Но-той хүн

Эх орноосоо урваж, Бригадын генерал цолоо хураалгасан Х.Жекей гэж хэн бэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга лхагва гаригт Дээд цол хураан авах тухай зарлиг гаргасан. Уг зарлигт, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Цэргийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Монгол Улсын харьяатаас гаргах тухай” 32 дугаар зарлигийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь, Монгол Улсын харьяатаас гарсан Халидалдагийн Жекейд олгосон дээд офицерын “Бригадын генерал” цолыг хураан авсугай” хэмээсэн юм.

Ерөнхийлөгчийн зарлиг гаргахдаа тулгуурласан гол заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн, Цэргийн албаны тухайх хуулвь бөгөөд түүн дотроо 28 дугаар зүйл. Цэргийн цолыг бууруулах, хураан авах, сэргээх буюу тус хуулийн 28.2.Гэмт хэрэг үйлдэж, хорих ял шийтгүүлсэн болон Монгол Улсын харьяатаас гарсан цэргийн алба хаагчийн цэргийн цолыг цол олгосон албан тушаалтны шийдвэрээр хурааж авна  хэмээн зааснаар үндэслэн Х.Жекейн Бригадын генерал цолыг хураан авчээ.

Болсон явдлыг сөхвөл, Х.Жекей нь 2000 болон 2008 оны УИХ-ын сонгуулиар Баян-Өлгий аймгаас сонгогдож байжээ. Өдгөөгөөс дөрвөн жилийн өмнө тэрбээр Монгол Улсын иргэншлээ сольж Казакстан улсын иргэн болсон байж болзошгүй гэх мэдээлэл түгж байв. Хил хамгаалах албанд олон жил зүтгэж, Хил хамгаалах ерөнхий газрын дэд даргаас Бригадын генерал цол хүртэж, Казах түмний хайр хүндлэлийг хүлээж байсан Х.Жекей гэнэтхэн л иргэншлээ сольсон гэх мэдээлэл гарч эхэлсэн нь оргүй биш байв. УИХ-ын гишүүнээсээ буусны дараа тэрбээр удалгүй Казакстан улсын иргэн болж, улмаар тус улсын Хилийн тагнуулын албанд нэлээд дээгүүр алба хашиж буй гэх асуудал яригдаж эхэлсэн юм.

Тэрбээр УИХ-ын гишүүнээр сонгогдсон хугацаандаа УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Төрийн өндөр албан тушаал хашиж, улсын хууль батлалцаж явсан хүн иргэншлээ солиулсан нь тун сонин үйл явдал. Манай хууль тогтоомжид харьяатаас гарах эрх нээлттэй байдаг ч Харьяатын тухай хуульд харьяатаас гаргахаас татгалзах заалт ч мөн бий. Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйл.Харьяатаас гарахыг татгалзах хэсгийн гуравт заасан үндэслэлд “харьяатаас гарах нь Монгол Улсын үндэсний болон нийгмийн аюулгүй байдалд хохирол учруулахаар бол” хэмээн заасан байдаг байна.

Монгол төрийн нууцад ойр ажиллаж байсан түүнийг  гадны тагнуул байсан, мэдээлэл задруулсан эсэх асуудал тухайн үед бүрэн тогтоогдоогүй гэх шалтгаанаар дарагдаж байжээ. Гэвч тэрбээр авлига, албан тушаалын хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаад мөрдөн байцаалтын шатанд Монголоос оргон зайлсан төдийгүй сонгогдсон тойргоосоо казах иргэдийг хил хамгаалах байгууллагад ажилд оруулсан, цэргийн тэтгэвэр тогтоолгох болсон зарим казах хүнд хууль бус бичиг баримтаар цол олгосон зэрэг үйлдлүүд шалгагдаж байсан талаар зарим хэвлэлүүд бичиж байв.

Х.Жекейг шалгагдаж байх хугацаанд түүний хилээр гарах эрхийг хязгаарлаагүй байсан тул хил давж оргон зугтаад буцаж ирээгүй талаар ч мөн дурьдсан байна. Гэхдээ түүнийг тухайн үед эрүүл мэндийн асуудалтай байсан учир эмчлүүлэхээр явах нэрийдлээр хил даваад эргэн ирээгүй гэх мэдээлэл ч байдаг. Өнөөдөр тэрбээр Казакстан улсын Астана хотод эхнэр болон дөрвөн хүүхдийн хамт амьдарч буй аж.

Монгол төрийг түшилцэж, Баян-Өлгийн аймгаас иргэдээ төлөөлөн төрд сонгогдож явсан хүн өнөөдөр ямар шалтгаанаар Монголын иргэншлээс татгалзсан болохыг хууль хяналтын байгууллагууд ямар учраас шалгалгүй өнөөдрийг хүрэх болов. Түүний талаар дээр дурьдагдсан авлига, албан тушаалын хэрэг болоод хууль бус бичиг баримтаар цол олгосон зэрэг асуудлууд үнэн эсэхэд хууль хяналтын байгууллага хариулт өгөөгүй хэвээр. Харин Ерөнхийлөгчийн зүгээс түүний Монгол төрөөс авсан Бригадын генерал цолыг хураан авлаа. Гэхдээ хил давсан л болсон хамаарах хэрэг нь цаас болж, тоосонд дарагдах учиргүй.

Т.БАТСҮРЭН

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close