болох юм.

Гурван сая монголчуудын тал нь бөөгнөрсөн нийслэл хот өдгөө туйлдаж, тамирдаж байна. Ачаалал хэд дахин хэтэрсэн болохоор замын түгжрэл, газрын маргаан, агаарын бохирдол, нийтийн тээвэр гээд түм буман асуудал биднийг зовоосоор. Гэтэл нийслэлийг чиглэсэн их урсгал буурах биш, харин нэмэгдсээр байгаа нь ноцтой асуудал мөн. Хөдөөгөөс хот бараадаж байгаа хүмүүсийг буруутгахад бэрх. Учир нь тэнд ажлын байр, сурч, амьдрах таатай орчин алга байна шүү дээ.

Үе үеийн УИХ, Засгийн газар энэ зовлонг мэддэг, шийдвэрлэх арга зам эрэлхийлдэг, орон нутгаа хөгжүүлэх тухай ярьдаг. Гэвч ужгирсан их бэрхшээл нэмэгдсэн үү гэхээс буурсангүй. Бид хэдий болтол нийслэл хотноо бөөгнөрч, зөвхөн нийслэл хотынхоо бүтээн байгуулалтад анхаарлаа хандуулах ёстой вэ. Энэ хооронд сум, орон нутаг маань эзгүйрч дууслаа. Тиймээс нэг сумаар хоёр туулай буудах боломжийг шийдвэр гаргагчид анхааралдаа аваасай билээ.

Г.Баярсайхан

Continue Reading
Холбоотой мэдээ
Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top