Олны танил

Чарлиз Терон: Шон Пенн намайг мөрөөдлөө орхиход хүргэх хэмжээний эр хүн биш байсан

Шарлиз Терон. Энэ нэрийг сонсоод зүрхийг давчдаж, нууцхан хүсдэггүй, үгүй ядаж сайхнан бүсгүй гэдгийг нь хүлээн зөвшөөрч шүүрс алддаггүй эр хүнийг энэ хорвоогоос эрээд олохгүй биз. Гэвч харамсалтай нь сайхан бүсгүй маань “Цуутай хүүхэн хуримгүй” гэдэг үгийн үнэнийг үзүүлж, хоёр хүүхдээ ганцаараа өсгөсөн ганц бие ээжийн амьдралаар амьдарч явна. Жүжигчин Шон Пеннтэй гэрлэдгийн даваан дээр салсан түүний хамгийн сүүлд өгсөн яриаг хүргэж байна.

-Бүгд л Шон та хоёрыг гэрлэнэ гэж хүлээж байтал гэнэт салсан нь бүгдийг гайхашруулсан. Яг юу болсон юм бэ. Дам яриагаар бол та түүнийг амьд хүмүүсийн тооноос хассан, дахиад хэзээ ч уулзахааргүй болтлоо муудалцсан гэлцэж байна?

-Шал худлаа. Сэтгүүлчдэд л ямар нэг зүйлээр шуугиан тарих хэрэг гараад наад ярианууд чинь тарсан байх. Ийм үед нийгэм өөрөө санаанд оромгүй, галзуу үргэлжлэлийг хүсдэг шүү дээ. Яг үнэндээ бол бид хоёр ярилцаж байгаад шийдвэрээ гаргасан. Хамт байх нь хэн, хэнийх нь мөрөөдөж байсан ирээдүйд хүргэхгүй юм байна гэдгийг ойлгомогцоо цаг алдалгүй шийдсэн, тэгээд л болоо.

-Шоноос дөнгөж салаад л хүүхэд өргөж авсан нь бас олон нийтийг хэл амаа билүүдэхэд хүргэсэн. Таныг Шон Пеннтэй чухам энэ асуудлаас болж үл ойлголцсон мэтээр ярьсан?

-Би олон хүүхэдтэй болно гэдгээ үргэлж мэддэг байсан. Ямар ч байсан нэгээс олон хүүхэдтэй болно гэж. Шоннтой анх болзож эхлэхдээ л энэ тухайгаа хэлдэг, тэр ч дэмждэг байв. Бид дотносохоосоо өмнө олон жил найзалсан болохоор бие, биенээ сайн мэднэ. Гэхдээ хайр гэдэг нөхөрлөл биш болохоор бид энэ тал дээр бүхнийг “0”-ээс эхлэхээс өөр аргагүй. Гэтэл хэвлэлүүд бүх үйл явцыг хурдлуулаад байсан. Шон Пенн Жексон хүүг минь үрчилж авсан гэсэн мэдээ гарсан. Үнэн хэрэгтээ энэ худлаа байсан. Биднийг уулзаж эхлэхэд Жексон хоёр настай байсан юм. 18 сар гэдэг бол хайр дурлалын тал дээр нэг, нэгнээ сайн таньж мэдэхэд хангалтгүй хугацаа. Тиймээс би юу гэж тийм чухал шийдвэрийг яаран гаргах вэ дээ. Миний оронд байсан бол яах вэ гээд төсөөлөөд үз. Би жаахан хүүхэдтэй ганц бие эх. Хүнтэй суучихвал хүү маань ямар байдалд орох вэ. Түүнд маань эцэг байхгүй шүү дээ. Би юу гэх гээд байгааг олгож байгаа биз дээ. Шон энэ байдлыг ойлгож, маш их хичээсэн гэдгийг хүлээн зөвшөөрнө. Гэсэн ч би хүүгээ үрчилж авах бичиг баримтыг Шоныг оролцоогүй бүрдүүлсэн юм. Үр хүүхдээ эрчүүдтэй үүсгэх харилцаанаасаа болж хохироохгүй байх нь эх хүний үүрэг. Одоо миний амьдралын утга учир үр хүүхдүүд минь л болсон. Жексон, Огаст хоёртойгоо л хамт байхыг хүсдэг болсон. Би бүх зүйлд нь оролцохыг хүсдэг. Хурдхан шиг л хүүхдүүдтэйгээ уулзаж живхийн солих юм сан гэж мөрөөддөг. Би юу, юу ч ярьчихав. Хэвлэлийн төлөөлөгч минь намайг ална даа. Зөндөө нууц илчилчихлээ.

-Одоо ажлын чинь талаар ярья. “Цасан гоо ба анчин” киноны шинэ ангид та Равенна хатны дүрийг дахин бүтээхээр болсон. Та энэ дүрийг үнэхээр сайн бүтээсэн шүү. Холивудын хамгийн сайхан бүсгүй гэж зүгээр ч нэг нэрлээгүй юм байна гэж бодсон.

-Маш тааламжгүй яриа. Үүнээсээ болж би олон дүрээс хасагдаж явсан юм шүү. Энэ бизнест амжилттай явахын тулд сайхан гэхээсээ илүү сонирхол татахуйц царайтай байх нь дээр байдаг юм. “Цасангоо…”-д тоглохыг би яагаад зөвшөөрсөн гээч… Равенна хатан гоо үзэсгэлэнтэйгээс илүүтэйгээр аймшигтай ганцаардсан нэгэн. Тийм болохоороо ч маш хэрцгий байдаг. Би охиныхоо төлөө санаа зовнхдоо бүх охидын төлөө сэтгэл түгшдэг болж эхэлж байна. Өөртөө итгэлтэй байж, гадны хүчин зүйлээс өөрийгөө хамгаалах ёстой учрыг ойлгуулмаар санагддаг болсон. Равенна ч гэсэн сэтгэлийн зовлонгоосоо болоод хэрцгий ширүүн авирладаг ч сүүлдээ хүнлэг болж өөрчлөгддөг.

-Гоо үзэсгэлэнтэй байх нь Холивудад амжилт олоход саад болдог гэж та үнэнээсээ боддог хэрэг үү?

Би юу ярьж байгаагаа мэдэж байна. Үнэхээр чухал дүрийн талаар яригдаж эхлэх үед гоо үзэсгэлэн сул тал болдог. Шалгаруулалтад очно, үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийг л хөөгөөд гаргадаг. Би үүнийг бүр арьсаараа мэдэрсэн хүн. Өмнөд Африкаас Холливудад анх ирэх үед гадна төрхөөс минь болоод “Хүүхэлдэй” гэх мэтээр нэрлэдэг байсан. Мэдээж, би моделийн бизнесээс мөнгө олж байсан, гэхдээ энэ нь шалгаруулалтад татгалзах хариу авах шалтгаан болоод байхаар сайхан байхгүй биз дээ. Би ч гэсэн үргэлж татгалзсан хариу өгнө. Эдгээрээс сэтгэлд хамгийн тод үлдсэн нь “Чөтгөрийн өмгөөлөгч” киноны шалгаруулалт байна. Тэд намайг зүгээр л “махны машин”-аар оруулаад гаргачихсан. Найруулагч нь “Тэр ийм үзэсгэлэнтэй юм байна шүү дээ. Яаж өөрчлөх юм бэ” гэж хэлэхэд нь ямар их уур хүрсэн гээ. Би үнэхээр аймшигтай уурласан. Одоо хүртэл сонгон шалгаруулалтыг үзэн яддаг хэвээрээ. Бухыг эвэрнээс нь барихтай л адил юм болдог. Тоглохыг хүссэн киноныхоо найруулагчийг анаж байгаад ямар нэг арга хэмжээн дээрээс “барьж авна”. Тэгээд өөрийнхөө үйлчилгээг санал болгоно, бараг шаардана. Иймрхүү танилцах үдэшлэг хийхийн тулд танил тал гээд бүх л боломжоо ашиглахад хүрдэг. “Галзуу Макс”-т дүр авахдаа би яг ингэсэн. Мөрөөдөл минь биелж, найруулагч Жорж Миллер оройн хоолонд урьж билээ. Гэвч зураг авалт эхэлсний дараа бараг харамссан шүү шүү. Үнэхээр аймшигтай хүнд байсан. Зохиолыг нь бараг тэр чигээр нь өөрчилчихсөн. Гэвч өөрөө хүсч байж тоглосон болохоор яаж болих вэ.

-MTV-ийн 25 дахь удаагийн шагналд та “Галзуу Макс”-т бүтээсэн дүрээрээ шагнал гардсан. Академийн шагналд ч энэ амжилтаа давтсан. Гэтэл та өмнө нь экшн төрлийн кинонд маш ховор тоглодог шүү дээ. Гэтэл одоо “Галзуу хурд”-ын наймдугаар ангид бас таныг тоглуулахаар ярьж байна. та энэ жанрт баттай байр сууриа олж авахаар нэгэнт шийджээ дээ?

– MTV-гээс шагнал авсандаа маш баяртай байгаа. Би энэ шагналаа охин Огаст болон энэ дэлхийн бүх эмэгтэйчүүдэд зориулж байна. Тэр одоохондоо балчир ч хожим ээжийнхээ гавьяаг үнэлнэ гэж найдаж байгаа. “Галзуу хурд”-ын хувьд яриа хэлэлцээр тодорхойгүй байдалд удаан үргэлжилсэн. Харин одоо бол үнэхээр сайн баг бүрдсэн, би энэ киноны муу талын дүрд тоглохоор болсон гэж хэлж чадахаар боллоо. Гэхдээ надад экшн баатрын байр суурийг булаацалдах бодол байхгүй шүү (инээв).

-“Мангас” киног үзсэн хүмүүс таныг тоглосон гэж таниагүй байх. Таны бүтээсэн хамгийн шилдэг дүр гэдэгтэй санал нийлэх үү?

-Юуны түрүүнд, байгаагаас минь огт өөр болох байсан учраас их сонирхолтой санагдсан. Би зохиолч Паттитай хамт энэ гал тогооны өрөөндөө нүүр будалтаа туршиж үзэж байлаа. Хиймэл шүд, линз зүүж, нүүрийг маань наранд гэмтсэн болгож харагдуулахын тулд спирттэй шингэн цацаж, сэнсээр хатааж байсан. Бас 30 фунт жин нэмэхийн тулд хүссэнээрээ идэж, би ер нь хэр таргалах нь вэ гэдгээ үзсэн. Зул сарын баяр байсан учраас хүн бүрийн тавагтай бялууг би л идэж дуусгаж байв.

-Буцаад Равеннагийн тухай ярья. Та үлгэрт дуртай юу. Хүүхдүүддээ уншиж өгдөг үү?

-Би үлгэр домог сонсож өссөн Африк охин шүү дээ. Одоо тэр үлгэрүүдээ хүүдээ ярьж өгдөг. Үлгэр олон янз ч ухамсар, хүмүүжлийн ач холбогдолтой байдгаараа адилхан. Гэхдээ Х.Андерсений нэг үлгэрт дугүй. Долоон давхар гудас дэвсч унтдаг эрх гүнжийн тухай үлгэр. Бас “Цасан гоо”-д дургүй. Гэхдээ аз болоход кинонд яг жинхэнэ эх зохиолоос нь бага орсон. Угаасаа яг хуулаад хийчихвэл сонирхолгүй шүү дээ. Найруулагч, шүүмжлэгч, үзэгчдэд хийх ажил гаргаж өгөх хэрэгтэй шүү дээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close